Өгүүллэгийн уралдааны шилдэг бүтээл "ГУЧ ХОНОГ"

Сэтгүүлчийн үг

Уралдааны шилдэг зохиолчдын нэг Хаянтайж овогт Мөнхбаярын Хатанзориг. Тэрээр 1993 онд Улаанбаатар хотод төрсөн. Шихихутуг Их Сургуулийн иргэн, бизнесийн эрх зүйн тэнхмийн багшаар ажилладаг. Мэргэжлийн чиглэлээр 2015 онд “Эдийн засгийн эрх зүйн шинжлэх ухааны философи”, уран зохиолын чиглэлээр 2017 оны 01 дүгээр сард “Дуулим /баримтат бэсрэг роман/”-ыг бичиж хэвлүүлсэн.


ГУЧ ХОНОГ

Өрөө

Шуурга аргадам энэрэнгүй хөнгөхөн амьсгал, хаврын урь шиг санаа алдам анхилуун үнэртэй хамт зүрхний минь бяцхан төгөлд цагаан эрвээхий адил эрхлэн дэвэлзэхэд сэтгэл минь уужран тэлэх шиг болоод өөрийн эрхгүй санаа алдав. Эрвээхийг даган зуны өглөө сэрж буй хусан төгөлд одсон сэтгэлийн минь сонорыг илбэх хөхөөн дуунаас өөр аниргүй өрөөний цонхоор сарны туяа тоосонцор дамнан асгарна. Зүрхэнд минь нуугдаж үлдсэн тэр төглийг би өөрөө ч анзааралгүй арван таван завгүй жилийг ардаа орхижээ.

“Би чамайг үүрд хайрлана”. Түүний хэлсэн цорын ганц өгүүлбэр. Намар модноосоо хамгийн түрүүнд хаягдсан улиасны шаргал навч шиг ганц ор, бүтээлэггүй хуучин ширээний хоёр талд тавьсан түшлэгтэй модон сандал төдийхнөөс өөр хогшилгүй жижиг өрөө нь эзнийхээ ганцаардлыг хадгалсан зүрхний бяцхан ховил шиг мэдрэгдэнэ. Энэ л жижигхэн өрөөнөөс гарах болгондоо би арван таван жилийн өмнө дотроо хадгалаад мартаж орхисон харууслын чулууг бага багаар эмтэлж байгаагаа мэддэг болжээ.

 

Бороо

Бороо улам ширүүсч усан хөшиг татлаад хэдхэн метрийн урд яваа машины арын гэрэлнээс цааших зүйлс бараг харагдахгүй болохын үест ширээн дээр орхисон аягатай гуниг дээр минь ганцаардлын охь дусаах шиг санагдана. Хүчтэй борооноос болоод мөлхөх шахам удаанаар урагшлах машинуудын цуваа ар араа залган автозамын хэдэн уулзвар дарааллан үргэлжилж гэртээ харих хугацааг минь дор хаяж бүтэн цагаар сунгав. Цонхон дээрээс зогсолтгүй асгарах борооны усыг хоёр тийш нь цөхрөлтгүй хаман зайлуулах шил арчигчийг хараад “Ямар азаар хуучин муу арчигчаа шинээр солисон юм” гэж хальтхан бодоод амжлаа. Бороо ингэж асгаралгүй арван таван жил өнгөрчээ.

