Үзэсгэлэн худалдаагаар Дархан-Уул аймагт 150 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ

Сэтгүүлчийн үг

 XVII жарны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа  энэ сарын 15-20-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдаж, манлай бүтээгдэхүүн үйлчилгээгээ шалгаруулан  урамшууллаа. Энэ жилийн “Цагаан сар 2017” үзэсгэлэн худалдаанд 23 ААНБ, 18 нөхөрлөл хоршоо, 110 иргэн, өрхийн үйлдвэрлэгчид гээд нийт 150 гаруй төлөөлөл оролцож,  150 гаруй  сая төгрөгийн борлуулалт хийж, ашиг орлогоо нэмэгдүүлсэн байна.

Үзэсгэлэн хуралдаанд Дарханаас гадна Төв, Сэлэнгэ, Орхон аймгууд болон Улаанбаатар хотын үндэсний үйлдвэрлэгчид оролцож, бүтээгдэхүүнээ сурталчилжээ. Улмаар “Шилдгийн шилдэг үйлдвэрлэгч”-ээр “Дархан Гэрэл” ХК, Шилдэг стэндтэй оролцогчоор “Мөнх-Ундрам хүнс” ХХК тус тус шалгарч цом, өргөмжлөлөө гардан авав.  

2017 оны “МАНЛАЙ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “Шүтэн-Уул” ХХК-ийн “Үндэсний дээл”, Иргэн Б.Батчимэгийн урласан “Эмэгтэй гоёлын гутал цүнхний хослол”, “Дархан гоёл” ХХК-ийн “Сүлжмэл 4 хос цамц”, иргэн Б.Баяраагийн урласан “24-өөр сүлжсэн суран бүс”, иргэн С.Батчимэгийн “Хөөрөгний даалин”, “Дархан Дээжис” ХХК “Хэвийн боов”, “Дархан хүнс” ХХК-ийн “Жимстэй ааруул”, “Батбүрэн толгой” ХХК-ийн “Дунайский салат”, “Мах сервис” ХХК-ийн “Үхрийн чанасан өвчүү”, “Дархан гурил тэжээл” ХХК-ийн “Улаан буудайн гурил” тус тус шалгарлаа.

Харин тусгай байрын шагналыг иргэн Э.Энхчимэгмаагийн “Торго сүлжмэлийн хослол” торготой хослуулж хийсэн сарлагийн хөөврөн цамц, иргэн Д.Анхтуяагийн “Малгай”, Мишээл хуримтлалын бүлгийн “Болор хүүхдийн тэжээл” цолмон сироп, Арвин цехийн “Нарийн боов”, Дархан Дэлгэрэх ХХК-ийн “Найртын Эх” хэвийн боов тус тус хүртжээ.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдын нэрийн бүтээгдэхүүнийг ур хийц, бүтээгдэхүүний тодорхойлолт, хэрэглэгчдийн таашаалд нийцэж буй байдал, чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан байдал зэргийг харгалзан шалгаруулсан аж.

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, Дархан-Уул аймаг дахь ХАҮТ ажилласан байна. Хамтран зохион байгуулагчаар аймаг, сумын ЗДТГ, Хүнс Хөдөө аж ахуйн газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Мэдээлэл технологийн алба, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг ажиллав. Мэдээллийн ивээн тэтгэгчээр DBS телевиз, ЛХА телевиз, RGB телевиз хамтран ажиллажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?