Харилцааны суурь холбоосны хувьсгал

Сэтгүүлчийн үг

Уншихийн өмнө: нийгмийн харилцаа, хүмүүсийн бүүхэл өөрийн зан араншин, тэдгээрийн хувьсал зэрэг нь байгалийн тодорхой үзэгдэл шиг /цас, бороо, гэрэл, сүүдэр, өдөр, шөнө гэх мэт/ мэдрэхүйн өмнө ил байх нь бага. Аливаа хүний мэдлэг, ухаан нь түүний анзаарах чадварт суурилан тэлдэг тул нүдэнд шууд үл харагдах үзэгдлийг мэдэх, мэдрэх, цаашлаад ухаж ойлгох эсэх нь тухайн зүйлийг анзаарсан уу гэдгээс шалтгаална. Хэн нэгэн танд яагаад дургүйцэв? Та яагаад хэн нэгэнд татагдах болов? Би яагаад багахан зүйл дээр уурлаад байдаг болчихов? гэдгээс эхлээд дөнгөж сая ширээн дээр байсан үзэг хааччихав, барьж явсан утсаа хаана тавьчихав? зэрэг энгийн асуудлууд ч анзаарлаас эхтэй. Харин 1. нийгмийн харилцааны өөрчлөлт, хувьсал зэргийг, 2. тэдгээрийн учир шалтгааныг тайлж унших нь ихэнх тохиолдолд гар утсаа хаана тавьснаа санахаас хавьгүй төвөгтэй гэдэг нь мэдээж. Уг нийтлэлд нийгмийн харилцааны олон асуудлаас ердөө ганцыг нь буюу тухайн харилцааны суурь холбоосны хувьслын талаарх асуудлыг хөндөх тул өөрийн болон бусдын харилцаан дахь хувьсал, өөрчлөлт зэргийг та анзаардаг уу, хэрэв тийм бол учир шалтгааныг нь ухамсартайгаар ухаж, бодож, судалдаг уу гэдгээ нэг тунгаагаад үзээрэй. Учир нь харилцааны суурь холбоосны хувьсал нь үнэндээ их энгийн боловч анзаарч хараагүй тохиолдолд бусдаар тайлбарлуулаад ч ойлгоход бэрхшээлтэй зүйл юм.



Нэг. Гэнэт хар хун гарч ирсэн нь.


    17 дугаар зууныг хүртэл хүн төрөлхтний ихэнх нь бүх хун шувууг цагаан өнгөтэй гэж боддог байв. Бүр биологийн зүйлчлэлд хүртэл ийм мэдээлэл оруулсан байж. Гэтэл анх Норвегид хар өнгөтэй хун (Cygnus atratus) гарч ирснээр хар өнгөтэй хун ч бас байдгийг мэдэж авцгаажээ. Түүнээс хойш хар хунг шинжлэх ухааны салбарт олон эрдэмтэд тооцоолоогүй өөрчлөлтийн бэлгэ тэмдэг болгон ашигласан билээ. Карл Поппе ч бас уг кейсийг шинжлэх ухааны фальсификацийн онолдоо (индукцийн бэрхшээлийг харгалзах тухай шинжлэх ухааны философид хамаардаг онол) жишээ болгон ашигласан юм. Нийгмийн харилцаанд ч бас бидний тооцоолоогүй олон өөрчлөлт, гэнэтийн бэлгүүд дүүрэн бий. Харин энд яригдаж буй харилцааны суурийн хувьсал бол ихэвчлэн гэнэтийн бус, тодорхой хугацаа, үйл явдлуудаар дамжин нөхцөлддөгөөрөө онцлог юм. Харин бид түүнийг анхнаас нь ухамсартайгаар чиглүүлж, удирдаж чадахгүй бол хэнд ч анзаарагдах хэмжээнд өөрчлөгдсөнийхөө дараа бол жинхэнэ гэнэтийн бэлэг болж болдог байна. 