“Би чамайг үүрд хайрлана”. Өөр зүйл хэлсэнгүй. Надад ч хэлэх үг байсангүй. “Би ч бас чамайг үүрд хайрлана” гэж хэлэх ёстой байсан болов уу? Мэдээж үгүй. Нүд рүү минь хараад л бүгдийг уншчихна. Энэ ертөнц дээр, энгийн олон хүмүүсийн дунд санамсаргүй алдаанаасаа болоод унаж ирсэн дээд ертөнцийн хүн шиг, яг юу нь өөр гэдгийг хэлэхэд хэцүү ч яалт ч үгүй нэг л өөр, энгийн биш учраас түүнд худлаа яриад үнэхээр ямар ч нэмэргүй. Гэхдээ би ч үнэндээ яг худлаа хэлэх гэж байсан юм биш. Одоо түүнд хайртай эсэхээ өөрөө ч сайн мэдээгүй юм. Харин намайг уг эргэлзээгээ ил гаргаж хэлсэн хэлээгүй тэр өөрөө нүднээс минь бэлхнээ харж байсан биз. Магадгүй бүр миний хариултыг нь олж чадалгүй, сэтгэл доторх “эргэлзээтэй” гэсэн гарчигтай шүүгээндээ хийчихээд хаалгыг нь нээхээс эмээгээд буй уг асуултын хариултыг надаас урьтаад мэдчихсэн байж ч болох юм.

~ * ~

Одоо ердөө арван нэгхэн хоног л үлдлээ. Тэгээд л бүх зүйл дуусна. Тэгээд л бүх зүйл дуусах боловч ул мөргүй, үлдэцгүй зүйл гэж энэ ертөнцөд нэгээхэн ч үгүй. Хаа нэгтээ, ямар нэг зүйл үлдэнэ. Дор хаяж л миний сэтгэлд үлдэх болно.

Арван нэгхэн хоногийн дараа бүх зүйл дуусах гэж байхад намайг үүрд хайрлана гэж хэлдэг байна шүү. Арван таван жилийн өмнө сонссонсон бол энэ гуравхан үг амьдралыг минь одоогийнхоос шал өөрөөр босгож бүтээх байсан биз. Гэвч би дөнгөж өнөөдөр, энэ л үгсийг сонсохыг хүссэндээ түймрийн дөл мэт цоролцох сэтгэлээ тэртээх үдшийн хүрхрээ шиг асгарах хүйтэн бороонд цохиулж орхисноос хэзээ хойно л олж сонслоо. Одоо харин анзаарахад сэтгэлд минь ассан түймрийн нурамнаас бүхэл бүтэн ой дахиж өндийгөөд сонсож чадаагүй гуравхан үгэндээ зориулж надаас ч нууцаар наран үргэлж гийгүүлдэг бяцхан төгөлийг зайдуухан бүтээжээ. Сэтгэл гэдэг ийм л юмдаа.

Борооны шаагих чимээг сонсохоор цонхоо үл ялиг буулгатал яг энэ мөчийг хүлээж байсан мэт буцааж хаахын завдал өгөлгүй усны дуслууд дотогш үсчиж зарим нь хөмсөг, хацар, гар, духан дээр зарим нь машины залуур, хянах самбар дээр газардсан боловч ихэнх нь эхнэрийн минь индүүдэж өгсөн цамц, гурван хоногийн өмнө захиалгаас аваад анх удаа өмсөж буй хүрэмний энгэр дээр дуслаа. Цагаан цамцнаас сүрчигний үнэр ханхийх шиг болоход “ер нь зөв юм хийж байна уу даа” гэсэн эргэлзээ дахиад л дотроос минь өнгөлзөж эхлэх нь тэр.

 

Эхний өдөр

            Бид санаанд оромгүй хүнтэй санаанд оромгүй газар тааралдахад санаанаасаа ямар нэгэн зүйлийг онгичин хайж эхэлдэг. Би ч мөн ялгаагүй, Улаанбаатарт хуруу дарам цөөхөн байдаг жазз клубуудын нэгэнд гурван жилийн турш үргэлжилсэн төслийн хаалтын ажиллагааны үеэр түүнтэй тааралдах үедээ гаднах төрх минь тайван байсан боловч сэтгэл дотроо итгэж ядан үймэрч үл итгэхүйн хавцал уруу унахдаа өнгөрсөн, одоо хоёрынхоо сунгасан гарнуудаас зэрэг зэрэг татахыг хичээх шиг болсон юм. Олон жилийн дараах сэтгэл догдлуулсан уулзалт удаан үргэлжлээгүй боловч хамт явсан нөхдийг минь уйдаахад хангалттай хугацаа зарцуулсан байлаа. Ганцаараа суусан ширээнд нь хэдхэн үг солилцох шиг болсон боловч хэдий нь хагацах болсон тул шаварлаж зүүгдсэн нөхөддөө эргэн очихоор маргаашийн болзоог сэтгэлдээ цээжилсэн билээ.

