Н.Батбаярын гэргий Б.Шинэбаяр: Талийгаач нөхрийн минь гэмтэл аймаар байсан. Цогцсыг нь олох гэж олон цаг болсон

Сэтгүүлчийн үг

Талийгаач Н.Батбаярын эхнэр Б.Шинэбаяр хүүхдүүдийн хамт

Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “МИ-8” нисдэг тэрэг 2015 оны арванхоёрдугаар сарын 23-нд шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад осолдсон билээ. Тэр үед нисдэг тэргэнд 11 хүн байсан бөгөөд арван хүн бэртэж, нэг хүн газар дээрээ нас барсан юм. Тодруулбал, ахмад борте механикч Н.Батбаяр амиа алдсан. Тэрбээр цэргийн албанд 17 жил ажилласан бөгөөд тухайн үед 37 настай байжээ. Ингээд талийгаачийн эхнэр Б.Шинэбаяртай уулзаж, ярилцлаа.

 


-Тухайн үед яг юу болсон талаар ярихгүй юу?

-“Ми-8” онгоц гурван нисгэгчтэй. Манай нөхөр гуравдугаар нисгэгч борт механикч хийж байсан. Нэг, хоёрдугаар нисгэгчийнхээ голд нь суугаад явдаг байсан. Тухайн өдөр манай нөхөр амарч байсан. Өөр борт механикч байсан юм билээ. Тэгсэн талийгаачийг дуудаад л аваад явсан. Яг албан ёсны, онцгой байдал зарласан нислэг биш байсан. Ингээд нислэг үйлдэж байхдаа нисгэгчид нь жолоо булаацалдсан гэсэн. Тэгээд л манай нөхөр аюулгүй байдлыг нь бий болгочихоод өөрийгөө золиосолж, амь насаа алдсан. Хэрвээ хамаг юмыг нь салгаж, аюулаас хамгаалаагүй бол хэдэн хүний амь үрэгдэх байсныг мэдэхгүй шүү дээ. Бүх зүйлээ л золиосолсон. Маш их харамсаж байна.

-“Ми-8” онгоцны хар хайрцагны бичлэгийг гэр бүлийнхэнд нь үзүүлсэн үү?

-Гэмтсэн байсныг нь харахад их аймар болсон байсан. Цогцсыг нь олох гэж өчнөөн цаг болсон юм. Хар хайрцагны бичлэгийг гэр бүлийнхэнд нь үзүүлээгүй. Хүмүүсийн ярианаас сонсоход хар хайрцагны бичлэгийг уншуулахад, онгоцыг голлон жолоодож байсан нэг, хоёрдугаар нисгэгч нь буруутай болж таарсан гэсэн.

Талийгаач Н.Батбаяр

-Тухайн үед хамт ажиллаж байсан алба хаагч болон дарга нар нь та бүхэнтэй уулзсан уу?

-Тухайн үед нислэг үйлдэж байсан нэгдүгээр нисгэгч “Миний буруугаас болж, хайран сайхан залуугийн амь нас үрэгдлээ” гээд уйлж байсан. Тэр үед Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон байсан. Уучлалт ч гуйгаагүй.

-Хэрэг гарснаас хойш ямар ямар байгууллагуудад хандсан бэ?

-Хэрэг гарснаас хойш янз бүрийн байгууллагуудаар яваагүй. Танай сонинд түрүү жилийн дөрөвдүгээр сарын дөрвөнд ээж маань ярилцлага өгч байсан. Түүнээс хойш бид зэвсэгт хүчний 337 дугаар ангийнхан, Батлан хамгаалах яам зэргийг ямар арга хэмжээ авч, хэрхэн дорвитой шийд гаргах бол гэдгийг харж сууна. Чимээгүй байхаар бүр чимээгүй л байгаад байна. Одоо ингэсгээд дуугүй, таг чиг болчих болов уу гээд бид ярилцлага өгч байна. Цаашид сайн хөөцөлдөнө.

-Уг хэрэг гарсны дараа ар гэрийнхэнд нь хоёр өрөө байр, 60 сая төгрөг гардуулсан гэсэн яриа гарсан. Энэ худлаа юм уу?

