Б.Тунгалагтамир: С.Ванчигдоржийгоо зун гэр бүлээрээ ирхэд нь гүүгээ бариад чимчигнэсэн сайхан айраг бэлдээд сууж байна даа

Сэтгүүлчийн үг

Нялх ногоо үндсээ түрэн ургажээ. Хаашаа л харна ногоон туяа хөндий талаар зэрэглээтэх аж. Нойтон цас юм уу, бороо орж газрын хөрсөнд багахан чийг өгөхөд л ногоо ёстой л суга ургах дээрээ байна. Адууны захад гүү унагалж, засаатай үрээ хэдэн байдсан гүү хурааж ийш тийш нь элдэж чавхдаад, хонин сүргийн захад эхийнхээ сүүнд цадсан хурга, ишиг тонгочиж тоглоод урин цагийн хавар цаанаа л нэг тэнүүхэн байна. Төв аймгийн Өндөрширээт суманд өнгөрсөн амралтын өдрөөр очлоо. Бид тус сумын залуу малчин Б.Эрдэнэбатын гэрт, бүр тодруулж хэлбэл “Авьяаслаг монголчууд” шоуны гурав дахь алтан баззерын эзэн, шилдэг 32 авьяастны нэг Б.Тунгалагтамираас ярилцлага авсан юм. Тэрбээр энэ хавар “25 дугаар суваг” телевизийн “Ар, Өвөр Монголд нэг удаа” шоу нэвтрүүлэгт оролцсон билээ. “Явсан хүнээс үг дуул” гэсэн эртний үг байдаг. Тэгвэл Өмнөд Монголын малчид хэрхэн амьдарч байгаа талаар ийн хөөрөлдлөө.

-Өмнөд Монголд хэд хоноод ирсэн бэ. Манай улсын малчид болон Өмнөд Монголын малчдын амьдралын талаар ярилцлагаа эхлэх үү?

-“25 дугаар суваг” телевизийн найруулагч өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр “Ар, Өвөр Монголд нэг удаа” шоу нэвтрүүлэг хийх гэж байгаа юм. Таныг нэвтрүүлэгтээ оролцуулах гэсэн юм. Та Улаанбаатарт хэзээ ирэх вэ. Таныг энд ирэхээр уулзаж ярилцмаар байна” гэж хэлсэн. Би ч “Сар шинийн баяр дөхүүлээд л очно. Цагаан сарын бэлэг, сэлт, тавгийн чихэр авах ажилтай” гэж хэлсэн.

Ингээд хэд хоногийн дараа хот ороод очиж уулзсан. Тэгэхэд “Ар Монгол болон Өмнөд монголчуудын амьдралыг олон нийтэд харуулсан шоу нэвтрүүлэг. З.Алтай захирал таныг бидэнд санал болгосон” гэж хэлсэн. “Монгол HD телевизтэй хамтран ажиллах гэрээ маань дуусаагүй учраас өөр телевизийн нэвтрүүлэгт орж болох уу, үгүй юү гэдгээ асуусан. Үүний дараа нөхөртөө хэлж байгаа юм. Манай хүн яахав дээ “Битгий дэмий юм яриад бай” гээд л нөгөө хэлдэг үгээ л хэлж байгаа юм. Гэхдээ манай хүний “Битгий дэмий юм яриад бай” гэж хэлж байгаа үг чинь “Яв яв” гэсэн үгний эхлэл байхгүй юу. Ингээд нэвтрүүлэгт орох саналыг хүлээж авсан даа. Яг мал төллөх үеэр очих болж таарсан. Хөдөөгийн малчид бидний жилийн дөрвөн улиралд гадаа гандаж, хөдөө хөхөрч явсан ажлынхаа үр дүнг үздэг цаг үе. Ингээд малаа төллөхөд байхгүй байх болж таарсан. Бид гуравдугаар сарын 15-ны өглөө Улаанбаатар хотоос Өмнөд Монголын Шилийн гол аймаг руу хөдөлсөн. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаар дайрч, Бичигтийн боомтоор хил гарсан. Хятадын хилийн боомт дээр нэлээн удаан шалгуулж зогссон. “Осмо” гээд камерны гаднах хайрцаг нь буу шиг хэлбэртэй юм билээ. Хилийнхэн буу байна гэж андуураад зөндөө шалгасан. Хил дээр “Одон” телевизийн найруулагч, С.Ванчигдорж биднийг хүлээгээд зогсож байсан. Тэдэнтэй уулзаад засмал замаасаа гараад шороон замаар 130 гаруй километр яваад С.Ванчигдоржийн гэрт яваад очсон. Тэгсэн бөөн асуудал болоод бүгд сандарцгаасан шүү.

