Монголын бүх цаг үеийн шилдэг боксчдын чансаа

Сэтгүүлчийн үг

Герман улсын Хамбург хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах XIX тэмцээнд монголын 4 боксчин маш амжилттай оролцож дөрвүүл медалийн төлөө тулалдах эрхээ аваад байна. Хүрэл медалийн төлөө ОУХМ Г.Ган-Эрдэнэ Колумбын боксчин Риогийн олимпийн мөнгөн медальт Мартинез Юубержентай,  МУГТ Д.Отгондалай Венесуелийн тамирчин энэ оны Америк тивийн аваргын хүрэл медальт Кабрера Луистай, ОУХМ Б.Чинзориг Армены боксчин энэ оны Европын аварга Бачков Ховханнестай, ОУХМ Б.Түвшинбат Германы боксчин мөн энэ оны Европын аварга Абасс Бараоутай тус тус тулалдахаар шалгаран үлдээд байна. Манай ширэн бээлийтнүүд үнэхээр сайн тулалдаж байна.

Монголын спортын топ төрлүүдийн эхэнд боксын төрөл бичигдэхэд гайхах зүйлгүй. Бидний монголчууд  спортын түүхээ сөхөж үзвэл нэг олимпоос алт, мөнгөн медалийг зэрэгцүүлж авчирсан төрөл одоохондоо монгол улсад боксоос өөр байхгүйбайна. Дараагаар нь мэдээж олимпийн нэг аваргатай ирсэн жудо, олимпийн нэг мөнгө, гурван хүрэлтэй чөлөөт бөх гээд  л цуварна. Дэлхий даяар спортын бүхий л төрлүүд амжилттай хөгжиж, тэмцээнд оролцогчид, хөгжөөн дэмжигчдийн тоо эрс өссөөр байна. Боксын төрөл гэхэд 1992 оноос олимпод тусгай эрх авч оролцдог болсон бол 2015 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л тив тивүүдээс эрх авч оролцдог боллоо. Жендерийн асуудлыг тэргүүнд тавьдаг ОУОХ-оос саяхан эрэгтэй боксчдын жинг 2-оор багасгаж 8 болгон, эмэгтэйчүүдийн жинг 2-оор нэмэгдүүлж  5 болгох  шийдвэр гаргасан нь олимпийн наадамд оролцох эрх авахад улам илүү хүнд болж байгаагийн илрэл юм.

Энэ оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай ширэн бээлийтнүүд  4 эрх өвөртөлсөн нь тийм ч доогуур үзүүлэлт биш юм. Мэдээж Ази тивдээ эхний 5-д 2007 оноос хойш байнга багтаж байгаа /2007 онд  3 алт, 2 мөнгөн медальтайгаар 2-р байр эзэлсэн/ улсын хувьд  сэтгэл дундуур байж болох ч манай хүн амын тоо, бусад орнууд, тив, дэлхийн боксын спортын хөгжлийг харвал яах аргагүй өндөр амжилт юм. Энх-Амар, Цэндбаатар, Давааням гээд залуучууд азийн аваргадаа явсан бол дэлхийн аваргын эрх нэмэгдэх  байсан гээд бодохоор бас харамсмаар. Ур чадвар, туршлагын хувьд  дэлхийн шилдэг боксчдын зиндаанд багтчихсан  тэд нэг жил хагасын хугацаанд боксын том тэмцээнүүдийг өнжих хэрэгтэй болж байгаа юм. Ирэх жил үүсч хөгжсөнийхөө 70 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа боксчдынхоо түүхэн замналыг судалж, сөхөж үзвэл их сонирхолтой тоо баримтууд гарч байна.

70 жил хөгжсөн монголын боксын спортын алдартнуудыг үнэн зөвөөр тодруулж  хүүхэд залуучууд хойч үедээ танилцуулах, тэдний бахархлыг төрүүлэх,  боксын өндөр амжилтын төлөө тэмүүлэх хүсэл зоригийг бадраахад тус дэм болох болов уу гэсэн сэтгэлээр бүх цаг үеийн монголын боксчдын чансааг баримт,  судалгаанд үндэслэн үнэн зөвөөр тогтоохыг хичээв. Ингэхдээ Олон улсын боксын холбооны /АИБА/ яг одоо мөрдөгдөж байгаа чансаа тогтоох дүрмийн дагуу монгол улсад боксын спорт үүсч хөгжсөн 1948 оноос хойш тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн их наадам, Олимпийн их наадам, олимпийн эрхийн  тэмцээнд оролцсон байдлыг нарийн судалж дүгнэн шилдгүүдийг тодрууллаа. 1990-ээд оноос өмнөх үеийн боксчид маш хүчирхэг байсан ч ДАШТ 4 жилд нэг л удаа болдог, тухайн нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалж зарим олимп, дэлхийн аваргыг өнжсөн нь  амжилтанд нь нөлөөлснийг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?