Л.Нинжжамц: Зорьсныхоо төлөө зоригтойхон ажиллана

Сэтгүүлчийн үг

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцтай ярилцлаа.


-Та энэ байгууллагад шинэ хүн биш. Өмнө нь энд удирдах ажил бас хийж байсан. Эдүгээ Ерөнхий захирлаар нь ажиллаад тодорхой хугацаа өнгөрч байна. Ажил тань сайн уу?

-Эхлээд танай сонины өнөр уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тийм ээ, би өнгөрсөн онд энэ байгууллагадаа эргэн ирж ажиллах боломж олдлоо. МҮОНРТ-ийн дэд захирлын сонгон шалгаруулал-тад оролцож, дэд захирлаар томилогдсон. Он гармагц МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад есөн хүнтэй өрсөлдөж тэргүүлэх болзол хангаж, Үндэсний зөвлөлийн тогтоолоор Ерөнхий захирлаар томилогдсон. Бүрэн эрхээ хэрэгжүүлээд гурван сар болж байна даа. байгууллагад маань хийх ажил их байна. Бүх түвшинд шинэчлэл өөрчлөлт хийх, боловсон хүчнээ чамбайруулах, уран бүтээлийг чанаржуулах, ажиллагсдын нийгмийн асуудлыг сайжруулах, техник технологийг орчин үеийн эн шаардлагад нийцүүлэх гээд олон ажил хүлээгдэж байна. Төлөвлөлт хийгээд, дэс дараатай ажиллаж байна. Удирдлагын багаа бүрдүүллээ. Ажиллах, өрсөлдөх чадварыг шалгуур болгож, зөвхөн хариуцлага, үр дүн нэхэх зарчмыг баримталж байна.

-Ажлаа авсаар хамгийн түрүүнд бодогдсон асуудал юу байна. Хаанаас нь “барьж” авч байна вэ?

-Юуны өмнө өнгөрсөн жилүүдийн ажлын явцад дүгнэлт хийж байна. Юун дээрээ алдав, онов, хожив гэдгийг нягталлаа. Миний дүгнэлтээс илүү 2016 оны дотоод болон хөндлөнгийн аудит, УИХ-аас гаргасан ажлын хэсгийн санаачилгаар хийгдсэн гурван байгууллагын хамтарсан дүгнэлтэд би их цочирдсон. Тухайлбал, санхүүгийн хувьд эфирийн болон гадаад дотоод гурван тэрбум төгрөгийн өртэй.

-Ийм их өртэй гэж үү. Өмнөх парламентын үед төсвийг нь хассанаас үүдэлтэй юү?

-Би зөвхөн бодит баримт, байгаа байдлыг л ярьж байна. Хэнээс, юунаас, хаанаас үүдэж ийм байдалд хүрснийг олон нийт мэдээж ойлгож байгаа. Энэ байгууллага бол үндэсний нэн чухал обьект. Яагаад ийм байдалд орсныг яллахаас өмнө миний хувьд ийм нөхцөл байдалтай ажил хүлээж авснаа хэрэглэгчдэдээ, ард түмэндээ хэлэх хэрэгтэй, эрхтэй. Нийт өр төлбөр оны эхнээс 1,249,449.9 мянган төгрөгөөр өссөн. Хураамжийн орлого, төсөл хөтөлбөрийн орлогоос бусад орлогын төлөвлөгөө тасарч, нийт зардал 660,175.4 мянган төгрөгөөр хэтэрсэн байна. Төрийн банкнаас авсан зээлийг нөхөх эх үүсвэрийг бүрдүүлээгүйгээс нийт 1,865,235.8 мянган төгрөгийн үргүй зардал гаргажээ.

