“ИДЭР” дээд сургуулийн сэтгүүлчийн I курсын оюутнуудын шилдэг нийтлэлүүд

Сэтгүүлчийн үг

Сэтгүүлч -Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

оюутан Энхтулгын Батжаргал

АЛТАЙН УУЛС ӨНДӨЛЗӨН УГТАНА

                                               (Аян замын тэмдэглэл)                           2017.05.16

Хан уулынх нь хормойд тоглон хайрга чулууг нь хүлхэн өссөн би Алтайн уулсын охин. 18 насандаа орой нь үгүй эрдмийн аянд мордоход сүүгээ өргөн нулимсаа нуун  зогссон ээжийн минь царай сэтгэлд тодхон. Энэ бүхэн саяхан ч хэдийн эрдэмд суралцаад 3 сарын нүүр үзжээ. Оюутны өвлийн амралт гэж  их хичээл зүтгэлийн минь хариуд надад өгсөн бэлэг сэтгэлийг минь догдлуулж хэдэн шөнийн нойрыг хугасласан билээ. Нутгийн зүг хүлгийн жолоо залах сайхан өглөө ирлээ.  Хүлэг гэж нөгөө л хот хоорондын тээвэр (автобус) шүү дээ. 15.00 цагийн унаанд сууж яг цагтаа хөдөллөө. Манай нутаг хотын төвөөс 1000 орчим км-ийн зайтай. 18-24 цаг явдаг. Газар хорж өгөхгүй сэтгэл хөдөлж нойрч хүрэхгүй зам ширтэнэ.  Даруй явсаар “Элсэн тасархай”-д үдшийн 20 цагийн алдад очиж тэндээ хооллоод цааш хөдөллөө. Өвлийн ид сар тул багагүй хүйтэн байлаа. Гадаа нэлээд бүрий болсон тул хүмүүс унтацгаалаа. Автобусны арын суудалны донсолггоонд бүүвэйлэгдэн хэдэн цаг унтсан байлаа. Унаа зогсоход сэрвэл Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотын пост руу орж ирж байв. Ингээд удалгүй Арвайхээрээс хөдөллөө. Нойр минь нэгэнт хулжжээ. Зам ширтэн элдвийг бодон аав ээжээ санан дурсана. Хүмүүс гүн нойрондоо дугжирна.  Хэсэг унтахаар нүдээ анилаа. Үүр хаяаран ирж сэрэн харвал Баянхонгор аймаг өнгөрсөн байв. За одоо 350-хан км хэмээн өөрийгөө тайтгаруулан сэтгэл догдолно. Ойртох тусам унаа удаан явах шиг. Ингээд л цааш явсаар  эх нутгийн минь зах руу  орлоо. Өглөө болж наран тэртээх сүрлэг уулын цаанаас мишээн мандлаа. Гэтэл автобус бага зэрэг саатаж жолооч янзлахаар буулаа. Зорчигчид  бууж их замын чилээг гарган алхацгаана.  Эх нутгийн минь ноён оргилууд намайг урин дуудах мэт өндөлзөн дүнхийнэ.  Унаа хөдлөөд явахад харин тэд зугтах мэт цаашлан байх шиг санагдана. Энэ бол санасан гэгэлзсэн сэтгэлийн хар шүү дээ.

Энэ л эхлэл төгсгөлгүй үргэлжлэх тал нутгийн агаар салхи, уул толгод бүр ширхэг чулуун ч миний сэтгэлийг баясгана. Бид явсаар “Үнээн ус” буюу Баян-Өндөр баг дээр ирлээ. Гэртээ харихад одоо ердөө л 50 км зам үлдсэн боловч би догдолсоор, хүлээсээр, яарсаар... Алсаас сүндэрлэн харагдах миний багын бүхий л дурсамжийг хадгалсан Богд уул маань тосон тосон өндөлзөнө. Би гэдэг хүн гуравхан сар нутгаасаа холдсон хэрнээ хэдий урт хугацааг өнгөрсөн мэт нутгаа санажээ. Ингэж нутгийнхаа сайханд хэсэг зуур уусчээ. Нэг мэдэхнээ эх нутгийн минь үзэсгэлэнт Тайгам нуур минь тодрон харагдаж царайнд минь мишээл тодорсон байлаа.  “Тавтай морил Дэлгэр сум” гэсэн бичигтэй хаалганы хажууд аавын маань машин байх нь тодоос тод харагдана. Аль хэдийн тосохоор  аав,  ээж хоёр минь ирчихсэн байлаа. Би гэдэг хүн гэрээсээ анх удаа холдож үзсэн болоод ч тэрүү ижий, аав дээрээ нулимстай үнсүүлэн очлоо. Ингээд машинд суугаад гэртээ харих замд хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн бол би хэмээн бодогдож, хамгийн зөв зам бол гэртээ харих зам мэт санагдана. Уул ус, газар шороо бол хүний сэтгэлийн нүдийг нээж бас тайвшруулан аргадаж, сэтгэлийн гүнд оршин байдаг. Эх сайхан нутгаа хайрлаж, бас бахархаж амьдарцгаая. Бидний нутгийн газар шороо ариун дагшин байж, мөнхөд оршиг...