            Маргааш нь харин гэнэтхэн л “Би өнөөдрөөс хойш яг 30 хоног л амьд явна, одоо эмчлэгдэх ямар ч боломжгүй болсон. Харин энэ 30 хоногийг арван таван жилийн өмнөөс сэтгэлдээ тээж ирсэн харамслаа дарахад зориулмаар байна” гэлээ. Үргэлжлүүлээд “Би чамд үргэлж л хайртай байсан, хүйтэн бороотой тэр өдөр хагацахдаа ч, түүнээс хойш өнгөрсөн эгшин бүрийг туулахдаа ч чамд хайртай хэвээрээ л байсан. Гагцхүү энэ хайрыг бүрэн ойлгож, дотроо хүлээн зөвшөөрөх үед чи өөр хүнтэй гэрлэчихсэн байсан…”

            Хэлсэн үг бүхэн нь миний сэтгэлийг хэмжээлшгүй их баяр баясгалангаар гэрэлтүүлж байлаа. “Тэр ч бас надад хайртай байсан юм байна, одоо ч хэвээрээ. Миний түүнд тэмүүлж, алдсандаа харамссанаас илүү шаналалыг энэ бүсгүй амссан юм байна, миний төлөө…” гэж бодон хувиа хичээсэн зүрхээ баясгахдаа түүнд үлдсэн гуч хоногийн талаар сайтар тунгааж чадсангүй. Харин сүүлд нь, учралын баяр зүрхийг минь дэвэргэхээ азнасан үед нь л “эдгэрэшгүй өвчин туссан, гучхан хоног л амьдарна, тэгээд надтай хамт байхаар зориг шулуудан ирсэн, өчигдөр орой надтай санамсаргүй ч таарсан юм биш” гэдгийг нь ойлголоо.

            Би татгалзаж чадсангүй. Миний ч бас дотроо хадаж орхисон ч цаг хугацааны эрхээр бүдгэрч байсан харамсал, сэтгэлд үлдсэн нэг тийм хоосон орон зай яг л энэ мөчийг хүлээж байж. Баяр, аз жаргалыг мэдрэх болгонд тодорч ирдэг багахан хоосон орон зай өнөөдрийг хүртэл намайг ангуучилсаар байсан юм. Харин шалтгаан нь яалт ч үгүй олон жилийн өмнөх ширүүн бороо, хоёр тийш салахдаа миний хийж зүрхлэхгүй нэг зүйлийг хүйтэн бороонд цохиулан байж надаас хүлээсэн бүрхэг шөнийн тэнгэр шиг хав хархан харцтай тэр бүсгүй хоёр л байж.

 

Өрөө

            Будаг нь халцарсан хуучин модон хаалганы зэвтэй нугас чихарсаар онгойход хотын захын зочид буудлын жижигхэн өрөө шиг давчуухан ганц тасалгаа угтлаа. “Энэ гуч хоногт надад үүнээс өөр газар хэрэггүй. Тансаг зэрэглэлийн байшин, тавилга сэлтүүд хэзээ ч энд байгаа шиг чөлөөтэй хэрнээ амар, амгалан мэдрэмжийг надад өгдөггүй юм. Энэ л миний…” гэснээ бүсгүй өгүүлбэрээ гүйцээсэнгүй. Гучин хоромын дараа өрөөнд байгаа дөрөвхөн тавилганы нэг болох хуучин орон дээр гарыг минь дэрлээд хэвтэж байхдаа “Хэрлэн сайн бүсгүй шүү, чамд их сайн байж билээ… Маш сайн гэрийн эзэгтэй болж чадсан гэдэгт нь би ер эргэлзэж байгаагүй” гэв. Би “Тийм ээ, сайн эзэгтэй, бас сайн ээж” гэж хариуллаа. Ширээн дээр тавьсан хальстай хөгжмөөр Katie Melua-н “Piece by piece” эгшиглэнэ. Хөгжимнөөс тасарсан авиа болгон орны хөлөөр дамжин дээш авирч, хөнжил дээгүүр мөлхсөөр чихээр дамжин тархинд шингэх болно.

