Хоёрдугаар сарын 14 гэгээн хайрын баярын мэнд хүргье

Сэтгүүлчийн үг

Гэгээн Валентиний баяр нь Европ тивд 13 дугаар зуунаас эхлэн тэмдэглэж ирсэн, дурлалт хосуудын баяр бөгөөд Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдсэн түүхтэй. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.  Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлийг нууцаар гэрлүүлдэг байв. Түүний нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентинийг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ.

Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрбээр хайртай бүсгүйдээ “Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентинийг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадгалагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг хоёрдугаар сарын 14-ний өдөр юм.

Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентинийг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентинийг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентиний өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.  Дурлалт хосуудын энэ баярыг 18 дугаар зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр "Juno Fеbruata"-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ.

Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ. Өмнөд Европт Гэгээн Валентины өдрийг 13 дугаар зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ. Оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг долоодугаар сарын 8-нд тэмдэглэдэг байсан. Харин хоёрдугаар сарын 14-нд "Трифоны өдөр" гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу хоёрдугаар сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна.

Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь хоёрдугаар сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй/ байдаг гэдэгт итгэдэг гэнэ. Харин Япончууд Гэгээн Валентиний өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ. Учир нь энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ. Мэдээж улс орон бүрийн ёс заншил өөр байдаг ч хайр дурлал бол хил хязгааргүй билээ.

Монголчууд Валентинтай танилцсан түүх

Валентиний өдөр буюу хайрын баярын түүхтэй танилцсан маань Монголчуудын хувьд 1995 он. Тухайн үед шинийг сэдэж шоу маягийн зохиож байгуулж гаршаад байсан хэсэг залуус гадаад орнуудад "Гэгээн Валентиний өдөр" хайртай хосуудад зориулсан баяр байдаг  тухай сайн олж мэдээд Монголдоо хийе гэсэн саналыг гаргасан гэдэг.  Ингээд залуус Валентиний эрэлд гарцгааж. Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, инцоглофед болон гадаад явж гахай тахианы мах идэж үзсэн хүмүүсээс ч сураглав.  Хайгуулын ажиллагаа амжилттай болж Валентин гэдэг сохор лам хайртай хосыг суулгахгүй гээд байхад нь нууцаар суулгаад цаазаар авахуулсан өдөр болохыг мэджээ.

Мөн хайртай хүндээ цэцэг, шоколад бэлэглэдэг, хайраа илэрхийлдэг гэдгийг мэдэж аваад үүнийгээ  монголчуудынхаа ахуй амьдралд тохирсон “хөөрхөн” түүх болгон “пиарджээ”.  Монголчуудыг Валентинтай танилцуулсан энэ түүх их аятайхан.

Валентинийг “импортлох” энэ ажилд 102.5 радио, “Чиний зураг” сонины эрхлэгч Ч.Булгантамир нар их идэвхтэй оролцсон гэдэг.  Энэ талаар Хашир Анжгай өөрийн блогтоо дэлгэрэнгүй бичсэн байдаг.  Залуус гудамжнаас урт төмөр олж нугалан зүрх хэлбэртэй болгож ёлконы гэрлээр хүрээлэн тайзаа чимэглэж.

Мөн  буфет ажиллуулвал илүү ашиг олох магадлалыг тооцоолж зүрхэн хэлбэртэй хайрцаг бүхий Хятад шоколад, лаазтай ундаа тавьсан гэнэ. Вино ч байсан гэдэг.  Ингээд 100 гаруй билет зарагдаж шоу амжилттай болжээ.  Энэ цагаас хойш Валентиний өдөр Монголчуудын хувьд бараг уламжлалт баярын зиндаанд хүрч нутагшсан гэдэг. Тиймээс хайрын баярыг тэмдэглэгч монгол хүн  бүр дээрх залууст Валентин ламаас ч дутахааргүй талархах хэрэгтэй. 

Ингээд нас насны хосууддаа харь орноос  хожуу ирж нутагшсан хайрын баярын мэндийг хүргэе. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?