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч 1

Энхтулгын Батжаргал

ИЖИЙ АМЬТАЙ ОРЧЛОН

(Хөрөг найруулал)                              2017.05.23

Алс хол Алтай нутагт хан хорвоогийн хамгийн сайхан ээж минь суугаа. Амсаад ч ханамгүй ангир уургийг тань биширч, сонсоод ч намагүй аялгуутай бүүвэйн дууг илбэж өслөө. Амьдралын элдэв бүхэн нугалаа юу даа гэлтэй ээжийн минь намхан нуруу, гэрэлт царай нүднээ тодорч алив бүхнээ бусдад түгээдэг цайлган сэтгэл, монгол эмэгтэйн хатан ухаан, бүсгүй хүний уян зөөлөн нинжин сэтгэл шингэсэн төгс төгөлдрийн эзэн гэлтэй. Найман настай балчраас наян настай буурайн хэнийг ч үл ялган зочны ёсоор угтан байгаа бүхнээ тэмтчээд л гаргадаг. Ээжийн минь орсон гарсанд ундтай хоолтой, дуутай шуутай байдаг зан надад түмэнтэй явахын сайхныг үргэлж мэдрүүлдэг.

1988-1991 оны хооронд сумын ахуй үйлчилгээнд үсчин, гуталчнаар ажиллаж байсан. Үйл эсгэхдээ уран тэрээр хань ижил үр хүүхдээ онгорхой цоорхой хувцастай явуулж ер үзээгүй. Ээжийн минь алдар гавьяаг сум орон одон медалиар шагнаагүй ч ард түмэндээ үнэлэгдэж, үрстээ хүндлэгдсэн тийм л хүн. Намрын хяруунаар ганганан буцах шувуудтай намайгаа эрдмийн аянд үдэж сүүн далайтай хоцорсон ээж таныгаа охин тань зүрхэндээ дээдэлж, таныхаа ачийг бага ч болов хариулахыг эрмэлзсэн урт холын бодлыг сэтгэлдээ тээж явна. Та минь биднийгээ будантай өдөр зам мөрийг минь тэгшилж, буурал орчлонгийн саар үйлээс нөмөрлөж эвий муу хүү минь сайн л яваа байгаа даа. Өмсөж, даарч өвдөж зовчих вий гэж сэтгэл нь зовнин аль л өнгөтэй өөдтэй бүхнээ өөрөөсөө хүртэл харамлан бидэндээ хадгалан эргэж ирэхийг минь хүлээн суугаа. Алхах зам мөр минь таны минь үргэлжлэл болохоор будант энэхэн хорвоод бүдрэхгүй явахыг охин нь хүсдэг юм. Ээжээ та минь бидний

        Эгэл амьдралын алтан нар

        Ээжээ та минь бидний

        Энэ л насны “Зүрхний тарни”

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгчийн-1

Сашагийн Нарантуул

ҮЗЭСГЭЛЭНТ МИНЬ

                                              (Хөрөг найруулал)                                    2017.05.16

            Нүдээ анина. Аз жаргал, баяр баясгалан, чин сэтгэл, амар амгалан намайг хүрээлнэ. Энэ агшинд би яг л ижийдээ очсон мэт тийм л торгон мэдрэмжийг мэдэрдэг. Учир нь миний зүрх сэтгэл, дотоод ертөнцөд ижий минь амирлан байдаг. Нүднийх нь харцнаас ухаарлын оч гэрэлтэж, нүгэл буян ээлжлэх хүмүүний орчлонд  зөвхөн үрийнхээ төлөө хоёргүй  сэтгэл өвөртөлж, амьдралдаа тулах хоёр баганыг минь, ганцаараа боловч ганхуулалгүй авч яваа эгэл бурхан. Нандин хүсэл бүрийн минь үзүүрт миний ээж үргэлж уяатай байдаг. Надад энэ ертөнцийн гэрэл гэгээг үзүүлэх гэж  хүн болох хувь заяаг хайрлах гэж биенээсээ бие салгаж,  “амь нь наана, там цаана орших” заагт тулж очих намайг төрүүлсэн ачтан. Миний ижий жирийн монгол бүсгүй. Цэвэрхэн тунгалаг  царайтай, жижигхэн бор нүдтэй, долгиолсон хонгор үстэй, биендээ таарсан дунд зэргийн нуруутай, аядуухан хоолой, даруухан төрхтэй манай гэрийн гэрэл гэгээ болсон үзэсгэлэнт. Ижийг минь харахад дөлгөөхөн, нүдэнд дулаахан, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хэн хүнд эелдэг ханддаг нөхөрсөг зантай эмэгтэй. Аливаа зүйлийг хийхдээ сэтгэлээ шингээж, түүндээ дурлаж, тусгайлан цаг гаргаж хийдэг нь миний ээжийн хамгийн том давуу талуудын нэг. Үүнээс гадна намайг халуурч бүлээрэн хонох үед эдгэх хүртэл минь цурам ч хийлгүй дэргэд минь байж намайг эмнэнэ. Мөн өөрийнх нь амьнаас амь болон тасарсан   үрсээ хүний зэрэгт хүргэх гэж өдөр шөнийг умартан хөдөлмөрлөдөг. Энэ мэтээр ижийн минь гар бурхдын мутартай ижил зүйлийг бүтээдэг гэдэгт би  бат үнэмшинэ. Ийм нандин хүний үр болж төрсөндөө би үргэлж өөртөө баярладаг. Миний үзэсгэлэнтийг Долгорын Байгальмаа гэдэг. 1964.05.13 ны өдөр Түшээт Хан аймгийн Эрдэнэ Чин Вангийн хошуу буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд малчин ард Б.Долгорын ууган охин болж мэндэлсэн. Анх 1971-1979 оныг хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 10  жилийн дунд сургуульд суралцсан. Үргэлжлүүлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь “ХАА”-техникумыг агротехникч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд САА, Үр тарианы баригадуудад  тасралтгүй 23 жил газар тариаланд зүрх сэтгэл хүч хөдөлмөрөө зориулан ажилласан дайчин эмэгтэй.Өөрийн сурсан эрдмээ, амьдрал гэгч том далайн давалгаан дунд хөлөө олох тулгуураа болгон авч яваа ухаан саруул уужуу бодолтой нэгэн. Заяа тавилангаар би энэ ертөнцөд заларсан, зол баяраар би ижийнхээ үр нь болж мэндэлсэн. Ангир уургаа хөхүүлэн хүн болгож, алдаж онох болгоныг минь эвлүүлэн тэгшилдэг амин нөмөр. Алаг хорвоод хүн дахин залуужиж, дахин мэндэлдэг бол ижийгээ үргэлж залуухан сайхан төрхтэй тэр хэвээрээ дахин  өтлөхгүй байхыг хүсэхсэн. Миний цагаахан хүслийн нэг энэ. Охиныхоо сайн сайхны төлөө унших мааниа дуусгаагүй байхад, аяны дөрөөнд минь өргөдөг цацлын тань сүү газарт дуслаагүй байхад таньдаа эргэж нэг очноо ээжээ.