Завсрын аудитын явцад МҮОНРТ нь өөрийн үйл ажиллагаанд хамааралгүй 20 гаруй ААНБ-ыг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байсан бөгөөд дээрх байгууллагуудын цахилгааны төлбөрийг төлж байснаас шалтгаалж 213,384.7 мянган төгрөгийн авлага үүссэн байсан. Түүнчлэн Нийгмийн даатгалын тайлангаа буруу гаргаж их хэмжээний торгууль тавигдаж байна. Мөн өмнөх захирал маань Засгийн газраар баталгаа гаргуулж Хятадтай 25 сая долларын концeсын гэрээ хийж Хятадын компанид төлнө, үзэгчдээс авдаг нэвтрүүлгийн үйлчилгээний хураамжийг нэмж 10 жилийн турш 50 тэрбум төгрөг төлнө гэж хий төсөөлөл ярьсны балгаар манай байгууллага наад захын техникийн сэлбэг, уран бүтээлчдийн өдөр тутмын хэрэгцээ камeр, компьютeр, суух сандал ширээ, микрофоноо авах төсвийг 2017 онд суулгаагүй байна. Хамгийн их сэтгэл эмзэглэж байгаа асуудал “Сэтгэлийн үндэс” хэмээх аян байсан. МҮОНРТ гэсэн сайхан нэрийн дор сайхан ажил санаачлаад байгууллага, хамт олон, хувь хүнээс 400 гаруй сая төгрөг бэлэн болон бэлэн бусаар төвлөрүүлэн цэцэрлэгийн ажлыг эхлүүлсэн боловч тууштай ажиллалгүй эзэнгүй хаячихсан байгаа юм. Бид үүнийг цааш нь тодорхой шийдэлд хүргэн, олон нийтэд мэдээлнэ.

-МҮОНРТ-ийн удирдлага, бүтэц зохион байгуулалт ойр ойрхон солигддогоос болоод тогтворгүй байдал үүсдэг хэмээн шүүмжилдэг. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ?

-2015, 2016 онд МҮОНРТ нь бүтцийн өөрчлөлтийг таван удаа хийсэн нь улс төрийн халаа сэлгээ хийх боломж олгосон байна гэж “ОНРТ-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх ТББ-н хорооны дүгнэлтэд” дурджээ. Тухайлбал, жил гаруйн хугацаанд Монголын мэдээ сувгийн захирал дөрвөн удаа, ОНРТ-ийн Дэд захирал гурван удаа, MNBI сувгийн захирал гурван удаа солигдсон байна. Үүнд дүгнэлт хийж 2017 оны эхний улиралд МҮОНРТ-ийн Үндсэн үйлдвэрлэлийн салбар буюу МҮОНР, МҮОНТ, Монголын Мэдээ сувгийн сэтгүүлч, уран бүтээлчдийн саналд үндэслэн Захирлуудын зөвлөлөөрөө хэлэлцэн туршилтын журмаар, тодорхой хугацааны дараа үр дүнг нь тооцож бүтцээ хэлэлцэхээр зарим өөрчлөлтийг эхлүүлээд байна. Тогтворгүй байдал ингэж их үүсгэснээр уран бүтээлийн чанар чансаа муудаж, хэрэглэгчдийн эрх ашиг хангагдаагүй гэж үзэх үндэстэй. Үүнийг тогтворжуулах, үр бүтээлтэй, чанартай ажиллахыг байгууллагын бүхий л түвшинд хэлж, ярьж, өөрчлөлтийг эхлүүлээд явж байна. Ерөнхий захирлын ажлыг хийж эхэлснээс хойш ажлын байранд удаа дараалан архидан согтуурсан, реклам сурталчилгааны орлогыг хувьдаа шамшигдуулсан, эфирийн ноцтой зөрчил гаргасан зэрэг үндэслэлээр хэд хэдэн хүн ажлаас чөлөөлөгдсөнийг эс тооцвол хүний нөөцийн тогтвортой ажлын байр, тогтмол орлого гэсэн үндсэн зарчим хэвийн байгаа.

-Та гүйцэтгэх удирдлагын баг гэж ярилаа. Одоо та өөрөө ямар баг бүрдүүлсэн бэ?

-Би энэ байгууллагад ирээд мэргэжлийн уран бүтээлчдийг түшиж ажиллана гэж бодсон юм. Ирээд л явдаг гадны хүмүүсээс энэ хүмүүст арай өөр, арай чадамжтай, илүү сэтгэлтэй ажиллах болов уу гэж итгэж найдсан. Тэр ч утгаараа энэ телевизэд залуу насаа, урам зоригоо, авьяас билгээ зориулсан хүмүүсээр багаа бүрдүүлсэн.