 

Арван ес дэх өдөр

            Хэрэв түүнтэй уулзаагүйсэн бол өнөөдрийн энэ ширүүн бороо надад арван таван жилийн өмнө ирээд буцсанаа сануулах байсан болов уу, эсвэл хэрэв тэр намайг үүрд хайрлана гэж өнөөдөр хэлээгүйсэн бол энэ бороо ийм ширүүн орох байсан болов уу? …Замын түгжрээг арай гэж туулаад машинаас бууж гэртээ орохын хооронд л усанд унасан хүн шиг бүхэлдээ норчихсон байлаа. Хэрлэн нөгөө л янзаараа гэгээ татуулан инээмсэглэсээр ирээд хувцсаа тайлахад минь туслангаа уруул дээр минь эрхлэнгүй үнслээ. Гал тогооны зүгээс хоолны үнэр ханхалж ариун цэврийн өрөөний дутуу хаасан хаалганы завсраар хүүгийн минь дуу цангина. Ээж нь усанд оруулж байж. Ах нь өрөөндөө хичээлээ хийж байгаа. Орой бид хоёр шатар тоглоно.

            “Миний хань ядрав уу, ажил нь сайн биз дээ?” гэсээр эхнэр маань хүүгээ уснаас гаргахаар буцлаа. Өөр бүсгүйтэй өдөр болгон уулзаад арван ес хонож байхад гадарласангүй хэвээр. Сүү шиг цайлган сэтгэлийг нь ашиглаж өөрийнхөө доторх хоосон орон зайг нөхөхөөр хувиа хичээж буй арчаагүй хүнд үнэн зүрхнээсээ итгэж, бяцхан охин шиг гэнэхэнээр хайрласаар байгаа эхнэрээ би туйлын их өрөвдөхийн зэрэгцээ намайг хайрласных нь хариуд хайрлаж байлаа. Бие биенээ таньдаг болоод таван жил өнгөрсний дараа, тэр бүсгүйгээс холбоо тасраад нэг жил болсны дараа, одоогоос арван дөрвөн жилийн өмнө бид гэрлэсэн юм. Чин үнэнч хайраар намайг хайрлаж, өнгөрсөн хугацаанд амьдралаа надад, хоёр хүүдээ зориулсан боловч миний сэтгэл дүүрсэнгүй, нөгөө л хоосон зай хуучин байшингийн ан цав шиг харласан хэвээр байв. Тийм ээ, түүний намайг хайрласан хугацаа, хэмжээ түүнд зориулсан миний хайраас хавьгүй их.

 

Хорин ес дэх өдөр

            “Ийм их цагаан даавуугаар яах гэж байгаа юм?” гэж намайг асуухад бүсгүй надруу харсан боловч хариу хэлсэнгүй, дулаахан хэрнээ гунигтайгаар инээмсэглэлээ. Ширээн дээрх хөгжимнөөс нөгөө л дуу эгшиглэж байна. Үхлээ хүлээж буй хүн, тэр тусмаа үзэсгэлэнтэй, залуухан эмэгтэй хүн айдсаа нуух гэж хичнээн хичээсэн ч харц нь нимгэн цагаан даашинз өмсөөд нуурын хөвөөнд мэлтэлцэх нарны тусгал, тэнгэрийн улбар хаяаг нулимстай нүдээр ширтэж байх шиг харагддаг юм. Зүс царай нь илт гундсан байх боловч түүнийг маргааш амьгүй болно гэхэд огт итгэмээргүй санагдаж, дахиад хэдэн жил амьд явах нь гарцаагүй мэт бодогдоно. Гуч хоног гэдэг ямар богинохон хугацаа вэ.