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

Батцэцэг овогтой Шинэцэцэг

СОЛОНГОН ГЭРЭЛТЭГЧ

                                                         (Хөрөг найруулал)                               2017.05.16

Нэр шигээ гэрэлтдэг найз минь. Хүн бусдыг танихад дэндүү амархан, өөрийгөө танихад дэндүү хэцүү гэдэг. Харин тэр, энэ их хурдтай амьдралын урсгалд өөрөө өөртэйгээ ярилцах цагийг өөртөө олгох дуртай нэгэн. Өөртөө эрх чөлөө олгож тэр эрх чөлөөнөөс өөрийгөө эрж хайж явдаг. Хэдий ганцаардах дуртай ч ганцаараа байх тийм ч дуртай биш. Найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөхдөө инээд хөөрөөр цалгиж биднийхээ дунд солонго шиг гэрэлтдэг. Тэр айлын бага охин. Гэлээ гээд ээж аавдаа нялхраад яваад байдаггүй ээ. Ээж нь түүнийг миний бяцхан охин гээд л бүхий л зүйлд нь харж хандаад байдаггүй, үеийн юм шиг л харьцдаг. Бүгдийг ээж аавын туслалцаагүйгээр өөрөө хийх бүтээх эрмэлзэлтэй. Өөрөөр хэлбэл хувь хүн болох гэж ээж аавын энхрийллээс зугтдаг гэх үү дээ. Гэхдээ тэр бусад хүүхдүүд шиг аав ээжийнхээ хайранд умбаж өсөөгүй ээ. Тиймдээ ч биеэ даах чадвар нь бусдаас илүү хөгжсөн юм. Хагацал гэх хатуу үнэнийг биеэрээ мэдэрсэн болохоор бусдын зовлонг маш сайн ойлгож чаддаг.

Тайрмал үс, хөрслөг бор арьс, өтгөн хөмсөг, давхраатай алаг нүд гээд түүнд өөлөх юм бараг байхгүй. Цангинасан хоолой нь түүнийг бүр ч илүү чимнэ. Тэр бороонд их дуртай. Учир нь гэвэл 1999 оны намрын хахирган шуургатай өдрүүдийг зөөллөн хэн бүхний сэтгэлд баяр авчирсан зөөлөн шиврэх бороотой өдөр найз минь төрсөн. Бороо бол байгаль дэлийг ундаалан хөрс дэлхийг чийглэж, амьсгал бэлэглэдэг. Миний найзын сэтгэл нь ч яг л тийм. Хүний жаргал зовлонгийн хөгийг сонсож сэтгэлд нь тийм алгуурхан амьсгал бэлэглэж чаддаг.  Юу гэхээр түүнтэй ярилцаж суухад сэтгэлд минь хурсан хоосон гунигийг үргээж, сэтгэлийн цэцгэнд урам тайтгарлын ус шиг үгийг хайрладаг. Эсрэг цэнэгүүд таталздаг хуулиар бид бие биенээ олж нөхөрлөсөн. Зан араншин, нэг зүйлд хандах хандлага нь тэс өөр биднийг цаг хугацаа хэл үггүйгээр нэгнээ ойлгох хэмжээнд дотносуулжээ. Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг үгийг би бодитойгоор ойлгож байна. Миний сайн найз, түүний сайн найз гэх хүн нэг хүн байсан юм. Хэдий тэр найздаа гомдож харамсаж явдаг ч бидний нөхөрлөлийн эх үүсвэрийг тавьсан гэж би их баярлаж явдаг юм аа. Өөрийнхөөрөө хэн нэгний туслалцаа авахыг хүсдэггүй зангаасаа болж алдах нь бий. Харин алдаанаасаа ухаарч, давтана гэж үгүй. Тэрээр сэтгэлийн гүн дэхээ уудлан суухдаа "Амьдрал хатуу ч алгаа дэлгэхээрээ сайхаан" гэж хэлж байсансан. Найз минь амьдралын хатуу ширүүнийг багаасаа л мэдэрч өссөн. Тиймдээ ч амьдралын ухаанд маш сайн суралцсан гэж болно. Телевизийн салбарт хүч үзэх, ирээдүйн боловсон хүчин болох гэж бэлтгэгдэж байгаа тэрээр хэзээ нэгэн цагт биелэх мөрөөдлөө тээсээр өнөөдөр амьдралын их далайд гарахаар өөрийнхөө "хөлөг онгоцыг" урлаж явна.

