Эд Жэйгэр: Хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой байлгасан үед  гадны хөрөнгө оруулагчид буцан ирэх боломжтой

Сэтгүүлчийн үг

Канад Улсаас Монгол Улсад суугаа гурав дахь Элчин сайд Эрхэмсэг ноён Эд Жэйгэр 2015 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Элчин сайдаар томилогдож,  2015 оны гуравдугаар сараас хойш Монголд ажиллаж байна. Онтариогийн Их сургуулийг хуулийн чиглэлээр төгссөн тэрбээр Индонези, Перу, Афганистан, Бразил зэрэг улсуудад Канад улсыг төлөөлөн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж, олон улсын бизнес болон худалдааны салбарт арвин туршлага хуримтлуулсан.  Элчин сайд Жэйгэр 2011-2014 оны хооронд Канадын агаарын тээврийн гэрээний хэлэлцээрүүдэд  хувь нэмрээ оруулсан туршлагатай аж. Түүнийг "Ярилцах танхим" буландаа урьлаа.    

Хүйтний улирлаас  шалтгаасан хамгийн том хүндрэл бол агаарын бохирдол

-Хэдийгээр Монголд ажиллаад багагүй хугацаа өнгөрөөсөн ч  хоёулаа ярилцлагаа таны Монголын тухай сэтгэгдлээр эхэлбэл ямар вэ?

Энэ оны хоёрдугаар сард би Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирсэн хоёр жилийн ойгоо тэмдэглэнэ. Миний хувьд Монгол бол үзэсгэлэнт байгальтай, баялаг түүхтэй, содон соёлтой гайхалтай сайхан орон. Монголд байх хугацаандаа хүмүүс нь их найрсаг, ухаалаг, золбоолог болохыг ажигласан. Ер нь миний хувьд ажиллахад маш таатай газар.

-Монгол, Канад орнууд цаг агаарын хувьд ижил төстэй гэгддэг ч дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатарт ажиллаж амьдрахад хүндрэлтэй байгаа байх даа?

-Тиймээ, хүйтэн уур амьсгал ч чанга л даа, гэхдээ энд Оттавагаас тийм ч их өөр биш. Өөрөөр хэлбэл би хүйтэн цаг агаарт  дассан хүн. Улаанбаатарт Оттаваг бодоход цас харьцангуй бага унадаг болохоор миний хувьд цас цэвэрлэх талаар санаа зовох хэрэггүй болсондоо баяртай байгаа. Гэвч шулуухан хэлэхэд монголчуудын хувьд хүйтний улирлаас  шалтгаасан хамгийн том хүндрэл бол агаарын бохирдол байна.

-Та Монголд ирээд жил гаран болжээ. Хөдөө орон нутгаар аялах боломж гарсан уу? Танд ямархуу сэтгэгдэл төрсөн бэ?

-Тиймээ, надад Монгол орны баруун, зүүн, өмнөд, хойд хэсгүүдээр аялах завшаан тохиосон. Говь нутаг таалагдсан ч Хангайд илүү их татагдаж байгаа. Учир нь Хангайн сайхан уул ус, ой мод надад төрсөн нутгийг минь санагдуулдаг. Ер нь хаа ч очсон надад хөдөө нутаг их сайхан санагдсан.

-Газарзүйн хувьд хол байдаг хэдий ч манай хоёр орны харилцаа улам бэхжиж ирлээ. Таныг иргэд хоорондын харилцааг улам ойртуулахад илүү анхаарч ажиллаж байгаа байх гэж бодож байна. Таны 2017 оны төлөвлөгөөний талаар асууж болох уу?

-Тэгэлгүй яах вэ, Засгийн газар хоорондын харилцаагаа улам бэхжүүлж, сайд нарын болон бусад албаны хүмүүсийн хооронд уулзалтууд зохион байгуулах тал дээр анхааран ажиллаж байна. Худалдааны салбарт Монголын худалдаа эргэлтийг сэргээх тал дээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд чиглэх болно. Мөн Монгол Улсад хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр авч явуулсан арга хэмжээнийхээ үр дүнг харж эхлэх болно.  Мөн энэ жил Канад улс тунхагласны 150 жилийн ойг тэмдэглэх хүрээнд  хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх боломжуудыг эрэлхийлж байна.

