Хууль зөрчин хэдэн тэрбум төгрөгийн ашиг хүртдэг ХАА-н бирж гадаадын таван компанид хувьцаагаа заржээ

Сэтгүүлчийн үг

Төрийн өмчит Хөдөө аж ахуйн биржтэй холбоотой гурван том асуудал босч ирээд байна. Монголын зах зээлийн түүхэнд хоёр хоногийн дотор ноолуурын үнэ 27 мянган төгрөгөөр унаж байсан тохиолдол байхгүй. Үүний гол буруутан нь Хөдөө аж ахуйн бирж гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Дараагийн ноцтой асуудал нь хил гаалиар экспортолж буй арьс, шир, ноос, ноолуур заавал Хөдөө аж ахуйн биржийн тодорхойлолт бичигтэйгээр гардаг. Хөдөө аж ахуйн бирж хилээр экспортод гарч байгаа ноос, ноолуур, арьс, ширийг манайхаас худалдаж авсан гэх бичиг хийж өгөхдөө хууль бусаар их хэмжээний ашиг олдог гэх мэдээлэл гараад байгаа. Бичиг хийж өгснийхөө төлөө авч байгаа мөнгөн дүн хэдэн тэрбум төгрөгт хүрдэг. Энэ мөнгө хаашаа, хэний халаасанд ордог нь тодорхойгүй байна гэдгийг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос мэдэгдсэн. Гуравдугаар асуудал нь Хөдөө аж ахуйн биржийн 60 гаруй хувийг Хонгконгийн нэгэн компани эзэмшиж байна. Монголын түүхий эдээс унаж байгаа ашиг гадаадын компани руу шилжиж байна гэсэн үг юм. Энэ талаар сурвалжиллаа.

ХУУРАМЧ ХУДАЛДАН АВАЛТ БУЮУ НООС, НООЛУУРЫН НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГ ХААШАА ОРДОГ ВЭ

Манай улс мал аж ахуйн орон. Үүнтэй холбоотойгоор малын гаралтай түүхий эд, Монголын эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлдэг билээ. Манай улсад малын гаралтай түүхий эд буюу ноос ноолуур, арьс ширийг үйлдвэрийн аргаар боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байгаа цөөн хэдэн компани бий. Ноолуур, ноос, арьс, ширний компаниуд малын гаралтай нийт түүхий эдийн ердөө 20 орчим хувийг л ашиглаж байгаа юм. Үлдсэн 80 гаруй хувийг нь экспортолж байна. Тэгвэл Хөдөө аж ахуйн биржийн гол үүрэг нь Монголын малын гаралтай бүх түүхий эдийг хөдөө орон нутгийн салбараараа дамжуулан худалдаж авах ёстой байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, малчид ноос, ноолуураа ХАА-н биржийн салбарт худалдаалах ёстой аж. Гэтэл ХАА-н бирж аймаг, сумдад нэг ч салбар нэгж байгуулаагүй байсаар өдий хүрч байгаа юм байна.

Ноос, ноолуурын хувьд ченжүүд өөрсдөө яваад малчдаас тухайн үеийн ханшаар авахыгаа худалдаад авчихдаг. Ингээд Эмээлт, Цайз зэрэг түүхий эдийн захуудад хэдэн мянган тонноороо ноос, ноолуур төвлөрдөг. Дараа нь худалдаж авсан ноос, ноолуураа экспортод гаргах болдог байна. Хил гаалиар түүхий эдээ экспортод гаргахад хамгийн чухал бичиг баримт нь Хөдөө аж ахуйн биржийн тодорхойлолт бүхий бичиг юм байна. Тодруулж хэлбэл, хилээр экспортод гаргах гэж байгаа ноос, ноолуурыг Хөдөө аж ахуйн биржээс заавал худалдаж авах хууль журамтай. ХАА-н биржээс худалдаж авсан болно гэсэн бичиг баримтыг үндэслэн хил гаалиар гаргах зөвшөөрөл олгогддог юм байна. Гэтэл ХАА-н бирж нь хөдөө орон нутагт салбараа байгуулаагүй, малын гаралтай түүхий эдийг огт худалдаж авдаггүй аж. Малын гаралтай түүхий эд экспортод гарах ёстой байдаг. Үүнээс болоод төрийн өмчит Хөдөө аж ахуйн бирж гэх газар нь килограмм ноос, ноолуур худалдаагүй мөртлөө өөрсдөө хууль зөрчөөд энэ компани манай биржээс худалдаж авсан нь үнэн гэх утга бүхий бичиг тодорхойлолт хийгээд өгчихдөг байна. Төрийн байгууллага ингэж хувийн компаниудтай үгсэн хуйвалдаж хуурамч бичиг баримт бүрдүүлдэг болоод олон жилийн нүүрийг үзэж байгаа аж. ХАА-н бирж ноос, ноолуур худалдаалсан гэх хуурам бичиг баримт бүрдүүлж өгснийхөө оронд шимтгэл авдаг байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр бол бичиг хийж өгсөн шимтгэлд ХАА-н бирж хилээр гарч байгаа ноосны килограмм тутмаас 30 төгрөг. Ноолуурнаас 800-900 төгрөг авдаг гэнэ. Тэгвэл манай улс жилд 26 мянга гаруй тонн ноос экспортолж байгаа аж. Харин найман мянга гаруй тонн ноолуур экспортолдог байна. Ингээд үзэхээр их хэмжээний мөнгөний эргэлтийг ХАА-н бирж хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, жилдээ ХАА-н бирж ноос, ноолуур хилээр гаргасан бичиг хийж өгөөд найм орчим тэрбум төгрөгийн ашиг олж байна гэх урьдчилсан судалгаа тоо гарсан байдаг гэнэ.

