Б.Бямбадорж: Бид хийхгүй бол болохгүй, хэрэгжүүлэх шаардлагатай чухал ажлууд байна

Сэтгүүлчийн үг

Олон улсад шинээр нэвтэрсэн шийдэл, технологи, инноваци ноу хауг судалж, эх орондоо санаачлан нэвтрүүлж бодитой ажил болгон хэрэгжүүлэгч бол Улсын нэгдүгээр төв эмнэлэг. Тус эмнэлгийн инновацийн хүрээний бодлого, менежментийн талаар УНТЭ-ийн ерөнхий захирал, дэд профессор Б.Бямбадоржтой ярилцлаа.

Сургалтын эмнэлгийн загварыг хэрэгжүүлснээр эмч бэлтгэх тогтолцоог сайжруулсан

-Дэлхийд шинэ тренд болж буй аливаа эмчилгээ, үйлчилгээг судалж, нэвтрүүлэх нь танай эмнэлгийн үндсэн чиг үүрэгт хамаарах уу. Тухайлбал Эрхтэн шилжүүлэн суулгалтын тухайд?

-Аль ч байгууллага, хувь хүн үргэлж сурч, хөгжиж, шинэ гарцуудыг олж байх ёстой. Бидний хувьд эрхтэн шилжүүлэн суулгалтыг хийгээрэй гэж хэн нэгэн үүрэг өгч, албан шаардлага тавьж байсан удаагүй. Бид хийх ёстой, чухал юм байна, нийгэм, ард түмэндээ хэрэгтэй гэсэн эмч, эмнэлгийн ажилтны өөрсдийнх нь санаачлаг, ухамсар байж гадаад харилцаагаа хөгжүүлэх, дотооддоо ч гэсэн төр засагтаа санал хүсэлтээр уламжлан дэмжүүлж ажиллаж байна.

Манай эмнэлгийн хамт олныг эрчилж, хурцалж, шинэ зүйлийг нэвтрүүлэх эрмэлзэлтэй болгодог үнэт зүйл бол орчин үеийн эмнэлгийн анхны суурийг нь тавьсан гэдэг түүхэн онцлог. Иймээс бидэнд ямагт анхдагч манлайлагч байх түүхэн үүрэг, хариуцлага оногддог.

Энэ хугацаанд сургалтын эмнэлгийн загварыг /Teaching hospital/ хэрэгжүүлье, өндөр мэдрэмжтэй нарийн бүтэц ажиллагаатай аппарат, тоног төхөөрөмжөөр хангая, эргээд инноваци шингэсэн эмчилгээ, үйлчилгээний технологийг нутагшуулъя гээд нэлээдгүй олон ажил хийсэн байна. Цаашдаа ч бид ард түмэндээ хэрэгтэй, салбарт үгүйлэгдэж буй эмчилгээ, үйлчилгээний загвар, технологи гээд суралцах, нэвтрүүлэх олон ажил хийх болно.

-Сургалтын эмнэлгийн загварыг танайхаас өөр эмнэлэг хэрэгжүүлж байгаа юу. Энэ загварын давуу тал, онцлог нь юу вэ?

-Энэ загварын хамгийн чухал давуу тал бол эмчээр эмч бэлтгэх тогтолцоо юм. Эцэст нь сурсан, сургасан хоёулаа сайн эмч бол чадах тийм л загвар. Одоогоор улсдаа манайхаас өөр эмнэлэгт нэвтрүүлээгүй байна.

-Та бага зэрэг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Өмнө нь эмч болохын тулд сургууль төгсөөд гурав юм уу зургаан сарын курс төгсдөг байлаа. Харин 2000 оноос резидентын сургалтад шилжсэн. Резидентын эмч бэлтгэх тогтолцооноос цэвэр сургалтын эмнэлгийн загвараар бэлтгэж болох юм байна гэдгийг олж харсан.