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

Жанлавын Отгонтуул

ӨДРӨӨС ӨДӨРТ ӨРГӨЖИН ТЭЛЭВЧ ӨНГӨ ЖАВХАА НЬ НЭГ Л ГАНДУУ

УЛСЫН МИНЬ НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

                                     (Асуудал дэвшүүлсэн өгүүлэл)                                          2017.05.16

Наран өглөө мандаж, саран үдэш гарч, навч цэцэгс зундаа ургаж, настан буурал нь өвөлдөө дулаалж нарт ертөнцийн өдөр хоногууд урсан өнгөрсөөр байна. Орчлон хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа дэлхийн 7 тэрбум гурван зуун сая хүний нэг нь болж мэндэлсэн жирийн л нэгэн монгол хүн би. Өдрөөс өдөрт өргөжин тэлж өнгө жавхаа нь нэмэгдэж буй Улаанбаатарт минь магтаж саашаах зүйл олон ч маргах зүйлгүй уруудан доошилж буй зүйл ч цөөнгүй харагдах юм. Хүн амын ухамсаргүй байдлаас ч гэх юм уу? эсвэл эрс тэс уур амьсгалтай болохоор ч тэр юмуу Улаанбаатрын минь өнгө жавхааг гутаах хог хаягдлыг яалтай билээ. Нийслэлийн хэмжээнд 340 мянган өрх айл байдаг гэсэн статистик мэдээ бий. Гэр хороололд 60.6% нь, орон сууцад 39.4% нь амьдарч байна. Гэр хорооллын айлуудаас 1-рт үнс, 2-рт ахуйн чанартай шингэн хог ихээр гардаг. Тэгвэл орон сууцны айлуудын 80 гаруй хувь нь хүнсээ авахдаа дэлгүүр, супермаркетаас хогоо хийх ууттай болчихдог байна. Ингэхээр бодит амьдрал дээр хогийн ногоон уутны хэрэгцээ алга. Гэсэн хэдий ч төрийн түшээтнүүд ямар шийдвэр гаргана вэ? гялгар уут нь байгаль дээр 60 жил амьдрах чадвартай хог юм. Өнгөрсөн жил 3 тэрбум төгрөгөөр хогийн уут хийсэн бол энэ жил 4.5 тэрбум болгоод  өсгөөд оруулаад ирсэн ч эсэргүүцэлтэй тулгарсны хүчинд 2.7 тэбумаар  баталсан. Нийтдээ төсвийн 5.7 тэрбум төгрөгөөр 60 жилийн настай хог хийж байна. Хогийн уут нь өөрөө хог болно. хог болсоор ч байна. Эдийн засаг нь хямралтай ийм үед мөнгөөр хог худалдаж авч байгаль орчиндоо хор хөнөөл бий болгох шаардлага бидэнд байна уу? Ядаж л гялгар уут худалдаж авлаач хог хаягдлаа хийхдээ ялгаж салгаж хийж баймаар юм. Монголчууд угаас залхуу хүмүүс байдаг гэлцдэг. Бас ажилтай амьдралаа боддог хүмүүс ч байдгийг үгүйсгэхгүй. Аливаа зүйлийг хурдан шуурхай амар хялбар аргаар хийхийг оролддог хүмүүс. Хэн ч гэсэн амьдралынхаа хайран цаг хугацааг хог ялгаж үрэхгүй байх. Тэгвэл нэг жилд л зөвхөн хогийг ил задгай байлгахаас сэргийлсэн хэдий ч урагдаж задарч мөн өөрөө ч хог болдог хогийн уут хийхэд зарцуулдаг 5.7 тэрбум төгрөгөөрөө олигтой хогийн цэгүүд барьж яагаад болдоггүй юм бэ? Ядаж л гялгар уут шиг задарч доторхи хогоо салхинд хийсгэхгүй. Хэдий болтол энэ гялгар уут хөрс шороог минь бохирдуулж, гол мөрөнд минь орж хайран сайхан амьтдын минь ходоодыг дүүргэх гэсэн юм бол. Дэлхийн зарим нэг хөгжил дэвшил сайтай орнууд гялгар уут гэх энэ аюулт зүйлээс татгалзаж цаасан уутыг сонгон хэргэлсээр байна. Тэгвэл хойч үеийн ирээдүй болсон залуус бид улс эх орноо хөгжүүлэхийн тулд одооноос зөв сонголт хийж яагаад болохгүй гэж.

