Бэлэн гоймон хүүхдийг тэжээлийн архаг дутагдалд оруулдаг

Сэтгүүлчийн үг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүний нэг бол бэлэн гоймон.                                                     Бэлэн гоймон хэрэглэснээр сөрөг нөлөө их ч дэлхий даяараа хүнсэндээ хэрэглэсээр байгаа юм. Уншигч танд бэлэн гоймонгийн талаар мэдвэл зохих зарим баримтыг хүргэе.
Бэлэн гоймонгийн хэрэглээгээрээ тэргүүлэгч нь Хятад улс бол дараагаар нь Индонез, Япон, АНУ, Өмнөд Солонгос зэрэг орон ордог байна.
The Ramen Rater цахим хуудсыг үндэслэгч Ханс Линишийн олж мэдсэнээр бэлэн гоймонгийн 1000 гаруй төрөл зүйл байдгаас “хамгийн амттай нь Малайзын MY KUALI брэндийн сам хорхойтой гоймон” гэж нэрлэжээ.
Бэлэн гоймонг Тайвань гаралтай Японы бизнесмэн Момофуку Андо одоогоос 60 гаруй жилийн өмнө олж нээсэн байна. Тэрээр чанадаг бэлэн гоймонгоос рамен, аягатай бэлэн гоймон хүртэлх олон төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн юм. Япончуудын дунд явуулсан судалгаагаар бэлэн гоймонг XX зууны хамгийн онцлох нээлтийн нэгээр нэрлэсэн байдаг.
Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт олон орон  өөр өөрийн өвөрмөц онцлогтойгоо уялдуулан гаргасан олон нэр төрлийн бэлэн гоймон бий. Хятадууд гэхэд л нэг жилд 42 тэрбум гаруй бэлэн гоймонг хүнсэндээ хэрэглэдэг байна. Харин Өмнөд Солонгосын хувьд нэг хүн жилд дунджаар 69 блээн гоймон иддэг гэх тоон үзүүлэлт байгаа юм.
Бэлэн гоймон нь жирэмсэн ба 5 хүртэлх настай хүүхдийн хувьд хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог. Бие давхар эмэгтэй бэлэн гоймонг хүнсэндээ хэрэглэвэл ургийн өсөлт хөгжилтөд нь сөргөөр нөлөөлж зулбах эрсдэлтэй. Харин багачуудын хувьд хэрэгцэт амин дэм, уургийг шимэгдүүлж улмаар тэжээлийн архаг дутагдалд хүргэдэг ажээ.
“The Consumer Education & Research Society” –гаас явуулсан судалгаагаар хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг 15 нэр төрлийн бэлэн гоймонд судалгаа хийж үзжээ. Тэдгээр бэлэн гоймон нь амин дэм, төмрийн агууламж өндөртэй гэж нэлээд сурталчлагдсан бүтээгдэхүүн байсан юм. Тэгтэл өөх тосноос илүү хүний бие махбодод хэрэгцээтэй зүйл үгүй байсан буюу бичигдсэн найрлагаас нь өөр зүйлс байсныг тогтоожээ. Тиймээс бэлэн гоймонг хэрэглэхэс эрс татгалзах эсвэл хэрэглээгээ багасгахыг зөвлөсөн гэнэ.
Бэлэн гоймон нь хүнсний сода ихээр агуулдаг бөгөөд содаг хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчлөлд хүргэх эрсдэлтэй ба багтраа, цусны даралт ихсэхэд нөлөөлж бөөрийг гэмтээдэг. Гоймонг хэт өндөр хэмд боловсруулж бэлтгэх явцад хорт хавдар үүсгэгч бензпирен үүсдэгийг Их Британий эмч Рейчел Томпсон олж тогтоожээ.
Хүн төрөлхтөний өдөр тутмын хэрэглээ болсон бэлэн гоймонг шинжлэх ухааны үүднээс авч үзвэл та бидний бие организмд ашигтай ямар ч эрдэс минераль агуулагддаггүй бөгөөд хүн төрөлхтөний хүнсний хэрэглээний хамгийн чанаргүй бүтээгдэхүүнд тооцогддог. Магад бэлэн гоймонгоо өндөг, хүнсний зарим ногоог хачирлаж хэрэглэх нь эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж хэрэгцээт уураг, амин дэмийг бага зэрэг нөхөх боломжтой гэж үзсэн байна.
Бэлэн гоймонд агуулагддаг глутамат натрийг амтыг нь сайжруулахад ашигладаг бөгөөд энэ бодисноос харшилдаг хүмүүс олон бий. Харшилдаг эсэхээ мэдэхийн тулд бэлэн гоймон идсэний дараа толгой өвдөх, суулгах, бөөлжих, сульдах, зүрхний хэм алдагдах, нүүр халуу дүүгэх зэрэг шинж тэмдэг хурцаар илэрч буй эсэхийг ажиглах хэрэгтэй ажээ. Хэрвээ харшилдаг нь тогтоогдвол ийм найрлагатай хүнснээс татгалзах нь зүйтэй.
Бэлэнг гоймонг байнга хэрэглэх нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа болон бодисын солилцоо явагдахад асар их сөрөг нөлөөтэй. Тогтмол идсэнээр ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сааруулж, ходоод гэдсийг хөөлгөж улмаар хоол боловсруулах замын эрсдэлтэй эмгэгүүдийг дагуулдаг.
Түүнчлэн бөөрөнд нөлөөлснөөр шээс гадагшлахгүй болж, жингийн илүүдэл, хэт таргалалтад өртөнө. Мөн шээс ялгаруулах явцыг удаашруулснаар биеэс хорт бодисоо гадагшлуулж чадалгүй аажмаар хордож эхэлдгээ анзаардаггүй байна.
Бэлэн гоймонгийн гол найрлага нь пропиленгликол гэдэг химийн нэгдэл юм. Хөлдөлтийн эсрэг үйлчилгээтэй энэ бодис гоймонг чийгшүүлж, хэт хуурайшихаас сэргийлж өгдөг ч дархлалын тогтолцоонд сөрөг нөлөөтэй байдаг. Энэ нь бие махбодын дархлааг гэмтээж зүрх, элэг, бөөрөнд муугаар нөлөөлдгийг нэгэнт тогтоожээ.Амттай харагддаг ч энэ мэт олон аймшигтай зүйлс бэлэн гоймонд бий. Эрхэм та авах гээхийн ухаанаар хандаж хэрэглээгээ тохируулахыг зөвлөе.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?