            Тэр аль чадахаараа инээмсэглэж, цовоо хөгжилтэй байхыг хичээж байв. Яг л маргааш сүүлийн өдөр биш юм шиг. Тэр зүйл болоод өнгөрсний дараа… өөрийг нь хаана оршуулахыг хүсч байгаа талаар асуумаар, бүр ямар хувцас өмсүүлэх, чулуу босгохоор бол юу гэж бичүүлмээр байгааг нь асуумаар хачин бодол төрсөн боловч тэр дор нь дотроосоо үлдэн хөөлөө. Өөрөө яриагүй байхад нь энэ талаар ам нээнэ гэдэг хамгийн тэнэг хэрэг.

            Маргааш хамгийн сүүлийн өдөр гэсэн бодлыг хичнээн хол өшиглөж орхисон ч татах хүчний нөлөөгөөр тархинд минь буцаж ирсээр байлаа. Хорин ес дэх хоног маань бид Англи бүсгүйн жазз дууны аянд бүжиглэснээр дуусгавар болов. Маргааш…

 

Зүүд

Түүнийг тэврээд орны хажууд суух гэтэл зогсоогоороо хүзүүнээс минь тэврээд нүдрүү цоо ширтэж эхлэх нь тэр. Түүний нүд үнэхээр л шөнийн тэнгэр шиг хар өнгөтэй, харц нь хүндлэл төрмөөр уудам, ухаалаг ажээ. Харин энэ удаа тэрхүү тэнгэрт сарны гэрэл туяарч, үй түмэн одод түгсэн байв. Нүдэнд нь нулимс цийлэгнэжээ. Ингэж ширтэх өөрт нь зовиуртай байгаа мэт харагдах боловч эцсийн удаа бүх л хүч, сэтгэлээ шавхахаар шийдсэн хүн шиг үл ялиг инээмсэглэсэн хэвээр намайг ширтсээр байлаа. Нулимс цийлэгнэсэн харцыг нь хэдхэн агшин ширтэхэд цээжний голоос эх авсан түрлэг хоолойгоор минь дамжин өгсөж эцэст нь нулимс болон урслаа. Ухаан орсон цагаасаа хойш ер нь уйлсан эсэхээ мартчихсан байсан юмсан. Энэ тэврэлт, энэ ширтэлт яг л эцсийнх юм шиг, хагацлын өмнө сөхөрсөн хайртай хосуудын нулимс байлаа. Хагацах хагацахдаа арван таван жилийн дараа уулзачихаад аль нэг нь үхэж хагацах гэдэг хаа хол сансраас эх дэлхийгээ санан санан иртэл газардаж амжаагүй байхад нүдэн дээр минь тэсэрчихснээс илүү хэцүү санагдана.

            Тэрээр уруулан дээр нь тогтсон нулимсаа үл ялиг шилэмдсэнээ “Одоо ингээд явдаа, чамд маш их баярлалаа… Бас би чамайг үүрд хайрлах болно” гэв. Яг л энэ үгийг сонсохоос ямар их айж байснаа мэдмэгц, хэн нэгэн цээжинд минь гараа дүрээд зүрхийг минь базлаж байгаа мэт өвдөлт мэдэрлээ. Уйтгар гуниг, хайр дурлал, үхэл хагацал гэгчийн өмнө хүн гэнэтхэн хүүхэд шиг болчихдог үе байдаг. Дагаж уйлмаар, дагаж үхмээр.

