Эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтвортой байх төлөв ажиглагдах болжээ

Сэтгүүлчийн үг

Үнэ тогтвортой хадгалагдах найдлага байна


Манай улс энэ онд эдийн засгийн хүндрэлийг даван туулж, өсөлтийн зам руу чиглэх боломжтой хэмээн олон улсын судалгааны байгууллагууд таамаг дэвшүүлж байна. Оны өмнө манай улсын эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллага 2.5-2.7 хувь байхаар төсөөлж байсан. Тэгвэл ОУВС-аас энэ онд манай улсын эдийн засаг 3.4 хувьд хүрнэ хэмээн өөдрөг таамаглал дэвшүүлсэн байна. Үүнд мэдээж уул уурхайн бүтээгдэхүүний үнэ голлох байр суурьтай байна. Судлаачид эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтвортой байна гэсэн хүлээлтээ хоёр үндэслэлээр тайлбарлаж байгаа юм. Эхнийх нь Энэтхэг, Зүүн өмнөд Азийн улс орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт өснө гэсэн хүлээлттэй холбоотой аж. Тодруулбал, Хятад эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч байсан бол Энэтхэг орыг нь залгах боломжтой хэмээн судлаачид үзэж байна. Ирэх 10 жилийн хугацаанд Энэтхэгийн эдийн засгийн бодит тэлэлт дунджаар 6.4 хувь байна. Энэ нь Хятадын эдийн засгийн тэлэлтийн төлвөөс хоёр дахин өндөр үзүүлэлт аж. Мөн Филиппин, Бирм, Веьтнам зэрэг Зүүн өмнөд Азийн хөгжиж буй орнууд дунджаар долоон хувь өсөх төлөв байна. Өөрөөр хэлбэл, эрдэс бүтээгдэхүүний эрэлтийг чирэх голлох найдлага нь энэ юм. Эдийн засагч А.Билгүүн “Цаашид Энэтхэг, зүүн өмнөд Азийн улсуудын ДНБ-ий өсөлт 5-7 хувьд хадаглагдаж чадах юм бол зэсийн үнэ суурь үзүүлэлтээрээ сайжрах магадлал харагдаж байна” хэмээв. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах ёстой. Уг өсөлт энэ жил шууд явагдчихгүй. Аажмаар явагдана.


Дараагийн нэг нөлөөлөл нь Хятад улс ногоон эдийн засгийг дэмжих болсон. Өмнө нь Хятадад бараг айл бүр жижиг үйлдвэр бариад ган хайлуулдаг байсан. Харин одоо өндөр үр ашигтай технологи нэвтрүүлэхийг шаардах болсноор уг зардлыг даахгүй жижиг уурхай, үйлдвэрүүд олноор хаагдаж байгаа аж. Цаашид жижиг уурхайнууд үргэлжлэн хаагдсанаар нүүрсний эрэлт өсөх нөхцөлийг бий болгож магадгүй байгаа юм.    Тухайлбал, урд хөрш нүүрсний олборлолтоо ойрын таван жилд 500 сая тонноор бууруулах зорилт тавьсан байна. Үүнийг дагаад нүүрсний ханш тогтвортой байж магадгүй гэсэн таамаглалыг судлаачид хийж байна. Олон улсын “Asia Pacific investment Partners” компанийн захирал Ли Кашел “Яг одоо Хятадад бохирдлыг бууруулж, нүүрсний хэт үйлдвэрлэлийг багасгах шинэтгэл явагдаж эхэлсэн нь нүүрсний үнийг өсгөснөөр Монгол Улсад давуу тал болно” хэмээн тэмдэглэсэн байна. Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад хэдийгээр Хятадад нүүрсний эрэлт өсч байгаа ч манай улс уг орон зай руу шуурхай, зоригтой орохгүй бол Австрали, Энэтхэг, Малайз зэрэг олон зах зээл эзлэн авах боломжтой.  


ОУВС-аас БНХАУ-ын энэ оны эдийн засгийн өсөлтийг 6.5 хувьд хүрнэ гэж таамаглажээ. Энэ нь өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан таамгаас 0.3 хувиар өндөр үзүүлэлт болж байгаа ажээ. Түүнчлэн урд хөршийн эдийн засаг өнгөрсөн оны эхэнд тогтворгүй байсан бол оны төгсгөлд өсөлттэй байж чадсан тухай эерэг мэдээллүүд хөвөрч байна.

Уул уурхайн төлөвлөсөн орлого өсөх хандлагатай байна   


Төсөвт уул уурхайн салбараас энэ онд 1.4 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан билээ. Энэ нь 2015 оны гүйцэтгэлээс 11 хувиар буурсан үзүүлэлт боловч өнгөрсөн оныхоос 37 хувиар өссөн үзүүлэлт юм. Тодруулбал, 1.4 их наяд төгрөгийн 22 хувь буюу 226 тэрбум төгрөгийг нүүрс, 63 хувь буюу 638 тэрбум төгрөгийг зэсийн баяжмалын экспортоос төвлөрүүлэхээр тооцжээ. Энэ жил “Оюутолгой” компани 850 мянган тонн, “Эрдэнэт үйлдвэр” 650 мянган тонн зэсийн баяжмал экспортлоно хэмээн төсвийн төсөлд тусгасан. Ингэхдээ тонн зэсийн үнэ 4800 орчим ам.доллар байхаар төсөөлж, төсөвт тооцсон. Өнөөдрийн байдлаар зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 5600 ам.доллар байна. Зэсийн ханш 5000 ам.долларыг давснаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн АМНАТ 5 хувь байсан бол 20 хүртэл хувиар өсөх боломж бүрдэж байна. энэ нь төсвийн орлогыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлнэ. Анх зэсийн үнийг 4800 ам.доллараар тооцох үед АМНАТ-ийн орлогод энэ онд 317.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болсон.


Нүүрсний хувьд Монгол Улс 2016 онд 35 сая тонныг олборлож, 33.8 сая тонныг борлуулсан. Үүний 26 сая орчим тонныг экспортод гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, олборлолт, борлуулалт хоёулаа бараг хоёр дахин өссөн гэсэн үг. Энэ онд үүнээс илүү олборлолт экспорт хийхийг зорьж байна. Гэхдээ энэ оны төсөвт нүүрсний экспортын хэмжээг 23 сая тоннд хүргэхээр төсөөлсөн. Ингэхдээ угаасан нүүрсний үнийг 52 ам.доллар, боловсруулаагүй нүүрсийг 32 ам.доллар байхаар тооцсон. Одоогоор энэ үзүүлэлтийг даваад байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд тонн нүүрсээ 59 ам.доллараар борлуулж байна.


Хэдийгээр эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтвортой хадгалагдах төлөв байгаа ч үнэ төлөвлөсөн хэмжээнээс буурвал ихээхэн алдагдал хүлээх эрсдэлтэйг сануулж байна. Тухайлбал, коксжих нүүрсний үнэ төлөвлөсөн хэмжээнээс 5 ам.доллараар буурвал төсвийн орлого 12 тэрбум төгрөг, нүүрсний хэмжээ нэг сая тонноор буурвал төсвийн орлого 4.5 орчим тэрбум төгрөгөөр багасах аж. Мөн зэсийн баяжмалын экспорт 50 мянган тонноор буурвал төсвийн орлого 6.6 тэрбум төгрөгөөр дутна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?