УИХ-ын гишүүн Б.Наранхүү нийт чуулганы хуралдааны 15 хувьд нь хуралдаа суужээ

Сэтгүүлчийн үг

Парламентын бүрэн эрх дөрвөн жилийн хугацаатай. Дөрвөн жилийн хугацаанд анхдугаар чуулган, ээлжит бус чуулганыг эс тооцвол УИХ албан ёсоор найман удаа хуралддаг юм. Тэгвэл өнгөрсөн жилийн УИХ-ын ээлжит сонгуулийн дараа шинээр бүрэлдсэн "шинэ" парламент хамгийн анхны албан ёсны намрын чуулганы нэгдсэн хуралдааны ард гарч чадлаа. "Шинэ" парламент гэсний учир нь өмнө нь УИХ-д сууж байгаагүй 41 хүн шинээр сонгогдон төр түшилцэхээр болсон юм.

Тэгвэл УИХ-ын намрын чуулганы үр дүн ямар байсан бэ. Анхны чуулганаараа 85 хуулийн төсөл баталж, 190 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт хийж чаджээ. Гэвч намрын чуулган эхэлснээс хойш нэг зүйл засагдахгүй байсаар хаалтаа хийчихсэн. Тэр нь УИХ-ын гишүүдийн ирц. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. УИХ-ын гишүүдийн үүрэг ч үүнтэй адилхан. Тэр утгаараа гишүүн бүр хууль батлах, хэлэлцэх процесс бүрт оролцож, хуулийн өмнө үүрэг хүлээж, хуулиар хамгаалагдах эрх эдэлдэг иргэн бүрийг  төлөөлж, санал бодлоо хэлэх ёстой юм. Ингэх гэж л иргэд сонголт хийдэг. Гэвч хааны суудал халаатай гэдгийг олон хүн мартсан бололтой.  

Түүнээс гадна ялангуяа парламентад шинээр сонгогдсон гишүүд анхны чуулганаас УИХ-ын үйл ажиллагаа хэрхэн, яаж явагддагийг суралцах ёстой байв. Харамсалтай нь шинэ гишүүд битгий хэл туршлагатай гишүүдээс нь ч намрын чуулгандаа бүтэн суусан хүн байсангүй. Одоо харин суралцах хугацаа тэдэнд байхгүй.  

Чуулганы хуралдааныг хамгийн их тасалсан гишүүн хэн бэ

Намрын чуулганы хугацаанд нийт 166 цагийн хуралдаан болсон. Гэвч ирцээс харахад УИХ-ын гишүүнийхээ үүргийг цөөн хэдхэн гишүүн л гүйцэтгэжээ. Нийт 166 цагийн хуралдааны 162 цагт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гишүүн сууснаараа манлайлав. Түүний дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Н.Амарзаяа нар удаалав.

Харин чуулганы хуралдааныг хамгийн их тасалсан гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Наранхүү тэргүүллээ. Тэрээр 26 цагийн чуулганы хуралдаанд сууж, 74 цагийг нь тасалж, 21 цагийг нь гадаад томилолтоор аргалж, 32 цагийг нь орон нутагт өнгөрүүлжээ. Гэхдээ Б.Наранхүү гишүүний хувьд энэ бол шинэ үзэгдэл биш. Өнгөрсөн парламентад ч гэсэн хамгийн их хуралдаан тасалсан хүнээр тодорч байсан юм. Түүний дараа харин УИХ-ын шив шинэхэн, тэгээд залуу гишүүн Д.Гантулга аман хүзүүдлээ. Түүний хувьд 58 цаг чуулгандаа сууж, 108 цагийн чуулганы хуралдаанд оролцоогүй. Гадаадад томилолтоор 27 цаг, орон нутгаар 33 цаг явсан. Мөн 21 цагийн цагийн чөлөө авсан байна. Шинэ гишүүний хувьд гишүүнээр ажиллах хугацаандаа эхний хоёр жил УИХ-ын үйл ажиллагааг судалж, дараагийн хоёр жилд нь хууль батлана хэмээн ярилцлагадаа дурдсан байдаг. Энэ нь ч үнэн бололтой. Гэхдээ УИХ бол хичээлийн байр биш гэдгийг санах хэрэгтэй. Дунд сургуулийн хүүхдийг олон цаг хичээл тасалбал багш нь "муу" дүн тавьдаг. Яг үүнтэй ижилхэн чуулганы хуралдааныг таслаад байгаа гишүүдэд ард түмэн дөрвөн жилийн дараа ямар дүн тавих нь тодорхой биз ээ.

"Хэлгүй" гишүүд

УИХ-ын намрын чуулганы нийт хугацаанд хэн хэдэн удаа үг хэлж, хэдэн удаа асуулт асуусан тухай дүн мэдээллийг мөн дэлгэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү намрын чуулганы хугацаанд 74 удаа үг хэлж 112 удаа асуулт асууснаар энэ жагсаалтыг тэргүүллээ. Харин "овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ" гэдгийн үлгэрээр надаар оролдохгүй бол би юм дуугараад яахав гэж үзсэн үү яав, нэр бүхий гурван гишүүн нэг ч минут үг хэлээгүй ажээ. Тэдгээрт С.Батболд, Г.Солтан, Д.Мурат нар багтаж байна. "Хэлгүй" гурван гишүүний хоёр нь буюу  Г.Солтан, Д.Мурат нарыг шинэ гишүүн гэдгээр нь ойлгож болно. Харин С.Батболдын хувьд  Засгийн газрыг толгойлж явсан улс төрийн туршлагатай парламентч хүн. Гэтэл нэг  ч удаа чуулганы хуралдаан дээр үг хэлсэнгүй. Бүхэл бүтэн намрын чуулганы хугацаанд шүү. Уг нь цагтаа журмын нөхөдтэйгөө хамт чуулганы танхимын үүдийг хаан сууж хүртэл эсэргүүцэл үзүүлж явсан нэгэн. Гэвч ялалтын дараа хэнийг ч шүүмжилж, ямар ч хуулийн төсөл дээр санал бодлоо хэлэхээ больсон байна. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж.

эх сурвалж:eagle.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.186.xxx]

    Ухаангүй гэхээр энгүй баян. Баянда эрдээд л байна. Газраар хөлжсөн. Олимпийн медальтнуудад кг алт өгнө гэчихээд өгөөгүй гэсэн.

  • Зочин

    Зочин [122.201.24.xxx]

    Эргүүлж татах хууль хэрэгтэй байна.

  • Зочин

    иргэн [103.50.206.xxx]

    тэртэй тэргүй сонгогдоод байгаа юм чинь суусан суугаагүй яахав гэж байгаа

  • Зочин

    зочин [103.50.206.xxx]

    Мурат, Солтан 2 эхлээд Монгол хэл сураад дуугарна. Батболд олон жил суугаад залхциймөө. ККК

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?