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

Жанлавын Отгонтуул

ХУВЬСГАЛЫН ӨЛГИЙ НУТАГ СЭЛЭНГЭ АЙМАГТ

                                        (Аян замын тэмдэгэл)                               2017.05.16

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд уржинан жилийн өвөл очиж билээ. Улаанбаатар хотоос Дархан-Эрдэнэт чиглэлийн галт тэргэнд сууснаас миний аян замын тэмдэглэл эхэлсэн юм. 2015 оны өвлийн нэгэн өглөө минутанд Улаанбаатар хотоос галт тэрэг хөдөлсөн юм. Галт тэрэг гэдэг угаас тухалж  явахад зориулагдсан унаа учир ороод шууд л гадуур хувцасаа тайллаа. Дараагийн хэдэн цаг сэргэг явж ойр орчим ургасан моддыг цасанд дарагдсан үзэсгэлэнт цагаан дээлтэйгээр нь галт тэрэгний цонхоор харлаа. Гэсэн хэдий ч байгалийн үзэсгэлэнт төрхийг харсандаа ч тэр үү, ядарсандаа ч тэр үү унтаж өглөө. Улаанбаатар хотоос гарахдаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд аж төрдөг нагац эгчийндээ зочилохоор төрсөн эгчтэйгээ цуг аян замдаа гарсан минь энэ. Гадаа харуй бүрий боллоо. Өвөл болохоор ч тэр үү алтан дэлхийг үдшийн бүрэнхий хучсан юм. Үдшийн  минут болж байхад Дархан-Уул аймагт галт тэрэг зогслоо. Дархан хот том хот учир 30 минут зогсдог юм байна. Таньдаг мэддэг хүн байдаггүй учир эгч бид хоёр гарсангүй. Мөн хэдэн минут зогсодгийг мэдэхгүй учир гарч яваад галт тэрэгнээсээ хоцрох вий хэмээн айсандаа ч тэр үү угаас гадаа хүйтэн байсан учир жийрхээд ч тэр үү  бид хоёр гарсангүй. Гэтэл гэнэтхэн л галт тэрэг хөдөлж хойш ухран явлаа. Галт тэрэг урагшилдаг болохоос хойшилж байхыг анх удаа үзээд маш их гайхлаа. Тэгтэл хажууд сууж байсан хэсэг хүмүүс “Воган” татаж байна гэж хоорондоо ярилцаж байв. Төд удалгүй галт тэрэг дахин хөдөллөө.  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод үдшийн  болж  байхад эгч бид хоёр очлоо. Анх удаа очиж байгаа учир такси барьлаа. Гэрийн хаягаа таксины жолоочид хэлэхдээ багш нарын байр гэж хэлэв. Ингээд гэрийнх нь гадна буугаад хажууханд нь байсан жижигхэн хүнсний дэлгүүрээс хүүхдэд нь өгөх жаал юм авлаа. Ингээд зааж өгсөн байрны 4 давхарт байдаг нагац эгчийндээ орлоо. Сэлэнгэ гэдэг угаас ургац сайтай нутаг. Тийм болхоор ч тэр үү эгч маань  ногоотой шөл хийсэн байлаа. Эгчийн минь нөхөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн ерөнхий газар ажилладаг бөгөөд бараг л бид хоёртой уралдаад орж ирсэн байлаа. Эгч бид хоёр тийм адилхан биш ч хүү нь бид хоёрыг нэг л ялгаж салгаж өгч чадахгүй байгаа бололтой нэрнүүдийг минь сольж хэлээд байв. Бүгдээрээ хоол ундаа идчихээд эгчийгээ аяга тавгаа янзалж байх хооронд усанд ороод авлаа.  Бүгд өөр өөрсдийн ажлаа дуусгаад амрахаар болов. Маргааш өглөө нь галт тэргэнд удаан явсан болохоор их л удаан унтсан байлаа. Эгчийн маань нөхөр ч ажилдаа явсан байв. Өглөө босон Сэлэнгэ аймагтай танилцахаар гарлаа. Эхлээд Сэлэнгэ аймгийн сургуулийг үзлээ. Дотор нь орж хараагүй боловч гаднаасаа их л том сургууль харагдлаа. Цааш явж Сэлэнгэ аймгийн хүнсний захаар явж үзлээ. Шарсан тахиа, Шарсан загас, элдэв янзын дарсан ногоо энд тэндхийн бүх лангуун дээр харагдана. Гэвч нүднээс илүү хамранд их ачаалал ирлээ. Загасны үнэр хамар сэтлэм үнэртэж байв. Гэрийнхэндээ аваачиж өгөх хоёр гурван шарсан загас хэдэн ширхэг дарсан өргөст хэмх авав. Зах дээр зарагдаж буй загасны үнэрээс зугтаж бушуухан шиг л захаас гарлаа. Ингээд аяллын гол учир болох Хулан хатны хөшөөн дээр очлоо. Өндрөөс өндөрт сүндэрлэн мөнгөн аягатай сүү хадган дээр тавин Монгол дээлээ намируулан зогсох Хулан хатны хөшөө аргагүй л Монгол бүсгүйн дүр төрхийг илэрхийлнэ. Хэд хэдэн зураг татуулаад гэрийн зүг явлаа. Энгээд тэр өдрийнхөө орой  минутанд Улаанбаатар хот орох галт тэргэнд сууж аялал минь өндөрлөв.

