МУУГЗ Ц.Чулуунбат: Монгол дуу бол хэцүү бэрхийг туулах гэж бүтээгдсэн “бенз” шиг

Сэтгүүлчийн үг

-“ХАРАНГА” ХАМТЛАГИЙНХАА 30 ЖИЛИЙН ОЙГ ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ТЭМДЭГЛЭНЭ- 

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн аргил гитарчин, дуучин Ц.Чулуунбаттай ярилцлаа.

-Яг одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Энэ жил уран бүтээл арвин байв уу?

-Яг одоо бид “Торго” салоны ээлжит шоунд дуулах гэж байна. Энэ жил миний хувьд маш их ачаалалтай жил байлаа. Аравдугаар сарын 1-нээс хойш 45 хоног “Амьдралын бэлэг” өөрийн бие даасан аялан тоглолтоо дуусгаад, арваннэгдүгээр сарын 21-нд “Best of Chuka 45”-аа дуусгалаа.

-Таныг “Харанга” хамтлагт орохоосоо өмнө дуулдаг байсан гэж сонссон. Хамгийн анх хэдийд тайзан дээр гарч, уран бүтээлч болох гараагаа эхэлж байсан талаараа дурсахгүй юу?

-Би хамгийн анх 1972 онд яг өөрийн хүсэл мөрөөдөлд хөтлөгдөөд Сэлэнгэ аймгийн Соёлын ордонд гитар тоглоно гэж очиж байлаа. Гэтэл тэнд гитар байгаагүй. Намайг контрбасс хөгжим хүлээж байсан. Би урлагт дуртай, хайртай учраас тэндээс гараагаа эхэлж байсан юм. 1973 онд Барилгачны соёлын ордонд гитартай дуулж эхэлсэн. Үндсэндээ 1973 оноос “Харанга” хамтлаг байгуулагдах хүртэл соло дуулж эхэлсэн. 1989 онд “Харанга” хамтлаг анх байгуулагдаж, Лхагваа маань дуучин болж, миний дуулах карьер түрдээ зогссон гэж хэлж болно.

-“Харанга” хамтлагт аргил гитарчнаар орсон түүхээсээ хуваалцвал сонин байна?

-“Харанга” хамтлагийг манай МУГЖ Ц.Энхманлай байгуулж байсан. Тэрнээс өмнө бид “Соёмбо” болон “Ногоон гэрэл” гэх хамтлагт хамтарч ажиллаж байсан. Ц.Энхманлай бүгдээрээ рок хамтлаг байгуулъя гэсэн санал гаргаж, бид дэмжээд, “Соёмбо” чуулгаас гарч, өөрсдөө бие даан 1989 оны арван сарын 26-ны өдөр анхны тоглолтоо хийж байсан юм.

-Тухайн үед уран бүтээл хийж, бие дааж гарч ирэх хэцүү байсан болов уу?

-Ялангуяа рок тоглоно гэдэг бол яг тухайн үед үнэхээр хүнд хэцүү байсан л даа. Яагаад гэхээр рок хөгжим бол Монголд ер нь дуугарч байгаагүй үе. Тухайн үед хүмүүс рок хөгжмийг хүлээж авахгүй хэмээн ярьдаг байсан. Гэхдээ бид өөрсдийнхөө хүсэл мөрөөдөлд үнэнч зүтгэсэн. “Харанга” хамтлагийнхаа 30 жилийн ойг хоёр жилийн дараа тэмдэглэх гэж байна шүү дээ. “Харанга” бол Монголын эстрадын урлаг гэх нэрийн дор залгамж халаа нь болж гарч ирсэн. Гэхдээ яах вэ, шинэ стиль, имиж хөгжмийн урсгалыг гаргаж ирснээрээ түүхэнд бичигдэх байх гэж бодож байна.

-Тэр үед нэг ч рок хамтлаг байгаагүй юу?

-Байгаагүй. Зөвхөн “Баян Монгол” чуулга байсан. Мөн “Соёл Эрдэнэ” хамтлаг, поп тоглодог “Өргөө”, “Айзам”, “Залуус”, “Ногоон гэрэл” хамтлагууд байсан. Тэгэхэд анх удаа бид рок хөгжмийг хүнд рок хэлбэрээр нь дуулж эхэлж байлаа.

chuka

-ҮНЭНДЭЭ БИД ХӨШИГ НЭЭГДЭЖ, ТАЙЗАН ДЭЭР ГАРАХААС АЙЖ БАЙСАН-

-Анхны рок хамтлагийг үзэгчид, сонсогчид хэрхэн хүлээн авч байв?

