С.Чинзориг: Хууль бус ажил хаялтын хариуцлагыг зохион байгуулагч тал хариуцна

Сэтгүүлчийн үг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой багш нарын ажил хаялттай холбоотой асуудлаар ярилцлаа.

-Боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд хугацаагүй ажил хаялт зарласан. Энэ ажил хаялтыг та хууль бус хэмээн дүгнэж байгаа гэсэн. Чухам ямар шалтгаанаар хууль бус гэснийг тань тодруулж болох уу?

-Ажил хаялттай холбоотой асуудал Хөдөлмөрийн тухай хуулиар нарийн зохицуулагдсан байдаг. Яг ямар нөхцөлд ажил хаялт явуулдаг вэ гэхээр ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамтын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн тохиолдолд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгээд эвлэрүүлэн зуучлагч юм уу, хөдөлмөрийн арбитр томилогдож асуудлыг авч үзэж шийдвэр гаргасны дараа энэ шийдвэрийг ажил олгогч хэрэгжүүлээгүй бол ажил хаях эрх нь нээгддэг. Гэтэл одоогийн нөхцөлд хөдөлмөрийн хамтын маргаан үүсээгүй. Нөгөө талаасаа Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хэлэлцээ хийж байгаа шатанд ажил хаяхыг хориглодог. Ажил хаялтыг хориглосон заалтуудаас харахад багш нарын энэ удаагийн ажил хаялтыг хууль бус гэж хэлэх үндэстэй юм.

-Ажил хаялт зохион байгуулж Засгийн газраас цалин нэмэхийг шаардаж байгаа нь буруу гэсэн үг үү?

-Цалин нэмэхтэй холбоотой шаардлагыг хэн ч буруутгаагүй. Гол нь хөрөнгө санхүүгийн боломж юу билээ гэдгээ бодох ёстой. Эдийн засаг өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их боломжтой байсан хэрнээ өнөөдөр ямар хэмжээнд хүрч хүндэрснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд Засгийн газар ОУВС-тай гэрээ байгуулж “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаас өөр аргагүй болсон. Хөтөлбөрт хамрагдахын тулд байгуулсан гэрээнд 2017-2018 онд цалин нэмэхгүй гэсэн заалт оруулсан байгаа. Гэвч энэ Засгийн газар багш нарын энэ шаардлагын хариуд гэрээний заалт яриад таг дүлий суугаад байгаагүй. Аль тавдугаар сард МҮЭ-ээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх заалтынхаа биелэлтийг хангахын тулд нэмэлт хэлэлцээр хийе гэсэн шаардлагыг тухайн үеийн Засгийн газарт тавьсныг шинэ Засгийн газар байгуулагдаад анхныхаа хуралдаанаар энэ хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэх шийдвэр гаргасан. Тэр дагуу нийгмийн зөвшлийн талууд буюу Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нэмэлт хэлэлцээр хийж тодорхой асуудлууд дээр зөвшилцөж ойлголцоод гарын үсэг зурцгаасан. Тийм учраас Засгийн газар, Үйлдвэрчний байгууллагын хооронд байгуулсан хэлэлцээр биелэгдэхгүй байна гээд хамтын маргаан үүсгэх, хөдөлмөрийн арбитрт хандах үндэслэл байхгүй. Энэ бүх өнцгөөс аваад үзэхэд багш нарын ажил хаялт хууль бус.

-Хууль бус ажил хаялт зохион байгуулсны хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?

-Ажил хаялтыг хууль бус гэж үзэж байгаа бол Засгийн газар шүүхэд хандах ёстой. Шүүх асуудлыг судлаад хуульд нийцсэн ажил хаялт мөн үү, биш үү гэдгийг тогтоож шийдвэрээ гаргана. Хэрвээ шүүх хуульд нийцээгүй байна гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулиар ажил хаялт зогсох үүрэгтэй төдийгүй хууль бус ажил хаялтын улмаас гарсан аливаа хохирлын гэм бурууг зохион байгуулсан байгууллага, албан тушаалтан хариуцна.

Түүнээс гадна ажил хаялтын сөрөг үр дүн их байна гэж үзвэл Засгийн газар шүүхийн шийдвэр хүлээлгүйгээр ажил хаялтыг 14 хоногоор хойшлуулах эрхтэй. Би Боловсролын сайдтай уулзахад хууль бус ажил хаялт учраас шүүхэд хандаж гомдол гаргана гэсэн байр суурьтай байгаа юм билээ.
-Боловсрол, шинжлэх ухаан үйлдвэрчний холбооны дарга Батзориг Гурван талт улсын хэлэлцээрт гарын үсэг зураагүй учраас энэ хэлэлцээр хүчин төгөлдөр бус гэсэн тайлбарыг хийж байна билээ.