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

Жанлавын Отгонтуул

ТӨРИЙН ТҮШЭЭ

                                        (Хөрөг найруулал)                               2017.05.16

Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд Цахиа, Хонинхүү нарын гэрт 1963 оны 3-р сарын 8-нд тэдний найм дахь буюу отгон хүү болон мэндэлжээ. Түүний аав, ээж нь тэр үеийн Монголын хүн амын нэгэн адил малчин  ард байсан тул Элбэгдорж багадаа ишиг, хурга, тугал, унагатай тоглож өсчээ. Зэрэг сумынхны дурсан ярьдгаар Элбэгдоржийн ээж Хонинхүү нь туульс хайлдаг ерөөл магтаал сайхан хэлдгээрээ нутаг усандаа нэр хүндтэй нэгэн байжээ. Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд бага, дунд   сургуулиа онц дүнтэй төгсчээ. Түүнийг 16 настай байхад гэр нь Эрдэнэт хот руу нүүж, тэрбээр Эрдэнэт хотод 10-р ангиа онц дүнтэйгээр 1981 онд төгссөн. Намхан нуруутай, онигор нүдтэй, зарим хүмүүсийн хүзүүгүй хэмээн шоглодог ерөнхийлөгч нь сэтгүүл зүй хэмээх мэргэжил эзэмшихээр нэгэнт сэтгэл шулуудсан байсан юм. Гэсэн хэдий ч Элбэгдоржийн хүсэн мөрөөдсөн сэтгүүл зүйн ангийн хуваарь Эрдэнэт хотод ирсэнгүй. Ингээд тэрээр бүх зүрх сэтгэлээ өгсөн мэргэжилдээ үнэнч үлдэн ирэх жилийн уралдаант шалгалтыг хүлээхээр шийдэв. Энэ хугацаанд тэрээр аав ээждээ туслахаар Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт түр ажиллаад удалгүй засварчин болж төд удалгүй тушаал дэвшин машинист болж ажиллажээ. Ажиллах хугацаандаа цэрэгт татагдаж 1 жил цэргийн алба хаав. Цэргийн албыг үлгэр жишээ хааж “Улаан-Од” сонинд шүлгүүд нь хэвлэгдсэнийг Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан хүмүүс үзээд Элбэгдоржийг тус яаман дээр дуудаж түүнээс шалгалт авчээ. Шалгалтын үр дүнд Элбэгдорж Батлан Хамгаалахын Яаманд ирсэн Зөвлөлт холбоот улсын цэрэг, улс төрийн дээд сургуулийн хоёр хуваарийн нэгийг авсан байна. Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын одоогийн Украйн Улсын Львов хот дахь цэрэг, улс төрийн сургуулийг Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэйгээр  1988 онд төгсчээ. Мөн тэрбээр АНУ-н Боулдер хот дахь Колорадогийн их сургуулийн Эдийн засгийн институтыг төгссөн юм. Дараа нь АНУ-н Харвардын их сургуульд тус сургуулийн бүрэн тэтгэлэгтэйгээр суралцаж Харвардын их сургуулийн Жон Кенедигийн нэрэмжит төрийн удирдлагын сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэйгээр 2002 онд төгсөөд Монголдоо эргэн иржээ. Түүний гэргий Хажидсүрэнгийн Болормаа нь 1983 онд Украйнд суралцахаар  очжээ. Тэндхийн сургуульд соёлын ажилтан, сэтгүүлчийн мэргэжлээр Монголчууд суралцдаг байсан юм. Улс тунхагласны ойн баяраар шинэ ирсэн оюутнуудын танилцах үдэшлэг зохиогдож, үдэшлэгийг нэг намхан бор залуу хөтөлж байв. Хөгжимддөг, дуулдаг, шүлэг уншдаг авьястай тэр залуу хожмын Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм санж. Ерөнхийлөгч тэр үед л гэргийтэйгээ танилцжээ. Ингээд 1985 оны 8-р сард оюутны амралтаараа Монголдоо ирээд хуримын ордонд гэрлэлтээ батлуулж гэр бүл болжээ. Тэрээр 1988 онд сургуулиа төгсөж ирээд “Улаан-Од” сонинд сэтгүүлчээр орсон юм. Элбэгдорж нь таван хүүхэдтэй тэднээс дөрөв нь хүү нэг нь охин юм. Элбэгдоржийн ууган хүүг Оргил гэдэг бөгөөд удаах хүүг Эрдэнэ гэдэг тэгвэл энэ айлын цорын ганц цэцэг цэврүү шиг охиныг нь Анужин гэдэг бөгөөд түүний хоёр дүүг Цэрэндорж, Цэнд гэдэг ажээ. Цахиагийн Элбэгдорж нь Монгол Улсад ардчилсан нийгэм бий болгохоор анх зориглон санаачилж 75 жил коммунист  засаглалтай байсан Монгол орныг тайван хувьсгалын  замаар ардчилсан чөлөөт эдийн засагтай Улс болгож өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг нь юм. Өмнө нь тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа, Монгол Улсын их хурлын дэд даргаар нэг удаа, Улсын их хурлын олонхийн бүлгийн даргаар нэг удаа, Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа тус тус сонгогдож ажилласан. Ц.Элбэгдорж нь ардчиллын төлөө хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг неолиберал улс төрч юм.  

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

Жанлавын Отгонтуул

МОНГОЛД КАЗИНО БАЙГУУЛАГДАХ ЦАГ ОЙРТОЖ БАЙНА

                                        (Телевизийн мэдээ)                               2017.05.16

            Лид: Олон жил  яригдаж байгаа ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй олон асуудлыг араасаа дагуулсан хуулийн төсөл бол казиногийн тухай хууль юм. Монголд казино байгуулах цаг ойртож байна гэж холбогдох хуулийн төлөөлөгчид үзэж байна. Тэгвэл уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг байнгын хороогоор хөндөж нийт гишүүдийн 76% нь дэмжлээ.

            Сони: Манай Улсад анх 1998 онд Казино байгуулах асуудал яригдаж эхэлсэн. Харин казиног Монголчууд тамхи татаж, мөрийтэй  тоглогчид цугларч, хар тамхи татаж, зэвсэг наймаалцдаг таагүй орчин гэж шууд утгаар нь хүлээн авдаг. Казино нь өөр бусад салбарт хувь нэмэр нь их бага хэмжээгээр янз бүрээр нөлөөлдөг. Тэгвэл манай оронд казино байгуулагдвал жилд 74-100 тэрбум  төгрөгийн орлогыг улсын төсөвт бүрдүүлэх боломж байгааг УИХ-н зарим гишүүд хэлж байсан юм.

            Синхрон: УИХ-ын гишүүн Ж.Батзандан

            Сони: Манай улс казино байгуулж дотооддоо мөнгөний урсгалыг бий болгож аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлийг голлон үзжээ. Казиногийн цогцолборын нийт үйл ажиллагааны 85%  нь  зочид үйлчилгээний хэсэг байх бол 15% нь казиногийн тоглоомын орчин байх юм аа. Мөн казинод зөвхөн гадаадын иргэн ордог  байхаар зохицуулалт хийжээ. Дэлхийн “Их гарын” тоглоомчдыг урьж оролцуулна гэж заасан. Тэгэхээр энэ хууль гадныхныг зугаацуулж Монголчуудад мөнгө олох боломж бүрдүүлэх сайн тал болж байна.

            Синхрон:  УИХ-ын гишүүн

            Сони: Казиног хичнээн төгрөгний хөрөнгө оруулалтаар яаж байгуулах талаар эдийн засгийн нарийвчилсан тооцоолол одоогоор байхгүй бөгөөд төсөл хэлбэрээр оруулж ирээд байгаа юм байна. Мөрийтэй тоглоом буюу казино нь дэлхийн хамгийн ашигтай 10 бизнесийн долоод бичигддэг. АНУ гэхэд казиногоос жилд 33 тэрбум ам.доллар олдог аж. Мөн Азийн мөрийтэй тоглоомын төв Макаогийн зөвхөн нэг сарын ашиг нь 1.7 тэрбум ам.доллар байдаг юм байна. Мөн БНСУ 22 казино тоглоом байдгаас зөвхөн хоёрт нь л тухайн улсын иргэн орох эрхтэй байдаг аж.