Ингээд сургалтын эмнэлгийн загварыг УНТЭ дээрээ бий болгож, өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлээд явж байна. Сургалтын зарчим энгийн л дээ, хэрэв та мэс заслын эмч болох гэж байгаа бол харах, ажиглах, хамтарч оролцох, өөрөө суралцах, бие дааж хийх зэрэг бүх талын оролцоог хангаж, хамгийн сайн багшийг дагаж, технологи, тоног төхөөрөмж сайтай эмнэлэгт 3-4 жил өвчтөнүүдтэй харьцаж, ажиллахад стандартад нийцсэн эмч сая нэг болдог юм байна.

Нөгөөтээгүүр эмч хүн өөрийнхөө сурсан, эзэмшсэн мэргэжлээ хүнд зааж өгч байж өөрөө илүү их чадварждаг юм байна. Тиймээс УНТЭ сургалтын эмнэлгийн загварыг хэрэгжүүлснээр стандартад нийцсэн резидент эмч бэлтгэхээс гадна эмнэлэг өөрөө сайн, чадварлаг багш нартай болж байна. Эмнэлэгт ажиллаж буй эмч багш гэдэг бол өдөр тутмын үйл ажиллагаандаа судалгаа хийж, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар ажлын үр дүнгээ бусад орны эмч нартай харьцуулж үзэх чадвартай болохын тулд эмч нар судалдаг, эмчилдэг, багшилдаг байх ёстой. Дэлхий дахин эмчийг ийм л тогтолцоогоор бэлтгэж байна.

Мэргэжлийн хүмүүсийн зөв шийдэл, зохион байгууллатыг хүлээн зөвшөөрөн ажил болгох нь удирдлагын чиг үүрэг юм.

 

-Энэ системээ ямар эмнэлгүүд дээр туршиж үзсэн бэ?

-Манай эмнэлгийн хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хоёр ч удаагийн төсөл хэрэгжүүлэх гэж үзээд болоогүй. Үүний нэг нь сургалтын эмнэлгийн сонгодог загварыг хэрэгжүүлж байх явцдаа Нийслэлийн Багануур дүүргийн эмнэлгийг салбар эмнэлгээ болгон УНТЭ-ийн олон жилийн технологи, стандарт, эмч нараа ашиглуулъя гээд төсөл бичиж, санал тавьсан боловч дэмжигдээгүй.

Нөгөө нь 2014 онд ТТАХНЭ-ийг УНТЭ шиг нэгдсэн эмнэлэг байгуулъя гэж төсөл бичээд олон шалтгаан хүчин зүйлээс болоод зогссон. Гэхдээ гурван cap ажиллуулж үзсэн. Болох юм байна лээ. Өөрөөр хэлбэл салбар эмнэлэгт /ТТАХНЭ/ үзүүлсэн хүн УНТЭ дээр дахиж ирж үзүүлэх шаардлагагүй болж байгаа юм. Цаад утгаараа УНТЭ-н эмч нарын стандарт. арга барилыг эзэмшсэн эмч нараар нэгдсэн эмнэлгүүдээ хангах зайлшгүй шаардлага гарч ирнэ. Ингэснээр зөвхөн тухайн байгууллагыг биш салбарын эмч мэргэжилтнүүдийн чансааг сайжруулах, хөгжүүлэх давуу талтай юм.

-Та аливаа ажлынхаа гарах үр дүнд ямар хэмжүүр тавьдаг вэ?

-Бид өнөөдөр мөнгөгүйдээ биш зохион байгуулалтын арга барилаасаа болоод хөгжлийн удаашралтай байна. Ер нь аливаа нэг ажлын мөн чанарыг таньж ухааралгүйгээр өнгөцхөн хөөсрүүлэх, бусдад таалагдахаа урьтал болгох, олон түмнээс оноо цуглуулах, мундаг харагдахын тулд ажиллахыг үр дүн гэж хараад байгаа нь аль ч түвшиндээ асуудал болоод байна. Энэ бол миний байр суурь.

