МОНГОЛЧУУД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХЭРХЭН ХАМГААЛЖ ИРСЭН БЭ?

Сэтгүүлчийн үг

Нүүдэлчин Монголчууд хүүхдийн эрхийн талаар хэрхэн хуульчилсныг сөхөн үзвэл, олон тооны баримт нотолгоо түүхэн сурвалжуудад болон бичмэл хуулиудад байна. Тухайлбал: Ираны түүхч Рашид-ад-дин Хамаданий /1247-1318/ “Судрын чуулган” бүтээлд “...Энэ аймгийн долоон нас хүрсэн бүх охид түүнчлэн тэр жилд хүний гэргий болгон өгсөн охидын салган авч цуглуул гэжээ. Дөрвөн мянган охид ирсэн байна. Тэдний дотроос ноёдод харьяалагдаж байгааг ялга гэсэн байна. Дараа нь Засаг хууль гаргаж энд байгаа хүмүүс эдэнтэй ханилцгаа гэв. Тэдгээрээс хоёр гоё хүүхэн зугтаав. Үлдсэнийг нь хоёр эгнээгээр жагсаагаад ордонд тохирохыг нь хатагтай нарын өргөө рүү явуулав. Зарим хэсгийг нь анчид, харцагачид, шувууныханд, нөгөө хэсгийг нь ордонд алба хашигсдад тус тус оноожээ. Заримыг нь архины өргөө ба элчингийн аж ахуйд шилжүүлээд, үлдэгсдийг нь өрсөлдөн авцгаа гэж тэнд байсан монголчууд, лалынханд айлдав. Энэ бүхнийг харж байсан охидын эцэг эх, ахан дүүс, хань нөхрүүд, төрөл төрөгсдийнхөн нь ч дуугарч зориглосонгүй, татгалзах боломж ч олдсонгүй.” гэжээ.

Түүхэн сурвалжуудын бусад мэдээ, баримтуудаас үзвэл Монгол хүн өөрийн үр хүүхдээ сайтар хүмүүжүүлж байсан.  Хүүхдийг бага насанд нь сүй тавилцаж, нас биед хүрсэн хойно нь гэр бүл болгодог зэрэг нь Рашид-ад-дин өөр нүүдэлчин аймгуудтай андуурсан байх боломжтойг дараах баримт нотолж байна. Үүнд: Английн түүхч Горальд Лэмбийн тэмдэглэсэн “Чингис хааны хууль”-д “17. ...Боол эмэгтэйгээс төрсөн хүүхдийг хууль ёсны эхнэрээс төрсөн хүүхдийн адил үзнэ. Анхны эхнэрийн хүүхдүүд бусад /эхнэрийн/ хүүхдүүдээс дээгүүрт тавигдах ба өв залгамжилна.” “19. Балчир хүү охин хоёртой айл өрх хоорондоо худ ураг болохыг хүсвэл сүй тавьж болно.” гэсэн нь хүүхдийн эрхийн талаарх дэвшилтэт зохицуулалт  юм.

Үүнээс 200-300 жилийн хойно буюу 1620 оны “Бичин жилийн их цааз”-д гэр бүлийн харилцааг зохицуулахдаа “Хорь насалсан охиныг өг...” зэргээр тодорхой  хуульчилах болсон нь  төр, нийгмийн хөгжил, ертөнцийг үзэх үзэлтэй салшгүй холбоотой.

“Энх-Амгалангийн зургадугаар оны хуучин засгийн бичигт нэмж тогтоосон засгийн бичиг” /1667 он/-т Арван насанд хүрэх өдөр хүүхэд хулгай хийвээс ялгүй. Арван наснаас дээш болбол ял” өгөхийг зааж хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ялын бодлогыг хэрэгжүүлэх болжээ.

 Мөн “Зарлигаар тогтоосон Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-т “Нэгэн зүйл” Аливаа гар хөл аливаа юмаар хүнийг хор хийх хэргийн дотроос бие шалтагтай эмийн харвис унагахад хүрүүлбээс хан ван бэйл бэйс гүнг хоёр жилийн пүнлүү хас. ... Хор хийж үхэхэд хүргүүлэх басхүү шүүгээд аргаар алах ба зоримгоор алахын зэрэг учир буй бөгөөс цөм шүүх цаазын хууль ёсоор шийтгэгтүн.”  гэсэн нь эх хүүхдийн эрхийг хамгаалсан чухал асуудлыг шийдвэрлэсэн эрх зүйн баримт болон уламжлагдсан төдийгүй “Нэгэн зүйл. Аливаа монголчууд харилцан гэнэдүүлэн сайн хүний боол, шивэгчин эм, бага эм, хөвгүүд ач нар болон худалдваас худалдсан ба эс худалдсаныг үл ялган зуун ташуур занчигтун.” гэж нийгмийн гажуудал, хүний наймааны сөрөг талыг анхаарч, хуульчилж ирсний баталгаа билээ.

Ийнхүү эхийн хэвлийн ураг бүрэлдэхээс эхлэн, насанд хүрэх хүртэлх хүүхдийн эрхийг Монголчууд хуульчилсаар ирсэн нь өнөөгийн эрх зүйт төрийн хөгжлийн явцад Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм.

                                                                                                                                                                                                                                                            П.Хишигбаяр

   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [150.129.141.xxx]

    Уламжлал гэж агуу зүйл байна.

  • Зочин

    Зочин [103.50.206.xxx]

    Түүх соёлоо мэдэж байх нь хамгаас чухал бодууштай л мэдээлэл байна.

  • Зочин

    Зочин [103.50.206.xxx]

    Монголчууд эрт дээр үеэс үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх талаар арвин мэдлэгтэй. Бага балчир байхад нь сүй тавиж, нас биед хүрхээр нь гэрлүүлдэг байсан. Монголчууд ёс жудагтай ард түмэн.

  • Зочин

    иргэн [103.50.206.xxx]

    Монгол хүний сайхан сэтгэл, хүүхдээ ажил хөдөлмөрөөр хүмүүжүүлдэг байсан уламжлал одоо хаана байна? байхгүй. 4 насттай бяцхан охиныг төрсөн эцэг нь хойт эхтэй нь нийлж яалаа. Одоо хүртэл шүүх шийдэхгүй л байна. Хүүхдийн байгууллагад дан улс төрийн томилгоо хийгдэж байна.

  • Зочин

    Тунгаа [66.181.186.xxx]

    Хэрэгтэй мэдээлэл байна.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?