-Гурван талт хэлэлцээрт Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо адил эрхтэйгээр оролцдог. Үйлдвэрчний эвлэл нэг тал нь гэдэг утгаараа тэд гарын үсэг зураагүй бол гэрээ хэлэлцээрийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэс байхгүй нь үнэн. Гэхдээ энэ удаагийн нэмэлт хэлэлцээрийн үед Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоог төлөөлж хэлэлцээрт оролцсон тал хуралдаад Засгийн газрын саналыг хүлээн зөвшөөрч байна гээд гарын үсгээ зурцгаасан. Яг гарын үсэг зурах болоход Батзориг “Би зурахаа болилоо” гээд гараад явсан нь ч үнэн. Хэрвээ Батзориг гарын үсэг зураагүй учраас энэ хэлэлцээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол миний яриад байгаа Хөдөлмөрийн хуульд заасан хэлэлцээрийн явц дуусаагүй, үргэлжилж байна гэсэн үг. Энэ тохиолдолд буюу хэлэлцээрийн шатанд ажил хаяхыг хориглоно гэсэн хатуу заалт хуульд бий.

-Гэхдээ багш нарын ажил хаялтыг чухам хэн нь зохион байгуулаад байгаа нь ойлгомжгүй. Үйлдвэрчний эвлэл үү, Түр хороо нь юм уу?

-Боловсрол, шинжлэх ухаан, спортын үйлдвэрчний холбоо, Багш нарын цалин нэмүүлэх түр хороо гэж хоёр төрийн бус байгууллага байгаа юм. Гэхдээ чухам хэн нь нийт багш нарыг төлөөлж байгаа нь ойлгомжгүй. Багш нар ч хоёр хуваагдчихаад байгаа. Цалин нэмүүлэх түр хороо намар хоёр удаа ажил хаялт зохион байгуулсан. Тэр үед би УИХ-ын гишүүний хувьд хууль бус ажил хаялт зохион байгуулж байна гэдгээр байр сууриа илэрхийлж байсан. Түр хорооныхон ч өөрсдийнхөө үйл ажиллагааг буруу боллоо гэдгийг ойлгосон байх. Энэ удаа Засгийн газартай хамтраад тулгамдсан асуудлаа шийдэхээр хэлэлцээрт оръё гээд Боловсролын сайд, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт орж ажилласан. Энэ ажлын хэсэгт Боловсролын үйлдвэрчний холбооны төлөөлөл ч орсон.

Багш нартайгаа бид хэд хэдэн зүйлийг ярьж байгаа. Эхнийх нь ажлын ачаалал, ажиллах нөхцөл, ур чадвар, ажлын үр дүнгээс хамаараад багш нар ялгамжтай цалин авдаг байх хууль эрх зүйн үндсийг бий болгоё гэдэг дээр санал нэг байгаа. Тодорхой хэмжээгээр судалгааны байгууллагад хандаад багш нарын ажлын байрны үнэлгээ хийх ажлууд эхэлчихсэн явж байгаа. Хоёр дахь нь багш нарт олгож байгаа нэмэгдэл, нэмэгдэл хөлс урамшууллын тогтолцоог шинэчлэх ёстой гэдэгт байр суурь нэгдсэн. Одоо багш нарт нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал олгохыг 12 төрлийн журмаар зохицуулж байгаа нь багшид ажлын ачаалал өгч, чирэгдэл учруулахын хамт захирал, менежерүүдийн үзэмжээр шийдэх боломж олгодог байж болох талтай гэж үзсэн. Манай багш нарын төлөөлөл ч үүнтэй санал нэгтэй байгаа. Тиймээс эдгээр журмыг цөөлөх, уян хатан болгож, зөөллөх нь зөв гэдэгт санал нэгдэж гурван сайдын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсэгт тал талын төлөөлөл орж долоо хоног ажиллаад санал нэгдэж буй асуудлуудаа нэгтгээд гарын үсэг зурсан. Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооныхон санал нэгдсэн учраас гарын үсэг зурж ажил хаялтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бол Боловсролын үйлдвэрчний холбооныхон зураагүй. Намар Түр хорооноос зохион байгуулсан ажил хаялтад Боловсролын үйлдвэрчний холбоо бид оролцохгүй гээд оролцоогүй юм билээ.

