Ц.Түвшинжаргал: Карт уншуулдаг болсноор нийтийн тээврийн орлого 15-20 хувь өссөн

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр биш зөвхөн картаар зорчдог болоод зургаа хоног өнгөрлөө. Тодруулбал, энэ сарын 1-нд автобусанд байсан бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, иргэдийг зөвхөн картаар зорчуулдаг болсон. Уг нь хоёр жилийн өмнө кондукторуудыг халж, цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн ч бэлэн мөнгөөр зорчих иргэд бараг 60 хувийг эзэлсэн хэвээр байсан. Улмаар мөнгөний хайрцагт нугалсан цаас, хоёр хуваасан мөнгө, дээр үеийн нэг төгрөг, зарим нь бүр мөнгөн дэвсгэртийг хувилан олшруулаад зорчиж байсан нь илэрсэн учир дээрх шийдвэрийг гаргасан юм. 

Тиймээс бид энэ шийдвэрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн тээврийн хэсгийн ахлах мэргэжилтэн Ц.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Карт уншуулж эхэлснээс хойш нийтийн тээврийн өдрийн орлогод өөрчлөлт орсон уу?

-Энэ сарын 1-ээс зөвхөн картын хэрэглээнд шилжээд зургаа хонож байна. Иргэд маш найштайгаар хүлээн авч картын хэрэглээнд амжилттай шилжлээ. Өнгөрсөн өдрүүд сурагчийн амралтын өдрүүд байсан ч гэсэн нийтийн тээврийн шугамын орлого 15-20 хувь өсөөд байна. Цаашид илүү өсөх хандлага байна. Нилээд хэдэн өдрийн мэдээлэл цуглуулж байгаад дахин энэ талаар мэдээллэх болно.

 -Иргэдийн зүгээс ямар гомдол түлхүү ирж байна вэ?

-Хэдийгээр 20 хоног хэвлэл мэдээллээр иргэдэд мэдээлэл хүргэсэн боловч яг энэ сарын 1-ны өглөө мэдээгүй иргэд мэр сэр байсан. Одоо бол бүгд мэдэж харьцангуй сайн үйлчлүүлж байна. Цэнэглэх цэгтэй холбоотой асуудлууд мөн бага сага гарч байгаа ч манай компанийн зүгээс гэрээт цэгүүдийн ажлыг сайжруулахаар онцгой анхааран ажиллаж байна.

-Зарим автобусны буух карт уншигч ажиллахгүй. Иргэд дамжин суух эрхээ эдэлж чадахгүй байна. Ийм тохиолдолд яах вэ?

- Буух карт уншигч ажиллахгүй бол жолоочид хэлээд жолооч яаралтай дуудлага өгч засуулах ёстой байдаг. Сүүлийн үед энэ асуудал харьцангуй цэгцэрч байгаа. Мөн зорчигчид буух хаалганы төхөөрөмж ажиллахгүй бол урд талын төхөөрөмжинд дахин уншуулаад бууж дамжин суулт хийж болдог гэдгийг хэлье.

-Улаанбаатар хотод түр ирж байгаа хүмүүс яах вэ?

-Нийслэлд түр ирж байгаа орон нутгийн иргэд тухайн орон нутгийн чиглэлд явдаг авто вокзалуудад байрлах “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйлчилгээний цэгээс түр картыг 3600 төгрөгөөр худалдан авч, өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглэж, нийтийн тээврээр үйлчлүүлээд карт худалдан авсан цэгтээ буцаан өгч, 3600 төгрөгөө авна.

-Дэлгүүрээрээ дамжуулж карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх хүмүүс хаана хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

- Манай Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн төв байран дээр ирж уулзаж болно. Мөн 70151289 утсаар мэдээлэл авах боломжтой. 

Албаны хүний яриа ийм байлаа. Харин дараа нь бид автобусаар карт уншуулан зорчиж буй зорчигчдын сэтгэгдлийг сонслоо. 

БЗД-ийн иргэн А.Ганзаяа: Смарт картыг өнгөөр ялгах хэрэгтэй 

Зөвхөн картаар үйлчилдэг болсон нь маш зөв. Гэхдээ тэглээ гээд алдагдалгүй ажиллана гэдэг юу л бол. Учир нь 30 гаран насны залуучууд, оюутны эсвэл өндөр настны карт уншуулчихаад хэнэг ч үгүй алхаж байгаа харагддаг. Тиймээс картаа өнгөөр ялгах хэрэгтэй Ахмад настанд улаан, Оюутанд цэнхэр, Хүүхдэд ногоон, Төрийн албан хаагчдад шар, Бусад иргэнд алаг гэх мэтээр өнгөөр нь ялгаад өгвөл энэ асуудал байхгүй болно. Харин хоёрдугаарт зөвхөн сараар биш өдөр, 7 хоног, сар, улирал, жилээр нь багц болгох шаардлагатай байна. Үнийг нь өдрийн карт нь 1000 төгрөг, 7 хоногийн карт нь нэг өдрийн үнэ 650 төгрөг нийт 5000 төгрөг, сард нь нэг өдрийн үнэ 450 төг нийт 13500 төгрөг, жилийн нэг өдрийн үнэ 300 төгрөг нийт 109500 төгрөг гэх мэт уян хатан болгох хэрэгтэй байна.

 БЗД-ийн иргэн Я.Ганхүү: Буух карт уншигчаа санаатайгаар унтраачихдаг юм шиг байна лээ

-Карт цэнэглэхэд асуудал их гарч байна аа. Манай гэрийн ойролцоо ганцхан газар карт цэнэглэдэг. Гэтэл тэр нь ихэвчлэн мөнгө нь дууссан гэх юм. Иймэрхүү асуудлаа шийдчихээд дараа нь картаар үйлчүүл гэдэг шаардлагаа тавих хэрэгтэй шүү дээ. Бас буух карт уншигч нь заримдаа ажилладаггүй. Тэгэхээр үнэгүй дамжин суух эрхээ эдлэж чадахгүй байна. Уг нь буух, суух хоёр карт уншигч яг л адилхан төхөөрөмж байдаг. Гэтэл суух нь ажиллахгүй байна гэж хэзээ ч байдаггүй. Харин буух нь дандаа эвдэрдэг. Миний бодлоор буух карт уншигчаа санаатайгаар унтраачихдаг юм шиг байна лээ.

 БЗД-ийн иргэн н.Ганхуяг: Бүх зүйл эмх цэгцтэй амар байна 

-Надад бол их зөв зүйтэй санагдаж байгаа. Яагаад гэвэл, өмнө нь хүмүүс автобусанд багтаж ядаж байхад албатай юм шиг 1000 төгрөг хийчихээд, 500 төгрөг байна уу гээд хаалга таглаад зогсчихдог байсан. Одоо бол тийм асуудал байхгүй. Бүх зүйл эмх цэгцтэй. Бүгд картаа уншуулаад л хойшоо явчихдаг их амар болсон. Анхнаасаа л ингэх хэрэгтэй байсан юм. 

Т.Гэрэл zaluu.com



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?