“БИДНИЙГ ХАА-Н БИРЖЭЭС ХУУРАМЧ БИЧИГБАРИМТ ГЭЭД ШАЛГАХ ЮМ БОЛ БҮГД ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛНО. ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН АСУУДАЛ РУУ ШУУД ОРУУЛЧИХААД БАЙНА” ГЭВ

Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайханаас цөөн асуултад хариулт авсан юм.

-ХАА-н бирж хууль бусаар хуурамч бичиг баримт бүрдүүлдэг. Үүнийхээ төлөө их хэмжээний хураамж авдаг гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-ХАА-н биржтэй байна гэдэг их сайн зүйл. Х.Баттулга сайдын үед байгуулагдаж байхад Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооныхон бид маш их дэмжиж байсан. Хөдөө орон нутагт байгаа малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлж байгаа газрууд ХАА-н биржээр дамжуулан манайд ийм ийм зүйлс байна гээд мэдээлэл гаргачихдаг. Үүнийг нь компаниуд шууд захиалга өгөөд авчихдаг систем рүү орох нь байна гэж сайн талаас нь харсан. Гэвч харамсалтай нь тийм ажлуудыг огт хийгээгүй. Засгийн газрын тогтоолоор Хөдөө аж ахуйн биржийн журмын дагуу биржээр худалдаалагдах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг салбарын сайд гаргадаг. Ингээд ноос ноолуур хилээр гаргах гэхээр заавал ХАА-н биржээс худалдаж авсан байх шаардлагатай болчихоод байгаа. Гаалийн байгууллага журмын дагуу биржээс худалдаалсан байх шаардлага тавьдаг. Гэтэл бид малчнаас худалдаад авчихсан байдаг. Тэгсэн мөртлөө бид брокерын компани дээр очоод биржийн бичиг худалдаад авчихдаг. Үүнийгээ гаалийнханд үзүүлээд ноос, ноолуураа хилээр гаргаж байна.

-Тэгвэл биржийн бичиг хэдэн төгрөгөөр худалдаж авдаг юм бэ?

-Өнөөдрийн байдлаар нэг чингэлэгт 10 тонн ноолуур ордог. Ингээд хилээр гаргаж байна. Нэг чингэлэгт 10 тонн ноолуур байлаа гэхэд Хөдөө аж ахуйн бирж есөн сая төгрөг авч байна. Килограмм тутмаас 800-900 төгрөг авч байна. Малчинд очих ёстой мөнгө ХАА-н бирж дээр очиж байна гэсэн үг. Зөвхөн бичиг хийж өгснийхөө төлөө мөнгө аваад байгаа нь зүйд нийцэхгүй асуудал. Олон жилийн турш хэн хэн нь хуурч хуурамч бичиг баримт бүрдүүлээд л яваад байгаа юм. Хил гааль, ХАА-н бирж, брокерын компани, аж ахуйн нэгжүүд дунд ийм нэг гажиг гинжин холбоо бий болчихоод байна. Үүнийг төр засаг зөв голдрилд нь оруулах шаардлагатай байгаа юм.

