Сүхбаатарын талбай 200 автомашины төлбөргүй зогсоолтой боллоо

Сэтгүүлчийн үг

Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлын нэг нь замын түгжрэл. Тэгвэл Сүхбаатарын талбайн урд хэсэгт стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган замтай иж бүрэн 200 автомашины үнэ төлбөргүй зогсоол ашиглалтад орлоо.

Нийслэлийн иргэдийнхээ ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хотын төвийн хэсгийн замын түгжрэлийг бууруулах, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү зогсоолыг байгуулсаныг Улаанбатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэв.

Зам талбайн ажлын хүрээнд 6650 м2 газрын хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийгдсэн бөгөөд уг ажлыг 2017 оны зургадугаар сарын 05-наас зургадугаар сарын 23-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Ийнхүү автобусны зогсоол 6, хөгжлийн бэрхшээлтэй иргэний автомашины зогсоол 3, ердийн автомашины зогсоол 193, нийт 200 автомашины зогсоолыг хүлээлгэн өгөөд байна.

Дээрх авто зогсоол дээр "Төлбөртэй" гэсэн бичиг наасан байсан тухай зарим иргэд хэлж байна. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа "Тус авто зогсоолыг төсвийг хөрөнгөөр барьсан учраас иргэдээс төлбөр авахгүй. Гүйцэтгэгч компанийн тухайд төлбөр авах эрхзүйн үндэслэл байхгүй" гэв.

Харин замын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Манай мэргэжлийн байгууллагууд судалгаа хийгээд Улаанбаатар хотод авто зогсоолын зориулалтаар ашиглах боломжтой 70 орчим байршил байгааг тогтоосон. Эдгээр байршилд ил болон далд зогсоол барьж байгуулснаар нийслэлийн түгжрэлийг 25 хувиар бууруулах боломжтой гэж үзсэн юм. Сүхбаатарын талбайн өмнөх энэ хэсгийг ямар хэлбэрээр ашиглах вэ гэдэг асуудал олон жил маргаантай явж ирсэн. Үүнийг хотын удирдлагууд хэлэлцээд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дахин тохижуулж, авто зогсоолын хэлбэрээр ашиглах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Энэ зогсоолын ажлыг маш богино хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн “ЭСТО” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье” хэмээлээ.






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?