-Канадаас Монголд оруулж байгаа хөрөнгө оруулалтын ихэнх хэсэг нь уул уурхайн салбарт чиглэдэг. Үүнээс өөр салбарт ажиллах сонирхлоо илэрхийлсэн Канадын хөрөнгө оруулагч бий болов уу?

-Тиймээ, Канадаас Монгол Улсад оруулж байгаа хөрөнгө оруулалтын ихэнх хэсэг нь уул уурхайн салбарт чиглэж байгаа нь үнэн. Гэхдээ Монголын хөдөө аж ахуй, барилга зэрэг салбарт ажиллах сонирхолтой бизнесменүүд ч мөн бий. Тэднийг Монголд ирж, хөрөнгө оруулалтаа дээрхи салбаруудад ч зориулах өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна.

-Канадын хөдөө аж ахуйн салбар нь мал аж ахуй, тариалангийн чиглэлээр өндөр хөгжсөн. Тэдгээрээс манайд нэвтрүүлж болохуйц өндөр технологи, шинэлэг арга барилууд байгаа бол нэрлэхгүй юу?

-Тиймээ, мал аж ахуй, тариалангийн салбарт өндөр технологи, шинэлэг арга барилууд нэвтрүүлэх сонирхолтой Канад хүмүүс бий. Мал аж ахуйн салбарт малын тэжээл боловсруулах технологийг Канадаас Монголд нэвтрүүлж байна. Үр тарианы салбарт Канадын технологи оруулж ирэхээс гадна Монголын фермерүүдэд шош болон буурцагны төрлийн ургамал тариалахад нь туслах боломжыг судалж байгаа.

Монгол Улс тайван замаар ардчиллыг хөгжүүлж байгаад  гүн сэтгэгдэлтэй байдаг

 

-Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг өөртөө татах олон санаачлагууд гаргаж, хууль эрх зүйн байдлыг сайжруулах талаар чармайн ажиллаж байгаа. Канадын хөрөнгө оруулагчид үүнийг анзаарч байна уу. Хэрхэн хүлээн авч байгаа бол?

-Миний ажигласнаар Канадын хөрөнгө оруулагчид дээрхи санаачлагуудыг  эхлэл тавигдаж байна гэж харж байгаа бөгөөд зөвхөн Канад ч гэлтгүй гадаадын хөрөнгө оруулагчдыг нааш нь татахын тулд энэхүү эхлэл ажлууд нь  цаашид урт хугацаанд үргэлжлэх өөрчлөлтийн эхлэл гэдгийг итгүүлэх хэрэгтэй. Мэдээж, ингэхдээ тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. Хөрөнгө оруулалтын орчинг удаан хугацаанд тогтвортой байлгаснаар ирээдүйг таамаглах нөхцөл бүрдсэн үед л гадны хөрөнгө оруулагчид буцан ирэх боломжтой.

-Уул уурхайгаас олсон баялгаа ашиглан бусад салбараа хөгжүүлэх тухай бид ярилцсан. Уул уурхайн салбар өндөр хөгжсөн жишиг орны тоонд Канад ч мөн ордог учир манай улсын хувьд уул уурхайгаа зөв зохистой хөгжүүлэн бэхжүүлэхэд юуг анхаарах ёстой гэж та үзэж байна?

-Монголчууд олборлолтын салбараа цаашид хөгжүүлэх хэрэгтэй гэж би боддог. Хайгуул олборлолтын болон уул уурхайн компаниудын үйл ажиллагаа цаашид томоохон төслүүдийг эхлүүлэх боломжийг бүрдүүлдэг учир шинээр хайгуул олборлолт хийхийг дэмжихгүй бол том төслүүд шинээр хэрэгжинэ хэмээн хүлээх боломжгүй юм.