-Ямар асуудал үүссэн юм бэ?

-Бид хилээр гараад “Ухаалаг” студийн захиралд хэлэх байсан юм билээ. Тэгсэн тэдэнтэй уулзалгүй шууд С.Ванчигдоржийн гэр рүү явчихсан. Тэгсэн тэндхийн хууль хяналтынхан “Монгол Улсын дугаартай машин хилээр гараад хулгайн замаар шууд яваад өглөө” гээд мэдээлэл өгчихсөн байсан. Биднийг С.Ванчигдоржийн гэрт очоод зураг авалтаа дөнгөж эхэлж байтал цагдаагийн хувцастай, жирийн хувцастай хүмүүс хүрээд ирдэг юм байна. Хэдэн талаас зураг дараад л бөөн сүр болсон. Би ч “Та нар намайг энд авчраад гэмт хэрэгтэн болгочихож байгаа юм биш биз дээ” гээд л асуугаад авсан. Кинонд гардаг шиг өмнөөс, хажуугаас зураг аваад байгаа юм чинь. Цагдаа нар нь Монгол Улсын дугаартай машин хил гараад шууд хулгайн замаар явчихлаа гэсэн мэдээлэл ирсэн гээд л шалгаж гарсан. Ингээд бид зорьж очсон айлаасаа Шилийн гол аймагт очиж дарга нартай нь уулзлаа. Албан ёсоор заавал мэдэгдэж зөвшөөрөл аваад нэвтрүүлгээ хийх ёстой байсан юм билээ. Манайхан болохоор хоорондоо яриад л түс тас тохирсон болохоор шууд нэвтрүүлэг хийх айлдаа очиж болно гэж бодсон шиг байна лээ. Ингээд нэвтрүүлэг эхэлсэн цагаас хойш хоёр, гурван дарга нь биднийг байнга дагаж явсан. Өмнөд монголчуудын аж амьдралыг олон нийтэд гаргах гэж байсан учраас ямар нэгэн алдаа гараад, буруу ойлголт төрчих вий гэж урьдчилан сэргийлж байна гэж санагдсан. Галаа ноцоож байхад дизель шиг зүйл зуухандаа хийж байгаад модоо асаачихаар “За энэ хэсгийг оруулахгүй шүү. Энэ зураг авалтыг нэвтрүүлэгт оруулмааргүй байна. Жинхэнэ монгол уламжлалаар асааж зураг авахуулах ёстой” гэдэг ч юм уу, хөндлөнгөөс хяналт тавиад байсан.

-Та Өмнөд Монголд анх очсон сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Анх ямар бодолтой очсон. Эргэж ирэхдээ анх бодож байсан бодол нь өөрчлөгдсөн үү?

