“Зүүнбаян рэйфанери” компани Туул голын эргийн бургасыг хядаж, хууль зөрчин барилга барьж байна

Сэтгүүлчийн үг

Туул голын эрэг дагуух хэдэн мянган бургасыг нэлэнхүйд нь хяджээ. Нахиалаад удаагүй байгаа залуухан бургасыг үндэсээр нь хуу татаж газрын хөрсийг нь тэгшилжээ. Мөн Туул голын эрэгт яг тулгаад барилгын суурь цутгаад эхэлжээ. Хууль хяналтынханд дийлдэхээ байсан нэгэн компани Их тэнгэрийн ам, Багатэнгэрийн амны дундах Туул голын эрэг дагуу барилга бариад байна гэх мэдээллийн дагуу очиж сурвалжлага бэлтгэсэн юм. Эзэн нь тодорхойгүй гэгдэж байсан компани орон сууцны хороолол Туул голын эрэг дээр барих гэж байгаа бололтой. Энд тэндгүй л барилгын суурь цутгаад эхэлчихсэн байв. Бүр Бетон зуурмагийн том үйлдвэр хүртэл суурилуулчихжээ. Чөлөө завгүй бетон зуурмаг үйлдвэрлэж, барилгын ажилтнууд амрах чөлөөгүй ажиллах юм. Барилгын ажилтнуудаас ямар компани барилга барьж байгаа талаар асууж тодруулахад хариулт өгөхөөс бүгд татгалзаж байв. Мөн барилгын ажилтнууд “Цаанаасаа өгсөн зураг төслийн дагуу барилгын ажил хийгдэж байна. Зураг төслийн дагуу барилга барих ажил хийгдэхээр голын бургас таарсан. Бид гүйцэтгэгч компани болохоор захиалагч нарын хүсэлтээр бургасыг техникээр түрж газрын хөрсийг тэгшилсэн” гэх тайлбарыг өгч байв.


“УРД ОРОЙ НЬ ГОЛЫН МЭЛТЭЛЗСЭН УСАА ДАГААД ШУГУЙРЧ БАЙСАН БУРГАС МАРГААШ ӨГЛӨӨ НЬ ОР МӨРГҮЙ АЛГА БОЛЧИХДОГ БОЛСОН” ГЭВ

Харин албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Зүүнбаян рэйфанери” гэх нэртэй компани барилга бариулж байгаа гэнэ. 2008 онд газар эзэмших зөвшөөрлийг Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас авч байсан гэнэ. Туул голын эрэг дагуу дөрвөн га газрыг эзэмших зөвшөөрөлтэй аж. “Зүүнбаян рэйфанери” компанийн хувьд Туул голын эрэг дагуух газрыг аваад зогсохгүй Бага тэнгэрийн аманд хүртэл дөрвөн га газар авч байсан аж. “Зүүнбаян рэйфанери” компани Туул голын эрэг дагуу барилга барьж байгаа талаар иргэн Б.Энхбат “2008 оноос хойш одоогийн барилга барьж байгаа компани дөрвөн га газрыг тэр чигт нь хашаалчихсан байсан юм. Маршалын гүүрний баруун талаас эхлэн Туул голыг тэр чигт нь хашаалчихсан. Хүн

Өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд хашаагаа янзалж өдөр бүр хүмүүс ирэх болсон. Сүүлийн сар гаруйн хугацаанд өдөр шөнөгүй ажиллаж байна. Шөнө голын бургасыг үндсээр нь булга татаж хиаруулж байна. Шөнөдөө унагасан бургасаа ачаад явчихдаг. Маргааш өглөө нь газрыг нь тэр чигт нь ухаад барилгын суурь цутгаж байна. Салхинд хөөгдөж байгаа юм шиг л яарч сандарч амралтгүй ажиллаж байна. Урд орой нь голын мэлтэлзсэн усаа дагаад шугуйрч байсан бургас маргааш өглөө нь ор мөргүй алга болчихсон, хар хөрсийг нь эргүүлчихсэн байгааг харахаар үнэхээр гол харлаж сэтгэл өвдөж байна” гэв.


БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ШААРДЛАГА ТУС КОМПАНИЙХАНД ОГТ ХАМААГҮЙ ЮУ

“Зүүнбаян рэйфанери” компани Туул голын эргээс арав хүрэхгүй метр газар барилгын суурь ухаж байв. Туул голын сав газрын бүтцийг өөрчилж, хайргатай хэсгийг нь ухжээ. Энэ нь Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасан байдгийг илтэд зөрчжээ.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Зүүнбаян рэйфанери”компанийн удирдлагуудад гурван ч удаа шаардлага хүргүүлсэн байна. Ингэхдээ “Танай компани бургас огтолж байгаа нь хууль зөрчиж байна. Дахиж голын бургас огтолж болохгүй шүү” гээд зургаан сая төгрөгийн торгууль тавьсан гэнэ. “Зүүнбаян рэйфанери”компани торгуулийн зургаан сая төгрөгийн актыг төлчихсөн аж. Ингээд дахиад бургас огтолж эхэлжээ. Ерөөсөө л хууль дүрэм бидэнд хамаагүй. Ямар ч аргаар барилгаа барина хэмээн дур зоргоороо аашилж га газрын хэдэн мянган бургас үндэс нь булга татсан байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа дахиад л 11 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Гэвч мөн л тоолгүй бургас хядаж барилгаа барьсаар байсан гэнэ. Иймд Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас Газрын төлбөр төлөөгүй, Дархан цаазат газрын дэглэм зөрчсөн, бургас сүйтгэсэн, газар ашиглах гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчил үүсгэсэн. Энэ нь газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 зүйл заалтыг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж Бага тэнгэрийн аманд буюу Туул голын эрэг дагуу газар ашиглах эрхийг нь дуусгавар болгох шийдвэр гаргажээ. БОАЖЯ саналыг нь хэлэлцэж, газар ашиглах эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нь шийдэх гэнэ.

ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ӨГЛӨӨ, ОРОЙ БҮР ЯВДАГ ЗАМ ДЭЭР ГОЛЫН ЭРГИЙГ УХАЖ, БУРГАС ХЭДЭН МЯНГААР НЬ ХЯДАЖ БАЙЖЭЭ

“Зүүнбаян рэйфанери” компанийн ард талд улс төрийн томоохон албан тушаалтан бүхий хоёр ч эрхэм байдаг. Тэдний хөрөнгө оруулалтаар барилга баригдаж байгаа гэх мэдээлэл байна. Мөн Зайсан толгойд эзэн суугаад байгаа нэр бүхий компани оролцоотой байж болзошгүй гэнэ. Тийм ч утгаараа төрийн гурван өндөрлөг өглөө бүр хажуугаар нь явдаг газарт олон хууль, дүрэм, журам зөрчиж барилга барьж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Туул голын бургасыг хайр найргүй хядаж байгааг машиныхаа цонхоор өглөө, орой болгон хараад өнгөрдөг байсан болж таарч байгаа юм.

Ингэж л Монголын хууль журмыг уландаа гишгэж, “Зүүнбаян рэйфанери” гэх нэртэй компани Туул голын эрэг дагуух газрыг эзэгнэж байна. Төрийн томчууд хийгээд холбогдох албан тушаалтан, яам, тамгын газрынхан мэдсэн ч мэдээгүй царайлсаар сууна. Үйл ажиллагааг нь зогсоохоос өмнө барилгынхаа суурийг бүрэн цутгаж, карказ, өрлөг хийхээр өдөр шөнөгүй ажиллаж байна.

Э.БААТАР
Эх сурвалж: Өдрийн сонин

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?