-МҮОНРТ-ийг маш олон хүнтэй гэдэг. Үнэхээр тийм юм уу?

-Олон гэж харвал олон л гэх байх. Гэхдээ энд ажиллаж байгаа 680 хүн хэдэн салбарт ажиллаж байгааг хүмүүс сайн ойлгодоггүй юм. Би жаахан тодруулга хийе. ОНТ-ийн I, II суваг, ОНР-ийн гурван суваг, mnb.mn цахим хуудас, дэмжих салбар гэхчилэн үндсэндээ зургаан байгууллага байгаа юм. Ингээд ултайхан үзэхээр үндэсний соён гэгээрэл, ардчилал, тусгаар тогтнолын тодорхой илэрхийлэл болсон ийм байгууллагыг энэ дайны баг хамт олон тулах л учиртай.

-Тэгвэл энэ 680 хүний дундаж цалин хэд байдаг юм бэ.

-МҮОНРТ нь 2010 оноос хойш цалин хөлсийг хоёр удаа нэмэгдүүлсэн (2012, 2014 онд) байдаг. 2012 оны нэгдүгээр сараас нийт ажиллагсдын цалинг 50 000 төгрөгөөр, дөрөвдүгээр сараас 29.2- 36 хувиар нэмэгдүүлсэн байна. Тухайн үед ажиллагсдын дундаж цалин 627000 төгрөг байжээ. 2014 онд цалин хөлсийг 20 хувиар нэмэгдүүлснээс хойш 2015, 2016 онд өөрчлөлт ороогүй байна. Харин 2017 оны гуравдугаар сарын 1-нээс тогтмол 52 000 төгрөгөөр нэмэгдүүлснээр дундаж цалин 802 568 төгрөг боллоо.

-Нийгмийн асуудлуудын хүрээнд та ямар бодлого барих вэ?

-МҮОНРТ-ийн ажилтан албан хаагчдын II ээлжийн орон сууц ашиглалтад орж ажиллагсад орон сууцаар хангагдаж Цагаан сарын өмнөхөн захиалсан байрандаа орцгоосон. Манай улсын эдийн засаг хүндхэн байгаа ч орон сууцанд орсон ажилчдадаа орон сууцны зээл олгуулж чадлаа. Би МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд өрсөлдөх Мөрийн хөтөлбөрийнхөө гол цөмийг ХҮН гэж тодорхойлсон. Мэдлэг боловсролтой, өрсөлдөх чадвартай эрүүл хүн байж манай байгууллага хэвийн ажиллана. Иймд саяхан ажиллагсдаа элэгний В, С вирусийн шинжилгээнд хамруулж D витаминыг нь хэмжүүллээ. Мөн ходоодны дуранд оношлуулахад хамрууллаа. Цаашид ч шат дараатайгаар олон ажил төлөвлөж байгаа.

-Саяхан УИХ-аас танай байгууллагад хөрөнгө оруулалтын төсөв баталж өгсөн. Үүнийг хэрхэн үр бүтээлтэй ажил болгохыг тань олон нийт харж байгаа байх аа...

-Тийм ээ, энэ бол хууль тогтоох дээд байгууллагаас манай байгууллага болон сонсогч, үзэгчдэд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж ойлгож байгаа.Энэ хөрөнгө оруулалтаар бид дэлхийн жишигт нийцсэн бүрэн HD форматад шилжих юм. Энэ бол техникийн шинэчлэлт боловч цаад утгаараа уран бүтээлийн чанарт том дэвшил гаргана. Энэ удаагийн техникийн шинэчлэлт бол 50 жилийн түүхэн дэх хамгийн том шинэчлэлт юм. Энэ ажилд байгууллагын хүн бүхэн оролцож ойн өмнө техникийн шинэчлэлээ дуусгаж 50 жилийн ойгоо HD форматаар дамжуулах зорилт тавиад ажиллаж байна.