30 дахь өдөр

            Хуучин модон хаалгыг нь эцсийн удаа онгойлгохоор баахан зүрхшээсний эцэст гөлийсөн төмөр бариулнаас нь зориглон атгаж татлаа. Танил болсон зэвтэй нугасны чихарсан мэндчилгээг хүлээсэн боловч талаар болов. Өнөөдөр сүүлийн өдөр гэдгийг хаалганы нугас хүртэл ойлгож мэдээд дуугаа хураасан мэт эвгүй. Өрөөнд явж ороход нүдэнд дасал болсон үзэгдэх орчноос шал өөр нөхцөл угтсанд “өөр өрөөнд ороод ирэв үү” гэх бодол зурсхийгээд өнгөрлөө. Ширээ, ор, сандалнууддаа өчигдөр авчруулсан цагаан даавуугаар бүтээлэг хийж бүтээгээд хана, хаалгандаа цагаан хөшиг татсан нь өмнөх харанхуй өрөөг сиймхий ч үгүй халхалж, сайхан зүүдний бяцхан орон зай шиг гэрэлтэй, дулаахан болгожээ. Гагцхүү энэ гэгээ татсан зүүдний гол дүр нь өөрөө үгүй бөгөөд цоо шинэ өмсгөлтэй өрөө нь эзнээ үгүйлэн гуних шиг. Энэ өрөө эмгэнэлийн хувцсаа өмсчээ.

            Ширээн дээр кассет, зурвас хоёр үзэгдэв. Хуванцар гадаргуутай хуучин кассетыг харах төдийд л дээр нь бичигдсэн дуу эгшиглэх шиг болно. Арван таван жилийн өмнө мэддэг байсан тун цэвэрхэн бичгийн хэвээр зурвасан дээрээ дөрөвхөн үг үлдээжээ. “Би чамайг үүрд хайрлана”.

Гарцаагүй ирэх гуниг, зовлонд сэтгэлээ хэрхэн бэлдэхээ мэдэхгүй байсан ч ийм нөхцөл угтана чинээ бүр огт санасангүй. Гэсэн ч яах бол хэмээн чагнаж, ямар хариу үзүүлэхийг нь тааварлаж чадаагүй сэтгэл минь харин санасныг бодвол тайван, оюун бодол минь саруул байх ажээ. Дотор минь “Тэр үргэлж сайхан төгсгөлд дуртай байсан” гэсэн үгс тайвнаар цуурайтаж өөрийнхөө богинохон амьдралыг хүссэн сайхан төгсгөлдөө хөтөлж чадаагүй боловч ядахдаа өрөвдөлтэй хувь тавилангийнхаа сүүлийн гуч хоногийг өнгөрөөсөн жижигхэн өрөөнд багахан ч атугай гэрэл үлдээхийг хүссэн бүсгүйн хүслийг хүндэтгэхийг хичээлээ. Магадгүй энэ бүх цэвэрхэн, цагаан өнгөөр миний сэтгэлд үүрд амьд үлдэж намайг дотроос минь хайрлахыг хүссэн ч юм билүү, бүү мэд.

Өрөөнөөс гарч явахад өчигдрийн бүжиг санаанд орж, ая нь солигдохгүй боловч дүрслэл нь түүний үзэсгэлэнтэй боловч далдхан гунигтай инээмсэглэл, нуурын хөвөө дагасан зэгс шиг жигдхэн хөмсөгний дороос ширтэх ухаалаг хархан нүд болон солигдоод тэртээ олон жилийн өмнөх бороонд норсон шулуухан үстэй залуухан охины дүр урд минь өндийж ирлээ. Хэдийгээр түүнийгээ асар ихээр өрөвдөн хайрлавч өнгөрсөн амьдралаа үгүйсгэх харуусал төрсөнгүй. Сэтгэл минь эмтэрхий аяга шиг сэвтэй чигээр арван таван жил доголж явсан ч эмтэрхий сэв нь түүнийгээ дурсах хөнгөн харамсал, хэзээ нэгэн цагт дахиад уулзах болов уу гэсэн горьдлого, хэрэв түүнтэй амьдарсан бол ямар байх байсан бол гэх эргэлзээ мөн бөгөөд халамжтай эхнэр, намайг дуурайсан хоёр хүү минь сэвгүй үлдсэн бүтэн хэсэг нь байжээ.

