Сэтгэл судлаач Я.Батхүү: Өөрийн аминаас үнэтэй нөхөрлөл гэж байхгүй

Сэтгүүлчийн үг

Сүүлийн үед өсвөр наснынхны дунд амиа хорлох явдал нэлээд гарах болсон. Үүнтэй холбогдуулан сэтгэл судлаач Я.Батхүүтэй ярилцсаныг сонирхуулъя.


-Саявтар дунд сургуулийн сурагч хоёр найз охин “Алт шиг гялалзахгүй ч ган шиг хатуу нөхөрлөл энд байна” гэж бичиж үлдээгээд байшингаас үсэрсэн. Өнгөрсөн жил мөн хоёр охин өөрсдийгөө боомилж нас барсан. Өсвөр насныханд нөхөрлөл гэдэг аминаас нь илүү үнэтэй болчихсон юм уу?

-Насанд хүрсэн хүмүүс оюун ухааныхаа түвшинд дүгнэлт гаргаад миний амь нас ямар үнэтэй, нөхөрлөлийн үнэ цэн ямар байх вэ гэдгийг дүгнэж бодож чадна. Өсвөр насныхан энэ тухай төдийлөн тунгааж бодохгүй. Өөрийн аминаас илүү нөхөрлөл гэж юу байхав. Өөрийгөө хайрлаагүй хүн хэнийг ч хайрлаж чадахгүй гэж сэтгэл судлалд үздэг. Таны дурдсан тохиолдолд ямар нэгэн юм бодож саналгүйгээр, цэвэр сэтгэл хөдлөл дээр гаргасан шийдвэр. Өсвөр насныханд гэр бүлийн дотнын гишүүдээс илүү найз нөхдийнх нь хамаарал хамаагүй их байдаг. Үерхэл, нөхөрлөл нь дэндүү үнэтэй. Дээр дурдсан хоёр найз охин бол сайхан үерхдэг, бие биеийнхээ зовлон жаргалыг мэддэг байсан байна. Нэг нь гэр бүл дотроо зөрчилдөөнтэй, хэцүү байж. Түүнийгээ найздаа ярьдаг байсан бололтой.

-Хүн амиа хорлох шийдвэрийг гэнэт гаргадаггүй гэж зарим сэтгэл судлаачид хэлдэг. Нэлээн удаан бодсоны эцэст шийддэг гэсэн.

-Аливаа юм хоёр талтай. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол өөр. Үнэхээр тийм байсан бол дээр дурдсан хоёр охин ямар нэгэн байдлаар гэрээслэл бичих юм уу бусдад мэдэгдэх байсан. Найзууддаа ямар нэгэн байдлаар илэрхийлэх байсан гэж бодож байна. Өсвөр насныханд амиа хорлох оролдлого, бодол санаа орж ирдэг. Жишээ нь өсвөр насны дөрвөн хүүхдээс нэгд нь ийм бодол төрдөг. Долоон хүүхдийн нэг нь амиа хорлохоор төлөвлөсөн байдаг. Арван сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлого хийсэн гэсэн судалгааны дүнг харсан. Ямар нэгэн бэрхшээл, асуудал тулгарахад гарц байхгүй мэт санагдаж амиа хорлоё гэж боддог. Үүнээс наана судсаа ханахын тулд гарын шуугаа зүсэж гэмтээх зэрэг үйлдэл хийдэг. Байшингаас үсэрсэн хоёр охин миний сонссоноор гэрээсээ яваад хоёр, гурав хоночихсон байсан гэсэн. Түүнээсээ их айсан байж ч болох талтай.

-Өмнө ч ийм явдлууд гарч байсан. Эцэг, эхийн зүгээс анхаарал халамж дутуу тавьсан, янз бүрийн мэдээлэл хүлээж авч байгаа, дарамтлуулах зэрэгтэй холбоотой юу?

-Тэгэлгүй яахав. Нийгэмд бол ядуурал, ажилгүйдэл гээд тулгамдсан асуудал маш их байна. Эцэг, эхчүүд амьжиргааныхаа төлөө яваад үр хүүхдэдээ анхаарал тавих нь багассан. Хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар эцэг, эхээсээ материаллаг байдал бус, өөрийг нь ойлгоосой, мэдрээсэй гэсэн хүсэл нь илүү давамгайлдаг. Өсвөр насныхны 55 хувь нь өөрийг нь ойлгохгүй байна гэж үздэг. Тэд өөрсдийнхөө дураар байхыг илүүд үздэг. Дураараа байна гэдэг нь хүссэнээ хийнэ гэсэн үг биш. Өөрийнхөө мөн чанараар байж, өөрийгөө мэдрүүлэх гэсэн бодол хүсэл давамгайлдаг. Өөртөө хэтэрхий шүүмжлэлтэй хандах, байгаа амьдралаа хэтэрхий харлуулж бодох, буруу мэдээлэлд үнэмших зэрэг зүйл гардаг.