-Энэ онд МҮОНТ-ийн 50 жилийн ой болно. Энэ хүрээндээ ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Үндэсний зөвлөлийн гишүүдтэй хамтран төлөвлөгөө, төсвөө гарган батлуулаад байна. Хэд хэдэн багц арга хэмжээ төлөвлөсөн байгаа. Энэ бол манай байгууллагын түүхт ой. Бид ойг тэмдэглэх ажлын хажуугаар ойрын гурван жилийн бодлогоо төлөвлөж хөтөлбөрийн бодлогодоо 100 хувь шинэчлэлт хийхээр ажлаа эхлээд байна. Тухайлбал, Монголын мэдээ сувгийн хөтөлбөрийг бүрэн шинэчилж, мэдээллийн сувгуудтай өрсөлдөхүйц хэмжээнд Монголдоо жишиг болгон ажиллаж эхэлсэн. МҮОНТВ байгуулагдсаны 50 жилийн ой есдүгээр сарын 27-нд тохионо. Энэ ойгоо ажил хэрэгч зохион байгуулж, үзэгч сонсогч олондоо чамлахааргүй бэлгийг задална. Шинэ олон ангит кино, баримтат кино, теле жүжиг, шинэ нэвтрүүлгүүд, нийтийг хамарсан томоохон ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон. Бид Монголдоо телевизийн салбарын эхлэл цэг нь байсан, түүчээ нь болж яваа гэдгээ үзэгчдэдээ дахин нотлон харуулах юм.

I, II суваг тус бүр Өглөө хөтөлбөр бэлтгэж, хүн хүч, хөрөнгө мөнгө тарамдаж байсан алдааг засч, “Өглөө” хөтөлбөрийг нэгтгэж, чанаржуулсан. Facebook live-аар үзэгчдийн хандалт тасралтгүй өсч байгаа.Мөн үзэгчдэд танигдсан нэвтрүүлгүүдийнхээ агуулгыг сайжруулж эхэлсэн. I сувгаар Монголын Мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрийг даваа-баасан гаригуудад 11-14 цагт үзүүлж эхэлснээр сүлжээн дэх нэвтрүүлгийн давталт 30 хувь хүртэл багассан. Монголын мэдээ хөтөлбөрийг үзэгчдийн тоо ч нэмэгдсэн. Тавдугаар сарын дундаас I сувгаар “Өдрийн хөтөлбөр” гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Шинэ нэвтрүүлгүүд, шинэ төслүүдийг дэмжин ажиллаж байна. MNB хөтлөгчдөө ямар өндөр босго шалгуураар бэлтгэдэг вэ гэдгийг үзэгчдэд таниулах цоо шинэ шоу зураг авалтын шатанд явж байна. Тун удахгүй үзэгчдэд хүрнэ. Мөн гадаад улсад зураг авалтаа хийх сонирхолтой нэг төслийг тун удахгүй үзэгчдэд сонирхуулна. Робокон-2017 гэх мэт төслүүдийн шинэ дугаар эхэлнэ. Бас гэрэл зураг сонирхогчдод зориулсан шинэ төсөл ч эхэлж байгаа. Гадны студи, бусад арилжааны телевизүүдээ дэмжиж ажиллаж байна. “Монгол тулгатны 100 эрхэм”, “Монгол хүн Монголын баялаг” нэвтрүүлгүүд MNB-гээр гарч эхэлсэн. Мөн тун удахгүй хэд хэдэн продакшнтай хамтарсан нэвтрүүлгүүдээ цацна.

-Танай байгууллага олон салбартай. Ажаад байхад танай удирдлагууд телевизээ л гэх юм. Уг нь радио гэж ууган том айл бий дээ...