-Монгол улсад ардчилал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх тал дээр Канад улсын зүгээс үзүүлж байгаа тусламж дэмжлэгт бид талархдаг билээ. Монгол Улсын ардчилсан үнэт зүйлсээс та алийг нь хамгийн ихээр үнэлж байна вэ. Эмэгтэйчүүдийн манлайлал, бүх нийтийн боловсрол гэх мэт танд илүү их анзаарагдсан зүйлүүдээс алийг нь нэрлэж болно?

-Миний хувьд Монгол Улс тайван замаар ардчиллыг хөгжүүлж байгаад  гүн сэтгэгдэлтэй байдаг. 1990 оны шилжилтийн явц ганц ч цонх хагалалгүй тайван явагдсан, түүнээс хойших 26 жилийн хугацаанд эрх мэдлийг мөн амжилттай шилжүүлсээр ирснийг бахдахын зэрэгцээ энэ бүхэн Монгол Улс ардчиллыг хөгжүүлэх замд бүрэн орсныг илтгэж байна гэж боддог. Энэ хэвээр цааш үргэлжлүүлэхийн тулд залуус нь ардчиллын үнэт зүйлсийн талаар боловролтой болж, эмэгтэйчүүд нь мөн энэ үйл явцад оролцох боломж нээлттэй гэдгийг мэдэж байх нь чухал юм.

-Канадын элчин сайдын яамнаас орон нутгийн санаачлагыг дэмжин, төсөл санхүүжүүлдэг. Орон нутгийн ТББ-тай санхүүжилтын гэрээг үзэглэх ёслолд оролцох боломж надад тохиож байсан. Тэдгээр төслүүдийн эхний үр дүнгүүдээс та хуваалцаж болох уу. Одоогийн байдлаар хамгийн амжилттай, үр дүнтэй хэрэгжиж байгаа төсөл юу байна?

Канад сангийн Орон нутгийн санаачлагыг дэмжих хөтөлбөр нь Канадын Засгийн газрын зүгээс жижиг төслүүдийг санхүүжүүлэхээр хөгжиж буй 100 гаруй оронд Элчин сайдын яамдаараа дамжуулан хэрэгжүүлдэг хөтөлбөр бөгөөд Монгол Улсад 1997 оноос хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш 20 жилийн хугацаанд монголчуудын амьдралыг сайжруулахад эдийн засаг, соёл, нийгмийн салбаруудаар нь дамжуулан томоохон дэмжлэг үзүүлсэн.  Энэхүү хөтөлбөрийн Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ой  2017  онд тохиож байгаа. Өнгөрсөн хугацаанд нийт 430 гаруй төслийг 6,7 сая канад доллараар санхүүжүүлснээс шууд болон шууд бусаар жилд 300 000 гаран иргэд төслийн ашиг тусыг хүртсэн байна. Энэ жил бид 150 гаруй өргөдлийн материал ирсэнээс 11-ыг нь сонгосон ба бүгд амжилттай хэрэгжиж байгааг нь харахад таатай байна. Тэдгээрийн нэг болох Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (ХЭҮТ) ийн хэрэгжүүлж байгаа төслийг энд дурдья. 2014-2015 онд хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохоор олон нийт болон шийдвэр гаргах түвшнийхэнд хандсан, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад нь зориулж ХЭҮТ-д санхүүжилт олгож байсан. Энэ жил мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг шинэчлэх хэлэлцүүлэг өрнөсөнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээнд нь зориулан санхүүжилт олгосон бөгөөд 2016 оны арванхоёрдугаар сард уг хуулийг батлагдахад ХЭҮТ-ийн оролцоо чухал үүрэгтэй байсан гэдэгт итгэлтэй байна. Үүнээс гадна Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж буй хорт хавдартай эмэгтэйчүүд, хүүхдүүд, ар гэрийнхэнд зориулсан байнгын үйл ажиллагаатай номын сан байгуулах, ингэснээр тэднийг төрөл бүрийн мэдээлэл авах нээлттэй боломжоор хангах, боловсролыг дээшлүүлэх, цагийг зөв зохистой, үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэхээр хэрэгжүүлж байгаа төслийг мөн энд дурдмаар байна.