      200... онд ... дүгээр хорооллын ... байранд эцэг, эх, эмэгтэй дүүгийн хамтаар амьдардаг 15 настай Л хажуу орцны 21 настай Д гэгчийг зэвсэг хэрэглэн хөнөөсөн хэрэг гарсан юм. Үүнээс илүү сэртхийм хэрэг аль ч нийгэмд олон байдаг боловч уг хэргийн сэдэлтийг хэрэв анзаарвал бидний ярьж буй сэдэвтэй холбогдон сонирхол татаж эхэлнэ.  Багаасаа тус байран өссөн Л-н хувьд “байрны ах нар” бол үлгэрлэн дуурайх хамгийн баатарлаг, мундаг эрчүүд шиг санагддаг байсан ба хохирогч Д нь уг “баатарлаг эрчүүд”-ийн нэг байж. Хэрэг гарахаас нэг жилийн өмнөөс Л “байрны ах нарын ивээлд багтан” тэдэнтэй дотносож “дошны бацаан” гэх нэрийг зүүн хамтдаа хэд хэдэн удаа согтууруулах ундаа хэрэглэж, жижиг дээрэм хүртэл хийж үзсэн байна. Гэвч жилийн дараа тэдгээр ах нарынхаа нэгийг санаатайгаар алчихаж. 


Согтууруулах ундаа, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх олон хүчин зүйлс уг аллагын шалтгаан болох боловч хэрэгтний сэтгэл зүйн шалтгаан буюу сэдэлтийг тодруулбал “өс хонзонгийн шинжтэй”. Хохирогч Д хэд хэдэн удаа Л-г дээрэлхэж, хааяахан “алган боов” хүртээчихдэг байж. Улаанбаатар хотод ч гэлтгүй, хүчтэй нь хүчгүйгээ, арай ах нь насаар дүү нараа хааяа дээрэлхэх, жижиг дээрэм хийх тохиолдол цөөнгүй гардаг нь нууц биш. Харин тэр болгон хүний амь нас дуусгавар болох нь бол ховор. Ах нарт дээрэлхүүлсэн хүүхэд болгон тэдний аминд хүрээд байдаггүй. Харин ч эсрэгээрээ энд дурдагдаж буй “ах нар” болон тэдний хүрээллийнхэн өөр хоорондоо хэрэг өдүүлсэн, хүнд гэмтэл учруулсан, амь насаар хохирсон тохиолдлууд бол бий. Эндээс нэг зүйлийг тодруулъя. Хэрвээ 15 настай Л хохирогч Д-д дээрэлхүүлдэг байсан хэдий ч “байрны ах нар”-тайгаа голдоо орж нийлээгүй байсан бол буюу өөр хоорондоо гэх бүлгийн хамааралд ороогүй байсан бол уг хэрэг үйлдэгдэх байсан болов уу? 


    Магадлал харьцангуй бага. Л-н мэдүүлэг болон хэргийн баримтуудаас үзэхэд Л болон Д нарын харилцааны суурь өөрчлөгдсөн нь л энэ хэргийг үйлдэх нөхцлийг бүрдүүлсэн байгаа юм. Л өмнө нь ч хэд хэдэн удаа тэдгээр бүлэг хүмүүст дээрэлхүүлсэн, задгай мөнгөө дээрэмдүүлсэн тохиолдол гарч байсан боловч Л болон тэдний байр суурь өөр гэсэн хандлагаар хүлээн зөвшөөрч хүлцэнгүй ханддаг байж. Харин тэдэнтэй дотносож дунд нь ороод ирэхээр өмнөх хүндлэл нь буурч, ижил түвшний хүндээ дээрэлхүүлээд байгаа мэт санагдаад яваандаа тэвчихийн аргагүй болсон байна. Өөрөөр хэлбэл таныг яг ижил агуулгаар ээж тань зэмлэх, дүү тань зэмлэх хоёрт өөр өөр хариу үйлдэл үзүүлэх магадлал өндөр байдагтай адил. 