Шашны нөлөөлөлд хэт автах явдал ч бий. Нийгмийн зүгээс ч хүний оюун ухааныг хордуулах янз бүрийн сурталчилгаа, мэдээлэл ямар ч шүүлтүүргүйгээр тархаж байна. Хүүхдүүд түүнийг нь оюун ухаандаа шууд тусгаж авдаг. Манай боловсролын системд амьдрах чадварт суурилсан амьдралын мөн чанар, утга учир, зорилго чиглэл зэргийг таниулсан онолын буюу шинжлэх ухааны болон хүн байх ухаан, ухамсрыг бий болгодог гүн ухааны мэдлэг олгох сургалт явагдахгүй байна. Үүнээс болоод хувь хүн өөрийнхөө хөгжлийн үе шатууддаа доголддог.

-Ер нь манайд өсвөр насныхны дунд явуулсан нарийвчилсан судалгаа байдаг уу?

-Миний мэдэхийн тийм дорвитой судалгаа байдаггүй. Сүүлийн дөрвөн жил манайд 92 хүүхэд амиа хорлосон байдаг. Гутрал, гадуурхал, хүчирхийлэл дарамт шахалтаас болсон гэж ерөнхий боловсролын сургуульд явуулсан судалгаагаар тогтоогдсон. Манайд сэтгэл зүйн төвүүд ч ховор. Одооноос л сэтгэл зүйчид хандах соёл бий болж байна. Бид тийм юманд хэвшээгүй байна л даа. Надад олон хүн хандаж ирдэг. Заримдаа маш жижигхэн асуудлаар ханддаг. Гэтэл дагаж ирж байгаа хүүхдүүд нь биш дагуулж ирж байгаа эцэг, эхчүүд нь өөрсдөө асуудалтай байдаг. Зүгээр байгаа хүүхдээ өөрсдөө асуудалд оруулдаг, түүнийгээ ч ойлгодоггүй, мэддэггүй. Өөрийнхөөрөө байлгах гэж дарамтална, гуйна, ятгана, хүчирхийлэл үйлдэнэ. Зарим тал дээр одооны хүүхдүүд нь зөв мэдээлэл авчихсан өөрийнхөөрөө байх гээд байдаг. Иймэрхүү байдлаас л болж зөрчилдөөн үүсдэг.

-Өөрөө өөрийнхөөрөө байна гэдэг нь дураараа байхыг хэлээгүй, өөрийгөө мэдрүүлэхийг хичээж байгаа хэрэг гэж та түрүүн хэлсэн. Үүнийг тайлбарлаач...

-Өсвөр насны хүүхдүүд ямар орчинд төрсөн, амьдралд нь юу ч тохиолдсон байж болно. Хүнд амьдрал туулсан, хайр халамжаар дутсан зэргээс шалтгаалаад ирээдүйнхээ амьдралыг кодолчихдог гэж үздэг. Бага насандаа харгис хэрцгийг мэдэрч, эцэг эхдээ орхигдож хаягдсанаас амьдралд хандах хандлага нь өөр болдог. Зан ааш нь эвдэрч, аливаа зүйлийг сөргөөр харна. Өсвөр насныхан гэж би 12-18 насны хүүхдүүд, тэдний сэтгэл зүйд гардаг өөрчлөлтийг хэлээд байна л даа. Бэлгийн бойжилт явагддаг, гэтэл үүнийгээ мэддэггүй. Энэ талаар хичээл байдаггүй тул биед нь өөрчлөлт гарахад маш их айж, цочирддог. Биед нь физиологийн огцом өөрчлөлт гарах, сарын тэмдэг ирэх зэргээс айдаг.

Дээр нь сэтгэл санаанд нь өөрчлөлт гардаг. Эцэг, эхэд нь бол өөрийнхөө дураар байх гээд байгаа юм шиг харагддаг. Урьд сонирхдог байсан юмандаа дургүй болох жишээтэй. Цаад санаа нь бол өөрөөрөө байх гэсэн оролдлого, өөрийгөө ойлгуулах гэсэн тэмүүлэл. Бодож, санаж байгаагаа шууд илэрхийлэх, түүгээрээ байх гэх жишээтэй. Урьд нь үгээр нь байсан хүүхэд гэнэт өөрчлөгдөхөд эцэг, эхчүүд нь бэлтгэлгүй байдаг тул зөрчилдөөн гардаг. Дураар нь байлгах гэдэг нь өөрийг нь зөв ойлго гэсэн үг. Юу хүсээд байна, яамаар байна, юу таалагдахгүй, юунд шаналаад байгаа зэргийг нь мэдэх. Ийм насанд сэтгэл санаанд нь хамгийн их нөлөөлдөг зүйл бол өөртөө идеал дүр бий болгочихдог. Ямар нэгэн хүнийг дуурайж, түүн шиг болох, амьдрах юмсан гэж бодох жишээтэй. Өөрийгөө тэр хүнтэйгээ ижилхэн байлгах гэж гадаад байдал, үйл хөдлөл, зан аашаа өөрчилдөг. Өөрийнхөө гаднах байдал, гоо үзэмжинд хэт эмзэг хандаж, өөрийгөө голдог.

