ӨМЧИЙН ТАЛААРХ МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ СЭТГЭЛГЭЭ

Сэтгүүлчийн үг

Т.Нарандэлгэр

Өнөөгийн даяаршиж буй нийгэмд хүн болгон өөрийн гэсэн өмч, эд баялаг, мөнгө зэрэг материаллаг баялагтай болохын тулд бүхий л амьдралынхаа туршид зүтгэж байна. Энэ нь хүмүүсийг мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй, тэр бүү хэл өөрийн дотны хүнийг ч хохирооход бэлэн болтол өөрчилсөн байна. Тиймээс Монгол хүний юманд хандах хандлага, хүний чанар муудаж байгаад өмчийн талаарх ойлголтын хувьсал өөрчлөлт нөлөөлсөн байх магадлалтай.

Монголчуудын өмчийн талаарх ойлголт нь түүхэн сурвалжуудад мөн ардын аман зохиолд уламжлагдсан байдаг. Нүүдлийн соёл иргэншилтэй манай улсад бүхий л хүний зан үйлийг хуулиар буюу бичмэл эх сурвалжаар зохицуулах боломжгүй юм. Ийм нөхцөлд ардын аман зохиол нь зааж сургах байдлаар Монгол хүний онцлогт тааруулан төлөвшүүлдэг байна.

            Бидний анхдагч эрх зүйн хэм хэмжээ болох Их засаг хуулинд ахуйн хэм хэмжээ, ердийн хууль цаазны хэм хэмжээний мөнөөх л шинж чанар нь бусдын өгсөн идээ будааг эзэн нь өөрөө амсаагүй байхад идэхийг хориглох, хамт байгаа хүнээ хооллохыг урихгүйгээр өөрөө хооллохыг хориглох, хооллож байгаа хүмүүстэй нийлэн сууж тэдний зөвшөөрөлийг авалгүйгээр хоол идээнд хүрэхийг хориглох гэх мэт заалтыг бий болгож тал нутгийнхны зочломтгой занг илэрхийлж байгаа болой.Их засаг хуулинд эрүүгийн заалтууд давамгайлах бөгөөд аливаа үйлдэл хийсэн тохиолдолд оноох хүнд хэлбэрийн шийтгэлүүд ихэнхи хэсгийг нь эзэлдэг. Харин иргэний харилцааг зохицуулсан хэм хэмжээ байх авч одоогийн бидний өмчийн тухай ойлголт, үзэл тусгагдаагүй байна. 

 “Монгол-Ойрадын хууль”-нд үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх байдаггүй байсан ба хөдлөх хөрөнгийг өмчилж болдог байсныг заасан байна.

Манжийн эрхшээлийн үед Монголчууд өөрсдөө  “Халх журам” хэмээх хууль цаазны бичгийг бүтээсэн нь туурга тусгаар байдлаа алдсан үедээ ч төр, эрх зүйн монгол уламжлалаа хэвээр хадгалж үлдээхийг эрмэлзсэн зүйл бөгөөд эндээс Монголчуудын өмчтэй холбоотой зүйлийг харж болох юм.  Халх журмын 173-р зүйлд “Хүний шинэ ухсан зассан усыг булаацалдаж хэрэлдвээс нэг хязаалан морь ав. Өөрийнхөө малыг усалж дууссан боловч усаа эс өгвөөс мөнхүү морь ав” гэж заасан байгаа нь маргалдаан нь тухайн этгээдийн нөхөрсөг бус үйлдлээс болж үүссэн тохиолдолд хариуцлага хүлээлгэж байна. Энэ нь тухайн үед найрсаг, нөхөрсөг, тусч байдлыг эд малаас дээгүүр үнэлдэг Монголчуудын язгуур өмчийн үнэлэмжийг илтгэж байна.

            Монголчууд эрт дээр үеэс бидний өнөөгийн хувийн өмч буюу эд баялагтай байхыг үгүйсгэдэггүй байсан ч түүнээс илүүтэйгээр тухайн хүн урьтаж хөгжсөн байх ёстойг анхаарсан байна. Тухайлбал, түүхэн эх сурвалжуудаас үзэхэд Монголчуудын өмчийг үзэх нийтлэг хандлага нь :

  • Эрдэм мэдлэг
  • Үнэнч сэтгэл
  • Хүн чанар
  • Сайн санаа
  • Сайхан сэтгэл
  • Амар тайван байдал
  • Хүний дотоод гоо үзэсгэлэн зэрэг материаллаг бус зүйлс байна.

