Хүү чинь аавдаа үнсүүлнэ ээ

Сэтгүүлчийн үг

/Нагац ахынхаа гэгээн дурсгалд зориулав/


Салхи сэвэлзээд даараа юу, би. Нөмөрсөн хөнжил нимэгдсэнийх лав биш. Ухаан минь саруул байна. Залуу нас ард хоцорчээ. Хүү минь ирээсэй гэж би бодохгүй. Хүлээсэн сэтгэл надад үгүй. За даа, дэмий бодлоор яахав...
Тунгалаг усны дэргэд хүүтэйгээ уулзлаа. Яагаад ч юм яг тэрхэн мөчид наран шингэж байх юм. Амжаад ирлээ хүү нь гээд хацраа өглөө. Аяа тэгтэл, өвөө сэрээч ээ гэх өнөөх бяцхан хоёр зээгийн шулганаан. Би тэднийг асардаг. Тэд ч намайг асардаг.
Арван жил ард үлдчихжээ, хүү минь яваад. Тэнгэрт онгоц хүнгэнэхэд хүү минь ирээ юм болов уу гэх. Тэгснээ өөрөөсөө ичнэ. Намрын салхи бүхнийг ичээнэ. Намайг бас мартахгүй аж.
Салхин гүүрээр аавын үнэр, алсын алсаас ч ирдэг юм гэсэн. Гэтэл үгүй, цаг өөр болчихоо юу. Хоосноос хүн болдог, хорвоогийн жамаар тэнгэрийн хаалга нээгддэг орчлон. Тэртээ хол Америкийн эргийн Гэрэлт цамхаг үзэгдэх шиг.
За яах вэ, хүү минь сайн явж байгаа биз. Салхины чимээнээр аав нь мэдэрч байна. Ирээд яахав гэж өөрийгөө тайвшруулах ч, итгэлийн үзүүр ер бөхөхгүй юм, ай хөөрхий.
Арван жилийн өмнө, аав минь ануухан байсан даа. Арай ч үхчихгүй байлгүй гэх хүүгийн бодол, хүлээсгүй сэтгэл. Аав нь алзахгүй ээ. Ажлаа сайн хий гэсэн.
Тэр жил би залуухан байж дээ. Аавдаа очиж амжихгүй явна гэхэд ажлын газрын насжуу ах:
Чи тэгээд хэдэн жил уулзаагүй юм гэж билээ. Гайхсан би:
-Гурван жил гэж гудиг ч үгүй хэлж билээ.
-Тоогүй юм болвол яана. Настай хүмүүс яншаад байдаггүй юм. Яг л нэг удаа хэлдэг юм гэв.
-Бэлгэгүй юм битгий ярь, ах гуай. Миний аав үхэхгүй, мөнх оршино гэж билээ. Ах нь олон жилийн өмнө чиний адил боддог, сэтгэдэг байсан юм.
-Аавын чинь бие тааруу байна шүү гэлээ. За яахав, завтай үедээ нэг очно гэж бодно. Залуу насны тэнэглэл энэ. Тэр нэг өглөө би нуур, далай шиг их нулимс унагасан юм.
Аав чинь бурхан болчихлоо гэхэд юу ярьчихав гэсэн шиг алмайрч хэсэг зогссон гэдэг. Тэгээд л гараад гүйсэн дээ. Нулимс мөн ч их асгардаг юм билээ. Яг тэнгэрийн бороо цутгах шиг. Тэгэхэд би аавдаа гурван жил очоогүйгээ санасан. Хаалгыг нь татан орлоо. Харин аав минь бурхан болчихсон байсан. Тэнгэр нурж, газар цөмрөх шиг болсон, тэгэхэд. Даанч яав даа гээд үстэй толгойгоо зулгаасан би.
-Харамсам тэр өдрөөс хойш 30 жил өнгөрчээ. Ах нь жил өнжилгүй эцгийнхээ гантиган чулуун гоёотой газар дээр очдог юм. Гомдсон юм байлгүй, надад аав минь. Ганц удаа ч зүүдэнд минь ирээгүй дээ, дүү минь гэж намуухнаар ярихыг сонссон манайхан нам гүм.
Нүд дүүрэн нулимс мэлгэнүүлсэн би, “Аав минь та азнаж байгаарай, охин чинь одоо очлоо” гэж хэлээд ухасхийн бослоо. Амжиж очиж, аавдаа би үнсүүлсээн. Энэ өчүүхэн миний бахархал, бас аз байсан юм.
Тийм ээ, Аав тань амжиж очихоос чинь өмнө алсын замд гарчих буй за. Асарч тойглохгүй ч, хүүгээ хүлээсэн сэтгэлийг нь гомдолд битгий унагаарай. ХҮҮ ЧИНЬ ИРЖ ҮНСҮҮЛНЭ ЭЭ, ААВ ТАНЫ. Салхи сэвэлзээд даараа юу, би. Нөмөрсөн хөнжил нимэгдсэнийх лав биш. Ухаан минь саруул байна. Залуу нас ард хоцорчээ. Хүү минь ирээсэй гэж би бодохгүй. Хүлээсэн сэтгэл надад үгүй. За даа, дэмий бодлоор яахав...


Сэтгүүлч, зохиолч Баттөрийн ДААРИЙМАА



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [103.26.194.xxx]

    Мэргэжилдээ үнэнч бүсгүй шүү.

  • Зочин

    Зочин [150.129.140.xxx]

    Амжилт

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?