-Үнэндээ бид хөшиг нээгдээд тайзан дээр гарахаас айж байсан. Энэ рок хөгжмийг хүмүүс хэрхэн хүлээж авах бол, ойлгох болов уу гэж бодож байлаа. Хүмүүс “Энэ төрлийн хөгжим манайд хөгжихгүй” гэдэг байсан. Тэр үгүүд чихэнд сонсогдоод гарахаас эмээсэн хэрэг. Гэхдээ рок хөгжмийг Монголын залуус үнэхээр хүсэн хүлээж байсан нь яг хөшиг нээгдэхэд тодорхой байсан. Тэнд их олон рок хөгжмийг бишрэн шүтдэг хүмүүс, сонсогчид цугласан байсан. Үндсэндээ хүнд рок хэлбэрийг монгол рок стиль жанарт оруулж, өөрийн гэсэн арга барилаар найруулж, үг аяыг нь зохиож ирсэн хамтлаг бол яах аргагүй “Харанга” л даа. Тухайн үед маш их шандастай ажлыг зориглон, хүсэл мөрөөдлөөрөө хийж байсан юм байна гэж одоо боддог юм.

-Та “Авьяаслаг монголчууд” шоунд шүүгчээр ажилласан. Хэцүү байсан уу?

-Би өөрийгөө хүний авьяасыг дэлгэрүүлэх, олж нээх, энэ хүн үнэхээр авьяастай юу гэдгийг хэлэхэд өөртөө 100% итгэлтэй байсан. Яагаад гэхээр миний өөрийн ажилласан жил, энэ хугацаанд хуримтлуулсан туршлага, хүн таних чадвар, ялангуяа урлагт орж ирж байгаа хүнийг энэ урлагт удах хүн байна, удахгүй гарчих хүн байна даа гэх зэргээр таньдаг. Мөн энэ бол сайн дуучин байна, харин энэ бол өөрийнхөө хүсэлд хөтлөгдөн орж ирээд аяндаа мартагдах хүн байна гэдгийг өөрийнхөө зөнгөөр мэдэх учраас би өөрийн үгээ маш зоригтой хэлдэг байсан. 
Энэ ингээд хэлчих бол гомдох болов уу яах бол гэлгүйгээр үнэнийг нь хэлдэг байсан. Үнэндээ яг үнэнийг нь шууд хэлэх над шиг шүүгч тэнд байхгүй байсан. Би нэг л юмыг чиг барьж шүүдэг байсан. Өнөөдөр манай урлагт дуулдаг хүүхдүүд дандаа ковер дуулдаг. Гадаадын ямар нэгэн дуучин аль нэг хүмүүсийг маш амархан дуурайж дуулж чаддаг. Шүтдэг ч бай, шүтдэггүй ч бай ямар ч гадаад дуучны дууг нугалаа, дуулах өнгө аясыг нь яг дуурайгаад дуулдаг. Ерөнхийдөө би юу гэж хэлэх гээд байна гэхээр гадаадын дуу хөгжмийн зохиомж, зохиосон хэлбэр маяг нь дуулахад их амархан зохиогдсон байдаг. Харин манай Монголын дууг дуулахад маш хэцүү.

-Юу нь хэцүү байдаг вэ? 

-Монгол дуучид нэг өнгөөс нөгөө өнгө рүү дундаа хоёр гурван эгшиг, заримдаа долоон эгшиг хаяж дуулдаг. Их бүдүүнээр уншигчиддаа ойлгуулъя гэвэл, хэцүү бэрхийг туулах гэж бүтээгдсэн “бенз” шиг л тийм аялгуу байхгүй юу. Би үүнийг яаж мэдсэн бэ  гэхээр социализмын үед Ухнаа гуай “Анд нөхдийн ая дуу” гэж олон орноос дуучдыг авчраад, заавал нэг монгол дуу дуулуулдаг байсан. Тэдний монгол дуу дуулна гэж үнэхээр инээдэмтэй байсан. Анна Гэрман гэж их сайн дуучин байсан. Тэр дуучин “Жонон хонгор”-ыг их гоё дуулсан. Монгол дуу дуулах үнэхээр хэцүү. За яах вэ, ковер дуучид дуурайгаад дуулчихна. Би ч гэсэн хэн нэгнийг дуурайгаад л дуулчихна. Гэхдээ монгол дуу их хэцүү. Тийм учраас би ковер дууг нэг их анзаарахгүй, монгол дуу дуулж байгаа, хэлж байгаа үг өөрийн гэсэн маневр, өөрийн гэсэн өнгө царайг тэндээс хардаг байхгүй юу. Тэгж л би шүүдэг.

chuka

-ХҮМҮҮСИЙГ ЖАРГАХ ҮЕД ДЭМ БОЛЖ, ЗОВОХОД НЬ ДЭЭШ ТАТАН ГАРГАХ ТИЙМ САЙХАН ДУУ ХИЙЕ Л ГЭЖ БОДОЖ ЯВДАГ-

-Гадаад дуу сайн дуулсан хэдий ч шүүлтэд хамаагүй гэсэн үг үү?

