М.Хатанзориг: Зохиолч гэсэн алдраас аль болох зайлс хийж бичсэн номынхоо хувьд л зохиогч гэх нэршлийг ашиглаж байгаа

Сэтгүүлчийн үг

2017 оны хамгийн анхны уран зохиолын ном, тэр дундаа баримтат романыг олны хүртээл болгосон Шихихутуг Их Сургуулийн багш, залуу судлаач, шинэхэн зохиолч М.Хатанзоригтой энэ удаагийн ярилцлагаа өрнүүллээ. Тэрээр манай нийгэмд аюулын хар харанга дэлдэж эхэлсэн хүний наймаа, ялангуяа бэлгийн мөлжлөгийн талаар мэргэжлийнхээ давуу талыг ашиглан эрүүгийн хавтаст хэрэг, хохирогчийн мэдээлэл зэрэг баримтууд цуглуулан “Дуулим” хэмээх гол дүрийн охины нэрээр нэрлэсэн баримтат романыг туурвижээ.

Дашрамд дуулгахад М.Хатанзориг 2015 онд “Эдийн засгийн эрх зүйн шинжлэх ухааны философи” хэмээх нэг сэдэвт бүтээл туурвиснаас гадна хууль, эрх зүй, философийн чиглэлээр 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл, хэд хэдэн эссе, шүүмж бичиж нийтлүүлсэн байна.  Сурреализмын төрөлд багтах богино өгүүллэгүүдээ хувийн сандаа хадгалдгаас манай сайт өмнө нь та бүхэнд хүргэж байсан удаатай.

-Юуны өмнө “Дуулим” хэмээх шинэхэн бүтээлээрээ энэ оныг угтсанд тань баяр хүргэе. “Хүний наймаа” гэх хурц сэдвээр баримтат роман туурвих болсон шалтгаан нь их сонин байна?

-Баярлалаа. Оюутан байхдаа хүн худалдаалах гэмт хэргийн чиглэлээр багахан судалгаа хийж байсан юм. Энэ төрлийн хэргүүдтэй холбоотой нийтлэг мэдээллээс бусад бүх юм ер нь их нууцлагдмал, тэр хэмжээгээрээ хүний сонирхлыг татах нь элбэг л дээ. Ялангуяа бага сага судалгааны ажил оролддог хуулийн ангийн оюутанд бол ийм сэдвээр хөөцөлдөх нь нэг талаас мэргэжлийн үүрэг, нөгөө талаас нэг төрлийн сорилт, баатарлаг үйлс шиг л санагдаж байсныг нуугаад яахав (инээв). Сүүлд бодоход тэр ажил судалгааны арга зүйн хувьд тааруухан, дэвшүүлсэн зорилгоо бүрэн хангаж чадаагүй боловч хувь хүний үнэт зүйлс, эмзэглэл, сэтгэл зүйд багагүй нөлөөлөл үзүүлсэн юм. Зарим эх сурвалжаас бусдын биеийг хүчээр үнэлүүлэх гэмт хэргийн хохирогчид биеийн гэхээс гадна сэтгэл зүйн асар хүнд дарамт, зовлонд байдгийг тухайн үед бараг дунд нь орж мэдэрсэн гэхэд хаашаа юм, гэхдээ л зах зухаас нь ойлгосон. Ёстой л элэг эмтрэх гэдэг мэдрэмжийг амссан даа. Тэгээд л хүмүүст Монгол эмэгтэйчүүд маань ийм зовлонг эдэлж байна шүү гэдгийг бага ч атугай мэдрүүлэхсэн, анхаарлыг нь хандуулахсан гэсэн хүслээр энэ роман бий болсон.

-Хүн худалдаалах гэмт хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор ийм баримтат роман бичсэн гэж ойлгож болох уу?

-Анхаарал хандуулах гэхээсээ илүүтэй тэнд буй хүмүүсийн зовлонг бага ч гэсэн ойлгуулах, тэнд хүмүүс тийм байдлаар амьдарч, оршиж байгааг мэдрүүлэхийг гол чиг болгосон. Сэтгэл зүй талаас нь. Тэнд гэдэг нь үнэндээ бидний дунд, бидэнтэй зэрэгцэж гэсэн үг л дээ. Гэхдээ л дунд нь орвол энэ төрлийн гэмт хэргийг тойрсон орчин, хүмүүс нийлээд бидний нийтлэг амьдралаас шал өөр ертөнц шүү дээ.

-Уран зохиолын талаасаа ямар онцлогтой вэ?