Тодорхой хугацааны дараа үр дүн нь гардаг ажил гэж байна. Тиймээс бид ард түмний эрүүл мэндийн хэрэгцээг сайжруулахын тулд мэргэжлийн хүмүүсийн зөв шийдэл, зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Тэр мэргэжлийн хүмүүс чинь өөрсдөө нэг өдөр зүүдэлж гаргасан шийдвэр, шийдлээ ярьдаггүй. Манай салбарын мэргэжилтний онцлог нь тэр. Мэргэжлийн хүмүүс амьдралынхаа явцад олон эх сурвалжаас судалж, дүгнэж гаргасан шийдэл байдаг. Энэ шийдлийн зөв буруу нь цаг хугацаагаар харагддаг.

Нэмээд хэлэхэд, Бид юмыг хийхдээ, төлөвлөхдөө Эрүүл мэнд ТЭЗҮ талаас нь бодож хиймээр байна. Тухайн хийх зүйлийнхээ орчны, хүний эрүүл ахуйн хувьд тохиромжтой таатай байлгахаар хийх үү гэдгийг нэг номерт боддог,  тэрийгээ харгалзаж үздэг, сургууль цэцэрлэг, үйлдвэр, орон сууц барьсан ч гэсэн тэр талыг нь анхаарч шийддэг тийм соёл руу ормоор байна.

 Боловсролын салбар дахь эмч нарын анхдугаар зөвлөгөөнийг санаачлан, зохион байгууллаа

 

-Юуны өмнө танай хамт олонд нийгэмд 1 хэрэгтэй энэ том ажлыг санаачлан, зохион байгуулсанд баяр хүргэе! Танай байгууллагын чиг үүрэгт ямар ч хамааралгүй энэ ажлыг яагаад хийх болов?

-Өнөөдрийн нийгэмд бид хийхгүй л бол болохгүй учраас хийж, хэрэгжүүлэх гээд явж байгаа ажлуудын маань нэг бол яалт ч үгүй бага, дунд, өсвөр насныхны эрүүл мэндийг сахин хамгаалах. Тиймээс бид анхан шатнаас эхлээд нотолгоонд суурилсан мэдлэг олгох нь зүйтэй гэж үзээд энэхүү сургууль, цэцэрлэгийн эмч нарын анхдугаар зөвлөгөөнийг УНТЭ-ээс санаачлан, зохион байгууллаа.

Өнөөдөр энэ чиглэлийн эмч нарын ажил олгогч нь БСШУСЯ, гэтэл эмчийн ажил хийдэг. Үнэндээ бол хоёр салбарын дунд хаягдсан, дэмжлэггүй өнөөг хүрсэн дэд салбар. Нэгдсэн бодлого, чиглэл, дэмжлэггүй байснаас хүүхдүүдэд бага наснаас нь эрүүл мэндийн боловсролыг цэгцтэй олгож, амьдралын зөв хэв маяг, дадлыг бүрэн эзэмшүүлж чадахгүй байна.

-Энэ дэд салбарт ямар өвчлөл зонхилж байна вэ. Зөвлөгөө юуг голчилсон бэ?

-Манай улсад өсвөр үе, залуучуудын дунд суурь, архаг өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Өнөөдөр гуравдугаар шатлалын эмнэлэгт ирж буй өвчтөний дийлэнхийг 40 хүртэлх насны ид хөдөлмөрлөх насан дээрээ яваа залуучуудын өвчлөл эзэлж байна. Одоо энэ асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл олж, ажил болгохгүй бол тун удахгүй 5-10 жилийн дараа архаг, суурь өвчтэй хүмүүсээр эмнэлгүүд дүүрэх нь. Эдийн засаг овоо сэргэлээ гэхэд нөгөө байдаг мөнгөө хамаг архаг, хууч өвчтэй хүмүүсийн эмчилгээнд зарцуулах болчихно.

Тиймээс бид анхан шатнаас эхлээд нотолгоонд суурилсан мэдлэг олгох нь зүйтэй гэж үзээд энэхүү сургууль, цэцэрлэгийн эмч нарын анхдугаар зөвлөгөөнийг УНТЭ-ээс санаачлан, зохион байгууллаа. Уг нь энэ бол манай ажил биш л дээ. Үнэндээ бол хоёр салбарын дунд хаягдсан, дэмжлэггүй өнөөг хүрсэн учраас багаас нь хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсролыг цэгцтэй олгож, амьдралын зөв хэв маяг, дадлыг бүрэн эзэмшүүлж чадахгүй байна.

