Японы 60 гаруй компани Монголд хөрөнгө оруулахаар судалж байна

Сэтгүүлчийн үг

Японы бизнес эрхлэгчид Монголын уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, худалдаа зэрэг олон салбарт хөрөнгө оруулах ихээхэн сонирхолтой байгааг “ЖАЙКА” байгууллагын хийсэн судалгаа харуулж байна. Тэд “Монголын хөрөнгө оруулалтын орчин ба түүнийг идэвхижүүлэх” гэсэн сэдвээр судалгаа хийжээ. Энэ тухайгаа өнөөдөр танилцуулсан юм. Японы бизнес эрхлэгчдэд өнгөрсөн жил Монголын хөрөнгө оруулалтын орчин, хамтран ажиллах боломжийн тухай хоёр ч удаа танилцуулга хийсэн байна. Энэ үеэр нийт 150 гаруй төлөөлөл оролцжээ. Сонирхолтой нь уулзалтад уул уурхайгаас харьцангуй бага, харин аж үйлдвэрлэл, барилга, бөөний худалдаа, тээвэр, мэдээлэл холбоо зэрэг салбарын төлөөлөл түлхүү хүрэлцэн ирсэн байна. Уулзалтад оролцсон нийт төлөөллийн 40 орчим хувь нь манай улсад бизнес эрхэлдэг, мөн бизнесээ өргөжүүлэх сонирхолтой бүлэг байжээ. Харин үлдсэн 40 орчим хувь нь Монголын зах зээлийг сонирхож, шинээр хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Тодруулбал, уулзалтад оролцогчдын 15 хувь нь манай улсад дунд болон урт хугацаанд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, судалж байгаа бол 16 хувь нь урт хугацаанд ажиллахаар сонирхож буйгаа илэрхийлсэн байна. Уулзалтад оролцогчдын ердөө 20 хувь нь одоогоор хөрөнгө оруулалт хийх бодолгүй байгаагаа хэлжээ. Гэхдээ хоёр орны бизнесийн харилцаа өргөжсөнөөр хөрөнгө оруулагчдын тоо өсөх боломж байгааг судалгааны баг онцолсон.


Энд нэг зүйлийг онцлоход япончууд манай улсаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн авах ихээхэн сонирхолтой байгаа аж. Тухайлбал, “Живэртийн оргил” хэмээх компани чацарганы шүүс, тос үйлдвэрлэж Японд экспортлож эхэлжээ. Мөн “Михачи” компани зөгийн бал Япон руу гаргахаар төлөвлөж байгаа аж. Цаашид тараг, масло, бяслагийн экспорт ирээдүйтэй. Мөн хонь, ямааны гүн боловсруулсан арьс, мөн гурвалжин будаа, рапс, адууны мах зэрэг олон бүтээгдэхүүн Япон руу гаргавал хөрөнгө оруулагч компани, зах зээл нь бэлэн хүлээж байгааг ЖАЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Сато Мүцүми онцолсон.


Хамгийн гол нь Японы зах зээл өндөр шаардлага тавьдаг. Наад зах нь Япон руу хүнсний бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөсөн компаниуд эрүүл ахуйн шинжилгээн дээр бүдэрдэг аж. Монголд байгаа лабораториудын шинжилгээний дүнг Японы тал хүлээн зөвшөөрөх боломжгүй байдаг гэнэ. Тиймээс Монголд бүтээгдэхүүний шинжилгээг цогц, өндөр чанартай хийх лаборатори байгуулахад дэмжих тухайгаа илэрхийлсэн.


Үүнээс гадна Япон руу бүтээгдэхүүн гаргахад тулгарч буй нэг хүндрэл нь технологийн шаардлага юм. Японд өндөр технологи хөгжсөн. Тэр хэрээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэтэл манай улсаас зөгийн бал, адууны мах зэрэг олон бүтээгдэхүүн авах сонирхол байдаг ч технологийн шаардлага хангадаггүй байна. Тухайлбал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийн хадгалалт, тээвэрлэлт нь хангалтгүй, хөргөлттэй агуулах байхгүй зэрэг олон хүндрэлийг дурдаж болох аж. Мөн ихэвчлэн Хятадын технологи суурилуулсан байдаг. Энэ нь япончуудад гологддог байна. Өөрөөр хэлбэл, япончуудад Монголын бүтээгдэхүүн таалагддаг ч үйлдвэрлэх, шинжилгээнд хамруулах үйл явц нь болхи тул худалдаж авахаас цааргалдаг байна. Иймд Японы өндөр технологи нэвтрүүлэхэд Монголын аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах шаардлагатайг онцолсон. Нэг үгээр хэлбэл, япончууд өөрсдийн технологио манай компаниудад суурилуулж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлээд худалдан авах хэлбэрээр ажиллахад анхаарах юм байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [103.50.206.xxx]

    япончуудтай хамтрахад зүгээр шүү

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?