Монголчуудын өмчийн талаарх язгуур сэтгэлгээнд барууны хандлага буюу социализм болон ардчилалын үнэт зүйл нэвтэрснээр өөрчлөлт орсон байж болзошгүй учир түүнийг харгалзан үзэх нь зүйтэй юм.

Социализмын үе

ҮНДСЭН ХУУЛЬ-нд тусгалаа олсон байдал.

1921-ээс 1990 он хүртэл буюу энэ 70 жил нь социализмыг бүтээн байгуулахыг зорьж, түүний үнэт зүйлсийг нийгэмд түгээж, хүн бүрийг нэгэн зорилго дор нэгтгэсэн он жилүүд билээ. Социализмын үед Монгол улсын өмчийн талаарх язгуур ойлголт өөрчлөгдөж бүгд бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжлийн төлөө зүтгэж материаллаг байдлаар элбэг байхыг өмчтэй байна гэж ойлгож иржээ.

            Бүгд найрмадах Монгол ард улсын анхдугаар үндсэн хуулийн 3-р зүйлд “улсын хязгаарын дотор бүхий газар ба уурхай хийгээд ой мод, ус ба мөн тэдгээрийн баялгууд эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн бөгөөд энэ тухай хувийн өмч байгуулж үл болно  хэмээн заасан байдаг. Чухам энэ үеэс л өмчийг материаллаг байдлаар ойлгож, тодорхойлсон байна. 

            Харин 1960 оны үндсэн хуулийн 8-р зүйлд социалист өмчийг тодорхойлсон нь: “Бүгд найрамдах Монгол ард улсын эдийн засгийн үндэс бол хөдөлмөрчид олон жил шаргуу тэмцэн, үйлдвэрлэлийн хэрэгслийг хувьдаа өмчлөх журмыг халж, хүн хүнээ мөлжих ёсыг устгасны үрээр тогтсон социалист системийн аж ахуй, үйлдвэрлэлийн хэрэгслийг нийтээр өмчлөх социалист өмч мөн”гэжээ. Энэ үед иргэд социалист өмчийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах үүрэгтэй байсан бөгөөд зөвхөн өмч хөрөнгө, олз орлогын төлөө зүтгэж өмчийн тухай язгуур ойлголт болох хүний тэнгэрлэг чанараа гээсэн байна.

 

ИРГЭНИЙ ХУУЛЬ-нд тусгалаа олсон байдал.

            1926 оны иргэний хуулийн 89-р зүйлд: “Аливаа хөрөнгө хогшлыг хөдлөх ба үл хөдлөх хэмээн ялгаварламой” хэмээн заасан байна.  Тус хууль нь Ром-Германы буюу Эх газрын, тэр дундаа Зөвлөлт орос улсын эрх зүйн тогтолцоог иш үндэс болгосон хууль байсан учраас монголын нийгмийн эрх зүйн харилцаанд шинэ үзэгдэл болжээ. Ийнхүү өмчийг материаллаг зүйл гэж үндсэн хуулиараа тодорхойлон иргэний хуулиар зохицуулж эхэлсэн байна.

            Социализмын үе байсантай холбоотойгоор 1952 оны иргэний хуулийн 31-р зүйлд  өмчийн хэлбэрийг: улсын, хоршооллын, ард иргэдийн амины өмч гэж заажээ. Мөн оюуны өмчийн зохицуулалт хийсэн нь 269-р зүйлд “Утга зохиол, шинжлэх ухаан, урлагийн зүйлийг зохиосон хүн, түүндээ эзэн болохыг зохиогчийн эрх гэнэ” хэмээн зохиогчийн эрхийг зааж өгсөн нь бусдын бүтээлийг хамгаалах зорилготой ч хүндээ чиглэсэн өмчийн язгуур ойлголтыг тусгаагүй байна. Харин 1963 оны иргэний хуулинд өмчийн ангиллыг нэмж зохицуулснаас бусад зүйлс өмнөх 1952 оны иргэний хуулиас уламжлагджээ.

