Э.Бат-Үүл: С.Батболд намайг “Романтик хотын дарга” гэсэн

Сэтгүүлчийн үг

НИТХ-ын төлөөлөгч, хотын дарга асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Э.БАТ-ҮҮЛИЙГ ХАРЛУУЛАХ ГЭТЭЛ ЭРГЭЭД ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДЭЭ ХОРЛОЧИХСОН-

-НИТХ өчигдөр Нийслэлийн 2018 оны төсвийг эцэслэн баталлаа. Эрх баригч намаас  ирэх жил эдийн засгийн хүндрэл арилахгүй. Орлогоо бодит байдлаар дүгнэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн ч сөрөг хүчнээс үүнийг үгүйсгэлээ?

-Сүүлийн хоёр жил дараалан хотын хөрөнгө мөнгө нэмэгдсэн. Төсвийн ерөнхий үзүүлэлтээс харахад их тодорхой байгаа. Ирэх онд хотын хөрөнгө бүр ч илүү нэмэгдэнэ. Гэтэл эрх баригч намынхан “Бид эдийн засгийн хүндрэлтэй, мөнгө муутай үед ажил авлаа” гэж ярьдаг. Нийслэлийн төсвийн орлого, зарлага тус бүрдээ 100 гаруй тэрбумаар нэмэгдчихээд байна. Ийм байхад л мөнгөгүй гэж яриад байх юм. Өмнө нь төсөвт огт авдаггүй байсан шинэ татварын төрлүүд ирэх жилд бий болж байна. Тухайлбал, Хадгаламжийн татвар. Нийслэлд нийт хадгаламж  эзэмшигчдийн 86 хувь нь харьяалагддаг. Хадгаламжийн хүүгийн орлого ирэх жил нэлээд их хэмжээгээр орж ирэх нь ойлгомжтой. Харамсалтай нь, төсвийн хөрөнгө нь сайжраад, мөнгөтэй болоод байгаа боловч нийслэлийн өмнө тулгамдаж буй гол асуудлыг шийдэхгүй, хойш нь тавьсаар байна. Энэ бол маш харамсалтай зүйл.

-Таныг хотын дарга байхдаа эхлүүлсэн зарим ажлуудыг зогсоосныг хэлж байна уу?

-Өнөөдрийн Улаанбаатар хотыг хүндрэлтэй байдлаас нь гаргая гэвэл ерөөсөө л гэр хорооллын дахин төлөвлөлтийг л эрчимжүүлэх учиртай. Ингэж байж л бид утаанаасаа сална. Хөрсний бохирдлоосоо ч сална. Яг ийм зорилгоор 2016 онд би хотын даргын ажлаа өгөхдөө 40 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж, Нийслэлийн төсвийн тодотголд суулгаж өгөөд гарсан. Энэ мөнгө 2016 оны долдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд зарцуулагдахаар төлөвлөгдсөн байлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байсан компаниудад уг мөнгийг холбогдох хуулийн дагуу олгочихсон бол 3500 айлын орон сууц ашиглалтад орох байв. Байршил нь яг гэр хорооллын талбарт хамаарч байсан. Үүнээс өмнө дахин төлөвлөлтийн компаниуд 1500 айлын хашааны газрыг чөлөөлж, 1200 айлыг нь орон сууцанд оруулчихсан байлаа. Цаана нь 400 орчим айл үлдчихсэн байсан. Тэгэхээр 2016 оны арваннэгдүгээр сард газраа чөлөөлсөн бүх иргэн орон сууцанд орж, дээрээс нь 2000 гаруй өрх байранд орох боломж бүрдэх байв. Гэтэл шинэ эрх баригчид гарч ирээд л хамгийн түрүүнд үүнийг зогсоочихсон. Зүгээр л зогсоочихсон. Үүнийг дагаад дахин төлөвлөлтийн компаниуд санхүүгийн эх үүсвэрийн хомсдолд орж, ажил гацчихсан гэж болно.

-Та энэ асуудлаараа өнөөгийн Нийслэлийн Засаг даргатай зөвлөж үзэв үү?

-Явж байсан ажлыг зогсоочихоор бүх асуудал мухардалд орчихож байгаа юм. С.Батболд намайг “Романтик хотын дарга” гэсэн. Романтик юу байхвэ дээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэхийн тулд маш сайн тооцоо судалгаа хийсэн байдаг. Гэтэл энэ ажлыг зогсоочихоод, тайлбарлаад хэлэхээр “романтик” гээд дайрчихаж байгаа юм. Би боддог юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон нь улс төрийн зорилготой байсан юм болов уу гэж. Э.Бат-Үүл гэдэг хүнийг харлуулах гээд зогсоотол эргээд гэр хорооллын иргэдээ хорлоод хаячихаж байгаа юм. Улаанбаатараа бүхэлд нь хорлоод хаячихсан.

