Түймэр унтраах нисдэг тэрэг ОХУ-аас хүсчээ

Сэтгүүлчийн үг

Улсын онцгой комисс өнөөдөр Шадар сайдын өрөөнд хуралдлаа. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт есөн түймэр асч байгаагийн гурав нь Ерөө суманд, Мандал суманд дөрөв, Хүдэрт хоёр түймэр асч байгаа аж. Харин Төв аймгийн хувьд Батсүмбэрт тав, Эрдэнэ суманд нэг түймэр асч байна. Үүнээс долдугаар сарын 11-нд Батсүмбэр суманд гарсан нэг түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна. 

Булган аймгийн хувьд Гурванбулаг, Сэлэнгэ суманд хоёр түймэр асч байна. 

Автомашингүй хүрэх боломжгүй Асралтхайрхан зэрэг гурван газарт түймрийн голомттой 4-5 цэг хиймэл дагуулаар илэрсэн.

Энэ оны хувьд Онцгой байдлын бие бүрэлдэхүүнийг нисдэг тэргээр есөн удаа түймэр гарч буй газруудад хүргэж ажилласан. Энэ оны тухайд Зэвсэгт хүчнээс 300 гаруй албан хаагчийг дайчилж ажилласан.

Наадмын өмнө өгсөн үүргийн дагуу говийн аймгууд буюу эрсдэл багатай аймаг, нийслэлээс 109 албан хаагчийг Төв, Сэлэнгэд хуваарилан ажиллаж байгаа. 

Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүх дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр 'Цагийн байдал хүнд байна. Өнөөдрийн байдлаар 22 газар түймэртэй байна. Нэг түймрийг цурманд оруулсан. 2017 он гарснаас хойш 145 удаагийн ой хээрийн түймэр гарлаа. Долдугаар сарын 1-ний дотор өмнө асч байсан 15 түймрийг унтраасан.  Онцгой байдлын алба хаагчид бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. 700 гаруй ажилтан, албан хаагчид, 50 гаруй автомашин, тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа. Мэргэжлийн байгууллагууд өөрсдийн хүчээр түймрийг унтраах бүрэн боломжтой, цэрэг дайчлах шаардлагагүй, маргаашаас зориудаар нөлөөлж, бороо оруулах нөхцөл бүрдэж байгаа" гэлээ.

Мөн ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтарч ажиллах талаар хүсэлт тавьсан. Тэд дэмжиж, Сибирийн мужийн Онцгой байдлын газартаа чиглэл өгсөн байгаа, ОХУ-аас агаараас ус цацах нисдэг тэрэг хүссэн, өнөөдөр энэ асуудалд тодорхой хариу ирнэ гэв. 

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ "Өнөөдрийн байдлаар гарч байгаа түймэртэй холбогдуулан Зэвсэгт хүчний цэрэг, дайчдыг дайчлах шийдвэр гараагүй байна. Шаардлагатай нөхцөлд түймэр унтраах ажилд дайчлагдахад бэлэн" гэлээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?