Гэр

            Нарлаг, дулаахан өдөр хааяахан эрвээхий урдуур дэвэлзэж өнгөрөх аж. Ижил өнгийн саравчтай малгай өмссөн залуу хосууд мишээл тодруулсаар сугадалцан алхаж, тоглоомын талбайгаас хүүхдүүдийн цангинасан хөгжилтэй дуу хадна. Хосууд болзоонд явж байгаа бололтой. Эрэгтэй нь нимгэн даавуун өмд, богино ханцуйтай цагаан цамц өмссөн бол эмэгтэй нь нарны шил зүүж мөн л цагаан өнгийн зуны богино өмд өмсчээ. Аль аль нь тун царайлаг юм. Насаар надаас арван тав орчим дүү болов уу.

            Цахилгаан шатанд суух эсэхдээ хальтхан эргэлзээд явган өгсөж гэртээ орвол эхнэр минь намайг угтсангүй. Цахилгаан барааны сурталчилгаа зурагтын өсгөгчнөөс дуугарч байхыг бодвол намайг орж ирснийг мэдэлгүй зурагт үзэж суугаа бололтой. Гутлаа тайлж ороод гал тогооны тавиур дээрээс шилэн аяганд нимбэгтэй ус хийж уулаа. Хямдарсан машины хөргөгчинд тэс хүйтэн шар айраг хийгээд, олон үйлдэлт шорлогны зуух авч амралтанд явахыг уриалах сурталчлагч залуугийн хоолой, сурталчилгааны аянаас өөр чимээ анир гарахгүйг бодвол хүүхдүүд тоглохоор гадагш гарчээ.

            Зочны өрөөнд орвол Хэрлэн зурагтын өмнө ганцаараа өвдгөө тэврэн суух аж. Араас нь очоод мөрөн дээр нь гараа тавибал уйлсандаа чичирч байх нь тэр. Би гайхсан боловч тэр даруй хажууд нь очиж суугаад энгэртээ наан духан дээр нь үнэрлэлээ. Эрх ишиг шиг цээжинд хярахад үснийх нь анхилуун үнэр ханхийхийн зэрэгцээ тэврүүлмэгцээ гомдлоо тайлж буй хүүхэд мэт улам бүр эхэр татан уйлж эхлэв. Өмнө нь ингэж байсан удаагүй тул би юу гэж асуух, яаж тайтгаруулах аргаа олж ядан дэмий л нулимсандаа норсон нүүрийг нь мөрөндөө нааж нурууг нь илбэсээр байлаа. Гурван хором хэртэй ийнхүү сууцгаасны эцэст овоо тайвширсан бололтой, уйлахаа болиход нь би шалтгааныг нь асуухаар дөнгөж ам нээтэл надаас урьтаж гунигтай нь аргагүй хоолойгоор “өнөөдөр гуч дахь өдөр биз дээ?” гэх нь тэр.

            Ингэж асуухад нь л би өмнө нь намайг өөр бүсгүйтэй уулзаад байгааг Хэрлэн мэдэж байгаа юм шиг мэдрэмж хэзээ нэгэн цагт төрж байсныг анзаараагүйгээ эргэн саналаа.

-Чи мэдэж байсан юмуу?

-Төслийн хаалтын дараа чамайг хаана байгааг би хэлж өгсөн юм.

-Гэхдээ яагаад…

-Надад бүгдийг хэлсэн, бас өөрт нь чамтай өнгөрүүлэх гуч хоног үлдсэн байгааг ч хэлсэн. Бас чамд үнэхээр их хайртай юм байна лээ.