Монголчуудын сэтгэл зүйд нас, эрэмбээр хүндлэх философийн нөлөөгөөр буруу зүйл ярьж байгаа мэт санагдаж байсан ч “ээж учраас загнах эрхтэй”, зөв зүйл ярьж байгаа мэт санагдсан ч “дүү учраас намайг загнах эрхгүй” гэсэн хандлага зонхилдог. Л-н хувьд “ах нар учраас” гэсэн хандлагаар дээрэлхүүлсэн ч хүлээн зөвшөөрдөг байсан бол харьцангуй дотнососны дараа Д-г өмнөх шигээ хүндлэхээ байж өөрийгөө ижил түвшинд үнэлж эхэлснээр дээрэлхүүлэх нь байж боломгүй зүйл шиг санагдсан тул хүний санаатай алах гэмт хэрэг үйлджээ. Хөөрхий хүү болон Д нар тухайн үед харилцааны уг хувьсал, түүний шалтгааныг анзаарсан бол ийм хэрэг гарахгүй байх боломжтой байж. Өөрөөр хэлбэл, Л болон Д нар байрны ах дүүгийн харьцаатай байсан ч харьцангуй ойртсоноор Л өөрийгөө Д-тэй нэг түвшинд үнэлж, хандсанаар уг хэрэг гарах үндсэн нөхцөл бүрдсэн байна. Хэрэв бид ийм гэнэтийн бэлэг авахыг хүсээгүй л бол аль ч харилцаанд хянуур хандах хэрэгцээ, шаардлага бий болно. Гэхдээ бүх харилцаанд хянуур хандана гэдэг амьдралыг утгагүй болгохгүй гэж үү? Хүний тархи тийм хэмжээний ачааллыг дийлэх үү?


Хоёр. Шашин судлаачийн “хамгийн тэсвэртэй” нээлт


1731 оны 5 дугаар сарын 28 өдөр төрж Германы Холлегийн их сургуулийн шашин судлалын ангийг төгсөн хэд хэдэн сүмд номлогчоор ажиллаж байсан Жохан Аугуст Эпфрайм Гоэзе (Johann August Ephraim Goeze) амьд ахуй цагтаа амьтан судлалын салбарт багагүй хувь нэмэр оруулжээ. Тэрээр 1773 онд ердөө ганц миллиметр хэмжээтэй боловч дэлхий дээрх хамгийн тэсвэртэй амьтныг нээн илрүүлснийг гурван жилийн дараа Италийн биологич Лаззаро Спалланзани (Lazzaro Spallanzani) “Тардигрейд (tardigrade)” буюу “Удаан алхагч” хэмээн нэрлэсэн юм /заримдаа усны баавгай (water bear) хэмээх нь бий/. 


    Уг хачин хэлбэртэй жижигхэн амьтан  -2730C-ээс +1500C хүртэл температурт амьд үлдэх чадвартай ба хүний тэсвэрлэхээс 1000 дахин илүү цацраг туяа, сансрын агааргүй вакум орчин, огт усгүй хуурай нөхцөл зэрэгт ч тэсвэртэйгээрээ байгаль судлаачдыг гайхшруулаад байна. Эдүгээ энэ амьтны 1100 гаруй төрөл зүйлийг нээн илрүүлээд байгаа бөгөөд өндөр тэсвэртэй хуяг, өмсгөл бүтээх, эмчилгээ, дархлаажуулалтын зориулалтаар ашиглах зэрэг олон боломжийг эрдэмтэд таамаглаад байгаа аж. Гэвч биологийн ийм тэсвэртэй хүчин зүйлсийн адилаар өндөр тэсвэртэй, хувьсах магадлал багатай нийгмийн харилцаа бий болов уу?