-13, 1, 10-Р ХОРООЛЛЫН БАЙРУУД 10 ЖИЛИЙН ДАРАА БАЛГАС БОЛНО-

-Уг нь том утгаараа үр дүнтэй байлаа гэж үү?

-Гэр хорооллын дахин төлөвлөлт л Монгол Улсыг хямралаас гаргана. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалт өөрөө эдийн засгийн өсөлтийг бий болгох юм. Бүтээн байгуулалт зах зээл дээр эрэлт бий болгож, ажилгүйдэл, ядуурал байхгүй болох байлаа. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлт нэг сумаар 10 туулай буудахын нэр байв. Ийм тодорхой үр дүн байсаар байтал зогсоочихож байгаа юм. Ер нь зөв зүйтэй ажлыг төсөв, төлөвлөгөөнийх нь дагуу үргэлжлүүлэх л ёстой. Заавал Э.Бат-Үүл хийсэн юм гээд хасаж байх ямар шаардлагатай юм. Ийм л зүйл болсон. Гол нь, хохирогч нь нийслэлчүүд болсон. Тэгсэн мөртлөө эдийн засаг муудчихлаа л гээд байгаа юм. Нийслэлийн тухайд эдийн засгаа сайжруулах ганц л арга байна. Нийт эрэлтдээ үндэслэж, тэсрэлт бий болгох хэрэгтэй. Хааяагүй эрэлт бий болгочихоор эдийн засаг хямрах уу. Хариулт нь маш тодорхой.

-Та хуучны орон сууцуудыг дулаалах ажлыг эхлүүлж байсан ч шинэ удирдлагууд нь үр ашиггүй зардал гэж үзсэн байдаг. Хүйтний улиралд дахиад энэ сэдвийг сөхөхөд таны санаа хэр оновчтой шийдэл байсан бэ?

-Хуучны орон сууцыг хурдан дулаалахгүй бол ирээдүйд маш том гэмт хэргийн хороолол болох аюултай. Бусад хотын туршлага ч байна. Цагдаа орж чаддаггүй хорооллууд дэлхийн хотуудад бий. Орон сууц муудах тусмаа улам бүр ядуучууд цугладаг газар болдог. Ийм байдлаар явсаар бүхэл бүтэн овог аймгууд бий болдог жишиг байна. Энэ бол ирээдүйд гарч болох маш том аюул. Манай 13, 1, 10-р хорооллын байрууд ирээдүйд балгас болох гээд хүлээгдэж байна. Үсрээд л 10 жилийн зай байна. Хороолол нь өндөр давхар учраас ийшээ дахин төлөвлөлт орохоор эдийн засгийн хувьд ямар ч үр өгөөж байхгүй. Тийм учраас маш хурдан капитал засвар хийх ёстой. Нэгэнт хувийн хэвшлээ дайчилж чадахгүй учраас хот өөрөө хийхээс өөр аргагүй. Засварын ажлаа харин анх уг барилгуудыг барьсан оросуудтай хамтрах ёстой юм. Ингэж хэлэхээр дахиад л намайг “Романтик хотын дарга” гээд дайрчихдаг юм. Уг нь хуучны орон сууцууддаа капитал засвар хийснээр эргээд байрны эрэлт ч буурах сайн талтай. Энэ ажлыг эхлүүлээд явж байтал бас зогсоогоод хаячихсан. Бас л Э.Бат-Үүлийг хорлолоо гэж ойлгосон байх. Гэтэл хорлогдож байгаа нь нийслэлчүүд юм шүү дээ.

-Таны эхлүүлсэн олон ажил шүүмжлэл дагуулсан. Дээр нэрлэсэн жишээнүүдээс гадна автобус баазын парк шинэчлэлийн асуудал байна?