-Тэдний тавьж байгаа шаардлага буюу ирэх оны эхнээс багшийн цалинг 50 хувиар нэмэх гэдэг нь хуулийн хувьд хэр үндэслэлтэй юм бол?

-Боловсролын үйлдвэрчний холбоо салбарынхаа яам, хариуцсан сайдтайгаа жил тутам хамтын хэлэлцээр байгуулдаг. Хэлэлцээрт тусгасан асуудлаа хэрэгжүүлэхийг яамнаас шаардах, жагсаал цуглаан хийж, бүр цаашлаад хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэж асуудлыг шийдэх эрхтэй. Гэтэл өнгөрсөн жил Боловсролын үйлдвэрчний эвлэл БСШУСЯ-тай байгуулсан хамтын хэлэлцээртээ цалин хөлсийг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн заалт оруулаагүй юм билээ. Харин нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгодог тогтолцоог боловсронгуй болгож шинэчилнэ гэсэн гэрээ л байгуулсан. Тэгсэн хэрнээ хамтын хэлэлцээрт тусаагүй асуудлаар шаардлага тавьж ажил хаяад байгаа нь асуудлыг бүр ч ойлгомжгүй болгож, хууль бус гэдгийг улам батлаад байгаа юм.

-Багш нарт яг хэчнээн төгрөгийн урамшууллыг олгохоор болсон бэ?

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрт зөвхөн багш гэхгүй төрийн албан хаагчдад ажлынх нь үр дүнгээр урамшуулал олгох замаар бодит орлогыг нэмэгдүүлэх тухай яригдаж төсвийн тодотгол дээр 55,6, ирэх оны төсөвт 56,4 тэрбум нийтдээ 112 тэрбум төгрөгийг тусгасан. Энэ жилийн төсвийн тодотголд суусан 300 мянган төгрөгийг багш нарын 2017 оны ажлын үр дүнгийн урамшуулал гэж ойлгож болно. Дээр нь БСШУСЯ тооцоо судалгаа хийж Сангийн яамтай зөвшилцөөд Боловсролын сайдын багцдаа багтаагаад 3,0 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж нэг багшид 216 мянган төгрөгийг урамшуулал болгож өгөхөөр болсон. Ингэхээр нэг багшид 2017 оны үр дүнгийн урамшуулал 516 мянган төгрөг олгох боломжтой болж байгаа юм. Түүнээс гадна багш нарын урамшууллыг улирлаар биш сар бүр олгодог байх санал тавьсныг бид хүлээн зөвшөөрч байгаа.

-Урамшууллыг ямар журмаар олгохыг хэн шийдэх вэ?

-Төрийн захиргааны албан хаагчдад урамшуулал олгох нийтлэг журмыг Засгийн газар батална. Энэ удаагийн төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн урамшууллын журмыг манай яам боловсруулж байгаа. Удахгүй Засгийн газарт оруулна. Гэхдээ энд нэг зүйлийг онцлон дурдах ёстой. Гурван талт хэлэлцээрт боловсрол, эрүүл мэндийн салбарынхны урамшууллыг олгохдоо үйлдвэрчний байгууллагын оролцоог хангах гэдэг талаас нь ярьж Засгийн газрын биш тухайн салбарын яамдтай байгуулсан хамтын гэрээ хэлэлцээрээр үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтраад журмаа уян хатан зохицуулж болох чиглэл өгсөн. Энэ эрхийг Засгийн газрын тогтоолд оруулж баталгаажуулахаар бид ажиллаж байна.

-Цалин орлогыг нэмэгдүүлэх бололцоотой арга хэмжээг авсаар байтал хугацаагүй ажил хаялтад хүртэл асуудлыг хүндрүүлэх шаардлага байгаа юм болов уу?

-Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооныхон Засгийн газраас багш нарын цалин орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд хийж байгааг ойлгоод хамтарч ажиллахаар болсон. Гэтэл үйлдвэрчний байгууллага буруу тийш нь эргүүлээд байгааг ойлгохгүй байгаа юм. Манай багш нар боловсролтой сэхээтэн улс заавал ажил хаялт хууль бус байна гэдгийг шүүхээр шийдүүлж асуудлыг хүндрүүлэхийн оронд Засгийн газартайгаа ойлголцоод хамтын гэрээ хэлэлцээрээр асуудлыг шийдээд явах байлгүй дээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    zochin [202.55.191.xxx]

    yun hariutslaga yariad baina. TSalin baga n bagshiin buruu yu

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?