-Яах вэ. Би тэр хүний хоолойн цар хүрээг л сонсоно. Үнэхээр өндөр цар хүрээнд дуулсан дуучныг алга ташиж хүлээж авна. Зүгээр нэг хэлбэрдээд байгаа хүн бол надад нэг их сонин биш.

-Та маш олон авьяастантай уулзсан шүү дээ. Тэр дундаас чадварлаг авьяастан харагдаагүй юу?

-Мэдээж харагдалгүй яах вэ. Харамсалтай нь, тэд маань гарч ирээгүй. Шүүгчид маань дөрвүүлээ шүүнэ. Санал зөрнө. Би хичнээн тэнд 100% зогсож байсан ч гэсэн нөгөө гурван шүүгчийн үнэлгээ оноогоор дарагдана. Яагаад гэхээр оноогоор тэнцдэг дүрэмтэй. Тийм учраас их мундаг мундаг дуулдаг залуус ард үлдсэн. Би одоо тэднийг шарандаа гарч ирээсэй л гээд хараад яваад байгаа. Одоогоор гарч ирэхгүй л байна. Гараад ирвэл би баярлана.

-Та нэг ярилцлагадаа “Би олон хүнд дуу хийж өгч байхдаа мөнгө авч байгаагүй. Бас энэ олон жил уран бүтээл хийхдээ тоолж байгаагүй юм байна” гэсэн байсан. Багцаалбал хэд орчим бол?

-Би үнэхээр тоолж байгаагүй юм байна. Ер нь хийсэн бүтээсэн дуу болгон хүний сэтгэлд шууд хүрээд хит болно гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг тоолоод, эсвэл сэтгэлд нийцсэн дуугаа тоолоод байх зав ч алга, сонирхол ч алга. Зүгээр яах вэ, хүмүүсийг жаргаж байх үед нь дэм болж, зовж байхад нь дээш татан гаргах тийм сайхан бүтээл, тийм сайхан дуу хийе л гэж бодож явдаг. Мөнгөний хувьд бол мэдээж манай улсад шоу бизнес бол яг утгаараа хөгжиж чадахгүй байгаа. Хэн нэгэн дуучин, тэр байтугай өнөөдөр хөлөө олсон дөрөөн дээрээ бат зогссон тийм том том дуучид ч гэсэн дуу худалдаж авч чадах хэмжээнд хүрээгүй байдаг. Гэхдээ захиалгаар хийгдэж байгаа дуу уран бүтээлүүд тусгай үнэлгээтэй байдаг.

-“Зуун зуун жил би чамайгаа хайрламаар байна. Мянга мянган жил би чамайгаа...” гэсэн үгтэй дууг тань хүн болгон амандаа аяладаг. Энэ дууг асуухгүй байж чадахгүй нь ээ. Энэ дуу хэрхэн бүтэж байсан бэ?

-Тэр дууг би өөрийнхөө эхнэрт зориулан бичиж байсан. Олон жил хазайхад минь түшиж, хальтирхад минь түшиж, баярлах, гомдоход хамт байсан тэр хүндээ зориулан бичиж байсан. Үнэхээр сэтгэл зүрхээ уран байж бичсэн дуу хүмүүст хүрдгийн тод жишээ юм уу даа гэж л боддог. Гэхдээ одоохондоо ингэж хэлж байна. Цаашид хэдэн жилийн настай байхыг нь мэдэхгүй. Тэр дуу маань 2006 онд гарч байсан. Ямар ч уран бүтээлч өөрийн дуугаа олон жилийн настай байгаасай, олон жил дуулагдаасай гэж хүсдэг. Арван хэдэн жил бол надад тийм их хангалттай биш. Миний “Чамдаа дуулах дуу” 1978 оноос хойш 30 гаруй жил дуулагдаж байна. Одоо би энэ дуугаа чамлаад л явж байна.

-Таны сэтгэлд 100 хувь хүрсэн бүтээл гэвэл?