-Онцлог ч юу байхав. Нэг талаас баримтат гэсэн утгаараа бодит амьдрал дээрх фактууд буюу хавтаст хэргүүд, холбогдох этгээдүүдийн ярилцлага, мэдүүлэг зэрэгт үндсэндээ түшиглэж, нөгөө талаасаа гол нь дүрийн сэтгэл зүйн байдлыг чухалчилж уран сайхны аргатай хослуулахыг хичээсэн дээ. Мөн уншигчид дүрүүдийн, ялангуяа гол дүрийн охины маань сэтгэл, мэдрэмжийг хуваалцах, өөрөө мэдрэх нөхцлийг зохиолдоо бүрдүүлэх зорилгод  бичлэгийнхээ хэлбэр, найруулга, үг сонголт зэргийг чиглүүлсэн. Ер нь дорнын уран зохиолын хэлбэрийг ашиглахыг эрмэлзсэн гэж болно.

-Дорнын гэхээр ямар гэсэн үг вэ?

-Яахав, надад өрнийн уран зохиолууд ихэвчлэн үйл явдалд түшиглэсэн байдаг бол дорнын зохиолууд дийлэнхдээ дүрийн дотоод “би”-гийн талаар буюу дотоод зөрчил, сэтгэл зүй, ухамсарт чиглэсэн байдаг юм шиг санагддаг. Энэ нь ийм дорнын гээд байгаа уран зохиолоор кино хийхэд зохиолоосоо хавь доогуур, сэтгэл гонсоймоор бүтээл болдогтой ч бас нэлээд холбоотой юм шиг байгаа юм. Дүрийн дотоод өрнөлийг кино дүрсээр илэрхийлэхэд хэцүү шүү дээ. Тийм зохиолыг кино зохиол болгохоор нөгөө үндсэн уран зохиол маань шал өөр болчих гээд байдаг. Харин өрнийн үйл явдал түлхүү өгүүлдэг зохиолыг киногоор дүрсэлж үзүүлэхэд арай илүү дөхөмтэй байдаг болов уу.

-Ер нь хэзээнээс уран зохиол сонирхож эхлэв?

-Сонирхол бол бүр багаас эхлэлтэй. Сургуульд орохоосоо өмнө уншиж сурмагцаа үлгэрийн номнуудад дурлаж эхлээд гуравдугаар ангидаа анх Д.Намдаг гуайн “Цаг төрийн үймээн” романыг арваадхан хоногт уншиж байлаа. Одоо тэр маань номны сангийн хамгийн дээр залаастай. Арван жилдээ хичээлийн үеэр ширээн доогуураа ном нууж уншаад багшдаа загнуулдаг, тэр ч бүүхэл багадаа заримдаа машин зам гарч байхдаа хүртэл номоо ширтээстэй явж байдаг байсан шүү (инээв). Шүлэг их оролддог байсан. Дунд ангидаа лав дөчин найман хуудастай дэвтэр дүүрэн 4 мөртөөс эхлээд шүлгүүд бичсэн байсан ч одоо харамсалтай нь хаягдсан юм шиг байна лээ.

 

-Номыг их эрсдэлтэй нөхцөлд уншдаг байж (инээв. Сур.). Дараагийн асуулт хуульч мэргэжилтэй хүн уран зохиолын ном бичихэд давуу болон сул талууд юу байв?

-Эрсдэлтэй байж шүү нээрээ. Эргээд санахаар заримдаа аймар санагддаг л юм (инээв). Мэргэжлийн хувьд давуу тал нь түрүүн хэлсэн баримт цуглуулах, мөн зөвхөн хохирогч талаасаа гадна хууль сахиулах, шүүх байгууллага, хуулийн салбарын ажилчид, алба хаагчдын уг гэмт хэргийн талаарх хандлагыг ч бас багцаалддаг байсан гэж хэлж болох байх. Харин сул тал нь яг роман бичих дээрээ тулахад уран зохиолын онолууд, энэ мэргэжлийн мэдлэг яалт ч үгүй дутагдаж давхар их судалгаа хийх шаардлага гарсан даа.

-Залуу зохиолчийн хувьд олон нийтэд хүргэж буй анхны бүтээлээ романаар эхлэх нь хэр тохиромжтой вэ? Өгүүллэгүүдээ эхэлж хэвлүүлэх санаа байв уу?

-Олон нийтэд хүргэхэд аль нь тохиромжтой талаар нухацтай бодож үзээгүй. Үнэнийг хэлэхэд хүргэхийг хүссэн санаатайгаа холбоотойгоор Дуулим номыг олон хүмүүс уншаасай гэсэн хүсэл байсан ч би өөрийгөө зохиогчийн хувьд карьер төлөвлөлт ч гэх юмуу, тэр талаас нь хүмүүст ямар зохиолоороо, хэрхэн хүргэх энээ тэрээ гэж огт бодоогүй. Өгүүллэгүүдээ ч бас хүмүүст зориулсан гэхээсээ илүүтэй, зүгээр бичмээр санагдаад л бичсэн. Бараг өөртөө зориулж ч бичсэн байх. Тэгээд л ил гаргамаар санагдахаараа фейсбүүк хаягаараа, цахим хуудсуудаар нээлттэй тавьчихдаг. Роман гэснээс харин эхлээд Дуулимыг уг нь романы хэмжээнд бичнэ гэж бодоогүй ч агуулга, үйл явдлаа дүрслээд эхлэхээр тэлсээр байгаад л роман болчихсон.