    Мэдээж бүх харилцааны хувьслыг хянаж, алхам болгондоо няхуур хандана гэдэг утгагүй зүйл. Нөгөөтэйгүүр бидний тархи ч  бүх зүйлд нухацтай хандах хэмжээгээр тогтмол ачааллаж чадахгүй. Тархи судлаачдын судалгааны олон үр дүнгээс хүний тархины хүчин чадал бидний төсөөлж байсан шиг тийм ч төгс төгөлдөр зүйл биш юм гэсэн дүгнэлт бий болжээ. Харин тархины аливааг системчлэх, ажиллах арга, горим нь тэрхүү шинжид илүү дөхнө. Хүн аливаа зүйлийг анх удаа хийхэд тархи жижиг сажиг зүйл бүхэнд ач холбогдол өгч өндөр ачаалалтай ажилладаг хэрнээ олон удаа давтаад эхэлвэл тэдгээрийг үйлдлийн цогцолбор болгон системчилж хадгалдаг. Энэ нь зуршил, дадлыг үүсгэж бид сурсан зүйлээ дахин үйлдэх үед тархи ачааллаа буруулж хэмнэлтийн горимд шилждэг аж. Жишээ нь бид анх удаа машин жолоодохдоо бүх л араа, гишгүүр, залуур дээрээ анхаарлаа хувиарлаж явдаг бол олон удаагийн давталтын дараа жолоо барингаа утсаар ярьж, дуу сонсох гэх мэт өөр үйлдлүүдийг давхар хийх боломжтой болдог. Өөрөөр хэлбэл бидний төрөлх болон үүсмэл зуршил дадлууд нийлээд тархийг олон төрлийн ачааллаас чөлөөлж байдаг гэсэн үг. Тиймээс харилцаа болгонд байнга хянуур хандах боломжгүй. 


Тархины ачаалал хэмнэлтийн зарчмын үүднээс болон энгийн ажилалтын аргаар анзаарч тайлбарлавал аль нэг харилцаа илүү гүнзгий байх тусмаа хувьсах, өөрчлөгдөх магадлал төдий хэмжээгээр багасдаг. Харилцаа улам гүнзгийрэх тусам харилцагчдын бие биендээ итгэх итгэл нэмэгдэж алдаа гаргахаас эмээхээ больж эхэлдэг ба энэ тохиолдолд тухайн харилцааны үед тархины ачаалал буурна гэсэн үг. Дотны найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ байхад илүү тайван, амгалан мэдрэмж төрдөг ч үүнтэй холбоотой. Ээж нь хүүхдээсээ урвах магадлал энгийн нэг танилын урвах магадлалаас хавьгүй бага. Хэврэг, хөнгөн харилцаанд талуудын бие биендээ хандах хандлага, жижиг үйлдэл, үйл явдлуудаас шалтгаалаад харилцааны суурь холбоос шинж хувьсах магадлал өндөр байдаг. Жишээ нь танилцаад удаагүй эрэгтэй, эмэгтэй хоёр хосууд болж гэрлэх, эсвэл илүү дотносолгүй тэгсгээд бие биенээ мартах, нэг бол бүр бие биенээ үзэн яддаг дайснууд болох магадлал нь олон жилийн турш харилцаатай байгаа хоёр хүнээс хамаагүй илүү.


Тэгэхээр нийгмийн харилцаанд ч “тардигрейд” шиг тэсвэртэй төрөл байдаг байх нь. Жишээ нь: эх хүүхэд, эцэг хүүхдийн харилцаа нь хувиршгүй абсолют шинжтэй. Хоорондоо муудалцаж, эцэг эхийгээ хичнээн гомдоосон ч уг харилцааны суурь эгч дүү, ах дүүгийн харилцааг болж хувирдаггүй. Уг харилцааны агуулгын илрэлүүдийг манай Монголчууд ч “...ээжийн ариун сэтгэл энэхэн дэлхийд хосгүй еэ...” хэмээн магтан дуулдаг билээ. 


