Банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2021 онд нэмэгдүүлнэ

Сэтгүүлчийн үг

Банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг оны төгсгөлд 100 тэрбумд хүргэх тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарсан гэх мэдээллийн дагуу Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайханаас тайлбар хүслээ. 

-Монголбанк арилжааны банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг ирэх сар гэхэд 100 тэрбум төгрөгт хүргэх тухай мэдээлэл гараад байна. Гэтэл одоо үйлчилж байгаа журмаараа 50 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байх зохицуулалттай шүү дээ. Гэтэл ийм богино хугацаанд гүйцэтгэх чадавхи манай банкуудад бий юу?  

-Банкны хяналт шалгалтыг сайжруулах дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 дугаар тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-ний өдрөөс 100.0 (зуун) тэрбум төгрөгөөр тогтоох шийдвэрийг гаргасан.  Түүнээс биш энэ онд тавигдах шаардлага биш л дээ. Энэ шийдвэр нь 2017 оны 8 дугаар сараас эхлэн арилжааны банкуудад хийгдэж байгаа активын чанарын үнэлгээ, түүний үр дүнтэй холбоогүй юм.

Активын чанарын үнэлгээний гол зорилго нь банкны санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэгдсэн байгаа зээл, түүнтэй адилтган тооцох актив хөрөнгийн ангиллыг бодитой үнэлсэн эсэх, зээлийн эрсдэлийн санг зохистой байдлаар байгуулсан эсэх, зээлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэл учирсан тохиолдолд алдагдлыг шингээх хангалттай хэмжээний өөрийн хөрөнгө байгаа эсэхийг үнэлэх юм. 

-Энэ хөрөнгийн хэмжээг хэрхэн тогтоодог вэ, Үндэслэл шаардлагыг хэрхэн харгалзаж үздэг юм бол?

-Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар Монголбанк өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан тогтоодог. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлсэнээр банкуудын санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулах нөхцөл бүрдэх юм.

Мөн жижиг банкуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, санхүүгийн салбарт зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хүүгийн түвшинг бууруулах боломж бүрдэнэ. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тогтоож байгаа нь ирэх дөрвөн жилийн туршид манай улсын эдийн засгийн байдал сэргэж, өснө гэсэн тооцоолол судалгаанд үндэслэн гаргасан. 

-Энэ нь нэг талдаа бас  харилцагчийн итгэлийг даах тэдний эрх ашгийг хамгаалах хөшүүрэг гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгийг хамгаалах, банк алдагдал хүлээх тохиолдолд алдагдлын тодорхой хэсгийг нөхөх гол үүрэгтэй байдаг. 

Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн зохистой хэмжээ нь улс орны банк, санхүүгийн тогтолцооны найдвартай, хэвийн байдлыг хангахад гол нөлөө үзүүлдэг.

Банкны үйл ажиллагааны алдагдлыг шингээж чадахуйц хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байснаар банкны актив чанаргүй болох үед банкийг төлбөрийн чадваргүй болохоос тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?