Үзэсгэлэнт гүнж ба Жонон” киног хориглохыг шаардлаа

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын Төрийн думын гишүүн Виталий Милонов засгийн газартаа хандан, Уолт Дисней компанийн шинэ уран бүтээл болох “Үзэсгэлэнт гүнж ба Жонон” уран сайхны киног Оросын нутаг дэвсгэрт гаргахыг хориглохыг хүссэн байна.

Тэрээр өөрийн хүсэлтээ ОХУ-ын Соёл урлагийн сайд Владимир Мединскийд хүргүүлсэн байна. Тэрээряаманд хүргүүлсэн хүсэлтдээ дээрх уран сайхны кино нь ижил хүйстнүүдийн харилцааг сурталчилсан элементүүд агуулсан хэмээн онцолжээ.

ОХУ-ын Соёл урлагийн яам одоогийн байдлаар тус уран сайхны кинотой холбоотой ямар нэг хууль эрх зүйн шийдвэр гаргаагүй байгаа ба кино энэ сарын 16-нд Орост албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөсөн байгаа аж.

“Үзэсгэлэнт гүнж ба Жонон” уран сайхны кино нь PG (эцэг эхийн хяналтанд) ангилалтай кино бөгөөд 1991 онд гарсан хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбар юм.Тус киноны найруулагч Билл Кондоны хэлж байгаагаар киноны гол дүрийн нэг болох Гастоны найз ЛеФу нь үнэхээр ижил хүйстнээ сонирхож буй талаар гарах гэнэ. Тэрээр, “ЛеФу нэг өдөр Гастон шиг болохыг хүснэ, дараа өдөр нь Гастоныг үнсэхийг хүсдэг. Тэрээр яг юу хүсээд байгаагаа ойлгодоггүй. Түүний дүр дотроо яг ийм зүйлийг мэдэрч байгаа хүмүүсийг харуулсан.”хэмээн ярьсан байна.

ОХУ-ын засгийн газар 2013 онд насанд хүрээгүй хүүхдүүдэд ижил хүйстнүүдийн харилцааг сурталчилсан контентийг хориглох хууль баталсан билээ. Үүнийг олон улсын хүний эрхийн байгууллагууд болон ижил хүйстнүүдийн нийгэмлэгүүд хүчтэй шүүмжилж байсан юм. 1999 он хүртэл ижил хүйстнээ сонирхох явдлыг ОХУ сэтгэцийн эмгэгт тооцдог байсан байна.

“Нэгдмэл Орос” намын гишүүн Виталий Милонов Оросын засгийн газраас гаргасан ижил хүйстнүүдийн эсрэг хуулийг гол санаачлагчдын нэг юм. Тэрээр “Үзэсгэлэнт гүнж ба Жонон” уран сайхны киног “ижил хүйстнүүдийн харилцааг илт сурталчилсан” гэсэн шалтгаанаар АНУ-ын Алабама мужийн нэгэн кинотеатр  гаргахгүй гэж мэдэгдсний дараа өөрийн хүсэлтээ яаманд хүргүүлсэн аж.

 

эх сурвалж:gogo.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?