-Одоо та нар харж байгаа биз дээ. Автобусны буудал дээр зах замбараагүй хүлээлт бий болчихсон. Бидний үед ийм байгаагүй. Ер нь нийтийн тээврийг сайжруулахгүйгээр түгжрэлийг сааруулах ямар ч боломж байхгүй. Иргэд нийтийн тээврээр зорчиход саадгүй байвал заавал машин унана гэж дайрах уу. Иргэдээ хүссэн газар нь аваачаад өгчихдөг, тав тухтай орчин бүхий нийтийн тээвэр байж л түгжрэлтэйгээ тэмцэж чадна. Энэ зорилгоор нийтийн тээврийнхээ паркийг шинэчлэхээр бид ажиллаж байсан. Эрх баригч намынхан гарч ирээд, бас л энэ ажлыг зогсоочихсон. Ардчилсан намын үед эхлүүлсэн ажил бүрийг хорлож байгаа юм шиг зогсоодог. Сүүлийн үеийн бодлогуудыг нь харахаар дан ганц биднийг хорлоё гэж зориогүй юм билээ.

-НИТХ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ИНГЭЖ ХЭЛЭХЭЭС ӨӨР ЯАХ ЮМ БЭ-

-Тодорхой эрх ашиг байх үндэслэлтэй юу?

-Хорлохоосоо гадна хувийнхаа бизнест тааруулж, шийдвэр гаргаж байна. Жишээ нь, 2012 оноос хойш гэр хорооллын дахин төлөвлөлт дээр дандаа хувийн бизнесүүд цэцэглэж ирсэн. Айлын газрыг хямдхан чөлөөлж аваад л, гадны хөнгөлөлттэй эх үүсвэрээр байшин барьчихдаг. Тэгсэн мөртлөө борлуулалтаа өөрсдөө хийдэг. Ийм жишгээр л явж ирсэн. Одоо болохоор дахин төлөвлөлтийн газруудыг жижиглэж байна. Бэлэн болчихсон талбайнууд дээр хувийн бизнесээ оруулж байна гэсэн үг л дээ. Энэ мэтээр улс төрийн, хувийн ашиг сонирхлын зорилгууд байна л гэж харж байна. Түүнээс биш ямар ч эрүүл саруул хүн ийм шийдвэр гаргахгүй.

-Энэ удаагийн НИТХ-ын чадамж хэт сул байгаагаас эдгээр асуудлууд үүссэн гэж дүгнэж болох юм. Олон нийт ч тэр, НИТХ-ыг тарах ёстой гэсэн байр суурийг хатуу илэрхийлэх боллоо?

-Хүний хийж чадаж байсан ажлуудыг зогсоочихоор чинь олон нийт бухимдах нь тодорхой биз дээ. Явж байсан ажлыг зогсоох тань нэг бол мэдэхгүй, эсвэл санаатай үйлдлээс шалтгаалдаг. Энэ удаагийн НИТХ ажлаа мэдэхгүй байна. Дээрээс нь санаатайгаар бидний хийж байсан ажлуудыг зогсоож байна. Өөрөөр хэлбэл дээрх хоёр шалтаг, шалтгаан хоёулаа агуулагдаж байна гэсэн үг. НИТХ-ын төлөөлөгчид хотынхоо эдийн засгийн хүчин чадлыг огт ойлгохгүй юм. Тэгсэн мөртлөө хуралдаа суугаад, том том асуудлууд ярьж байгаа юм. Нийслэл хот ДНБ-ий 70 хувийг дангаараа бүрдүүлдэг. Нийт хадгаламж эзэмшигчдийн 86 хувь хотод байна. Арилжааны банкуудын нийт мөнгөний 90 хувь нь энд эргэлдэж байгаа. Ийм потенциалтай хот. Үүнийг төлөөлөгчид нь ойлгохгүй сууж байна. Бидний үед бол асуудлаа ойлгож, мэдрээд ажлаа хурдацтай явуулдаг байсан юм. Зөвхөн төсвийн мөнгө биш, бусад бүх эх үүсвэрийг бид хөдөлгөөнд оруулж байсан. Үнэхээр НИТХ ажлаа хийж чадахгүй байна. Ингэж хэлэхээс өөр яах юм бэ.

-Нийслэл 1.5 хүн амтай, томоохон хот мөртлөө төсвөөсөө 200 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөв рүү өгч байгааг та хэрхэн харж байна?

-Нийслэл ирэх онд 280 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр дайчлуулчихлаа. Энэ бол төсвөө дутуу боловсруулсны л гай. УИХ-ын гишүүд тойрогтоо тухайлсан байдлаар хөрөнгө оруулалт хийлгэхээр болж, төсөвтөө суулгачихаад байхад нийслэл тэдэнд нэмж өгч байгаа юм. Энэ чинь хотоос авсан мөнгийг УИХ-ын гишүүдэд хуваарилаад өгчихөж байна л гэсэн үг. Ийм байж болох уу.

 

Ж.МЯДАГБАДАМ

Эх сурвалж: www.medee.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?