БНСУ-д хууль бусаар оршин суух иргэдийн тоо нэмэгдсэн учир виз олгох журмыг чангатгажээ

Сэтгүүлчийн үг

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас хууль бус оршин суугчдын тоог багасгах арга зам болон гуравдагч улсаар дамжин өнгөрөх зорчигчдыг Солонгос руу визгүй нэвтрүүлэхийг нэмэгдүүлэх, ЭСЯ-наас баримталж буй бодлогын талаар мэдээлэл хийлээ.

БНСУ 1999 оноос хойш өөрийн улс руу визгүй зорчуулах шийдвэрийг гаргаж байжээ. Монгол Улсын иргэд Солонгос улс руу зорчих визний нөхцөлийг 2015 онд хөнгөвчилж, дансанд байршуулах мөнгөний хэмжээ 14 сая байсныг 8 сая болгож, цаашлаад 5 сая болгосон.

БНСУ-д хууль бусаар оршин суух иргэдийн тоо нэмэгдсэн учир виз олгох журмыг чангатгажээ

2012-2014 онд БНСУ-руу зорчих иргэдийн тоо 33000 байсан бол 2015 онд 55000, 2016 онд 67000 хүн материалаа ирүүлсэн байна. 2017 оны байдлаар өдөрт 600-700 хүний материал ирж байна хэмээлээ. Энэ байдлаараа 2017 онд 100 гаруй мянган иргэний материал хүлээж авах урьдчилсан тооцоо гарсан байна. Иймээс виз мэдүүлэгчдийн хариуг 7-10 хоногт илгээдэг байсан нь 15 хоног болон уртасчээ.

Визний нөхцөлийг хөнгөвчилснөөр Монгол иргэд БНСУ-д хууль бусаар оршин суух тохиолдол улам ихэссэн

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн зөвлөх И Жэ Юү “Хууль бусаар оршин сууж байгаа Монгол иргэдийн тоо байнгын өсөх үзүүлэлттэй байна.

Тодруулбал, 2014 онд 130 орчим иргэн харлаж, 2015 онд энэ тоо огцом өсч 1,500 орчим болсон бол 2016 онд 2,000 орчим хүн харласан байна.

Он оны харласан иргэдийн тоог харвал 10 дахин өсчээ. Бусад оронд суугаа БНСУ-ын Элчин Сайдын Яамдтай харьцуулан үзвэл Монгол Улс хүн ам цөөн боловч харлаж байгаа иргэдийн тоо их байдаг.

Өдөрт орж ирж байгаа виз мэдүүлэлтийн тоо нэмэгдэж байгаагийн хэрээр харлаж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас БНСУ-аас виз олгох журмаа чангатгасан.

Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг багасгах тал дээр бид ажиллаж байна. Тухайлбал, хугацаандаа эргэн ирж байгаа иргэдэд тухай тухайд нь визийг чөлөөтэй олгож ажиллана.

Мөн виз мэдүүлэгчдийн тоог багасгахын тулд олон удаагийн визийг аль болох олгохыг хичээж байна. Энэ тал дээр БНСУ-ын Засгийн газарт санал хүргүүлсэн.

-Хууль бусаар оршин суугчдийг өөрсдийнх нь хүсэлтээр гаргах түргэтгэсэн арга хэмжээ авна-

Үүнээс гадна, 2017 оны гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл гурван сарын хугацаатай хууль бусаар оршин суугаа иргэдийг өөрсдийнх нь хүсэлтээр гаргах түргэтгэсэн арга хэмжээ авахаар болсон.

Энэ нь зөвхөн Чэжүгийн нисэх онгоцны буудлаар өөрийн хүсэлтээр гарах хууль бус оршин суугч гадаад иргэдэд хамаатай.

Ингэхдээ хууль бусаар оршин суусан хугацаа нь гурван жилээс бага бол тухайн иргэний БНСУ-ын хилээр нэвтрэх эрхийг хаахгүй, гурван жилээс дээш хугацаанд хууль бусаар оршин суусан бол хилээр нэвтрэх эрхийг нь зөвхөн нэг жилээр хаах юм.

Үүнд мөн нууцаар хил нэвтэрсэн, бусдын паспортыг ашиглан хилээр нэвтэрсэн иргэд орж байгаа, харин эрүүгийн хэрэгтэй бол үүнд хамаарахгүй.

Өмнөх жилүүдтэй харьцуулбал Чэжүд хууль бусаар оршин суух иргэдийн тоо эрс өссөн бөгөөд одоогоор 7,000 гаруй иргэн байна” гэлээ.

Харласан иргэдийн талаарх сүүлийн үеийн тоон үзүүлэлтээс дурдвал 2016 оны арваннэгдүгээр сард 211 хүн, арванхоёрдугаар сард 213 хүн, 2017 оны нэгдүгээр сард 221 хүн харласан гэсэн тоон мэдээ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яаманд ирсэн байна.

Мөн гуравдагч орноор дамжин ирсэн иргэд БНСУ-д 30 хоног визгүй зорчих боломжтой ажээ.

Урд нь БНСУ Европын найман орноор дамжин ирэгсдийг визгүй зорчуулдаг байсан бол энэ удаа 30 орон болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр нэр бүхий 30 орноор дамжин ирэгсэд тухайн оронд 72 цаг байсан бол БНСУ-д 30 хоног визгүй зорчих эрхийг эдлэхээр болжээ.

-БНСУ 2017 онд Монгол Улсаас 1700 ажиллах иргэн авна-

БНСУ-руу өдөрт 600-700 хүн визний материалаа бүрдүүлж өгч байгаа. Эдгээр иргэдийн дийлэнх нь тус улс руу ажиллах зорилготой байгаа юм. Гэвч БНСУ энэ жил ердөө 1700 иргэнийг ажиллах хүчээр авна гэдгээ мэдэгдлээ. 2016 онд 2800 иргэн хүлээж авч байсан манай улсаас харлах иргэдийн тоо ихссэн тул ийн ажиллах квотоо багасгажээ. Мөн виз мэдүүлэхэд авч 20 доллар хаашаа ордог тухай асуухад “Бидэнд 20 долларын хураамж огт хамаагүй. Энэ нь танай Хөдөлмөрийн яамтай холбоотой” хэмээсэн юм.

www.breakingnews.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?