Тухайлбал, манай холбоо гэхэд малчин Доржоос 100 ширхэг нэхий худалдаж авсан. Үүнийгээ балансандаа тусгачихсан. Гэтэл авсан нэхийгээ арьс, ширээр нь салгаад экспортод гаргах болохоор ХАА-н биржээс авсан болгочихож байгаа юм. Үүнийгээ бид балансандаа тусгахгүй яваад байгаа байхгүй юу. Гэтэл нэг юмыг хоёр удаа худалдаж авчихдаг болж таараад байгаа биз дээ. Хэрэв ноос, ноолуур экспортолж байгаа компанийг эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаа нар шалгах юм бол биржээс худалдаж авсан юм огт байхгүй сууж байна. Энэ нь маш аюултай асуудал болчихоод байна. Малын гаралтай түүхий эдийн бизнес эрхэлж байгаа хүн бүрийг хүссэн хүсээгүй хууль зөрчсөн асуудал руу шууд оруулчихаад байна. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж гэмт хэрэгтэн болох магадлал маш өндөр гэсэн үг. Энэ буруу тогтолцоог засахад маш амархан. Хөдөө аж ахуйн биржийн журмын дагуу биржээр худалдаалагдах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг салбарын сайд гаргадаг гэж дээр хэлсэн. Тэгвэл салбар хариуцаж байгаа Засгийн газрын гишүүн биржээр худалдаалагдах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг зарлахдаа хасчих хэрэгтэй. Гэхдээ тодорхой хугацаанд шүү гэв.

ХАА-Н БИРЖ: БИД ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ШИМТГЭЛ АВДАГ

Ноос, ноолуураас шимтгэл авч байгаагаа ХАА-н бирж “Шимтгэлийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоодог. 100 төгрөгийн арилжаанаас 32 мөнгө авдаг. Ноолуурын үнийн дүнгийн шимтгэл гэж 0.32 хувийг авдаг. Санхүүгийн зохицуулах хороо, брокерын пүүс зэрэг арилжаанд оролцогч талууд тодорхой бага хувийг авдаг. Худалдагч, худалдан авагч хоёрыг шууд уулзуулснаар тодорхой шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон авдаг” хэмээн тайлбарлаж байна лээ. Мөн хөдөө аж ахуйн бирж ноос, ноолуур, хонь, тэмээний ноос, завод ноос, тосны ургамал (рапс), мал зэрэг бараа, түүхий эдийг танхимын арилжаагаар арилжсан. Эрх бүхий байгууллагаас зуучлалын үйл ажиллагаа явуулах эрх авсан 32 брокерын компани үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөө аж ахуйн бирж нь байгуулагдсанаас хойш нэг их наяд 223 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжсан гэх мэдээллийг өгч байна.

ХОНГКОНГИЙН ТАВАН КОМПАНИ ТӨРИЙН ӨМЧИТ ХАА-Н БИРЖИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ АВСАН НЬ ҮНЭН

ХАА-н бирж хувьцааг олон улсын зах зээл дээр арилжаалсан. Түүнийг нь Хонгконгийн нэгэн эр худалдаж авсан. Хөрөнгийн биржийн 66 хувийг гадаадын иргэн эзэмшиж байна. Монголын ноос, ноолуур, улаан буудайн ашгийг Засгийн газар биш, гадаадын нэгэн эр хүртэхээр болжээ гэх утга бүхий мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тэгвэл албаны эх сурвалж “Хөдөө аж ахуйн биржийн захирлаар Ж.Эрдэнэбат ажиллаж байх үедээ Хонгконгийн таван компанид биржийн хувьцааг зарах гэрээг урьдчилсан байдлаар хийсэн нь үнэн. Тэдгээр таван компани худалдаж авсан хувьцааныхаа арван хувийг ХАА-н биржийн дансанд шилжүүлсэн байдаг. Гэхдээ үлдэгдэл 90 хувиа шилжүүлэлгүй байсаар хамтран ажиллах гэрээний хугацаа дуусчихсан юм байна лээ. ХАА-н бирж хувьцааны компаниудтай дахин гэрээ хэлэлцээр хийсэн. Ингээд хувьцааны үлдэгдэл төлбөрийн 90 хувийг энэ сарын сүүлчээр шилжүүлэхээр болсон байна лээ” гэв. Өөр нэг эх сурвалж “Глобал инвестмент фонд” гэсэн нэртэй компани ХАА-н биржтэй хувьцаа худалдах, авах гэрээ хийсэн. Гэхдээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг ХАА-н биржийн 66 хувийг зараагүй. Харин 49 хувиа зарсан нь үнэн” гэв.

эх сурвалж:өдрийн сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?