Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хорихын 72 цагийг 24 цаг болгоно

Сэтгүүлчийн үг

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдан гарсан билээ. Ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн дээрх хуулиуд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Ийнхүү олны хэл ам дагуулж нэлээн шүүмжлэлтэй тулгарсан хоёр хууль эцсийн байдлаар гарсан бол араас нь процессын гэх тодотголтой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл хэлэлцэх шатандаа явж байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар гэмт хэрэгтэн, сэжигтэн, яллагдагч, хохирогч нарт эдгээр хууль ямар байдлаар үйлчлэх вэ гэдгийг тодорхой тусгаж гаргах, хуучин хуулиндаа өөрчлөлт шинэчлэлт оруулах ёстой гэж үзсэн учраас дээрх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад багагүй хугацаа өнгөрсөн юм.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар гэмт хэрэгтэн, сэжигтэн, яллагдагч, хохирогч нарт эдгээр хууль ямар байдлаар үйлчлэх вэ гэдгийг тодорхой тусгаж гаргах, хуучин хуулиндаа өөрчлөлт шинэчлэлт оруулах ёстой гэж үзсэн учраас дээрх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад багагүй хугацаа өнгөрсөн юм. Харин одоо хэлэлцэх шатандаа явагдаж байгаа бөгөөд батлагдаад гарчих байх гэдэгт хууль боловсруулж өргөн барьсан алба хаагчид итгэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл заалтад өөрчлөлт орж байгаа талаар сонирхуулъя.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг тунхаглалын шинжтэйгээр бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн тухайн шатны ажиллагаа, оролцогчийн эрхтэй холбон зааснаар уг зарчим бодитойгоор хэрэгжих, хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид ойлгож хэрэглэхэд хялбар болно гэж үзэж буй.

Тухайлбал, яллагдагчийн эрхийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, эрүү шүүлт, хүнлэг бус харилцаанаас ангид байх, халдашгүй байх, гэм буруугүйд тооцох, шүүхэд хэргээ сонсгох зарчимтай холбон тодорхойлсон.

Одоогийн Эрүүгийн хэрэг хянан шийтгэх хуульд тусгасан нэмэлт, өөрчлөлт болон шинээр нэмэгдсэн онцлог зохицуулалтыг товч дурдвал:

-Шинэ хуулийн төслөөр сэжигтэн гэж байхгүй болж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл шууд яллагдагчаар татах юм байна.

-Одоо үйлчилж байгаа хуулинд эхлээд сэжигтнээр татан шалгаж байгаад яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Тэгвэл Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулиар бол шууд яллагдагчаар татна гэсэн үг юм.

-Эзэнгүй хэргийг түдгэлзүүлэхгүй хэрэг бүртгэлт хийгээд шалгаад явах юм байна. Эзэн холбогдогчийг илрүүлсэн бол мөн л шууд яллагдагчаар татах юм байна.

-Одоо мөрдөж байгаа хуулиар 72 цаг цагдан хорьдог байсныг больж, 48 юмуу, эсвэл 24 цагаар цагдан хорьдог байхаар яригдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс баримт бичгийг танилцуулах, хүргүүлэхэд баримтлах журмыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг шүүх, прокурорт дуудан ирүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан заасан.

Мөрдөгч гэрч, хохирогч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай бол прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэхээр, мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл прокурорын хүсэлтийн дагуу албадан ирүүлэх тухай шийдвэр гаргахаар заасан.

-Өмгөөлөгчийн явуулах үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, оролцоог өргөжүүлэхээр тусгасан. Шаардлагатай тохиолдолд тодорхой ажиллагаануудад хүний эрхийн зөрчил гарахаас сэргийлж, томилогдсон өмгөөлөгч оролцуулж болохоор заасан. Өмгөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа болгож хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа эрүүгийн хэрэгтэй нь холбогдуулан өмгөөлөгчөөс мэдүүлэг авах, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглосон.

-Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, прокуророор баталгаажуулж, хавтаст хэрэгт тусгахаар нэмсэн байна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд зүйл, хөрөнгийн үнэлгээ хийх асуудлаар байнга маргаан гардаг, түүнийг тухайлан зохицуулсан хууль байдаггүй зэргийг харгалзан хуулийн төслийн шинжилгээ хийх гэсэн бүлэгт эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж, шинжилгээ хийлгэхээр заалаа.

-Цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг цээрлүүлэх, шийтгэх хэрэгсэл болгон ашиглахыг халах зорилгоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа яллагдагчид тодорхой үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах болон гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс бусад тохиолдолд цагдан хорихыг хориглосон.

-Цагдан хорих хугацаа 24 сар байсныг богиносгож, 18 сар болно.

-Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахад түүний хууль ёсны эрх ашгийг хангахад анхаарч, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай богино хугацаанд явуулах боломжийг шүүх хангаж ажиллана гэх мэт шинэ өөрчлөлтүүд тусгагдсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?