Заримдаа найзууд дайсан болдог бол дайснууд нөхөд болох тохиолдол байдаг. Иймэрхүү байдлаар харилцааны суурь өөрчлөгдөх олон өөрчлөлтийг дурдаж болно. Тухайн харилцааг хэрхэн хувиргах, өөрчлөх зэрэг нь түүнийг хэрхэн хөтлөн явуулахаас шууд шалтгаалдаг. Харин анзаараагүй тохиолдолд бол бид өөрсдөө ч мэдэлгүй хэн нэгний дайсан, найз болчихсон явж байх нь элбэг. Мэдээж тэр нь хүний араншин, хэвшил, сонирхол зэргээс шалтгаалах боловч тухайн харилцаанаас хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх нь ч бас цөөнгүй. Аль нэг харилцаанаас хүссэн зүйлээ авахын тулд бид хэрэв амьдралын арвин туршлагатай нэгэн, эс бөгөөс нийгмийн харилцааны эксперт л биш бол ихэнх тохиолдолд өөрсдийн зөн, мэдрэмжээрээ тодорхой үйлдлүүд хийж эхэлдэг. Тухайлбал, хэн нэгэнтэй нөхөрлөх, эсвэл андын холбоогоо байгаа чигээр хадгалахын тулд тухайн хүнийхээ хүсэлд нийцүүлэн авирлах, буулт хийх, дүр эсгэхдээ харилцааны нөгөө талаас ирж буй нөлөөлөлд ухамсартай, ухамсаргүйгээр хариу үйлдэл үзүүлж буй хэрэг юм. Шинжлэх ухаанчаар хандан судалж эхлэвэл харин тухайн харилцаан дахь биеийн хэлэмж, жижиг үйлдлүүдийг ч ямар үр дагавартайг ойлгож мэдэх боломжтой. 
Өчигдөрхөн маш их хүндэлдэг нэгэн тань хүссэн ч хүндлэлийг тань татаж чадахгүй болох, таныг хүндэлдэг нэгэн огт өөрчлөгдөөгүй, бүр зарим талаар илүү болсон байхад тань хүндлэхээ больчихсон мэт санагдаж байв уу? Ихэнх тохиолдолд ийм зүйлийн шалтгаан нь харилцааны суурь холбоосны хувьслаас үүдэлтэй байдаг. Харин харилцааны суурийн хувьслыг 1. өөрчлөлт, 2. нэмэлт гэж ангилж болохоор байна. Найз байснаа дайсан болох нь өөрчлөлт байдаг бол багш шавийн харилцаа илүү дотносох үед нөхөрлөлийн элементүүд нэмэгдэж нэмэлт болдог. Өөрөө хэлбэл тухайн харилцаа сууриараа өөрчлөгдвөл өөрчлөлт, суурь харилцаанд өөр шинжүүд бий болох нь нэмэлт юм. Харилцаа болгоны өвөрмөц шинжүүд, нөхцлүүдээс шалтгаалаад эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь сайн ч, муу ч талтай байж болох нь ойлгомжтой. 


Гурав. Карл Рожерсийн олон гарцтай төөрдөг байшин


Харилцааны хувьсал нь ихэнх тохиолдолд ухамсарт бус мэдрэхүйд хөтлөгддөг. Түүнчлэн бид тэдгээр хувьслыг ухамсрын түвшинд анзаарч зөв чиглүүлэхээс илүүтэй мэдрэхүйдээ тулгуурлан тухайн хувьсалд хөтлөгдөх нь олонтаа. Илүү сайхан амьдралыг бүтээх, илүү сайхан хүрээллийг бий болгохын тулд тухайн харилцаанд хөтлөгдөх бус, өөрөө чиглүүлэх нь зүй ёсны шаардлага юм.


