Ч.Хашчулуун: Улс орон хэвийн хэмжээнд хөгжье гэвэл ОУВС-гийн тавьж буй шаардлагыг хүлээж авах нь зөв

Сэтгүүлчийн үг

Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тээг болоод байсан УИХ-ын тогтоолыг уржигдар Төсвийн байнгын хороон дээр хүчингүй болголоо. Хэр зөв шийдвэр гаргав?

-Ер нь бол аливаа том төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд дотоодын ханган нийлүүлэгчдийг түлхүү оролцуулах нь хөгжлийн бодлогын нэг суурь байдаг. Гэхдээ манайд дотоодын аж үйлдвэр, үйлчилгээний салбар төдийлөн сайн хөгжиж чадаагүй байгаа. Тэгээд ч ямар нэгэн хуульд дотоодын банкаар дамжуулан гаднын хөрөнгө оруулалт орж ирэх ёстой гэж хуульчилсан заалт байхгүй. Аж үйлдвэрийн бодлого батлагдах үед үйлдвэржилтийн тухай хууль тогтоолтой холбоотой хэд хэдэн заалт орсон. Банк, санхүүгийн хувьд заавал Монголын банкаар гүйлгээ хийх ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Түүнийг ойлгосон болов уу. Дээрээс нь Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болоод 20 орчим жил болж байна. Гишүүн байгууллагын хувьд дотоод, гадаадын компаниудыг үл ялгаварлах зарчимтай. Тиймээс гадаад, дотоодын банк гэж ялган гадуурхаж болохгүй. Ер нь тэгээд Монголын банк гэдгийг тодруулах хэрэгтэй. Жишээлбэл, ХААН банк Монголд үйл ажиллагаа явуулдаг нь үнэн. 10 жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулагч уг банкийг худалдаад авчихсан шүү дээ. Монголын банк мөн, бишийг мэдэхгүй юм. Монголын банкуудын хувьцаа гаднын хөрөнгө оруулагчдад байдаг. Тиймээс Монголынх гэж хэлэх хэцүү гэж ярих хүн ч байдаг. Тэр талаасаа аваад үзэхээр тогтоолын санаа зөв боловч заалт, томьёолол нарийн утга учраа илэрхийлж чадаагүй байсан.

-Рио Тинтогийн зүгээс уг тогтоолыг эсэргүүцэж байсан нь зөв юм биш үү. Монголын арилжааны банкууд тэдний оруулж ирж буй хөрөнгөнд баталгаа ч гаргаж өгч чадахгүй биз дээ?

-Банк гэдэг чинь аливаа харилцагчийн мөнгийг хариуцлагатай хадгалах үүрэг хүлээдэг. Энэ талын тусгай үүрэгтэй. Бидний хэлсэн банкаар мөнгөн гүйлгээ хийнэ гэдэг хэцүү. Ямар ч компани тухайн банкны нэр хүнд, эрсдэл хүлээх чадвар, мөнгө хэр зэрэг найдвартай хадгалж чадах вэ, хэрэгтэй үед гаргаж өгч чадах уу гэдгийг нарийн судалдаг. Компани бүр харилцагч банктай, тэндээ харилцах данстай байж гүйлгээгээ хийлгэдэг. Томоохон байгууллагууд бол тэр банктайгаа удаан хугацаанд харилцаж байдаг учраас түншлэгч болчихсон байх жишээтэй. Эрсдэл талаасаа гэвэл Рио Тинто бол дэлхийн хэмжээний том компани. Маш их хэмжээний гүйлгээ хийгдэж байгаа. Тэр утгаараа эрсдэл даах чадвар сайтай, том банкны сүлжээгээр гүйлгээ хийх сонирхолтой байдаг. Тэрийг буруутгах арга байхгүй. Ямар ч байгууллага өөрийнхөө мөнгө төгрөгийн алдагдалгүй, бүрэн бүтэн байгаасай гэж бодно шүү дээ. Рио Тинто ч гэсэн тийм сонирхолтой. Гэтэл манай банкуудын эрсдлийн үнэлгээ ямархуу байгаа билээ. Банкуудын эрсдлийн үнэлгээ тухайн улсынхаа эдийн засгийн эрдслийг даах үнэлгээтэй адил түвшинд байдаг. Өнөөдөр манай улсын үнэлгээ ямар байгаа билээ дээ. Нэлээн эрсдэлтэйд тооцогдож байгаа. Банкууд ч тэр хэмжээний эрсдэлтэйд тооцогдоно. Ийм байхад эрсдэл багатай, найдвартай түнш банкаараа гүйлгээ хийх сонирхолтой байгааг ойлгосон нь сайн хэрэг. Бас нэг зүйлийг ойлго. Манай УИХ Монголын компаниуддаа аль банкаар гүйлгээ хийхийг нь заадаггүй биз дээ. Тийм байж гадны компаниудыг аль банкаар ямар гүйлгээ хийхийг заагаад байх утгагүй.

-Хэрэв саяын тогтоолыг баталсан бол гадны хөрөнгө оруулагчдад их эвгүй сэтгэгдэл төрүүлэх байсан байх?

