Пак Гын Хэ ерөнхийлөгчийн суудлаа өглөө

Сэтгүүлчийн үг

-Тэрээр авлигын хэргээр шоронд суух магадлал өндөр байна-

БНСУ-ын улстөрчид элдэв дуулиан шуугианд холбогдомтгой. Тэр дундаа төрийн тэргүүнүүд нь бүр ч онцгой. Нэг Ерөнхийлөгч нь бусдад алагдсан бол өөр нэг нь огцорч, цөллөгөд байсаар нас барсан. Хоёр Ерөнхийлөгч авлига хээл хахуулийн хэргээр Шүүхээс ял сонсч, нэг нь хуулийнхнаас зугтаж яваад амиа егүүтгэсэн гээд л. Өөрөө биш юм аа гэхэд гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь авлигын хэргээр Шүүхээс ял сонсч байсан тохиолдол бараг бүх Ерөнхийлөгчид тохиолдож байв. Харин Солонгосын домогт удирдагч Пак Жон Хигийн охин Пак Гын Хегийн талаарх шуугиан тэднийхээс өөр. Тэрээр БНСУ-ын түүхэнд урьд өмнө огт тохиолдож байгаагүй сонин шалтгаанаар улс төрийн замналдаа хар толбо суулгаж байна. Тодруулбал, зөвлөгчийн орон тоон дээр ажилд авсан эрээвэр хураавар дагалдагчдаасаа болж нэр хүндээ унагажээ. Түүний зөвлөгчдийн дотор мэргэ төлгө тавигч, бөө удган, тэр ч бүү хэл жиголо буюу эрэгтэй биеэ үнэлэгч хүртэл байсан юм.

Пак Гын Хэг огцруулсан гол буруутнууд

Түүний нэр хүндийг унагасан тойрон хүрээлэгчид нь хэн бэ. 
60 настай Чүэ Сун Силь хэмээх авгай. Ерөнхийлөгчтэй 1970-аад оноос буюу 20 гаруй настай байхаасаа найзалжээ. Түүний эцэг Чүэ Тэ Мин гэгч зургаан удаа гэрлэж, долоон удаа нэрээ сольж явсан нэгэн. Өөрийн гэсэн шашны урсгал бий болгож, түүнийгээ хүмүүст итгүүлэх бизнес хийдэг байсан энэ эр Пак Жон Хиг төрийн эрх барьж байх жилүүдэд буюу 1961-1979 оны хооронд охиных нь итгэлийг олж авсан аж. 1974 онд болсон төрийн эргэлт хийх оролдлогын үеэр Пак Жон Хи генералын эхнэр, одоогийн Ерөнхийлөгчийн ээж амиа алдсан аж. Ирээдүйн Ерөнхийлөгч энэ үеэр сэтгэлийн гүн шаналгаанд автсан бөгөөд чухам энэ үеэс Чүэ Тэ Миний тусламжийг авах болжээ. Чүэ Тэ Миний тав дахь эхнэрээс Чүэ Сун Силь гарсан гэх бөгөөд дээд сургууль төгсөх гээд бүтэлгүйтсэнийхээ дараа эцгийнхээ нэг адил шашны бизнес эрхлэх болсон гэнэ. Одоо өөрийн гэсэн сүмтэй. Түүний номлодог “Енсегё” гэх урсгал нь Христийн шашин болон Солонгосын уламжлалт бөө мөргөлийн холимог аж. Ерөнхийлөгч Пак Гын Хе бүр багаасаа энэ бүлэгтэй холбоотой байж, найз Чүэ Сун Силийнхээ зөвлөгөөг дагадаг байжээ.  Эцэг нь 1979 онд төрийн эрхээс зайлуулагдаж, хөнөөгдсөний дараа улам ганцаардмал байдалд орж, гэрлэж ч чадахгүй өөрийгөө мухардмал байдалд орсон гэдэгтэй эвлэрч байсан гэнэ. Энэ үед олон найз нь нүүр буруулж, гагц Чүэ Сун Силь л найз гэдгээ харуулсан учраас эдүгээ ийнхүү “даам” гарах болжээ. Гэвч түүний эрхлэн явуулдаг үйл ажиллагааг хэвлэлүүд сонирхож эхэлсний дараа асуудал үүссэн. Ерөнхийлөгч өөрөө ч Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл гэх мэт Ерөнхийлөгчтэй зөвлөлдөх чиг үүрэг бүхий байгууллагуудын саналыг үл тоомсорлож, хэний ч үл мэдэх, боловсрол мэдлэг муутай нөхдөөр хүрээлүүлэх болсон нь хэл ам дагуулж эхэлсэн юм.

