С.Тулга: азийн орнуудын нэр хүндийг олон улсын сагсан бөмбөгийн талбарт монголчууд тахалдаг. үүнийг азид нүүр бардам хэлж чадна

Сэтгүүлчийн үг

Монгол Улсад аравдугаар сарын 27-29-нд 2020 оны олимпийн эрхийн оноо олгох сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр болно. Энэхүү тэмцээний талаар Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооны тэргүүн, Монголын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч С.Тулгатай ярилцлаа.

-3x3 сагсан бөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болж байна. Олимпийн эрхийн оноо олгох гэдгээрээ их ач холбогдолтой, чансаа өндөр тэмцээн болох юм байна.

-Манай улсад олимпод оролцох төрөл буюу 3x3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа нь багийн спортын түүхэнд бичигдэхээр том үйл явдал юм. Энэхүү тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Катарын шигшээ багаас гадна сагсан бөмбөгийн ноён оргил улсууд болох Австрали, Шинэ Зеландын шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөө өрсөлдөх гэж байна. Монгол, Япон, Хятад, Казакстан, Туркменистан, Киргизстан, Тайван, Малайз, Ливан, Энэтхэг, Бахрейн гэсэн 15 орны эрэгтэй эмэгтэй багууд оролцоно.Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн хувьд энэ удаагийн тэмцээний “А” хэсэгт Япон, Бахрейны шигшээ багуудтай нэг хэсэгт орсон.Эмэгтэй баг БНХАУ, Шри-Ланкын багуудтай хэсгийн тоглолтоо хийнэ. Тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд манай улсын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо 18:30 цагт Бахрейны шигшээ багтай тоглож, 20:15 минутаас хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ.Монголд болж буй энэхүү тэмцээнийг бид Дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулж байгаа мэт явуулах болно.

-Таны хувьд монголын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэхүү тэмцээнд оролцож буй багийн бүрэлдэхүүнийг танилцуулахгүй юу?

-Манай багийн бүрэлдэхүүнд дэлхийд чансаагаараа дээгүүрт жагсаж буй дөрвөн тамирчин тоглож байна. Багийн спорт болохоор чансаанд дэлхийн сая гаруй тамирчид жагсдаг. Үүнд манай багийн тамирчин Дөлгөөн 79-д, Цэнгүүнбаяр 80-д, Дэлгэрням 97-д эрэмбэлэгдсэн. Гэхдээ бөмбөг бөөрөнхий гэдэг шиг бид бүхэн нягт зохион байгуулалттай тоглохгүй бол болохгүй ээ.

-3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байгаа. Тийм болохоор манай багийн хувьд илүү давуу талтай байгаа болов уу..

-Эх орондоо болж буй томоохон тэмцээн уралдаанд оролцоно гэдэг мэдээж хэрэг хөгжөөн дэмжигчдээс эхлээд давуу тал их л дээ. Нөгөө талаараа тамирчдын сэтгэлзүй их савалдаг. Энэ нь сул тал болж байдаг. Үүн дээр бид бүхэн анхаарах болно. Энэхүү тэмцээнд оролцохын тулд эрх авдаг. Азид 50 гаруй улс бий. Үүнээс 12 орны эмэгтэй, эрэгтэй 12 баг эрхээ авч оролцож байна. Манай улсын хувьд эрэгтэй нэг баг эрхээ авч оролцож байгаа бол эмэгтэй баг маань зохион байгуулж буй орны давуу эрхээр оролцож байгаа юм.

-Сүүлийн үед манай улсад багийн спорт сайн хөгжиж байна. Тэрхүү хөгжлийн түүчээ нь монголын 3х3сагсан бөмбөгийн баг, тамирчид гэдгээ яах аргагүй өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаараа харуулж чадлаа шүү дээ.

-Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахдаа олон улсын чанартай 16 тэмцээнд багаа дасгалжуулж, оролцжээ. Ингэхдээ бүх тэмцээнээс манай баг, тамирчид медаль хүртсэн байна. Дэлхийн шилдэг арван хоёр багийн мэргэжлийн тэмцээнд Монголоос оролцож байгаа нь үнэхээр үсрэнгүй том амжилт. Дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн багт Сербийн гурван баг, Америкийн хоёр баг, Латвийн нэг баг ордог. Эдгээр багийн араас Монголын хоёр баг орж байгаа нь бид дэлхийд гараад ирчихсэн гэсэн үг л дээ. Хамгийн гол нь бид багийн спортоор зөв бодлого, зөв менежмент явуулбал монгол хүний онцгой авьяасыг дэлхийд харуулах боломжтой юм аа. Орчин үеийн сагсан бөмбөгийн спорт гэдэг тоглогч талбай дээр гараад дураараа тоглолт үзүүлэхийг хэлэхгүй ээ. Юм өөр болсон. Бүгд нэг удирдлага дор маш сайн зохион байгуулалттай, тактиктай, төлөвлөгөө боловсруулж тоглодог болсон. Хамгийн сайн төлөвлөгөөтэй баг л хождог.