Америкийн сэтгэл судлаач Карл Рожерс (Carl Rogers) хүмүүнлэгийн сэтгэл судлалд суурилсан үйлчлүүлэгч төвт сэтгэл заслын аргыг хөгжүүлжээ. Тэрээр 1964 онд Америкийн хүмүүнлэгийн холбооноос “Оны хүмүүнлэг хүн” цолоор шагнагдсан ба “ганцхан гарцтай төөрдөг байшинтай адилгүй, амьдрал олон гарцтай, боломжоор дүүрэн байдаг бөгөөд хүмүүст хэд хэдэн замыг нээлттэй үлдээдэг. Харамсалтай нь хүмүүс тэднийг  харах чадваргүй, эсвэл харах хүсэлгүй байдаг. Сайхан амьдрал бол оршин байхуй бус үйл ажиллагаа юм.” хэмээн тайлбарласан юм. Сайхан амьдрал, сайхан харилцаа мэдээж таны хором мөч бүхний жижиг шийдвэрүүд, сонголт, хандлагуудаас шалтгаална.
Бидний хувьд харилцаагаа өмнөх шиг нь хэвээр авч үлдэхийг хүсвэл аливаа нэмэлт, өөрчлөлтүүдийг аль болох эерэг тийш нь чиглүүлэхийн зэрэгцээ гол нь өмнөх сууриа хэвээр нь хадгалах шаардлагатай. Эцэг, эхчүүд насанд хүрсэн хүүхэдтэйгээ бие хүнийх нь хувьд найз нөхөр шиг хандах нь элбэг ч хүүхэд нь уг харилцааны суурийг “эцэг, эх-үр хүүхэд” чигээр нь хүлээж авдаг учраас гэр бүлийн ийм харилцаанд суурийн доголдол гарах нь бага. Найз нөхөд, дарга цэрэг, багш шавь, ах дүүгийн харилцаанд ч төрмөл болон үүсмэл зуршлууд, тархины хэмнэлтийн зарчмууд тогтмол үйлчилж байдаг учраас тухайн дадал, үйл ажиллагаануудыг аль болох зөв давтамж, эерэг хандлага, өдөөлтөөр харилцааны суурьт нөлөөлөхөөр чиглүүлж өгөх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр уг суурийг эрүүл чигээр нь хадгалахын тулд харилцаан дахь хүндлэл, хариуцлага, ёс суртахуун, шударга байдал, чин сэтгэл зэрэг үндсэн зарчим, үнэт зүйлсийг байнга баримталж, эрхэмлэж байх нь хүний инстиктээс үүдсэн сөрөг өгөгдлүүдийг даван туулах арга болно.


Тухайлбал, хүн байгалаас төлөвшин тогтсон “бусдаас илүү байх, бусдын дор орохгүй байх” инстикттэй бөгөөд энэ нь нийгмийн харилцаанд бол өөрөө хүндлүүлэх, нэр хүндтэй байх, илүү тансаг амьдрахыг хүсэх зэргээр илэрдэг. Будда хутагтын дөрвөн үнэнийг бичихдээ “...Зовлонгийн шалтгаан буюу хүсэл: сэрлийн таашаалд автах, эд хөрөнгө, эрх мэдэлд шунах нь нэг үнэн” хэмээн тодорхойлсон юм. 15 настай байсан Л хүү ч бас хохирогч Д-тэй илүү дотноссоныхоо дараа харилцаандаа байсан хүндлэлийг алдасны (хэдий өмнө нь ч нөгөө талаас хариу хүндлэл ирдэггүй, дээрэлхдэг байсан ч гэсэн) улмаас сэтгэл зүйн хувьд гэмт хэрэг үйлдэх сэдэлтэй болсон. Философийн олон онол, урсгалд сургасанчлан инстиктийн сөрөг талуудыг нийгмийн төлөвшлийн оюун ухааны хүчин зүйлсийн тусламжтайгаар даван туулах боломжтой юм. Эдгээр нь мэдээж дээр дурдсан хүндлэл, хариуцлага, ёс суртахуун, шударга байдал, чин сэтгэл зэрэг билээ. 


Дахин хэлэхэд харилцаа бол бусад бүх зүйлийн адилаар байнга хувьсаж, өөрчлөгдөж байдаг. Гагцхүү зөв тийшээ юү, буруу тийшээ юү гэдэг л чухал юм. Мэдээж та амьдралынхаа жолооч нь болохоос зорчигч биш учраас бүх боломж таны гарт бий.


М.ХАТАНЗОРИГ
 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?