Орон нутагт хачигт хазуулан амиа алджээ

Сэтгүүлчийн үг

Говь-Алтай аймагт хачигт хазуулсны улмаас хүндрэн нэг иргэн амиа амиа алджээ. Мөн хачигт халдварын улмаас гурван хүний биеийн байдал хүндэрсэн байна. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач, эмч Л.Роломжаваас тодрууллаа.

-Хачгаар дамжих халдварт өвчний улмаас нэг хүн амиа алдсан гэсэн хэдэн насны хүн хэзээ халдвар авсан бэ?
-Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд дөрөвдүгээр сарын 10-нд хачигт хазуулсан 54 настай эмэгтэй хачигт риккетсиозоор өвчлөн хүндэрч, аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн хэдий ч амиа алдсан.

ЗӨСҮТ шинжилгээний материал ирмэгц шинжилгээг эхэлж хариуг 24 цагийн дотор хариу гаргадаг. Хазсан хачигнаас Хачигт риккетсиозын үүсгэгчийн ДНХ тодорхойлогдсон.

-Аймгийн хэмжээнд хачгаар дамжих халдварын сэжигтэй тохиолдол их байгаа гэсэн нөхцөл байдал ямар байна вэ?
-Говь-Алтай аймагт хачгаар дамжих халдварын 51 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 45 тохиолдол тархвар судлал, эмнэлзүйгээр хачигт риккетсиозын гэж оношлогдсон. Гурван хүний биеийн байдал хүндэрч, өнгөрсөн сарын 26-30-ны өдрүүдэд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн мэргэжлийн хамтарсан баг газар дээр нь ажиллаж, ЭМЯ-ны эмнэлзүйн зөвлөхүүдтэй теле-хурал хийн эмчилгээ оношилгооны чиглэлээр зөвлөн, тусалж ажилласан. Өнөөдрийн байдлаар хүндэрсэн хүмүүсийн биеийн байдал сайжирч, эдгэрч байна.

-Хачгаар дамжих халдварын сэжигтэй тохиолдол өмнөх жилээс өссөн гэсэн иргэдэд ямар зөвлөмж өгөх вэ?
-2017 оны тавдугаар сарын 8-ны өдрийн байдлаар буюу тархвар судлалын тандалтын эхний 19 долоо хоногт нийт 424 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үе 1.8 дахин өндөр байна.

Урин дулааны улирал эхэлж, агаар салхинд гарах, ууланд алхах иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул хачгийн идэвхитэй үе эхэлсэн энэ үед хачигт халдвараас хамгаалахыг сануулж байна.

Монгол Улсын 21 аймаг есөн дүүрэг, бүх сумдад халдварын голомттой учраас ойн болон бэлчээр малын хачиг хамгийн элбэг байдаг. Монголд 43 зүйлийн хачигт халдвар байдгаас өнөөдрийн байдлаар, манай улсад хачигнаас үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож, тогтоогдоод байна.

Хачигт хазуулахгүй байхын тулд:

  • Тод өнгийн, битүү хувцас, малгай өмсөх, өөртөө болон бусдад ялангуяа бага насны хүүхдүүдэд хачиг ассан эсэхийг ойр ойрхон 2-3 цаг тутамд шалгаж байх,
  • Хувцас эсвэл биед наалдсан хачгийг зааврын дагуу зайлуулж байх;
  • Шигдсэн хачгийг хошууг үлдээлгүй салгаж авах, салгасан хачгийг мэргэжлийн байгууллагад хүргэх;
  • Хачигт хазуулсан, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах;
  • Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах, малаа эрүүлжүүлэх;
  • Дээрх зөвлөмжөөс гадна Хачигт энцефалитийн голомтот нутагт ажиллаж амьдардаг хүмүүс хачигт энцефалитийн эсрэг дархлаажуулалтын тунд бүрэн  хамрагдах хэрэгтэй.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?