Ноолуураа тушааж мөнгөжсөн малчид нийслэлийн худалдааны төвүүдийн хоослох бололтой

Сэтгүүлчийн үг

Цаг тавиу, ноолуур үнэтэй, малчид бийлэгжүү байна. Төл хүлээн авах ид үеийг гарзгүй давсан малчид ноолуурын мөнгөө өвөрлөн нийслэл хот, зах зээлийн газрыг зорин панз наймаа үсэргэж эхэлсэн сурагтай. Да хүрээ захаас унаагаа юүлж, олон улсын худалдааны төв Нарантуулаас хувцас, хүнсээ базааж, “Малчин” компанийн нэрийн дэлгүүрээс нарны зайн технологийн сүүлийн үеийн загварыг ачаалаад нутаг буцдаг ажээ. Ноос ноолуурын улирлыг дагаад арилжаа наймааны гүйлгээ сайжирдаг учраас наймаачид ч бараа таваараа ахиу базааж, Улаанбаатар хотыг зорих малчдын их цувааг хүлээж суудаг цаг юмсанж. Өчигдөр Да хүрээ болон Нарантуул зах, “Малчин” компанийн бөөний төвүүдээр явахад малчид битүү хөлхөөгүй ч арилжаа наймааны эрчим аль хэдийнэ нэмэгдсэн дүр зурагтай байлаа.

Да хүрээ захад ачааны машин зонхилж, хоёр сая төгрөгөөс дээш үнэтэй хуучин машин худалдаалах гэсэн ченжүүд ойртсон бүхнийг ээрч байна. Шинэ хром жийж, шляпан малгай духдуулсан малчин түлхүүрийнх нь оосорыг хазаж үзэхээс бусдаар шалгаж, наймаагаа хагалах гэсэн ченж горьдлогын харц чулуудан автомашиныхаа аль сайныг магтана. Яг автомашин аваад мөнгө төгрөгөө солилцож байгаа нь цөөн ч авахаар сонирхож яваа хүмүүс олон байлаа. Шинэ машин худалдаалдаг зогсоолын замын эсрэг талд амьжиргаа цагаанаас эхлээд портер, пронтер гээд төрөл бүрийн ачааны тэрэг худалдаалагдаж байна. Малчдын гол унаа амьжиргаа цагаан дөрвөн сая орчим, портер 7-9 сая, нумтай пронтер 11-12 сая төгрөгийн үнэтэй байв. Ачааны тэрэг арай ихээр гүйгддэг улирал ч гэлээ үнэ нь өнгөрсөн хэдэн сараас өсөөгүй байгааг ченжүүд дуулгаж байна. Бас татвар нэмэгдэхээс өмнө унаагаа юүлэхийг малчдад уриалж байна билээ.

Өчигдрийн байдлаар автомашины ченж Бат-Эрдэнэ зогсоолоосоо хоёр амьжиргаа цагаан, нэг портер гаргаад байв. Амьжиргаа цагаануудыг хувийн компани худалдан авч байгаа бол портерыг Дорнод аймгийн малчин худалдаж аваад явжээ. Бат-Эрдэнийн өгүүлж буйгаар хамгийн гүйлгээ сайтай, хамгийн ядаргаатай худалдан авагчтай улирал гэнэ. Ядаргаатай гэдэг нь хөдөөний хүмүүс машин худалдаж авахдаа хурдан морь шинжихээс дор зүйл болдог ажээ. Ер нь малчидтай наймаа хийнэ гэдэг нэлээд бэрх даваа гэнэ. Ченжүүд зогсоолд байгаа машиныхаа дугуй руу өшиглүүлэх хамгийн дургүй. Гэтэл энэ байтугай юм болж наймаа нь хэрүүлээр дуусах тохиолдол ч олонтаа тохиолддог байна. Гэхдээ л “Мөнгөний төлөө өвлийн хүйтэн, хаврын хавсаргыг үл огоорон зогсоо бид хүний ая олохгүй байна гэж юу байх вэ. Толхилцож, тохиролцоод ч болов өгөөд л явуулдаг. Энэ жил арай эрт малчид нийслэлийг зорьж байгаа бололтой. Бас шинэ машин авах хандлагатай байна. Өнгөрсөн жил ноолуурын үнэ хямд байсан учраас хуучин машины зах руу явчихаад байсан бол өнөө жил хандлага арай өөр ажиглагдаж байгаа. Ойрын арав хоногоос энэ зах тэр дундаа хуучин болон ачааны машины зогсоол бараг хоосорно доо” хэмээн Бат-Эрдэнэ өгүүлж байлаа.

Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн М.Батсүх

Харин Нарантуул зах орчмын дэлгүүрүүд “Малчны дэлгүүр”, “Малчны төлөө”, малчдад зориулсан цахилгаан барааны “Татах хүч” дэлгүүр гэх мэтээр хаягаа өөрчлөөд эхэлжээ. Дүүрэн шуудай үүрсэн, дүүрэн тор мөрөвчилсөн нөхөд бусадтай мөргөлдөж, шүргэлдээд малчид зах дотор содноос содон. “Сайн явж байна уу” гээд ойртож очвол хамаг бүхнээ хамж хумиад, эргэж харан харсаар хурдан гэгч нь алхсаар алга болж өгнө. Залилагч болоод хулгайчаас болгоомжилж байгаа нь тэр байх. Малчдыг хэн нэгэн өдөж хоргоохгүй бол тааваараа гэгч нь алхаж таарсан бүхнээ сонирхон имэрч, тэмтэрч, малтаж маажиж чанарыг шалгасаар зах хэсэхийг ёстой л үзүүлж байна. Нүдний шил байсан ч зүүж үзэн зохиж байгаа эсэхээ шалгадаг бололтой. Энэ цагт хурдан морины болоод гэрийн эд хэрэглэл, зуны хувцас хамгийн их гүйлгээтэй байдаг ажээ. Малчид ирэх нь ирж гүйлгээ сайжирч байгаа ч оргил үе нь хараахан болоогүй байгаа аж. Наймаачид бараагаа аль болох ихээр татаж оргил үе эхлэхийг тэсэн ядан хүлээж сууна.

Нарантуул зах дээр Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн М.Батсүх ирсэн байхтай таарлаа. Тэрээр хүүхэд, хүүхнүүдийн хөнгөн нимгэн хувцас базаахаар охины хамтаар иржээ. М.Батсүх ноолуураа килограмм тутмыг нь 82 мянга 500 төгрөгөөр өгч өнөө жил орлого нь огцом нэмэгдсэн байна. Зуугаад килограмм ноолуур тушааж багагүй мөнгө өвөртөлснөө ч ярилаа. Тэднийх өнгөрсөн жил шинэ тэрэг авсан учраас унаа унашны асуудалд ойрын гурван жилдээ толгой өвдөхөөргүй болсон аж. Үүний зэрэгцээ хөдөө нутагт татвар нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тулна гэсэн мэдээлэл хэдийнэ түгжээ. Тиймээс ч зөвхөн хувцас, хоол хүнсээ баахан базааж аваад буцахаар нийслэлийг зорин ирсэн аж. Эв нь таарвал бас шинэ мотоцикль аваад уначих санаатай гэнэ. Мотоциклийн хувьд Мустанг-5 ховордож, Дайюун зэрэг шинэ загварын мотоциклиуд ихээр иржээ. Сая зургаан зуун мянган төгрөгөөс хоёр сая төгрөгийн үнэтэй байна.

Чин зоригт малчны төлөө уриатай “Малчин” компанийн хувьд мөн л оргил үедээ бэлтгэсээр. Бөөний төвийн салбарт нь бараа сонирхож яваа малчин таарсангүй. Гэхдээ мотоцикль, худгийн помп, нарны толь, аккумулятор зэрэг бүтээгдэхүүнүүдийг савлаж, захиалагчдад нь өгч явуулахаар зэхэж байлаа. Эднийх малчдад зориулан шинээр Сэнкэ-150 мотоцикль болон цэнхэр хөлдөөгч оруулж иржээ. Харин нарны зайн технологи өнгөрсөн оныхоос шинэчлэгдэж өөрчлөгдөөгүй байгаа юм байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

эх сурвалж:өдрийн сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [103.50.206.xxx]

    ноолуурын үнэ өсөхөд малчдын амьдрал дээшилнэ л дээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?