-Монголын радиогийн хамгийн урт хугацаатай шууд нэвтрүүлэг 45 минут байсан. Одоо “Тэнхлэг” гэдэг зургаан цагийн хөтөлбөрийг ажлын өдрүүдэд явуулж байна. Дэлхий нийтэд радио сэтгүүлзүйн чиг хандлага сонсогчтой хамтран бэлтгэх шууд хэлбэртэй, урсгал программ бүхий, зохиогчийн хөтөлбөр лүү явж байгаа үед маш том дэвшил гэсэн үг. Цаашид Монголын радио зөвхөн долгионд найдаж суухгүй, сошиал ертөнцөд илүү идэвхтэй байна. Энэ жилийн хувьд Монголын радио “Шинэ медиа хөгжүүлнэ” уриатай ажиллаж, үйл ажиллагаагаа ийш нь чиглүүлж байна. Радиог сонсдог, уншдаг, үздэг болж байна. Монголын радиог гар утаснаасаа сонсож, мөн нөхөж сонсох боломжтой болсон. Монголын радио энэ онд зорилтот нэвтрүүлэг шинээр бий болгож байгаа. “Эрүүл мал эрдэнэ”, “Ногоон хот”, “Даатгалтай малчин”, “Нүүдэлчдийн жимээр...”, “Радио конкурс” зэрэг. Эдгээр нэвтрүүлэг явж дуусахдаа тодорхой хэмжиж болохуйц үр дүнд хүрсэн байх болно.

-Өмнө нь танай телевиз гадны зарим оронд тусгай сурвалжлагчтай байсан. Одоо байгаа юу. Ер нь гадаад харилцаа тань хэр байгаа вэ?

-Одоо Хятадын олон улсын радиод нэг сурвалжлагч ажиллаж байна. Ерээд оны дундуур ОХУ-д манай албан ёсны сурвалжлагч байснаас хойш үндсэндээ тасарсан. Сая ОХУ-ын Россия, Спутник, Russia today зэрэг томчуудтай уулзахдаа хамтарч ажиллахаар боллоо. Мөн дэлхийн 12 улсад МҮОНРТ-ийг төлөөлөх сурвалжлагчдаа Хилийн чанад дахь монголчуудын холбоо ТББ-тай хамтран шалгаруулж зарласан. Мөн ирэх онд MNB WORLD сувгаа нээж түүх өв соёл, мэдээ, байгаль орчин, ногоон хөгжил, нөхөн сэргээлт, аялал жуулчал, түүхэн кинонуудаа англи хэл дээр гаргаж, Монгол Улсаа дэлхий нийтэд таниулан сурталчлах ажил эхлэхээр том зорилт тавьсан байгаа.

-Төгсгөлд нь асууя. Л.Нинжжамц гэж хэн бэ?

-Би сэтгүүлч, хуульч, философич, дөрвөн хүүхдийн ээж. Эдгээр мэргэжлээрээ хорь гаруй жил Засгийн газар, Хэвлэл мэдээллийн байгууллага, телевиз, өдөр тутмын сонинд ажиллаж ирлээ. Ажлыг хийсэн шиг хийж, үр дүнд хүргэхийг зорилт болгож ирсэн. Ухарч шантрах нь миний чанар биш. Эдүгээ өөрийн бие даасан хуультай МҮОНРТ-ийг хараат бусаар, олон улсын жишгээр удирдан ажиллахыг чин зорилго болгож байна. Олон улс, дэлхийн энэ чиглэлээс суралцах туршлага их байна.

Олон нийтийнхээ итгэлийг илүү олох, тэдэнтэй хамтран ажиллах зүгт үргэлж тэмүүлнэ. Хүмүүсээ ч их шахаж ажиллуулж байна. Би аргацаасан, үлбэгэр үхээнц байдалтай угаасаа эвлэрдэггүй. Түс тас түргэн яриад, шуурхай шийдээд, хуультай, хурдтай, зарчимтай, зорилго зорилтдоо махарч ажиллахыг чухалчилдаг. Хэлэхээ хэнээс ч айлгүй хэлээд, хэлсэндээ, ярьсандаа байх гэж зүтгэж ирсэн нь миний араншин. Манай хамт олон, удирдлагын баг бидний өмнөөс хэн нэгэн бидний ажлыг хийхгүйг ойлгож, нэгдэн нягтарч, улс орондоо үлгэрлэн манлайлж ажиллах хэрэгтэй. Бид хүнд цаг үеийг давж сайн сайхныг цогцлоон бүтээх ёстой л гэж ойлгож хичээж байна даа. Зорьсныхоо төлөө зоригтойхон ажиллана аа.

Б.ОДМАА
эх сурвалж:өдрийн сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?