-Зохиолч болох санаа байхгүй гэсэн үг үү?

-Зохиолч болох хүсэл бол байгаа. Гэхдээ зохиолч гэсэн нэрийг тийм амар олоод авчихгүй нь ойлгомжтой. Тэр ч утгаараа одоохондоо зохиолч гэсэн алдраас аль болох зайлс хийж бичсэн номныхоо хувьд л зохиогч гэх нэршлийг ашиглаж байгаа юм. Масс бол зохиогч, зохиолч хоёрыг төдийлөн ялгаад байх нь бага юм шиг байгаа юм л даа. Масстай байнга сүлэлдэж явдаг нь хэдий утга зохиолын салбарын онцлог боловч зарим өнцгөөс бол, тухайлбал үнэлэмжийн асуудал дээр сул тал нь болдог байх. Жишээ нь: хуульч гэсэн нэрийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалаад хоёр жил мэргэжлээрээ ажилласны дараа сонгон шалгаруулалтанд тэнцсэнээр албан ёсны гэрчилгээний хамт олж авна. Гэхдээ гэрчилгээ авсан, нэрийн төдий хуульч нар ч цөөнгүй бий. Гэтэл уран зохиолын салбарт яг зохиолч гэж хэнийг хэлэх вэ гэх тодорхой зохицуулалт байхгүйн дээр ганц нэгхэн зохиол, эсвэл чанартай чанаргүй баахан юм биччихээд өөрийгөө өргөмжлөх сонирхолтой хүмүүс олон байна. Яахав, аль ч салбарт ийм хүмүүс байгаа ч цаасан дээр бичсэн хэм хэмжээгээрээ сайн, муу ч зохицуулагддаг. Харин утга зохиолд бол уран зохиолын мэргэжлийн боловсрол эзэмшсэнээрээ зохиолч болох юмуу, нэг бол олон хүн уншсан олон ном бичсэнээрээ юмуу, эсвэл бичсэн зохиол нь явцуу хүрээний цөөн хүмүүст таалагдаж шагнал авснаараа зохиолч болох юмуу гэдэг нь тодорхойгүй.

-Тэгэхээр хэнийг зохиолч гэх үү?

-П.Батхуяг багш бол “бүх амьдралынхаа утга учрыг энэ салбарт зориулж чадах сэтгэл зүйн бэлтгэл”-ийг зохиолч хүний нэг шинж гэж хэлсэн байна лээ. Би үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Хичээл заадаг хүнийг багш гэдэг юм чинь зохиолоо бичдэг хүнийг л мэргэжлийн зохиолч гэнэ байх. Тодруулбал, тухайн хүн өөр ажлынхаа хажуугаар буюу дайвар маягаар зохиол бичдэг бол хичнээн ихийг бичээд мэргэжлийн хувьд зохиолч болохгүй. Харин сайн ч, муу ч үүнийгээ үндсэн ажил болгож, ёстой л амьдралынхаа утга учрыг зориулдаг нэгнийг бол зохиолч гэж хэлэх болов уу. Тэр хүн сайн зохиолч байж болно, муу ч байж болно. Гол нь зохиолч мөн. Манай Монголд уншигчид цөөн, материаллаг боломж бага ч гэлээ мэргэжлийн зохиолч, сонирхогч хоёрыг ялгах иймэрхүү хэмжүүр байх нь салбарынхаа хөгжил, үнэт зүйлд нэмэртэй байх болов уу.

-Гэтэл зарим сонирхогчийнх нь зохиол зарим мэргэжлийн зохиолчийнхоо бүтээлээс илүү чанартай байвал яах вэ?

-Чанарыг нь шүүдэг хүмүүс нь шүүгээд хэлнэ биз. Сайн сонирхогч, тааруу зохиолч байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Энэ чинь хэлбэрийн л асуудал. Боксын спортод хүртэл олон нийтийн шүтэн биширдэг олимпын аваргууд бол салбартаа сонирхогчийн статустай байдаг. Мэргэжлийн боксчид нь тусдаа. Мэргэжлийнхээ тэмцээнд л оролцдог болохоос олимпод ордоггүй. Өөрөөр хэлбэл бүтэн цагаар бэлтгэл хийж, амьдралаа боксдоо л зориулна. Өөрөө боксоороо л амьдарна гэсэн үг. Гэвч зарим сонирхогчид зарим мэргэжлийн боксчидоос илүү өрсөлдөхийг үгүйсгэхгүй. Үүнтэй л адилхан.

