УИХ-ыг яаж Баянхошуунд хуралдуулах вэ

Сэтгүүлчийн үг

Улаанбаатарын утаа арай дэндлээ. Баянхошууны хүүхдүүд бүр хоолой нь хорсоод хахаж цацаад явж чадахгүйд хүрдэг. Ялангуяа өглөө, оройд. Утааг бууруулна хэмээн хэчнээн тэрбум төгрөгийг зарцуулсан. Зарим нь утаанд зориулсан мөнгийг өөр зүйлд зарцуулсны төлөө шоронд ч суусан.

Төр засаг гоё гоё нэртэй баахан зуух хийж тараасан. Үр дүн тун бага. Үнэндээ бол нөгөө гоё зуухнуудыг нь хөдөөгийнхөн мөнгөрөө зодоод хамаад аваад явсан нь үнэн. Утаа зөвхөн айлын яндангаар гардаггүй. Машин, автобус гээд тээврийн хэрэгслүүд утааг үйлдвэрлэгч хэсэг мөн. Нэг автобусны яндангийн утааг багасгахын тулд 45 саяар шүүр маягийн юм тавина хэмээн нэг нөхөр ярьсныг сошиалаар хэчнээн өдөр ч хий цуурав. Алтаар хийсэн зүйл байх хэмээн.

НИТХ-ын дарга С.Амарсайхан нийслэлд утаа гаргаж байгаа нэг том хэсэг бол уурын зуухнууд гэсэн. Энэ асуудлыг утаатай тэмцэх ажлын нэг гол хэсэг болгон анхаарах хэрэгтэй гэж хэлж байсан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр утаа ихтэй газруудад ажиллалаа. Өөрөө ч Сансарын утаан дунд амьдардаг гэнэ. Жил бүр л төрийн томчууд утаа хэмээн ярьдаг. Даанч дорвитой хийсэн нь хомс нь харамсалтай. Өчигдөр болсон чуулганы үеэр О.Баасанхүү, Д.Бат-Эрдэнэ гишүүн нар утааг яанаа хэмээн дуугарсан тэднийг тоож сонсох, хариу хэлэх хүн алга байсан. Юу ч хэлэхэв дээ. Ярьсаар байгаад залхсан хойно.

Тэгэхээр УИХ-ын ихэнх гишүүн жинхэнэ утааны голомтод очиж үзсэн болов уу. Үнэндээ бол тэд бараг л бүгд гүүрнээс урагш амьдардаг байх. Гүүрнээс урагш бол арай л дээр. Үнэхээр арай л дээр. Баянхошуу, хойшоо Чингэлтэй, Хайлааст, Гандангийн орчимд очихын бол машин дотор байхад л хоолой хорсож хатна. Үнэхээр аймшиг, гамшиг.

Утааны эсрэг тэмцэж байгаа хүмүүс байна. Тэд ч юм уу, хэвлэлийнхэн ч юм уу уриалж байгаад УИХ-ыг Баянхошуунд хуралдуулах хэрэгтэй байна. Нийслэлээ ийм болгосон буруутнууд энэ дотор зөндөө бий. 27 жил энэ танхимаас салаагүй хүмүүс ч байгаа. Юу ч хийдэггүй юм гэхэд ядаж ганц удаа ч болов мэдрээсэй гэж л бодож байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?