-Тэгэхлээр ийм явдлыг, ийм санааг болиулахын тулд яах ёстой вэ?

-Үүнтэй холбоотой нэг судалгаа гарсан. Өсвөр насныхны 50 хувь дарамтанд өртдөг. Сургууль дээр нь мөнгө төгрөг авах, үнэтэй хувцсыг нь дээрэмдэх, номыг нь авах гээд. Бас зодох, зодуулах, онлайнаар дарамтлах, сошиалаар доромжлох. Үүний улмаас хүүхэд сургуульдаа явах дургүй болох төдийгүй аюултай орчин гэж үздэг. Энэ талаар багшдаа хандаж чадахгүй. Сургуулиасаа зайлсхийнэ. Ер нь стресст орох ганцхан шалтгаан буруу бодлын урсгал гэж мэргэжлийн хүмүүс тодорхойлдог. Бодит байдлыг харж чадахгүй болдог. Тиймээс эцэг, эх нь түүнийг өөрчлөх хэрэгтэй. Чадахгүй бол мэргэжлийн хүнд хандах ёстой.

-Хайр дурлалаас болж амиа хорлох явдал их гардаг. Гэтэл ДЭМБ-аас дурлахыг өвчин гэж үзсэн байдаг байх шүү.

-Тийм ээ, дурлалыг нэг ёсондоо сэтгэл мэдрэлийн гаралтай өвчин гэж томьёолдог. Яагаад гэхээр дурласан байхад хүний сэтгэл санаа огцом өөрчлөгддөг. Нөгөө хүнээ маш их санаж, хүлээж, түүнгүйгээр ирээдүйгээ төсөөлж чаддагггүй. Амиа хорлолт нь гутрал, гадуурхал, хүчирхийлэл дарамт, шахалтаас болдог гэж ерөнхий боловсролын сургуульд явуулсан судалгаагаар тогтоогдсон байгаа. Ер нь олон улсын практикт иймэрхүү явдал их байдаг. Манайд бол харьцангуй гайгүй юм шиг санагддаг.

-Танд хандаж байгаа өсвөр насныхны дийлэнх нь ямар асуудалтай байдаг вэ?

-Иймэрхүү явдалтай холбогдолтой нэвтрүүлэг хийдэг болсноос хойш хүмүүс нэлээд ханддаг болсон. Хамгийн сүүлд гэхэд төрсөн ахынхаа дарамтнаас болж амиа хорлох үйлдлээ бодоод, төлөвлөөд, бүр шийдчихсэн, дотно харьцаатай хүндээ хэлчихсэн байсан тохиолдол ч бий. Хүүхдээ сайн анзаардаг эцэг, эхчүүд ирээд “Манай хүүхэд нэг л өөр болчихоод байна” гэдэг. Ер нь амиа хорлохоор шийдчихсэн хүүхэд шал өөр болчихдог. Харц нь тогтворгүй, нэг газраа тогтож сууж чадахгүй эсвэл нүд нь бүр сүүмийчихсэн байх жишээтэй. Өөрийгөө үнэлэх үнэлэмж тэг болсон тохиолдолд хүн ийм шийдвэр гаргадаг.

-Иймэрхүү байдалд орчихсон хүүхэдтэй сэтгэл судлаачид аль зэрэг удаан ажиллах шаардлагатай байдаг вэ?

-Нөхцөл байдлаасаа шалтгаална. Хэр зэрэг их дарамттай, хүчирхийлэлд өртсөн, буруу итгэл үнэмшилд өөрийгөө оруулсан зэргээс шалтгаалдаг. Бодит байдлыг хэлэхэд дороо ойлгодог хүүхэд ч бий. Сэтгэл зүйч бол тухайн хүний олж хараагүй гарцыг нь хэлж өгдөг. Надад хандаж байгаа хүмүүсийг харахад лам, бөөгөөр их явж, засал хийлгэлээ гэх юм. Орчин үеийн хүүхдүүд ийм юманд итгэхээ больсон. Сэтгэл зүйчид очихыг зөвшөөрдөг, өөрсдөө очих сонирхолтой болж.

Тиймэрхүү хүүхдийг дор нь өөрчилж болдог. Тиймээс эцэг, эхчүүд маш анхааралтай байх хэрэгтэй. Хүүхдээс тань хэвийн бус зан үйлдэл, аливаа эмгэг илрэх юм бол сэтгэл зүйчид хандах нь зүйтэй. Кибер ертөнцөд амьдраад, найз нөхөдгүй болоод, хоол идэж, унтахаа болиод, ядаргаанд ороод илт өөрчлөгдөөд ирэх юм бол заавал мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.

эх сурвалж: Өдрийн сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?