Архангай аймагт хүчтэй шуурганы улмаас таван айлын гэр нуржээ

Сэтгүүлчийн үг

Архангай аймгийн Хашаат, Батцэнгэл, Өлзийт гурван суманд энэ сарын 19-нд хүчтэй шуурга үүссэний улмаас таван айлын гэр нуржээ.

Борооны өмнө үүссэн шуурганы улмаас зусландаа гараад байсан дөрвөн малчин айлын илүү жижиг гэр, нэг айлын том гэр нурсан байна. Шуурганы улмаас хүн бэртэж гэмтээгүй ч нэг айлын амьдардаг гэр салхинд нурсан учраас гэр доторх эд хөрөнгө нэлээд эвдэрч сүйдсэн мэдээллийг Архангай аймгийн Онцгой байдлыг газраас хэлтсээс өгч байна.

Энэ талаар Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга Д.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Хоёр гуравхан хоногийн өмнө танай аймагт нэлээд хүчтэй салхи дэгдсэн байсан. Салхины улмаас учирсан хор хөнөөл бий юу?

-Манай аймгийн Хашаат, Батцэнгэл, Өлзийт гурван сумыг дамнасан хүчтэй салхи дэгдсэн. Энэ салхины улмаас зусландаа гараад байсан дөрвөн малчин айлын илүү жижиг гэр нурсан. Мөн нэг айлын том гэр нурсан байгаа. Нэг айлын амьдардаг гэр салхинд нурсан учраас гэр доторх эд хөрөнгө нэлээд эвдэрч сүйдсэн гэж хэлж болно.

-Хүн бэртэж гэмтсэн үү?

-Хүн гэмтээгүй. Зөвхөн дээрх таван айлын гэр л нурсан байгаа. Хохирлын хэмжээ харьцангуй бага.

-Хүмүүс уг салхийг “Угалз” гээд байгаа?

-”Угалз” бол биш л дээ. Борооны өмнө боссон л салхи. Үдээс хойш салхи дэгдэж эхэлсэн бөгөөд гурван сумын нутаг дайраад намжсан. Ер нь Хашаат суманд иймэрхүү салхи үе үе гарах тохиолдол бий. Газар зүйн хувьд тал нутаг учраас салхи их үүсдэг. Өмнө нь үүнээс ч хүчтэй салхи дэгдэж байсан удаатай. Энэ удаагийн салхи ердийн гарч байдаг салхи. Гэхдээ манай Онцгой байдлын газраас болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх үүднээс малчдад цаг агаарын мэдээг зарлан мэдээлж байдаг.

-Архангай аймгаар зуншлага хэр байна?

-Бороо ороогүй удаж байна. Саяхан зүүн сумдаар жаахан бороо орсон. Аймгийн төв болоод баруун сумдаар хуурайшилттай байгаа учраас шороон шуурга их болох төлөвтэй байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?