 

            Ардчилалын үе

ҮНДСЭН ХУУЛЬ-нд тусгалаа олсон байдал.

1992 оны Монгол улсын үндсэн хуулийн 5-р зүйлд: “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан байна. Монгол улсад ардчилсан он жилүүд эхэлж хүмүүс хувийн өмчтэй байх эрхтэй болсны зэрэгцээгээр худалдаа, наймаа, бизнес эрхэлж мөнгө олох хүсэл сонирхол нийт ард түмний дунд бий болж өдгөө өөрсдийн хязгааргүй хэрэгцээг хангах туйлын хүсэлтэй ажиллаж байна.   

            ИРГЭНИЙ ХУУЛЬ-нд тусгалаа олсон байдал.

Үндсэн хуулиар нийтийн болон хувийн өмчийг хүлээн зөвшөөрөн 1994 оны иргэний хуулиараа дэлгэрүүлж зохицуулсан байна. Зохиогчийн эрх уламжлагдан ирсэн бөгөөд 76-р зүйлд: “эд хөрөнгийн зарим эрх өмчлөлийн зүйл байж болно” гэсэн зохицуулалт нэмэгдсэн байна.

2002 оны Монгол улсын иргэний хуулийн 83-р зүйлд: “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” хэмээн тодорхойлсон байна. Удаах зүйлд нь хөрөнгийг эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө гэсэн ангилалтыг хийсэн байна. Эдийн бус хөрөнгийг мөн л хүний оюуны үнэт зүйлтэй холбоотойгоор тодорхойлсон буюу өмчийг хүний чанартай холбосон зохицуулалт байхгүй байна.

Ийнхүү барууны соёл нэвтэрснээр бидний өмчийн тухай ойлголт, үнэлэмжид өөрчлөлт орж, түүнийг илүү давчуу хүрээнд ойлгодог болсон байна. Тухайлбал, Монголчуудын язгуур өмчийн тухай ойлголт бол өргөн хүрээнд хүний амьдрал, аз жаргал, оюун ухаантай, тайван сайхан амьдралыг ойлгож байсан бол өдгөө зөвхөн эд материал болон зохиогчийн эрх зэргийг ойлгожы байна. Энэ нь улмаар хүмүүс амьдралынхаа үнэт зүйлийг эд баялаг, хөрөнгө мөнгө хэмээн тооцож түүний боол болон ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна. Хамгийн харамсалтай нь ихэнхи залуучууд эрдэм мэдлэгтэй байхыг бус дипломтой болохыг эрмэлздэг болсон нь ч үүнтэй холбоотой. Учир нь дипломтой байхын гол зорилго нь өндөр цалинтай ажилд ороход оршиж байгаа юм. Гэтэл яг үнэндээ Монголчуудын язгуур үнэлэмжээр эрдэм мэдлэг буюу олж авсан, сурсан оюун нь хүний өмч юм. Эндээс харахад, монгол хүний сэтгэлгээ, юманд хандах хандлага нь сөрөг тал руугаа эргэж хүний чанар доройтсон байна. 

            Барууны суурин соёл иргэншилтэй улс орнуудад өмчийн талаарх ойлголт Сократ (МЭӨ 469-399) өмчийг тодорхойлсноор үүсэж хөгжээ. Сократын дараа үеийн сэтгэгч Аристотель өмчийг хувийн байх ёстой гэж үздэг байсан байна. Эндээс суурин соёл иргэншилтэй барууны орнуудад өмчийг эд материал гэж үзэх үзэл аль МЭӨ үеэс бий болсон нь харагдаж байна. Харин Монгол улсад хувийн өмчийг 1924 онд анх Үндсэн хуулиндаа тодорхойлсон. Суурин болон нүүдлийн соёл иргэншилтэй орнуудын сэтгэлгээний гол ялгаа нь суурин амьдардаг хүмүүсийн өмчийн тухай ойлголт нь “эд баялаг” руу , нүүдлийн соёл иргэншилтэй нь “оюун ухаан” луу чиглэсэн байдагт оршино.

