Улсын хэмжээнд нийт 9 түймэр асч байна

Сэтгүүлчийн үг

Манай орны нийт нутгийн 70 хувь нь гантай байгаа гэсэн мэдээлэл байгаа бол халуун хуурай байгаагийн уршгаар зуны дунд гарчихаад байхад ой хээрийн түймэр ассан хэвээр байна.

Тодруулбал, 07 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ  9 газар түймэртэй байгаа аж. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онцгой байдлын газруудаас нийт 207 алба хаагч, орон нутгаас 140 иргэн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа ажээ.

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2017.07.13-ны өдөр ирүүлсэн сансрын хиймэл дагуулын мэдээллээр шинээр ойн түймрийн гурван голомт илэрчээ. Гарсан түймрийг унтраах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн Онцгой байдлын газруудаас нэмэлт хүн хүч, техник хэрэгслийг татан төвлөрүүлж, унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж эхэлжээ.

Баяр наадмын үеэр иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төв, орон нутгийн газар, анги байгууллагын 4200 гаруй албан хаагч  2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа гэлээ.

Үүний зэрэгцээгээр түймэр унтраах ажилд туслахаар цахим орчинд залуучууд санаа бодлоо нэгтгэж эхэлсэн гэх  мэдээлэл байна.

Хамгийн гол нь энэ түймэрүүд ихэвчлэн хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгаа юм. Татсан тамхины иш, түлсэн галаа унтраалгүй орхих, самарчдын отог зэргээс голчлон шалтгаалдаг аж.  Иймд ойн түймрээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол хууль журмыг чангатгах, буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагын асуудлыг эргэн харах, хүмүүсийн ухамсар зэрэгтэй холбон авч үзэх цаг болсон гэж хүмүүс санаа бодлоо илэрхийлж байна.   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?