-Үнэнийг хэлэхэд анх Өмнөд монголчуудын талаар шал өөр ойлголттой очсон. Ихэнх нь хятаджсан хүмүүс байдаг байх. Бүр Хятадын цустай хүмүүс л байдаг гэсэн зүйл бодоод очсон. Тэгсэн бидний очсон айлын гэрийн эзэн Ванчигдорж зөвхөн монгол хэлтэй. Хятад хэл огт мэдэхгүй байх жишээтэй. Эрчүүд нь адуу их сонирхдог хүмүүс санагдсан. Бурхан шүтнэ гэсэн ойлголт байхгүй. Айл болгоны гэрийн хойморт Чингис хааны зураг байна. Ерөөсөө л Чингис хааныг бурхан мэт шүтсэн хүмүүс байна лээ. Монголчууд ирлээ гэхээр их сайхан хүлээж авна. Анх хүлээж авч зочилж байгаагаас эхлээд маш сайхан санагдсан. Их зочломтгой, хоол ундаар дайлах сонирхолтой их сайхан хүмүүс байсан. Ийм нэвтрүүлэг гарах гэж байна гэдгийг дуулаад тусгайлан гэр гаргаж барьсан байсан. Харин Өмнөд Монголын малчид бүгд тэндээ байшин барьчихсан. Их тохилог амьдардаг. Бэлчээрийн хувьд цаанаасаа хэсэгхэн газрыг өмчлөөд өгчихсөн. Тэр хашаанд мал нь бэлчээрлэх ёстой. Цаанаас нь зааж өгсөн газрын хашаанаас мал нь гарах ёсгүй. Өөр айлын хашаанд орчих юм бол их хэмжээний төлбөрт унадаг гэсэн. Бага газарт бэлчээрлэж байгаа ч гэсэн мал нь их тарган, эрүүл, ямар нэгэн өвчин байхгүй. Айл бүрийн мал угаадаг ванн нь сүүлийн үеийн янзын шийдэлтэй юм байна лээ. Нэмэгдэл тэжээл өгдөггүй мөртлөө мал нь жилийн дөрвөн улиралд тарга тэвээрэг огт алддаггүй гэсэн. Мал нь тарган байгаад байдаг цаад шалтгаан нь хөдөлгөөн бага байдаг болохоор тарган байдаг юм шиг санагдсан.Хөдөлгөөнгүй суугаад хоол унд идээд байгаа хүн таргалаад байдагтай адилхан юм билээ. Хашаатай болохоор малдаа санаа зовох юмгүй. Энд тэнд хонь хургалж л байдаг. Тэнд нь үлдээчихээд л хүрээд ирдэг. Их ажилтай үед хонио орой үдэш огт хашихгүй. Том хашаатай болохоор алга болчихно гэж санаа зовохгүй амар тайван суудаг. Миний очсон Ванчигдоржийнх тавхан ямаатай. Ямаа адтай амьтан болохоор хашаа даваад айлын хашаа руу орж өр төлбөрт унагаж магадгүй гээд цөөхөн ямаатай байдаг гэсэн. Гэхдээ хийж байгаа зүйлс, ёс заншил гээд олон юм нь бидэнтэй адилхан.

-Та гэрийн эзэгтэйд нь хуушуур хийхийг зааж өгөөд байсан. С.Ванчигдорж танайд цуйван идээд гайхаад байх шиг байсан?

