Наадмын тасалбарыг дөрвөн цэгээр худалдаалж эхэллээ

Сэтгүүлчийн үг

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалж эхэллээ. Өнгөрсөн жилүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалдаг байсан ч иргэдээс маш их гомдол ирдэг байсан юм. Иймээс энэ жил иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Өмнө нь 2 цэгт тасалбар борлуулахад иргэд хонож дугаарлан, бухимдал маш их үүсдэг байсан. Энэ жил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбараар худалдаалснаар иргэд өөрийн амьдарч байгаа дүүргийнхээ нутаг дэвсгэрт ойролцоо цэгээс авах боломж бүрдэнэ.

Иргэдэд илүү хүртээмжтэй байна гэж бид үзэж байна. Мөн тасалбарыг дамалж худалдаалах байдал намжина гэж тооцоолсон. Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо бага. Нийслэлийн иргэд олон учраас бид иргэдэд аль болох хүртээмжтэй байхыг нь бодож өмнөх жилүүдийн адил 1 хүнд 2 тасалбар худалдаална” гэлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн нийт 12 мянга 300 орчим суудалтай. Нийт борлуулах тасалбараас 3,000 гаруй нь жуулчдад зориулсан бол үлдсэн 9,000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулах юм байна.

Баяр наадмын тасалбарын үнийн хувьд долоодугаар сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Тасалбар өнөөдөр, маргааш дээр дурдсан цэгүүдэд худалдаалагдах юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?