-Амьдралын зөв хэв маяг, дадлыг эзэмшүүлэх тал дээр гэр бүлийн бүх гишүүдэд ойлголт, мэдлэг өгөх хэрэгтэй болов уу?

-Манай ард түмний дунд нэг буруу ойлголт байдаг. Нүүдэлчдийн сэтгэлгээний онцлог уу эсвэл бий болсон олдмол сэтгэлгээ юу аль нь ч байсан түргэн хугацаанд нийтээрээ таягдан хаях нь нэн чухал зүйл бол өвдсөн үедээ эм уугаад, тариулаад эдгэчихнэ гэсэн бодол. Анагаах ухааны дэвшилтэт сайн эм, технологийг эрхэм үзэж, хошуураад эмнэлэгт, эмчид өөрийнхөө эрүүл мэндийн бүх хувь заяагаа даатгаж байна.

Энэ нь асар их өртөгтэй, олон хүнд хүрэх хүртээмж маш бага, хүн бүр энэ тусламжийг авч чадахгүй. Харин энэ бодлоосоо татгалзан эхнээсээ эрүүл байж урт наслах, амьдралын чанараа хадгалан үр хүүхдүүдтэйгээ хамтдаа жаргах боломж XXI зуунд бүрэн бүрдсэн байна. Үүнд туслах хоёр арга зам бидэнд байна. Тухайлбал, эрүүл зан үйл, эрүүл амьдралд суралцах. Үүнд үр хүүхэд өсвөр үеэрээ дамжуулан нотолгоотой зөв аргыг зааж сурган хэвшүүлэх. Тэд гэр бүлийн гишүүддээ сайнаар нөлөөлж, оройтсон ч гэсэн хамтдаа эрүүл мэндээ хайрлана.

Мөн орчин үед тавиад буй сэргийлэлтийн шинжилгээ, үзлэгт товлолын дагуу жил бүр тогтмол хамрагдах тогтолцоог бий болгох, түүнийг зөв ойлгуулах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд үүссэн эмнэлзүйн  анагаах ухааны ололтуудын үр дүнд олон улсад энэ тогтолцоог нэвтрүүлснээр хоёр асуудлыг шийдсэн.

Нэгт, хүн ардынхаа өвчлөлийг эрт илрүүлж, оношлон газар аваагүй дээр нь бүрэн таслан зогсоох эсвэл байнгын хяналт эмчилгээнд авч амьдралын насыг уртасгах. Хоёрт, эмнэлгүүд татаас авч ажиллахаа больж, эрүүл мэндийн үйлдвэрлэл /Health industry/ гэсэн ойлголт бий болж өөрөө бие даан хөгжих тогтолцоог бий болгосон тийм мундаг тогтолцоонууд бий болсон байна.

-Энэ арга хэмжээний цаашдын алхмууд юу байх вэ?

-Зөвлөгөөнөөр бид тулгамдаж буй асуудлаа ярихаасаа илүү гарц, шийдэл, шинэлэг мэдээллээ хуваалцах, хэлэлцэх нь чухал байлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд cap бүрийн 2-ны өдөр онлайнаар хоорондоо холбогдож, мэдээллээ шинэчлэх, харилцан туршлагаа солилцох хэлбэрээр эргэх холбоотой ажиллахаар төлөвлөлөө. Цаашид иймэрхүү сургалт, хэлэлцүүлгийг уламжлал болгон жил бүр зохион байгуулна.

Энэ удаагийн зөвлөгөөнийг зохион байгуулахад ЭМЯ, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, НЭМҮТ, СЭМҮТ, ЦЕГ, БЗД-ЭМТ, Гэр бүл хүүхэд хөгжлийн газар, Эмнэлзүй Анагаах Ухааны академи тус тус дэмжин ажилласан. Эдгээр байгууллагууддаа талархал илэрхийлмээр байна. Дараагийн удаад бид бүх үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын эмч нарт нотолгоонд суурилсан мэдлэг олгох, чадавхжуулах ажлыг хийх төлөвлөгөөтэй байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?