Өрхийн амьжиргааны түвшинг өрхийн хэрэглээгээр тооцно

Сэтгүүлчийн үг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гурван жил тутамд Өрхийн амьжиргааны судалгааг хийдэг. Тэгвэл энэхүү судалгааг өнөөдөр өглөө 09.00 цагт улс орон даяар эхлүүллээ.

Энэ удаагийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд 600 гаруй мянган өрх хамрагдах бөгөөд өрх бүрээр холбогдох мэргэжилтнүүд явж өрхийн амьжиргаатай холбоотой 53 асуулт асуух аж.

Судалгааны зорилго нь Монгол Улсын бүх иргэний амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг багтаасан цахим мэдээллийн сан бүрдүүлэх, төр, засгаас иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг оновчтой сонгох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажил төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм аж.

Судалгааг өнөөдөр авч эхэлсэнтэй холбогдуулан, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нэгэн өрхөөс судалгаа авах үеэр бид гэрийн эзэгтэй болон албаны хүмүүстэй цөөн хором ярилцсан юм.  

БГД-ийн иргэн н.Энхтуяа: Халамжийн мөнгийг зөв хувиарлаж өгөөсэй гэж бодож байна

-Энэ судалгааны талаар өмнө нь сонсож байсан уу. Таны амьдралд хэр нөлөөтэй гэж боддог вэ?

-Ер нь бол боломжийн гэж боддог. Ард иргэдийн амьдралд хэрэгтэй нүдээ олсон ажил гэж боддог доо.

-Дөнгөж сая таниас судалгаа авч, нийт 53 асуултад хариулт авлаа. Судалгааны асуултууд хэр санагдав?

-Амьжиргааны түвшинг тогтоох хэмжээний оновчтой асуултууд байсан гэж бодож байна.

-Өмнөх судалгаанд хамрагдаж байсан уу?

-Би ажилтай байсан учраас манайх хамрагдаж амжаагүй.

-Хүүхдийн мөнгө авдаг байсан уу?

-Өмнө нь авдаг байсан. Сүүлд амьжиргааны түвшинээр нь ялгаж өгөхөд манайх багтаж чадалгүй хасагдчихсан. Миний бодлоор энэ судалгаагаа үнэн зөв явуулаад яг зорилтот бүлгийн хүмүүст нь халамжийн мөнгийг зөв хувиарлаж өгөөсэй гэж бодож байна.

БГД-ийн ХХҮХ-ийн дарга Ч.Мэндбаяр: БГД-т тоологчоор 172 хүн,

хөтчөөр 169 хүн ажиллана

-Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг юу юунд ашиглах вэ?

-Монгол улсын засгийн газар Хүн амын хөгжил, хөдөлмөр хамгааллын яамтай хамтран нийт өрхөд зорилтот бүлгүүдэд чиглэсэн үйлчилгээг хүргэхийн тулд өрхийн амьжиргааг орлогыг орлуулан тооцох аргачлалаар судалгаа явуулж байна. Энэ судалгааны ажил гуравдугаар сарын 1-нээс, дөрөвдүгээр сарын 10-ны хооронд Монгол улсын хэмжээнд өнөөдөр 09.00 цагаас эхэллээ.  Баянгол дүүргийн хэмжээнд өнөөдөр өглөө нээлтээ хийсэн. Дүүргийн хэмжээнд 37 мянган өрхийг судалгаанд хамруулна. Тоологчоор 172 хүн, хөтчөөр 169 хүн ажиллана. Судалгаанд орж яамны өрхийн мэдээллийн санг шинэчилснээр Засгийн газраас хүргэж байгаа халамж, тусламжийг авах боломжтой болно.

-Судалгаанд буруу зөрүү мэдээлэл өгөх тохиолдол гардаг гэсэн. Тэгвэл үүнд ямар хяналт тавих вэ?
-Бид Авто тээврийн үндэсний төв, Иргэний бүртгэлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас бүх мэдээллүүдийг давхар тулгах учраас иргэдийг бодит мэдээллийг өгөөрэй гэж хүсэх байна.

Нийгмийн халамжийн албаны дарга З.Даваажав: Хүүхдийн мөнгө авах авахгүй эсэх нь энэ судалгаатай ямар ч хамаагүй

-Судалгаа хийгдэж, амьжиргааны түвшин тодорхойлсноор иргэд ямар боломжийг эдэлж, зарим нь ямар боломжоос хязгаарлагдах вэ?

-Энд бид ямар нэгэн төрийн үйлчилгээг амлахгүй байгаа. Төр иргэдийнхээ амьжиргааны түвшинг тодорхойлсны үндсэн дээр бүлгүүдэд чиглэсэн үйл ажиллагааг явуулахын тулд энэ судалгааг явуулж байна. 2013 онд хийсэн судалгааны дүнд хамгийн бага хэрэглээтэй өрхүүдэд хүнсний эрхийн үйлчилгээг үзүүлж, дараагийн түвшний иргэдэд Өрхийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Мөн 1-6 ангилалд багтсан иргэдэд хуульзүйн зөвлөгөө өгч байсан. Төр иргэдэд чиглэсэн үйлчилгээг үзүүлэхийн тулд эхлээд өрхүүдээ тодорхойлох шаардлагатай байгаа юм. Түүнээс бус өнөөдөр хүүхдийн мөнгө авах авахгүй эсэх нь энэ судалгаатай ямар ч хамаагүй. Бид судалгааны дараа мэдээллийн нэгдсэн санд програмчилж оруулах ажил дүүргийн хэмжээнд 20 хоногийн хугацаанд хийнэ.

-Судалгаа ямар өртгөөр явагдаж байгаа болон юунд зарцуулагдах бол?
-Санхүүтэй холбоотой мэдээллийг би сайн мэдэхгүй байна.

-Судалгааны асуултуудад хэр өөрчлөлт орсон бэ. Будаа агшаагч, хөргөгчтэй л бол чинээлэг айлын тоонд орж хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэх гомдол иргэдийн зүгээс гарч байсан. Энэ тал дээр хэр анхаарсан бэ?
-Хөдөө, хотоос хамаараад бага зэрэг өөрчлөлт орсон. Гэхдээ зурагт, радио, хөргөгч зэрэг асуултууд хэвээрээ байгаа. Тухайн орлогоор бус орлогыг орлуулан тооцох аргачлалаар дүгнэнэ. Өөрөөр хэлбэл өрхийн хэрэглээгээр тооцно гэсэн үг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?