Ким Чен Нам-ыг хортой зүүгээр хордуулж хөнөөсөн байж болзошгүй

Сэтгүүлчийн үг

Энэ долоо хоногт Малайзын Куала-Лумпур хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр бусдад хорлогдож амиа алдсан этгээдийг Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам баттай мөн болохыг хурууны хээгээр нь дахин баталлаа гэж Өмнөд Солонгосын талаас мэдэгдлээ.

Тодруулбал, Малайзын тал хурууны хээгээр нь хохирогч этгээдийн хэн болохыг баттай тодруулж өгөхийг Өмнөд Солонгосын талаас хүссэн байна. Шинжилгээний хариу Ким Чен Нам мөн гэж гарчээ. Умард Солонгосын тал хохирогчийн цогцсонд задлан шинжилгээ хийхийг эсэргүүцэж, цогцсыг Умард Солонгост шилжүүлэхийг Малайзын талаас шаардсан ч татгалзсан хариу өгсөн байна. Ким Чен Намыг хортой зүүгээр хордуулж хөнөөсөн байж болзошгүй хоёр сэжигтэн этгээдийн нэгийг Малайзын цагдаа нар саатуулжээ.

Онгоцны буудлын хяналтын камерт бичигдэж үлдсэнээр Ази төрхтэй хоёр эмэгтэй энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй бөгөөд тусгай албаны бэлтгэгдсэн хүмүүс байсан гэх таамаг ч олон улсын хэвлэлүүдээр тархаад байгаа юм. Баривчлагдсан сэжигтэн этгээд нь Вьетнамын паспорттой байсан бөгөөд одоогоор байцаалт авч байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж цагдаагийнхан мэдэгдэж байна.

Харин Өмнөд Солонгосын хэвлэлүүд Ким Чен Намын үхлийн хэрэгт Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун оролцсон буюу түүний аллагыг захиалсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Мөн Ким Чен Намын Францад байгаа хүү Ким Хан Солын амь нас ч аюулд унаад байгаа тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд уламжилж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?