-Олон монгол залуус Канадад суралцах сонирхолтой байдаг. Танай засгийн газраас тэтгэлэг олгодог уу? Ер нь Канадад суралцах ямар ямар боломжууд байдаг вэ?

-Одоогийн байдлаар Монгол Канадын хооронд Засгийн газрын тэтгэлэг гэж байхгүй. Гэхдээ Канадын Засгийн газраас магистр болон түүнээс дээш шатны сургалтанд олгодог Вание болон Бантунгийн тэтгэлэгт хөтөлбөрт гадаад оюутнууд, тэр дундаа Монголчууд хамрагдах боломжтой. Эдгээр хөтөлбөрүүдийн тухай дэлгэрэнгүйг www.scholarships-bourses.gc.ca холбоосоор орж авч болно. Мөн www.educanada.ca хаягаар орж өөрийн сонирхсон чиглэлээр ямар сургуулиуд байдаг болон сургалтаа санхүүжүүлэх ямар боломжууд байгаа талаар судалж болно.

-Танай оронд суралцах болон амьдрах зорилгоор виз мэдүүлж байгаа хүмүүст зориулсан ямар нэгэн дэмжлэг бий юу?

Улаанбаатар хотод Канадын визний мэдүүлэг хүлээн авах төв ажиллаж байгаа. Мөн Канад руу зорчих виз мэдүүлэх хүсэлтэй иргэдийг vfsglobal.com/Canada/Mongolia  хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг Анли болон Монгол хэлээр авахыг зөвлөж байна. Мөн Канадад цагаачлах хүсэлтэй бол http://cic.gc.ca/english/immigrate хаягаар цагаачлалын тухай албан ёсны мэдээлэл авах боломжтой.

-Өнгөрсөн жил Канадын парламентын нийтийн танхимын дарга Жиофф Рэган монгол улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэр айлчлалын үр дүнг та товчхон хэлнэ үү?

-Айлчлал тун амжилттай болж өнгөрсөн бөгөөд айлчлалын үеэр Монгол Улсын Их хурлын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нартай уулзалт хийснээс гадна Хөрөнгө Оруулалтыг Хөхиүлэн Дэмжих, Харилцан Хамгаалах тухай Хэлэлцээр болон Монгол Улсын Их Хурал болон Канад Улсын Парламентын Нийтийн Танхимын хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг зэрэгт гарын үсэг  зурсан. Канад улсын зүгээс дээрхи хэлэлцээрийг хоёр орны хоорондох хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгоход чиглэсэн эрх зүйн чухал баримт бичиг болно гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар хоёр улс өөр өөрсдийн хуулийн дагуу уг гэрээг хүчин төгөлдөр болгох арга хэмжээг авах шатандаа байна. Уг гэрээ хэрэгжиж эхэлснээр Канадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд Монгол түншүүдтэйгээ тогтоосон эдийн засаг болон арилжааны хэлхээ холбоогоо бэхжүүлэх, гүнзгийрүүлэхэд туслах болно. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдыг үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах явдлаас энэ гэрээ хамгаалах учир Канадын хөрөнгө оруулагчдын хувьд гадаад дотоодын бусад хөрөнгө оруулагчидтай эн тэнцүү өрсөлдөх боломжийг хангах гол баталгаа болж байгаа юм.

-Ойрын үед хоёр улсын хооронд ямар нэгэн дээд хэмжээний албан айлчлал төлөвлөгдсөн байгаа юу?

Энэ оны гуравдугаар сард Уул уурхайн сайд Канадад айлчлах төлөвлөгөөтэй байгаа ч албан ёсоор баталгаажаагүй байна. Гэхдээ хоёр орны хооронд дээд хэмжээний албан айлчлалууд хийгдсээр байх бөгөөд энэ бүхнээс хоёр улс харилцан ашиг тус хүртсээр байх болно гэдэгт миний бие итгэлтэй байна.

Ярилцсан С.Ганболд



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?