-Та бүхний ирээдүйн зорилго мэдээж хэрэг ирэх олимпод оролцож, амжилт гаргах болов уу. Энэхүү багийн спортоор олимпоос медаль хүртэнэ гэсэн итгэлийг ард түмэн хүлээлгэж буй.

-Тэгэлгүй яахав. Манай багийн хувьд олимпод оролцож, медаль хүртэнэ гэсэн том зорилго тавин ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр манай эрэгтэй баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй хамгийн шилдэг, чансаа өндөр багуудын эгнээнд жагсаж байна. Монголчууд “Багийн спортоор энэ яваа насандаа дэлхийн аварга, олимпод оролцож, медаль хүртэж чадахгүй” хэмээн ярьдаг. Харин бид энэхүү боломжгүй хэмээн төсөөлж байсан бодлыг нь амжилтаараа удаа дараа батлан харуулж, өөрчилж чадсан. Энэ тэмцээний үеэр дэлхийн шилдэг 20 багийг олон улсад зарлана. Үүнд Монголын баг 17 дугаар байрт орсон. Энэ бол үнэхээр монголын багийн спортын түүхэнд бичигдэх үсрэнгүй том амжилт юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд гаргасан амжилтаараа бид дэлхийн 192 орны багаас 30 дугаарт нь эрэмбэлэгдсэн. Олон улсын мэргэжилтнүүд Монголын багийн амжилтыг хараад “шоконд” орсон гэдгээ хэлж байна. 3x3 сагсан бөмбөгийн спорт олимпийн нэгэн төрөл болсон. Монголчууд олимпод топ гурван төрөл гэгдэх чөлөөт, жүдо, боксоор оролцож, амжилт гаргадаг. Тэгвэл одоо энэ маань топ дөрөв боллоо шүү гэж хэлээд байгаа юм. Бид энэхүү спортыг өдий болтол хөгжүүлэхэд цэвэр өөрсдийнхөө хөрөнгө мөнгөөр, сэтгэл зүрхнээсээ ажиллаж ирсэн. Цаашид ч ажилласаар л байна.

-Олон улсын томоохон тэмцээнүүдийг харж байхад зарим улсын шигшээ баг гадаадын легионер тоглогчийг багтаа оролцуулж, тоглоод байсан. Энэ тэмцээнд Европ гаралтай тоглогчид ирэх үү?

-Энэ тэмцээнд Катарын баг гурван Америк, нэг Серби тоглогчтой байгаа. Улс орнууд өөр орны нэртэй тамирчдыг өөрийн улсын иргэншилтэй болгоод л оролцдог. Тийм болохоор гадаадын легионер тоглогчид оролцсон цөөнгүй хэдэн баг энэхүү тэмцээнд тоглож байгаа. Харин манайх зөвхөн өөрийн орны тамирчтайгаа тоглоно. Азийн орнуудын нэр хүндийг олон улсын сагсан бөмбөгийн талбарт монголчууд гаргадаг болсон. Үүнийг бид Азидаа нүүр бардам хэлж чадна. Япон, Солонгосын багууд Европын багуудтай энэ тэнцүүхэн тоглож чадахгүй байгаа. Харин ганцхан монголчууд яг дөрвөн монгол тоглогчоороо л ширүүн өрсөлдөж байна.

-Монголын сагсан бөмбөгийн хэсэг тамирчид ийнхүү эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж байхад нөгөө хэсэг нь үүнийг үгүйсгэх хандлага ажиглагдаад байгаа. Та бүхнийг олон улсад амжилт гаргаад ирэхээр холбоо болоод төр, засгаас хүлээн авч уулздаггүй гэж сонссон. Та бүхнийг яагаад улсаас дэмжихгүй байна вэ?

-Тэр үнэн л дээ. Олон улсад, дэлхийд өндөр амжилт гаргаж, монголынхоо нэрийг дуурсгаж байхад биднийг хэн ч тоодгүй. Манай багийн залуусыг хүлээн авч, уулзаад баяр хүргэчихвэл, тэр чинь их урам зориг болно шүү дээ. Гэвч тэгсэнгүй. Хүлээн авч уулзсангүй гээд бид гутрахгүй ээ. Бид олон улсад очихдоо улаан, цагаан, ногоон намаас оролцож байна гэж хэлдэггүй. Бид Монгол Улсынхаа нэрийн өмнөөс л оролцдог. Бид хэн нэгнээс юу ч гуйгаагүй. Манай төр, засгаас багийн спорт угаасаа хөгжихгүй, тийм болохоор мөнгө зарлагадах шаардлага байхгүй хэмээн үздэг. Энэхүү үзэл бодлыг нь бид өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаараа няцаасан гэж бодож байна. Бид гадаад руу тэмцээн уралдаанд оролцох гэж өөрсдөөсөө мөнгө гаргаж, амжилт гаргаад ирэхээр улсдаа татвар төлдөг. Хамгийн гол нь жил бүр төр, засгаас Монголын спортод зориулан төсөвлөх 10 гаруй тэрбум төгрөгнөөсөө эдгээр амжилт гаргаж яваа залуусд замын зардал байг гэхэд аяга хоолны мөнгийг нь өгчихөж болно доо. Гэтэл өөр зүйл рүү энэ их мөнгө зүгээр л алга болж байдаг.