-Номоо бичиж байх үедээ ажлын өдрүүд тань хэрхэн өрнөдөг вэ?  Нууц биш бол хэдий хугацаанд бичиж дуусгав?

-Яг роман бол үнэхээр маш их цаг шаарддаг төрөл юм байна. Нэг суухдаа олигтойхон төвлөрч хугацаа зарцуулахгүй бол завсарлаад буцаад бичиж эхлэхдээ сүүлийн хэсгийг бүхлээр нь дахин уншиж номон дотроо орох шаардлага гардаг. Судалгаа, төлөвлөгөө гэх мэттэйгээ нийлээд бараг гурван жил болсон. Гэхдээ дунд нь хугацаа тасалдсан л даа. Багшлах ажил эхэлчихээр зохиол дээрээ үр дүнтэй, тухай сууж чадахгүй. Тийм үед бичсэн хэсэг сэтгэлд хүрэхгүй учраас дахиад эхнээс нь бичих болохоор хий цагийн гарз болдог юм байна лээ. Номынхоо үндсэн хэсгийг бол бараг л өнгөрсөн зуны саруудад бичсэн. Өглөө 9 цагаас бэлтгэл, үд дунд буюу 12 цагаас 13 цаг хүртэл, заримдаа 14 цаг хүртэл хөгжим тоглоод, орой 19 цаг хүртэл зохиолоо бичнэ. Харин бэлтгэлгүй өдрүүдэд өглөө 5 цагаас өдөр хүртэл зохиол дээрээ сууна. Бие болон оюун ухааныхаа эрүүл, саруул байдлыг хадгалах, ачааллаа тэнцвэржүүлэхийн тулд гэх үү дээ. Сонгуулийн үеийг эс тооцвол яг ийм хэвшил бараг л ухраадаг бичлэг шиг зунжингаа давтагдсан. Сонгуулийн үеэр хэсэг хугацаанд хуульчаараа ажилласан юм.

-Юуны бэлтгэл, ямар хөгжим юм бол?

-Хөгжим нь гитар, төгөлдөр хуур. Бэлтгэл нь боксынх. Гэхдээ би сонирхогч л доо (инээв).

-Дуулим романыг бичихэд бусдын туслалцаа хэр зэрэг оролцсон бэ?

-Мэдээж бусад хүмүүс маш их тусалсан. Өөрийг чинь энэ талаар асуухгүй бол төгсгөлд нь хэлье гэж бодож байлаа. Би өөрөө зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага эсвэл шүүхэд ажилладаггүй учраас өөрийн судалгааны материалуудаас бусад хавтаст хэргүүд болон олон баримтуудыг найз нөхөд, багш нар, шавь нараараа дамжуулан цуглуулсан. Тэд нар маань их тус болсон. Мөн МУИС-н боловсрол, сэтгэл судлалын тэнхмийн багш М.Нарантуяа /Ph.D, дэд проф/, МУБИС-н боловсрол, сэтгэл судлалын тэнхмийн багш О.Мягмар /Ph.D, проф/ багш нар маань уг гэмт хэргийн хохирогчийн сэтгэл зүйн асуудлуудыг психологийн (сэтгэл судлал) үүднээс судлахад арга зүйн үнэтэй зөвлөгөө өгсөн. Уран зохиол талаас нь СУИС-н Урлаг судлал, утга зохиолын тэнхмийн эрхлэгч, судлаач, шүүмжлэгч П.Батхуяг /Ph.D/ багш шүүмжлэн зөвлөж, номын өмнөх үгийг бичиж өгсөн. Дээрээс нь гэр бүлийнхний маань дэмжлэг ч маш их дэм болсон. Эдгээр хүмүүсийн туслалцаа, зөвлөгөө, шүүмж зөвхөн энэ бүтээлийг бий болгоход нөлөөлөөд зогсохгүй цаашдын эрмэлзэлд урам, зүтгэлд чиглэл минь болж байгаа учраас хэрвээ уншиж байгаа бол дахиад баярлалаа гэж хэлмээр байна.

-За танд баярлалаа. Уран бүтээлийн улам их амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт хүсье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зохиолч [103.26.194.xxx]

    Уран зохиолын замд орж ирсэн дүү хатуу замыг сонгожээ.

  • Зочин

    zochin [112.72.2.xxx]

    tanii huuliin oyutnuud uran zohiol sonirhdog uu. t lekts unshih uu.

  • Зочин

    Зочин [202.9.41.xxx]

    Хүчтэй дуу хоолой болон гарч ирж байна. Амжилт

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?