-Би…

-Юу ч хэлэх хэрэггүй ээ. Та хоёрыг оюутан байхдаа их дотно байсныг чинь би мэднэ. Одоо болж буй зүйлсийг ч маш сайн ойлгож байна.

 

Хэрлэнгийн уйлсан шалтгаан нь үнэндээ намайг өөр эмэгтэйтэй уулзсанд, үүнийгээ өөрөөс нь нуусанд ч биш, гагцхүү оюутан байхдаа мэддэг байсан, золгүй тавилан, өрөвдөлтэй шаналант амьдралыг туулсан тэрхүү бүсгүй энэ хорвоогийн тоосыг дахин хөдөлгөхгүй болсонтой л холбоотой байв. Эхнэр минь тэр бүсгүйг үнэхээр өрөвдөж, гоо бие цогцос нь одоо амьгүй болсон гэдэгт харамсаж, өөрт нь огт хамаагүй хүн өвдсөнийг хараад сэтгэл нь зовдог бяцхан охин шиг л сэтгэлээ зовоож, нулимсаа зориулсан байжээ.

Би түүнээсээ уучлалт гуйхад хүзүүгээр минь тэвэрч намайг үнсээд хамтдаа юу ч ярилгүй хэсэг сууцгаав. Хэрлэн минь миний мөрийг дэрлэж суух хооронд сэтгэл дотор арван таван жилийн турш орогносон хоосон орон зай аажмаар нөхөгдөж, нар тусдаг бяцхан төгөл маань нэг л мэдэхнээ үгүй болсон шиг санагдлаа. Тэр бүсгүй миний дотроо зангидсан харууслын чулууг буталж, өөрийг нь хүлээхдээ ойгоосоо тасарч үлдсэн төглийг тайтгаруулахаар буцаж ирсэн гэлтэй. Сэтгэлийн минь цоорхойг нөхөж өгөөд өөрөө харин ирсэн газарлуугаа буцаад явсан мэт.

Хоёр хоногийн дараа цахим сүлжээнд … улсад суугаа элчин сайдын охин 35 насандаа өвчнөөс шалтгаалан өөд болсон бөгөөд нас барахаасаа жилийн өмнө уг өвчний эсрэг сан байгуулсан талаар мэдээг үзэсгэлэнтэй залуухан бүсгүйн аавтайгаа хамт инээмсэглэн даруулсан гэрэл зургийн хамтаар нийтэлжээ. Зургийг хараад би түүнийг үнэхээр л шөнийн тэнгэр шиг хархан нүдтэй юм хэмээн дахин бодлоо.

Шөнө нь нойрон дундаа би өнөөх цав цагаан жижигхэн өрөөнд очсон байх бөгөөд бороонд норсон шулуухан хар үстэй охин англи бүсгүйн дуунд бүжиглэнгээ надруу инээмсэглэхэд би өөрийн эрхгүй хариу инээмсэглэлээ. Тэрээр гараас минь бариад баяртай хайрт минь, би чамайг үүрд хайрлана хэмээн шивнэж жаргалтай инээмсэглэсээр цааш алхан одов. Би ч түүнрүү баяртай мишээсээр гараа даллан үлдлээ.

Амралтын өдрийн өглөө сэрэхэд гал тогооноос сайхан хоолны үнэр унтлагын өрөөнд ирээд намайг орноос босгохоор чангаах бөгөөд зочны өрөөнд зурагтын дуутай зэрэгцэн хүү минь ахаасаа ямар нэг зүйл асуух нь сонсогдоно. Хагас онгойлгосон цонхоор цэнгэг агаар дайсан сэвшээ салхи хөнжил илбэхэд цээж тэнийтэл амьсгаа аваад өндийлөө. Гадаа болжмор жиргэж цэлмэг тэнгэрт хаа нэгхэн үүлс хөвөрнө. Нарлаг, дулаахан өдөр болох нь дээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [202.70.46.xxx]

    Ямар сайхан өгүүллэг вэ?

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?