-Том гэрээ хийхдээ санхүүгийн үүргийг дотоодын компаниуд гүйцэтгээсэй гэсэн санаа байсан. Гэхдээ тийм заалт одоогоор ямар ч хуульд байхгүй. Монгол Улс хууль эрхзүйт орон учраас хуулийнхаа хүрээнд л ажиллана шүү дээ. Хөрөнгө оруулагчид Монголын хуулийн орчныг судалж байгаад орж ирж байгаа. Харанхуй орж ирнэ гэж хэзээ ч байхгүй. Ихэнх салбарын хуулийг нарийн судалсны үндсэнд Монголд хөрөнгө оруулах эсэхээ шийдэж байгаа. Тэгээд ч тогтоол хэвээрээ үлдээлээ гэхэд өмнө нь байгуулсан гэрээнд хамаарахгүй. Ер нь гадны хөрөнгө оруулагчдад шаардлага хангахгүй банкаа санал болгож тулган шаардах ёстой юм уу. Тэгээд ч эцсийн эцэст хүсээд байгаа зүйл нь хөрөнгө оруулалт уу, Монголын банкаар мөнгө эргэлдүүлэх юм уу. Энийгээ ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт орж ирээд ажлын байр нэмэгдүүлж, татвараа төлж л байвал ямар банкаар гүйлгээ хийх нь хэнд хамаатай юм бэ. Заавал Монголын банкаар гүйлгээ хийхийг шаардахаар хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй байвал яах вэ.

-МАН-ын бүлгийн зарим гишүүн ОУВС-гийн хөтөлбөрийг хойш нь тавья. Нүүрсний үнэ өсөж байгааг ашиглая гэсэн гаргалгаа хийсэн байх. Тийм боломж бидэнд бий юү?

-Нүүрс ч бай, зэс ч бай уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өдөр бүр хэлбэлзэж байдаг. Одоохондоо өсөлттэй байгаагийн шалтгаан нь Австрали, Хятадад болсон байгалийн гамшигтай холбоотой. Тэрнээс болж өнгөрсөн намраас хойш үнийн өсөлт бий боллоо. Гэхдээ өсөлт мөнхийн зүйл биш шүү дээ. Австралийн уурхайнууд хэвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулаад эхэлвэл эргээд үнэ буурна. Тэр үед бидний асуудал дахиад сөхөгдөнө. Тэгээд ч манай улсын гол асуудал төсвийн сахилга баттай холбоотой. Төсвийн тогтолцоо үрэлгэн, үр ашиг муутай байна. Тэрийгээ засах ёстой. Ингэж засахад ОУВС-д найдах бас хэрэггүй. Өөрсдөө л дор бүрнээ хичээх хэрэгтэй байна. ОУВС тусламж өгье гэж байгаа нөхцлийг ашиглах нь зүйтэй. Таван тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл өгнө гэдгийг санах хэрэгтэй. Эдийн засаг хүнд байгаа ийм үед улс орон хэвийн хэмжээнд хөгжөөд яваасай гэж бодож байвал ОУВС-гийн тавьж буй шаардлагыг хүлээж авах нь зөв.

-Ер нь бол ОУВС-гийн тавьж буй шаардлага зүй ёсных биз дээ. Монголчуудыг л чангалах гээд байгаа мэтээр хүлээж авах юм?

-Шаардлага их энгийн. Танай улс төсвийн алдагдалтай байна, төсвөө хийхдээ хэтэрхий улс төрөөс хараат байна, мэргэжлийн бус байдлаар төлөвлөж байна, зардал өндөр, орлого бага учраас улс орны санхүү тэсэхгүй байгаа учраас ерөнхийд нь балансалъя гэсэн хүсэлт тавьсан. Мэргэжлийн талаас авч үзвэл үнэхээр тийм л байдал харагдаж байна. Сүүлийн хэдэн жил эдийн засгийн буруу тогтолцоогоор явсаар өнгөрсөн онд төсвийн алдагдал түүхэндээ байгаагүй хэмжээнд хүрсэн. Ийм байхад үүнийгээ ухамсарлахгүйгээр ОУВС буруу зүйл хэлж байна гэж зүтгээд байх нь оновчгүй. Зөв зүйтэй хэлж буйг ойлгож хүлээж авах хэрэгтэй байна. Тэдний хэлж буйгаар хэрвээ тогтолцоогоо сайжруулахгүй бол ямар ч хэмжээний мөнгө өгөөд хэрэггүй гэж байгаа шүү дээ.

-Долоон төрлийн татвар нэмснийг та хэрхэн харж байгаа вэ?

-Ямар ч улс оронд татварын нэмэгдлийг сайхнаар хүлээж авдаггүй. Нэмэхдээ ч гэсэн их нямбай хэлэлцдэг. Жишээлбэл, Япон улс НӨАТ-таван хувь байсныг найман хувь болгох гэж бараг арван жил хэлэлцэж байж шийдлээ шүү дээ. Уг нь манайд Японоос ч илүү нямбай бодлого хэрэгтэй байгаа юм. Хэрэгжүүлж буй татварын бодлого дээр хэд хэдэн дутагдалтай зүйл харагддаг. Татвар төлөгчийн зүгээс харахад хамгаалалт багатай, тэнцвэргүй тогтолцоотой. Татварын тэлэлт ихээхэн хязгаарлагдмал. Голдуу гаднаас бараа оруулж ирвэл татвар төлдөг.

Үйлдвэрлэл эрхлэх тал дээр дэмжлэг байдаггүй. Гэсэн мөртлөө малчид, ченжүүд төрд нэг ч төгрөгийн татвар төлөхгүй байна. Сая Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлчихлээ. Ингэхээр компаниуд давхар баланс хөтөлж байна, татвараас зугтах арга хайж эхэллээ. Овоо нэг татвар төлөөд сурч байтал тодорхой хугацааны дараа татварын өршөөл гаргадаг. Тэр нь утгаа алдаж байна. Бараг татвар төлөхгүй байж байгаад өршөөлд хамрагдъя гэх сэтгэхүйтэй болгож байгаа юм. Энэ бол туйлын буруу.

эх сурвалж:өдрийн сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?