Соёмботой ууланд газар авсан тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Сэтгүүлчийн үг

Соёмботой уулыг ухсан асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэл хийлээ. Яамнаас хууль бусаар газар ухсан иргэний газрын зөвшөөрлийг нь цуцалсан гэв.

Тус яамны Тусгай хамгаалалтын газрын дарга нь хэлэхдээ "Зайсангийн 14-р хорооны эцэст Үндэсний их сургууль, Универсаль политекникийн коллежийн гурван га газрыг цуцалсан талаар оюутнууд жагсаж, энэ байдлыг эсэргүүцэж байсан. Тусгай хамгаалалттай газрыг эзэмшүүлж өмчлүүлдэггүй. Тусгай хамгаалалтын газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулдаг. Түүнээс биш их, дээд сургууль барих эрхзүйн зохицуулалт байхгүй. Эдгээр компаниуд эко сургууль барина гэж ярьж байгаа. 2001 онд 40.1 га-г энэ газарт олгосон байдаг. Нийслэлтэй ярьж байгаад 3 тэрбумаар нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөөд аялал жуулчлалын зам харгуйг тохижуулах ажил хийгдсэн. Энэ тушаал тавдугаар сарын 16-нд гарсан.
Дараагийн асуудал бол Соёмботой уулыг ухаад байна гэсэн асуудал. Энэ нь 2016 онд Н.Батцэрэг сайдын үед таван иргэнд олгосон газар байгаа. Эдгээр нь ТҮЦ компаниудаар шилжээд очсон байдаг. Энэ газрыг өчигдөр тушаал гаргаад цуцалсан. Үүнийг өнөөдөр хэвлэлээр зарлана. Үүнтэй холбоотой газар ухсан компаний удирдлагуудтай уулзсан. Тэд энэ газрыг хэвийн байдалд буцаж оруулъя гэсэн. Бид шүүхийн тогтоол шийдвэр гарвал тэр дагуу арга хэмжээ авна. Тэнд угаалгын газар барьсан байсан" гэж ярьсан юм.


Ингээд сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.


-Та бүхэн ухахаас нь өмнө болиулж болоогүй юм уу?


-Иргэн Төгсжаргал газар ашиглах гэрчилгээтэй байсан. Энэ газрыг нэг, хоёр хоногийн дотор л ухчихсан байна лээ. Бид тэгээд өчигдөр болиулсан. Өнөөдрөөс эхлээд тэр иргэн газрыг нөхөн сэргээх ажлыг хийж байгаа. Тусгай хамгаалалтын бүс 41.7 мянган га байдаг. Энэ газар нь хязгаарлалтын бүсэд ордог.


-Ямар зориулалтаар юу барих гэж байсан юм бол?


-Аялал жуулчлалын зориулалтаар дөрвөн давхар зочид буудал барих гэж байсан. Барилгынхаа зөвшөөрлийг дээд байгууллагаас бас аваагүй байсан. Хуулинд газар ашиглах эрхийг хэн нэгэнд бүтнээр болон хэсэгчлэн шилжүүлэхийг хориглоно гэсэн байдаг. Тэр Төгсжаргал гэдэг иргэн тэр хүн шилжүүлээгүй байсан. Тэр хүн зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байсан нь зөвтгөх шалтгаан болж байгаа.


-Энэ мэтчилэн зөрчил гаргах аж ахуй нэгж дахин гарвал яах вэ?


-Богд уулыг дагаад 2000 аж ахуй нэгж зөвшөөрөл авсан байдаг. Бид зөрчилтэй үйл ажиллагаа гаргахаас сэргийлэн бүх талаар арга хэмжээ аван ашиглаж байна. Цаашдаа шийдвэртэйгээр газар чөлөөлөх ажлыг хийх болно гэдгийг хэлмээр байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?