-Ер нь 100 хувь гэж ямар ч зүйлд байхгүй шүү дээ. Тухайлбал, би нэг дуу хийчихээд энэ дуу 100 хувь боллоо доо гэж боддоггүй. Энийг нь ингэдэг байж, тэрийг нь тэгдэг байж гээд л боддог. Гэхдээ хүний чихэнд хүрчихсэн учраас тэрийг засах эрх надад байхгүй.

chuka

-“ANEMONE”-ИЙГ МОРИН ДЭЭР НЬ МОРДУУЛААД Л ЯВУУЛСАН, ОДОО БҮҮ МЭД. МОРИНООСОО УНАСАН УУ...-

-Энэ олон жил урлагт бүхнээ зориуллаа. Энэ замыг сонгосноороо алдав уу, онов уу?

-Би юу ч алдаагүй. Тэртээ 45 жилийн өмнө хаашаа ч явж мэдэхээр байсан. Гэхдээ би өөрийнхөө замыг өөрөө олж чадсан. Тийм учраас би юу ч алдаагүй гэж бодож байна. Эх орон, ээж аав, дотны хүмүүсээ алдаж байгаа хүмүүс харамсалтай байдаг. Ялангуяа эх орноо алдаж байгаа тэр хүмүүс бүр азгүй хүмүүс байдаг. Эх орноо алдана гэдэг бол аль нэг улсад уусна гэсэн үг. Ямар нэгэн байдлаар боогдоно. Тэр утгаараа тэр алдаа бол миний 45 жилийн туршид амьдралдаа алдсан том жижиг алдаануудын хажууд нь юу ч биш.

-Та их олон дуу бүтээсээр ирлээ. Уран бүтээлээрээ хүмүүст юу өгөхийг зорьдог вэ?

-Энэ хэцүү, гутранги нийгэмд хүмүүсийн сэтгэл санааг л аль болох өргөх, бие биеэ, анд нөхдөө, эх орноо хайрлах энэ болгонд зоригжуулж уриалж өгөх юмсан гэж дуу хөгжмөө хийдэг. Хүмүүсийг гутарч байхад нь дээрээс нь нэмж гутраагаад яах вэ дээ. Тийм биз дээ. Гунигтай дуу хийгээд, амьдрал нь хэцүү байхад нэмэрлээд яах юм бэ. Тэртээ тэргүй амьдрал муухай байгааг бүх хүн мэдэж байгаа. Зүгээр л монгол хүн амныхаа билигээр гэдэг шиг.

-Та ямар үед дуугаа бүтээдэг вэ?

-Жишээлбэл, миний амьдралд бодитой тохиолдоогүй ч гэсэн дууныхаа шүлэг, утга санааны дагуу тухайн дуундаа ордог юм. Уран бүтээлч хүн тийм байдаг. Тэгэхгүй бол ямар ч сэтгэлийн хөөрөлгүй, ямар ч нүүрний хувиралгүй юу ч хийхгүй. Тухайлбал, миний “Халуун сэтгэл” гэж дуу байдаг. Тэр дууг нэг хүн ахыгаа алдаж, надаар энэ дууг захиалгаар хийлгэсэн. Шүлэг болон аяыг нь бичээд, зохиогоод сууж байхдаа би өөрийнхөө ахыг алдсан мэтээр бодож, өөр дээрээ уй гашууг авсан. Тэгж байж миний сэтгэлээс хуруугаар дамжиж, тэр ая дуу гарсан болов уу л гэж боддог. Уран бүтээлч хүн зураг зурахдаа, дуу зохиохдоо, кино хийхдээ өөрийгөө урж, сэтгэлээ уйлуулж, баярлуулж, бахардуулж ингэж л хийдэг юм. Түүнээс биш зүгээр л нэг сууж байгаад хийдэг зүйл биш.

-“Anemone” хамтлагийг та анх байгуулсан шүү дээ. Одоо тэр хамтлаг уран бүтээл хийж байгаа юу?

-Мэдэхгүй. Би тэр хамтлагийг дөрөөн дээр нь гишгүүлээд, морин дээр нь мордуулаад, “За цаашаа сайн давхиараа” л гэсэн, байхгүй л байна. Хаана ч яваа юм, бүү мэд.

“Making the band” шоунд хүлээсэн үүргийнхээ дагуу тэр хамтлагийн бүх дууг зохиосон. Тоглолтын хувцас болгоныг Халиун бид хоёр БНСУ руу явж авч байлаа. Одоо өөр яах юм бэ. Морин дээр нь мордуулаад явуулсан, одоо бүү мэд. Мориноосоо унасан уу. Нисэж байсан бол би мэднэ л дээ. Аливаа нэг зүйлд гадны хүчин зүйлээс гадна өөрийн хүсэл эрмэлзэл маш их чухал. Тэд өөрсдөө тэрийгээ л байхгүй болгочихсон юм шиг байгаа юм.

-Зав гаргаж ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

 

 

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Д.БИЛГҮҮН

Эх сурвалж:  www.medee.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?