ОДООГИЙН БАЙДЛААР НЭГ Ч ИРГЭН САЙН ДУРААРАА МӨНГӨӨ ОРУУЛЖ ИРЭЭГҮЙ БАЙНА

Сэтгүүлчийн үг

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож, эдгээр бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан билээ. Түүнээс хойш өчигдөр 49 хоногийн хугацаа өнгөрсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уриалсан хугацаа дууссантай  холбогдуулан уг уриалгын биелэлт, ажлын явц байдалтай танилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол Улсын Эрүүгийн хууль, Татварын хууль, бусад хуулиар аливаа компанийн хөрөнгө, мөнгө бүртгэлтэй, татвар төлөгдсөн байх ёстой. Энэ бүгд ил байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын 49 хоногийн хугацаа өчигдөр дууссан” гээд энэ хугацаанд ямар ажил хийж, ямар үр дүнд хүрээд байгаа талаар тодруулахыг хүсч буйгаа хэлэв.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын хэлснээр өнгөрсөн хугацаанд нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй гэсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?