Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн УИХ-ын намрын чуулганд хэлсэн онцлох ишлэл

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон  У. Хүрэлсүхийн Улсын Их Хурлын намрын ээлжит  чуулганы   үеэр хэлсэн онцлох  ишлэлүүдийг хүргэж байна.

-Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига, хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно.

–  Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна

– Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.

-Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

 -Ард түмэн ууртай байна. 

 – Ажилгүйдэл, ядуурал, амьдралын хүндэд бухимдахын зэрэгцээ нийгмийн шударга ёс алдагдаж, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, авлига хээл хахууль газар авч, төрийн нэр хүнд унаж, хүчгүйдэж байгаад ард түмэн уурлаж байна. 

-Манай нийгэмд хууль цаазыг үл тоомсорлох сэтгэлгээ газар авч, хууль дээдлэх ёс, зарчим бүхэлдээ алдагдлаа.

– Монголчууд бид хуулийг дээдэлж амьдрах ёстой болохоос хууль сахиулагчдаас айж амьдрах учиргүй.

-Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.

-Шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна.

-Монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, айх аюулгүй амар амгалан, аз жаргалтай амьдрах учиртай.

-Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ.

-Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна.

 -Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна.

-Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?