-Чимхсэн гурилтай шөл гээд хоол бидэнд хийж өгсөн. Тэр нь манайхны тасалсан гурилтай шөл байсан. Мах чанаж өгсөн. Бууз хийдэг юм билээ. Өөр үндэстний хоол гэж байхгүй гэсэн. Мах чанахаар нь гурилаар бүтээх үү гэж асуухаар гайхаад байгаа юм. Мах чанахаараа шөлөнд нь будаа хаяж иддэг гэж ярьсан. Уг нь хуушуур, цуйван Хятадаас гаралтай гэгддэг. Гэтэл эдгээр хоолыг ерөөсөө мэдэхгүй байсан. Гэрийн эзэгтэйд нь хуушуур хэрхэн хийхийг зааж өгсөн. Миний хувьд С.Ванчигдоржийг анх сонгохдоо Монгол Улсад Өмнөд Монголын ёс уламжлал, зан заншлыг энэ хүн сурталчилж чадна гээд сонгосон. Харин намайг бол хүнээ хараад сонгочихсон юм шиг санагдсан. Уг нь хаврын цагт очиж байгаа болохоор надаар ямаа самнуулах хэрэгтэй байсан. Тугаллах дөхсөн үнээг үзээд хэзээ тугаллах вэ, осгосон ишгийг яаж босгож ирдэг гэдгийг нь харуулж, хэлүүлэх малчин ухааны талаар сорьсон зүйл ерөөсөө байгаагүй. Бид очоод хоёр хоносны дараа мал нь төллөж эхэлсэн. Гэхдээ мал төллөлөө гээд эздэд нь ямар ч зовлон байхгүй. Нэг хонь хургаа голсон байсныг авахуулсан. Хотны ноос малтах, хөрзөн оруулах, адууны хомоол цэвэрлэх, өвс малд хаяж өгөх л ажил хийсэн дээ. Өөр сүйдтэй ажил байхгүй. Иймэрхүү байдалтай арав хоносон. Өмнөд монголчууд манай телевизийн сувгуудыг байнга үздэг. Гэртээ Монголоос суваг хүлээн авагч худалдаж аваад тавьчихсан. Ингээд Монголын бүх сувгийг үзээд сууж байдаг юм билээ. Манай улс эх оронд болж байгаа зүйлийг биднээс илүү сайн мэддэг. Мэдээлэл ихтэй байгаа юм. “Авьяаслаг монголчууд” шоуны Чимгээ шүүгчийн алтан баззер манай хошуунд иржээ” гээд тэр хавьд бөөн шуугиан болсон. Надтай танилцаж, хамтдаа зураг авахуулах гэсэн олон хүн ирсэн. С.Ванчигдоржийн эхнэр анх намайг “Нөгөө хүүхэд нь халуураад хот яваад шоунд ордог эгч байна” гээд л таних жишээтэй. Тэнд намайг ихэнх нь таньж байгаа болохоор өөр улсад байна гэсэн бодол огт төрөөгүй.

-Өмнөд монгол малчдыг төрөөс нь хэр дэмждэг юм байна. Малын мах ямар үнэтэй байсан бэ. Энэ талаар сонирхож үзсэн үү?

-Монголын малыг өвчтэй гэсэн их буруу ойлголттой байдаг юм билээ. Тэдэнд аймаг сум болгоны мал өвчтэй биш. Цаг тухайн үед нь туулга, тарилга, вакцин хийдэг гэдгийг ойлгуулж хэлж өгсөн. Малчдыг төрөөс нь маш сайн дэмждэг болохоор их бийлэгжүү. 100 гаруй малтай айлын амьдралыг дэмжихийн тулд сар бүр 1000 юань өгдөг. Газрынхаа даацыг хэтрүүлэлгүй малаа тоонд нь барьж байгаа тохиолдолд малчин айл бүрт жилд монгол мөнгөөр 30-35 сая төгрөгийг урамшуулал болгоод өгнө. Улиралд нэг удаа бүх малчнаа эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулаад шаардлагатай эм тариаг нь цаанаасаа үнэ төлбөргүй өгчихдөг. Хавар, намрын улиралд малд нь чанарын шаардлага хангасан, хүлээн зөвшөөрсөн тарилга, туулга хийгээд өгчихнө. Жил болгон малыг нь улс нь өндөр үнээр худалдаад авчихдаг. Мал төхөөрөх энэ тэр гэсэн асуудал огт байхгүй. Хургалах 350 хоньтой айл гэхэд төлөө бүгдийг нь улсдаа зарж борлуулаад 100 гаруй сая төгрөгийн ашиг олчихдог. Хоёр килограмм мах 60 гаруй мянган төгрөг. Төлөг 400-500 мянган төгрөгт хүрдэг юм билээ. Тэгэхээр малчдын амьдрал үнэхээр боломжийн санагдсан. Тооцоо гаргаж үзэхэд манайхны хоёр мянган малтай айлаас 350 тоо толгой малтай айл илүү их орлоготой байсан.