-Тухайн үед телевизээр гэрийнхэнд нь хоёр өрөө байр, 60 сая төгрөг гардууллаа гэж ярьсан. Энэ бол худал мэдээлэл. Зүгээр л үе үеийн хүмүүс дамжиж, суурьшдаг байсан, халуун усгүй, балгас шиг байранд биднийг оруулсан. Тэгээд цэргийн 36 сарын цалинг өгсөн. Гэхдээ тэр мөнгөөр нь тус байранд засвар хийгээд л дууссан. Одоо гурван хүүхэдтэйгээ Налайх дүүргийн V хорооны 75 дугаар байранд оршин сууж байна. Байрных нь ордер бидэнд байхгүй. Батлан хамгаалах яамнаас өгсөн гэдэг хэрнээ баримт бичгийг нэхэхээр огт өгдөггүй. Зарим холбогдох албан тушаалтнуудаас нь нэхэхээр “Яах гэж байгаа юм” гэдэг.

-Энэ талаар өөр ямар нэг газарт хандаж байв уу?

-Зэвсэгт хүчний жанжин штабт очиж хэлсэн. Тэгсэн “Манайд ийм боломж, нөөц бололцоо байхгүй ээ” гэсэн. Одоо бид Батлан хамгаалахын сайдтай уулзана гэж бодож байна.

-Танай хүүхдүүд хэдэн настай, хаана хаана сурдаг вэ?

-Манай том хүүг Б.Содбаяр гэдэг. 14 настай, Батлан хамгаалахын харьяа “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн наймдугаар ангийн сурагч. Дунд охин маань Б.Энхүүжин 11 настай, Налайх дүүргийн V хорооны “Чандмань” цогцолборын зургадугаар ангид сурдаг. Бага хүү маань Б.Эрхэмбаяр, найман настай. Эгчтэйгээ нэг сургуульд сурдаг. Одоо гуравдугаар анги. Хүүхдүүдээ хүссэн сургуульд нь оруулж, баталгаатай байртай болгомоор байна. Том хүүд маань цэргийн сургуулийн хувцас хунар, унааны мөнгө гээд л их зүйл шаардагддаг. Хүүхдүүдээ хүссэн сургалт, дамжаанд явуулмаар байна шүү дээ. Хэрвээ аав нь амьд байсан бол хүүхдүүдээ хотын төвд сургуульд оруулж, сайхан амьдрах байсан. Бид хүний амь нэхээгүй. Хэн нэгнийг дарамтлаад шүүх, цагдаад хандаад, буруутан болох байсан хүнийг шийтгээгүй. Тиймээс бидэнд албан ёсны бичиг баримттай байрыг нэн түрүүнд шийдвэрлэж өгөх хэрэгтэй байна. Мөн хүүхдүүдийг маань их, дээд сургуульд оруулах арга хэмжээг найдвартай, баталгаатай шийдвэрлэж өгөх хэрэгтэй. Өөрсдөө биеэ дааж, хоолтойгоо залгатал нь туслаж, дэмжих хэрэгтэй байна. Том хүү маань холоос хичээл сургуульдаа явах гэж өдрийн талыг авдаг. Өөрийгөө хөгжүүлж, сурч боловсрох үеэ автобусанд өнгөрөөж байна.

-Та ажил хийдэг үү?

-Би ажил хийдэггүй ээ. Манай том хүү их холоос хичээлдээ явдаг. Тэгээд хоёр хүүгээ зөөнө, асарна. Миний бие жаахан тааруу. Тиймээс би одоохондоо ажил хийх нөхцөл бололцоо алга. Манай нөхөр арван хүний амь аварчихаад өөрөө амиа алдсан шүү дээ. Их сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, нэр хүндтэй, хамт олноороо хүрээлүүлсэн хүн байлаа. Ажлаа сайн хийдэг байсан. Шагнал урамшуулал их авдаг байсан. Тухайн үед хамт ажиллаж байсан Н.Очирбат гэх захирагч нь тушаал дэвшчихсэн юу ч болоогүй юм шиг явж байна лээ.

Иймээс хамт ажиллаж байсан хүмүүсийн зүгээс болон Батлан хамгаалах яамнаас биднийг хотын төвд байртай, хүүхдүүдийг маань их, дээд сургуульд суралцах нөхцөл бололцоог нь бүрэн хангаж, эрхтэй болгож өгмөөр байна аа. Түүнээс биш бид хэн нэгэн рүү бурууг чихэж, нэгнийг шоронд оруулъя гэж бодоогүй. Хүүхдүүдийг маань сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог баталгаатай болгохыг л хүсч байна.

эх сурвалж:өдрийн сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?