            Монголчуудын өмчийн талаарх язгуур ойлголт нь хүний “тэнгэрлэг оршихуй” дээр тулгуурладаг. Гол үнэт зүйлс нь: эрдэм мэдлэгт суралцах, үнэнч, хүн чанартай, сайхан сэтгэлтэй байх, амар тайван амьдрах зэрэг бөгөөд эдгээрийг өөрт байгаа өмч гэж үзэж байжээ. Мэдээж хүн эд хөрөнгөөр баян байлаа гээд “баян ядуу хоёрын зовлон нэг” гэдэгчлэн санаа зовох зүйл ихтэй. Монголчууд өөрт байгаадаа сэтгэл хангалуун, оюун ухаанаар баян болохын төлөө амьдарч, харилцан туслалцаж, бие биетэйгээ эвтэй, амгалан тайван амьдрахыг эрхэмлэж, тийм амьдралаа өөрийнхөө өмч хэмээн үздэг байна. Ийнхүү хөгжиж ирсэн Монголчуудыг “барууны” сэтгэлгээнд сургаж байгаа нь юманд хандах хандлага, үзэл бодолд сөргөөр нөлөөлж байна. Монголчууд өмчийг эд баялаг, амьдралынхаа зорилгыг мөнгө гэж үзээд түүнийхээ төлөө ажилласаар амьдралаа үрж, энэ нийгэмд Монголчууд “мөнгөний боол” болж байна. Монголчуудын язгуур ойлголтод хөгжил нь хүний оюунлаг байдал байсан бол, одоо өндөр барилга болтлоо өөрчлөгдөөд байна. Ингэж бидний сэтгэхүйд нөлөөлж байгаа нь Монголчуудын аз жаргалтай амьдрал, амар тайван байдлыг алдагдуулж бүгд бие биетэйгээ шунахайн сэдлээр ялгаварлан харьцаж, түүнийхээ улмаас амьдралдаа сэтгэл хангалуун байх, түүнээс таашаал авах явдал устаад байна. Хүний хязгааргүй хэрэгцээг хангах нь өөрөө харьцангуй ойлголт шүү дээ.

            Нүүдлийн соёл иргэншилтэй ард түмний амьдралыг зохицуулж байсан гэхэд хилсдэхгүй ардын аман зохиол нь Монголчуудын өмчийн талаарх язгуур ойлголтыг яг тэр чигээр нь батлаж байна. Тухайлбал, хүнийг эрдэм мэдлэгтэй, байгаадаа сэтгэл хангалуун амьдрал, хүмүүсийн хоорондын нандин холбоо нь гол өмч шүү хэмээн сургасаар иржээ. Харин одоо хүмүүс Монгол ардын аман зохиолоо мэддэг ч, мэдэрдэггүй, түүнийгээ ойлгодоггүй болж, оюуны хувьд доройтсон байна. Эдгээрээс бидэнд өөрсдийн язгуур ойлголт, уламжлал дээр тулгуурласан хүн төвтэй өмчийн бодлоготой байх нэн тэргүүний шаардлага тулгарч байгаа нь илэрхий бөгөөд энэ нь тулгамдсан асуудал болоод байгаа нь харагдаж байна. Эцсийн эцэст, Монгол улсын хөгжил Монгол хүн өөрөө хөгжсөн эсэхээс шууд хамааралтай юм.


[1] Рязановский.В.А “Монголчуудын хууль цаазын дурсгал бичгүүдийн түүхэн тойм, их засаг хууль”, УБ., 2000 он 11 дэх тал

[2] Рязановский.В.А “Монголчуудын хууль цаазын дурсгал бичгүүдийн түүхэн тойм, их засаг хууль”, УБ., 2000 он 21 дэх тал

[3] Шинжлэх ухааны академи “Монгол улсын үндсэн хууль. Баримт бичиг”, УБ., 2004 он 42 дах тал

[4] Шинжлэх ухааны академи “Монгол улсын үндсэн хууль. Баримт бичиг”, УБ., 2004 он 249 дэх тал

[5] Хасагт хайрхан дээд сургууль “Иргэний хуулиуд, нэмэлт, өөрчлөлтүүд. 2 боть”, УБ., 2002 он III дах тал

[6] Шинжлэх ухааны академи “Монгол улсын үндсэн хууль. Баримт бичиг”, УБ., 2004 он 462 дах тал



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [103.50.206.xxx]

    ОНОЛ зүгээр ч юм уу

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?