Долларын ханш багадаа 2100, ихдээ 2100 руу ч уруудах магадлалтай

Сэтгүүлчийн үг

Олон улсын валютын сангийн захирлын зөвлөл Засгийн газрын хүсэлтийг хүлээж авсан нь ам.долларын ханшид нөлөөлөөд эхэлчихлээ. Тэд энэ сард хуралдана. Товчхондоо бид тун удахгүй валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болчихсон гэсэн үг. Монголыг валютын сангийн хөтөлбөрт хамруулах эсэхийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг уншигчид санаж байгаа байх. Сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсөвтөө тодотгол хийсэн ч УИХ-аас баталсан тогтоолд хөрөнгө оруулагчдад таагүй нөлөө үзүүлэхээр заалт орсон гэх үндэслэлээр ОУВС товлосон өдрөө хуралдаагүй юм. Засаг сангаас ирүүлсэн зөвлөмжид толгой дохисноор байдал нааштайгаар эргэж байна. ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монголыг өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртөө оруулах тухай асуудлыг энэ сарын 24-ний өдөр хуралдаж шийдвэрлэнэ.

Сангийн мөнгө их биш хагас тэрбум орчим ам.доллар ч хөтөлбөр дагаж орж ирэх ам.долларын урсгал хэдэн тэрбумаар яригдаж байгаа. Нийтдээ гурван тэрбум гаруй ам.доллар орж ирэх тооцоо бий. Түрүү жилийн арваннэгдүгээр сард түүхэн рекорд эвдэж цойлсон ам.долларын ханш он гарснаас хойш номхорсоор өнөөг хүрсэн нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэсэн хүлээлтээс үүдэлтэй юм. “Найман шарга” валютын зах дээр өчигдөр нэг америк долларыг 2420 төгрөгөөр авч 2425 төгрөгөөр зарж байна. Сүүлийн үед ханш 2400-гаас 2500 руу орж цойлохгүйгээр тогтворжиж буй нааштай хандлага анзаарагдаж байгаа. Бизнес эрхлэх таатай орчинг холоос хайх шаардлагагүй, валютын ханш л тогтвортой бол дажгүй аж төрөөд байх боломжтой гэж бизнесмэнүүд ярьдаг. Энэ өнцгөөс харвал бизнесийн орчин огцом савлагаагүй өдрүүд үргэлжилж байна. Долларын ханш цаашид ч уруудна гэсэн хүлээлт үүсчээ. Наад зах нь 100-300 төгрөгөөр буурна гэсэн таамгууд дуулдаж байна. Валютын сангийнхан Монголын хүсэлтийг хойшлууллаа гэх мэдээлэл ногоон валютын ханшийг бага зэрэг өсгөсөн ч эргээд нааштай хандаж эхэлсэн нь валютын захын хувьд хамгийн том эерэг дохио. Долларын хадгаламжаа төгрөг рүү шилжүүлэх процесс эрчимжсэн гэж төв банкныхан хэлж байгаа. Төгрөгийн ханш чангарахад нөлөө үзүүлэхээр эерэг мэдээ мөнөөсөө мөн.

Шинжээч Ч.Эрдэнэдалай “Валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр зах зээлд итгэл сэргэнэ. Тэр утгаараа төгрөг тодорхой хэмжээгээр чангарах хүлээлт бий. Зах зээлд томоохон өөрчлөлт гарч их хэмжээний гадаад хөрөнгө оруулалт орж ирвэл суурь нөхцөл өөрчлөгдөнө. Ингэснээр төгрөгийн ханш төсөөлснөөс чангарах магадлал байж болно. Гэхдээ эхний ээлжинд зөвхөн хөтөлбөрт хамрагдаж байна гэдэг талаас нь харвал түр зуурын чангаралт бол ажиглагдана. Өөдрөгөөр төсөөллөө гэхэд 2100 руу уруудах боломж бий. Үүнээс уруудна гэдэг таамгийн хувьд аажимдаа магадгүй. Ямартай ч ханш тогтворжих нь тодорхой болж байна. Долларын ханш нэг түвшинд тогтвортой байвал өрсөлдөх чадвар, бизнест эерэг нөлөөтэй” гэсэн бол СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхан “Долларын ханш өсөхгүй нь ойлгомжтой болсон. Ханш бага зэрэг сулрах болов уу. Эдийн засгийн идэвхжил ямар байх нь одоогоор тодорхойгүй учраас тэдэн төгрөгөөр суларна гэх мэт нарийн тоо хэлэх боломж алга. Эдийн засгийн идэвхжил түрүү жилийнхээс сайн гарсан. Цаашдаа яах нь бүрхэг хэвээр байна. Эдийн засаг сул байгаа дээр ганц хоёр тэрбум ам.доллар ороод ирвэл төгрөг таамаглалаас илүү чангарах бололцоотой” гэлээ.

ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад ам.долларын ханшид мэдрэгдэхээр өөрчлөлт гарсан тохиолдлууд өнгөрсөн түүхэнд бий. Манай улс 2009 оны дөрөвдүгээр сард ОУВС-тай “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байв. Тэр үед 229 сая ам.доллар орж ирж байсан юм. Долларын ханш одоогийнх шиг хаашаа ч эргэж мэдэхээр савлагаатай, валютын нөөц шавхагдах тийшээ хандсан, гадагшаа зарж валют олдог нүүрс, зэсийн ханш сайн биш, импортоо гадаад валютын нөөцөөрөө санхүүжүүлж байсан тухайн үед хөтөлбөр хэрэгжсэнээр долларын ханш 620 төгрөгөөр суларч байв. 2048 төгрөг хүрч галзуурсан ногоон валютын ханш 1428 болж шалдаа унасан баримтыг валютын ханшийн түүхээс харж болно. Тэгэхээр өдгөө 2400 гаруй төгрөгөөр хэмжигдэж буй ам.долларын ханш судлаачдын таамаглаж буй 2100 төгрөгөөс ч уруудаж мэднэ. 1900 бүр цаашлуулж өөдрөгөөр сэтгэвэл 1600, 1500 гэсэн таамаг хэлэхэд хэтэрхий гэнэн харагдахгүй. Учир нь тэр үеийнхээс олон давуу тал бидэнд байгаа. Наад захын том боломж гэхэд нүүрсний үнэ өндөр байна. Зэсийн ханш ч дажгүй явсаар өнөө жилийг давах зураг аль эрт гарчихсан.

Алтны тухайд хэзээд ханшаа алддаггүй металл учраас эмээж болгоомжлох шалтгаан хэтээсээ байхгүй. Засгийн түвшинд эрчимтэй яриад эхэлсэн “Алт-2” хөтөлбөр төв банкийг алтны нөөцөө зузаалахад том дэм болох нь хэнд ч ойлгомжтой асуудал. Импортын хамаарал маань тэр үеийг бодвол тийм ч өндөр байхаа больсон. Наад зах нь Эрээнээс хонон өнжин дугаарлаж цемент зөөх шаардлагагүй. Цементээ дотоодоосоо 100 хувь хангах чадалтай үйлдвэрүүд үүдээ нээгээд удаж байна.

Тэгэхээр энэ зун, ирэх намартаа ам.долларын ханш мэдрэгдэхүйцээр уруудна гэсэн таамаг үнэнд ойрхон сонсогдож байна.

Эх сурвалж:Өдрийн сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?