Сэтгүүлч-телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

Мөнхбатын Сувд

“СОНДОР ХИЛЭН” ТӨВ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ ЯВУУЛНА

                                                             (Телевизийн мэдээ)                            2017.05.16

Титр: “Сондор хилэн” англи хэлний төвийн хагас өдрийн ярианы ангийн сургалт эхлэхээр болжээ.

Лид: Англи хэлний мэдлэгийг цогцоор нь системтэйгээр заадгаараа олонд танигдаад буй “Сондор хилэн” англи хэлний төв төгсөгчдийнхээ хүсэлтээр хагас өдрийн ярианы ангийн сургалтаа эхлэхэд бэлэн болжээ.

Сони: Сүүлийн хоёр жилд судалгаа шинжилгээ хийсний дүнд ярианы ангийн хөтөлбөрөө боловсруулж ийнхүү энэ оны 6-р сарын 5-нд сургалтаа эхлүүлэхээр болжээ. Англи хэлний суурь мэдлэгээ сайн тавьсан  дүрмийн зохих мэдлэгтэй хүмүүст зориулагдсан тус ангийн сургалтаа С.Төмөрбат багш өөрөө удирдан явуулах гэнэ. Дүрмэнд суурилсан ярианы цогц хөтөлбөр боловсруулсан учраас англи хэлний дүрмийг ашиглан хэрхэн ярих аргачлалыг заах тул үлдэцтэй, үр дүнтэй сайн сургалт болно гэдэгт С.Төмөрбат багш итгэлтэй байгаа аж.

Синхрон: С.Төмөрбат / “Сондор хилэн” англи хэлний төвийн  багш/

Сони: Бидний өдөр тутмын амьдралд найз нөхдийн, албан ёсны, энгийн ярианы гэх зэрэг ярианы олон хэлбэрүүд үйлчилдэг. Тиймээс мэндчилэх, танилцахаас эхлээд амьдралын алхам тутам хэрэглэгддэг ярианы хэлбэрүүдийг төрөлжүүлэн заахаараа энэхүү сургалт амьдралд ойр сургалт болох аж.  Мөн тус сургалт нь өглөөний болон оройн  анги гэсэн 2 ээлжээр сургалтаа явуулахаар болжээ.

    Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

                                                                  Эрдэнэбатын Бүжидмаа

БОДЛОГОШРОЛ

                                                (Асудал дэвшүүлсэн өгүүлэл)                               2017.05.16

Сэвэлзүүр салхитай сайхан өглөө ээжийнхээ үнээ явлаа гэх дуунаар дуг нойрноосоо сандран сэрлээ. Нар нэлээд хөөрсөн нь үд дөхсөнийг илэрхийлнэ. Дээл гутлаа хам хум өмсөөд хазаараа бариад мориндоо алхлаа. Бага байхаас нь хавар намартаа хаянд нь бууж хэдийний танил болсон хошууны оргил өөд чөдөртэй морь нь өрөөлдөн явна. Дүнгэн данган алхаж очоод морио барих гээд зогсож байхдаа тэр хошууны оргил дээрээс бэлд идээшлэх түмэн адууг хараад нэгэн зүйлийг бодол умбав.  Хошууны энгэрээр хүний өөрийн нэлээдгүй олон адуу идээшлэнэ. Адууны тэргүүн азарга гэж хийморьтой сайхан амьтан бий. Сүрэглэн явахдаа адуугаа удирдан эхэнд нь явдаг бол идээшлэн зогсохдоо хамгаалах мэт захад нь зогсоно. Олон адуу нийлхээрээ азарганууд нь түрүүлж янцгаан давхиж уулзалдах нь яг л мэнд мэндээ мэдэлцэх хүмүүн шиг харагдана. Өвөл, намрын цагт нэлээдгүй хол явчихдаг бол хавар гүү унагалах цагаар гэрийн ойролцоо бэлчих нь үрээ халамжлах эцгийн хайр мэт санагдана. Айл айлын адуу нийлээд тал дүүрэн идээшлэх нь цаанаа л нэг тайван амгалан эв нэгдлийг харуулна. Амьтны адуун сүргийн тэргүүн ийм сайхан эв нэгдэлтэй ухаантай байхад хүмүүс бид яагаад бие биенээ хайралж дэмждэггүй юм бол. Албан тушаал өндөр дарга нар нь ажлаараа биш эд хөрөнгө, эхнэр хүүхдээрээ нэг нэгнээсээ илүү гарах гэж зүтгэнэ. Албан тушаал арай доошоо ажилчид нь мэдлэг чадвараараа биш, худал үнэн хов зөөж нэг нэгнийхээ улыг шагайж байж алдар нэрэнд хүрдэг хүн төрөлхтний муухай араншинг  тэрхэн зуур би дүгнэн  бодлогоширно.