-Та бүхнийг заал, танхим, бэлтгэл сургуулилтаар хангаж байх ёстой Спортын төв ордон хэмээх том газар бий. Гэтэл энэ ордонд нэг удаа ч гэсэн бэлтгэл хийж үзээгүй гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Яг үнэнийг хэлэхэд Спортын төв ордны зааланд “Нарантуул” захынхан, эсвэл аль нэг хөрөнгө мөнгөтэй хүмүүс, байгууллагын хамт олон ирж тоглодог болсон байна. Гэтэл Монгол Улсын шигшээ баг тамирчдаасаа мөнгө цуглуулж, өөрсдөө хөрөнгө босгож зааланд гуйж тоглодог. Яагаад бид Монгол Улсын нэрийг гаргахын төлөө мөнгө төлөх ёстой юм. Мөнгө гаргаж бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцоно гэдэг үнэхээр хүнд байна. Гэвч бид эх орныхоо төлөө, Монголын багийн спортын төлөө ингэж явахаас өөр арга алга.Бидэнд тус болдоггүй юм аа гэхэд саад битгий болооч ээ. Ардын, Ардчилсан намын Монгол Улс гэдгийг спортоосоо авч хаях шаардлагатай байна. Спортод нам, засаг ямар ч хамаагүй шүү дээ. Анх 2007 онд Монголд сагсны лиг ч байхгүй, тэмцээн ч болдоггүй л байсан. Тэр үед ажилчин залуусын лиг гэх тэмцээнийг зохион байгуулж байлаа. Тэр тэмцээнээс хойш сагсан бөмбөг улс даяар өргөжиж, өдгөө монголд сагс тоглодоггүй хүн гэж байхгүй болжээ. Хамгийн гол нь тухайн үед Монголын сагсан бөмбөгийн спортын төлөө нэг ч зүйлийг хийгээгүй, алга болчихсон хүмүүс өдгөө гэнэт орон дээрээс унасан юм шиг аймаар идэвхжсэн. Бүгд л сагсан бөмбөгийн спортод худлаа хайртай, дуртай болж, өөрсдөө өдий хүртэл өргөөд аваад явчихсан мэт л дүр үзүүлдэг. Ийм баймааргүй байна. Одоо том эрх мэдэлтэй, баян хүний хүүхэд “Gаваа надаа энэ тоглоомыг аваад өгөөч” гэж байгаа юм шиг монголын сагсан бөмбөгийн холбоогоор тоглоом хийж байна шүү дээ. Уг нь хамтдаа цугтаа явъя гэхээр “Та нар энэ салбараас холд оо, хэн ч биш байж” гээд дайрдаг. Бид өдий хүртэл зовж босгосон амжилт, өдий хүртэл хөгжүүлсэн сагсан бөмбөгөө хэн нэгэн эрх мэдэлтнүүдэд харж байгаад л өгчихмөөргүй л байна. Өгөх ч үгүй. Нэг үе арьсан бөмбөгөөр амьдрал шийдэхгүй хэмээн ярьдаг л байсан. Харин одоо манай сагсчид энэ спортоор явснаар амьдралаа хэнээс ч дутахааргүй аваад л явчихаж байна. Тухайн тамирчин спортоороо амьдралаа аваад явна гэдэг тэрхүү спорт өндөр хөгжсөний илэрхийлэл юм болов уу. Манай улсын спортын топ төрлүүд гэгдэх чөлөөт, жүдо, боксийн шигшээ багийн тамирчид сард 400 мянган төгрөг л авч байгаа. Харин манай сагсчид нэг багт тоглоход 15-20 сая төгрөг авч байна. Энэ бол амьдрал шүү дээ. Манайханд нэг ийм юм байна. Спортоо хөгжүүлнэ гээд Спортын төв ордонд костьюм өмсөөд л яваад байдаг. Би үүнийг их гайхдаг. Манай монголын спортын салбар социализмын дэглэмтэй яваад байгаа юм. Өнөө үед хүний наймааг хуулиар зөвшөөрч байгаа ганцхан салбар бол спорт шүү дээ. Тийм болохоор спортоо дэлхийн түвшинд аваачих нь чухал. Сүүлд нь хэлэхэд сагсан бөмбөг спорт гэдэг ямар Оюутолгой, Тавантолгой юм уу. Тийм болохоор одоо энэхүү маргаан, нам, засаг гэсэн худлаа хийрхлээсээ болих ёстой. Хатуухан хэлэхэд манай Монголын сагсан бөмбөгийг дэмжих ёстой дээд байгууллагууд энэ спортыг яг л бэлгэвч шиг л ашиглаж байна. Ийм систем Монголын бүх салбарт л байна. Харин үүнийг цэвэрлэж чадсан нь сагсан бөмбөгийн салбар юм.

Эх сурвалж: Өдрийн сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?