-Та бүхэн эргэж ирээд танай гэрт нэвтрүүлгээ үргэлжлүүлсэн. С.Ванчигдорж их ядарсан гэнэ үү?

-Өмнөд Монголд хийх ажилгүй хэд хоноод сүүлдээ тэр айлын мах шөлийг ч барах шинжтэй. Нэвтрүүлгийн багийнхантайгаа нэг хоол хийхдээ хонины махны бүтэн гуяар хийж байгаа юм. Ингээд нэвтрүүлгийн найруулагчтайгаа ярьж байгаад Монголд, манай гэрт нэвтрүүлгээ үргэлжлүүлэхээр болсон. Ингээд гэртээ ирсэн. Манайх хаваржаандаа нүүгээд буучихсан. Жижиг гэрээ дээш нь буулгачихсан тав тух муутай байсан. Мал ид төллөж байхад эргэж ирж таарсан. С.Ванчигдорж ямаа самнаж чадахгүй болохоор өглөө босоод цайгаа уучихаад хонинд яваад бага үд өнгөрөөгөөд ирнэ. Өглөө босоод л “Би хонь хариулна шүү” гээд яваад өгнө. Адуу ярихаар нүд нь сэргээд явчихна. Хүмүүс цахим сүлжээгээр энэ хэд өмнөд монгол залууг аймаар их ажил хийлгээд зарж өгч байна гээд л их шүүмжлээд байсан. Үнэндээ Ванчигийг яс махыг нь хаттал зарсан зүйл ерөөсөө байхгүй. Нүүрэндээ тос түрхсэн цагаан хүн анх ирээд хээрийн салхинд хэд хоног яваад царай алдчихаж байгаа юм. Эхэндээ гар, хөлөө угаагаад их цэвэрч байсан гэсэн. Сүүлдээ нүүрээ тослохоо ч байсан. Өдөрт нэг ямаа л самнаж чадна. Биднийг өдөрт 10-12 ямаа самнахаар гайхна. Хүний амьдрал болсон хойно арай үнэтэй байгаа дээр нь ноолуураа өгөх гээд нэвтрүүлгийнхээ дундуур ямаагаа самнасаар байгаад л таарсан. Гэхдээ Өмнөд Монгол яваад үнэ нь буучихсан байхад ноолуураа өгсөн. Нөхөр “Чи ийш тийшээ явснаас болоод ноолуураа олигтой үнээр өгч чадаагүй” гээд л зэмлээд байгаа. С.Ванчигдорж адуунд их эрэмгий, уургалаад авахад л шууд мордоод булгиулж байгаа юм. Зайдан мордчихоод булгиулахад унахгүй, тогтоод байх шинжтэй байна лээ. Их сайхан нэвтрүүлэгт орсондоо үнэхээр их баяртай, сэтгэл хангалуун байгаа. Ирэх зун манайд С.Ванчигдорж гэр бүлээрээ зочилж ирнэ гэсэн. Ирэхэд нь гүүгээ бариад чимчигнэсэн сайхан айраг бэлдээд сууж байна даа. Одоо ирэхэд нь их сайхан хүлээж авна гээд л нөхөр бид хоёр хоорондоо яриад байгаа. Манай хүн түүнийг явахад нь “Чамайг энэ удаад нэвтрүүлгийн журмаар, дээр нь туслах малчнаар ирлээ гэж ойлголоо. Ирэх зун бол зочны ёсоор хүлээж авна аа” гэж дуугарч байна лээ шүү.

эх сурвалж:өдрийн сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Zochin [103.26.194.xxx]

    Saihan busgui shuu. Az jargal husey.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?