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

                                                                  Эрдэнэбатын Бүжидмаа   

ҮЗЭСГЭЛЭНТ ӨЛЗИЙТ УУЛ

                                         (Байгалийн зураглал)                           2017.05.16

Миний нутгийн зүүн урд зүгт Өлзийт уул гэж нэг сайхан уул бий. Нутгийн зон олон минь сүслэн залбирч тахилгат уул болгон эртнээс шүтэж ирсэн түүхтэй. Холоос үзвэл зэрэгцээ хоёр том  уул сүндэрлэх  ба дунд нь нэг жижигхэн уул үзэгдэх нь  аав ээж хүү гурав мэт харагдана. Наран мандах үес  үзэхэд хоёр уулын голоор туяа цацран үнэхээрийн үзэсгэлэнтэй. Дорнодоос хот руу явах засмал зам Өлзийт уулын хойд талаар дайран өнгөрнө. Айлчлан ирсэн болон аян замд яваа хүмүүс хараад ямар сайхан хайрхан бэ? Энэ сайхан хайрханы энгэрт цэнгэг агаарыг нь амьсгалан амраад авах минь гэцгээнэ. Уулын оргилоос сумын ойр орчмын сайн сайхан бүх л зүйлс тод харагдана. Өмнө зүгт тал хээр. Тал хээрт Монголын бахархал цагаан зээр тал дүүрэн  идээшлэнэ. Умард зүгт Хэрлэн гол махиралдан долгилох нь мэлмий баясгаж сэтгэл сэргээнэ. Алдсан малаа хайрхандаа залибир ч байгаад орой дээр нь гараад дурандахад ер нь сурагтай гэж нутгийн өвгөчүүл ярилцана. Жил бүл зуны эхэн сард уулын тахилгыг тэмдэглэнэ. Ихэнх уулан дээр эмэгтэй хүн гардаггүй. Харин Өлзийт уул бол эмэгтэй хүн гарч болдог учраас тахилгын баяр их сүр хүчтэй өргөн дэлгэр болно.  Уулын тахилгыг айлууд өөрсдөө зохион байгуулдаг нь хэн хүний сонирхлыг татна. Баярын өглөө унаа машинтай нь унаагүйгээ уулынхаа баярт явъя гэж уриалан авчирдаг нь уулынхаа төлөө сэтгэл зүрхтэйн илрэл юм шиг санагддаг юм. Уулын баяраар эрийн гурван наадам болон хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулагдана.  Их Эзэн Чингис хаан дайлаар мордохдоо Өлзийт ууланд амарч байсан гэж ярьдаг. Энэ нь ч үнэний ортой. Уулын энгэрт том чулуун ор байрладаг ба энэ орыг Чингисийн ор гэнэ.  Янз бүрийн өвчтэй хүн ирж хэвтэхэд хуянтай  хүний хуян эдгэрдэг.   Мөн Чингисийн морины уяа морины туурайн  мөр байдаг. Уулын баяраар холоос ирсэн жуулчид  хоёр гурав хонож уулын сайхныг үзэж сэтгэл дүүрэн буцацгаана. Таана, мангир, ганга, нохойн хошуу зэрэг хүний биед сайн төрөл бүрийн ургамлууд байна.  Нялх балчир наснаасаа мөргөж залбирч баяр болгоноор нь очиж уралдаан тэмцээнд нь орж өссөн бахархалтай сайхан уулаа би мөнхөд шүтэж явдаг. Аавын минь алдар шиг ойрхон сонсогддог ээжийн минь царай шиг үргэлж над руу мишээх мэт харагдах үзэсгэлэнт бахархалт хайрхан мину.                       

   Сэтгүүлч -Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

оюутан Шинэзоригын Дэлгэрбямба

АЛТАН ШАРГАЛ ГОВЬ МИНЬ

                                               (Байгалийн зураглал)                           2017.05.16

           Миний нутаг говь, хангай хосолсон Алтайн нурууны үргэлжлэл Говь гурван сайхан уултай нутаг билээ. Эх нутгийн элсэн манхан нурууд нь үргэлжилсэн уул уулаа эмжин шаргалтана. Энэ алдарт Хонгорын элс нь 130 гаруй км урттай,  20 гаруй км өргөнтэй элсэн далай. Баруун зүүн шургуул, Хун нуурын шал, Шар хулсан зэрэг хиаг, хулс, ширэг, заг, сондуул, хужир бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт нутаг. Говь газрын ургамал тэр дундаа мод тэргүүтны нэг болох сүрлэг сайхан заган ойтой нутаг. Эх нутаг Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан уултай.  Гурван сайхан уул нь Дунд сайхан, Зүүн сайхан, Баруун сайхан гурван өндөрлөгтэй. Энэ бол эх нутгийн минь сүр жавхлан юм. Зүүн сайхан ууланд нь  байгалийн  цогцолборт газар Ёлын ам, Мухар шивэрт, Дүнгэнээгийн ам гэх мэт Монгол Улс даяар алдартай газрууд бий. Ёлын ам нь өндөр уулсаар хүрээлэгдсэн, урсгал ус нь хүрхрээн чимээтэй, хадан хавцал нь мөсөн чимэгтэй, шаргал говийн үзэсгэлэн юм. Дов толгод нь алт эрдэнэсийн баялагтай. Нэмэгт хэрмэн цав нь Монгол Улсын есөн гайхамшигийн нэгд зүй ёсоор багтдаг монголын хамгийн том цав юм. Холоос харахад их хотын балгас мэт харагддаг. Уужуу шаргал говьдоо чимэг болсон байгалийн дурсгалт газар. Эх нутаг минь холын хүн үдлээд явмаар цэлгэр сайхан тал нутаг. Хээр талд нь таанын үнэр ханхалсан тааны цэцэгс хээрийн салхинд хийсэж тал нутгийг минь чимнэ. Таван хошуу мал нь тал талдаа бэлчсэн домогт хаадын минь эзэлсэн эх нутгаараа бахархах сайхан. Хээр талд нь зээрийн сүрэг цахилж, зандан хүрэн тэмээдийн бэлчээрт нь заган шугуй  найгасан эх нутаг минийх. Гэрэлтэх нарны туяа толгодын орой шүргэхэд гэгээн говын үүр цайхад солигдоно.

 

 

 

 

 

           

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?