 

Пак Гын Хег тойрон хүрээлэгчдийн дунд мэргэ төлөг тавигчид, бөө удганууд, тэр ч битгий хэл ахимаг насны эмэгтэйчүүдэд биеэ үнэлдэг залуухан эр ч байдаг талаар хэвлэлүүд уралдан бичиж байв. Эдгээр нөхдүүд Ерөнхийлөгчид зөвлөгөө өгч, улс төрийн чиг баримжаа нь болох хүртлээ нөлөөгөө тогтоосныг Солонгосын хэвлэлүүд бичиж байлаа.

Пак Гын Хег Германд ажлын айлчлал хийх үеэр зөвлөгч Чүэ Сун Силийнх нь хувийн компьютерт байсан мэдээлэл олон нийтэд ил болсон нь маш их шуугиан дэгдээсэн. Тэнд Пак Гын Хед зөвлөгөө өгдөг, ойрын хүрээллийнх нь хүмүүсийн тухай мэдээлэл байсан бөгөөд дунд нь Ко Ён Тэ гэгч жигологийн (эрэгтэй биеэ үнэлэгч) нэр цохиж явсан нь ийнхүү шуугих үндэслэл болжээ. Спортын талбарт гялалзаж, туялзуур сэлэмний төрлөөр 1998 оны Азийн наадамд түрүүлж байсан энэ эр спортоо орхисныхоо дараа эскорт-үйлчилгээ буюу эмэгтэйчүүдэд таашаал эдлүүлдэг ажил хийх болсон гэдгээрээ улсдаа нэртэй нэгэн гэнэ.     

Энэ бүх мэдээлэл ил болсны дараа буюу 2016 оны аравдугаар сард солонгосчууд анх удаа Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж жагсаал хийхэд олон мянган хүн оролцжээ. Пак Гын Хе байдал хяналтаас гарч болзошгүйг ухаараад дүрэм зөрчиж байсан хэд, хэдэн тохиолдлоо нэрлэн олон нийтээс уучлалт гуйсан ч байдлыг өөрчилж чадсангүй. Прокурорын газар Чүэ Сун Силийг Германаас эх нутагтаа буцаж ирсэн өдөр дайчлан баривчилсан юм.

Пак Гын Хэ шоронд суух магадлал өндөр байна

 

Чүэ Сун Шилийг 2016 оны арвэннэгдүгээр сарын 20-ны өдөр Прокурорын газраас албан ёсоор авлигын хэрэгт буруутгасан билээ. Түүний 52 компаниас 70 гаруй сая ам.долларыг авлига хэлбэрээр авсан гэж буруутгасан юм. Энэ хэргийн дуулиан дунд Пак Гын Хегийн нарийн бичгийн дарга, ажлын алба нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ. Тэдний нэг бус ажилтанд Прокурорын газраас тухайн сардаа багтаан эрүүгийн хэрэг тулгасан юм.

Парламент дахь сөрөг хүчний нам Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх хуулийн төслийг 2016 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Парламентад оруулж хэлэлцүүлэн маргааш нь санал хураалт явуулахад “234 гишүүн дэмжсэнээр огцрох зам нь шулуудсан гэж хэлж болно.   

Пак Гын Хегийн авлигын хэргийг судлахаар байгуулагдсан ажлын хэсэг гурван сар үргэлжилсэн шалгалтынхаа үр дүнг 2017 оны хоёрдугаар сарын 28-нд танилцуулж, Ерөнхийлөгчийг авлга авсан хэрэгт буруутгах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь эцсийн цэгийг тавьж өгсөн юм.

Улмаар өнөөдөр Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг дэмжсэнээр албан тушаалаасаа өгцорсон билээ.

Тэрээр Чой Сун Шилийн авсан мөнгөний тодорхой хувийг авахаар үгссэн байж болзошгүй гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргасан учраас одоо түүний хэргийг үргэлжлүүлэн шалгах нь олйгомжтой болж байна. Өөрөөр хэлбэл, Пак Гын Хе албан тушаалаа өгсний дараа эрүүгийн хариуцлагад татагдах магадлал өндөр байна.  

эх сурвалж:eagle.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [103.50.206.xxx]

    солонгосчууд шударга юм аа

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?