ЭМЯ:"КОВИД 19" ХАЛДВАРААР ДӨРВӨН ХҮН НАС БАРЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-04-07 04:47

Сэтгүүлчийн үг

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2021.04.07/ ээлжит мэдээллээ хийлээ.


-ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Өчигдөр  575  хүнээс халдвар илэрч, 185 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.  Харамсалтай нь маш хүнд оноштой байсан  дөрвөн хүн нас барсан. Ингэснээр халдварын улмаас  нас баралт нийт 17 боллоо.

Сүүлийн 24 цагт илэрсэн 575 тохиолдлын 456 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 10093 болсон.  Харин 113 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1700 боллоо. Аймгуудаас Өвөрхангай, Төв аймагт сүүлийн 24 цагт хамгийн олон буюу тус бүр 30 тохиолдол бүртгэгдсэн. Мөн Дорнод аймагт халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж, халдвартай аймгуудын тоо 18 болж байна.   Улаанбаатар хотын хэмжээнд 2583 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2186, хүндэвтэр 317, хүнд 70, маш хүнд 10 хүн байна. Нийслэлд 1000 гаруй иргэн гэрээр эмчлүүлж байна. Дүүрэг, хороо хэсгүүдэд халдварын шинэ тохиолдол өдөр бүр бүртгэгдэж байна. Ялангуяа орон сууцанд амьдардаг хүмүүс цахилгаан шатанд сууснаас болж, халдвар авсан тохиолдол багагүй бүртгэгдэх болсон.  Өнөөдрийн байдлаар Увс аймагт дөрөв, Ховд 89, Завхан 14, Баянхонгор 33, Архангай 118, Өвөрхангай 146, Хөвсгөл 48, Булган 65, Сэлэнгэ 278, Төв аймаг 323, Чойр  найм, Дорноговь 54, Сүхбаатар 47, Дорнод хоёр, Хэнтийд Covid-19 халдварын 17 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Харин Дундговь, Өмнөговь, Говь-Алтай аймагт халдвар бүртгэгдээгүй.

Дархлаажуулалтын талаарх мэдээллийг өгье. Сүүлийн 24 цагт 50371 хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Ингэснээр хоногт Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалтад Улаанбаатар хотод 36412 иргэн хамрагдаж, хотын хэмжээнд нийт 403162 хүн боллоо. Энэ нь нийслэлийн нийт иргэдийн 63 орчим хувь юм. Харин хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 13959 хүн вакцинжуулалтад хамрагдаж, орон нутагт нийт 63784 иргэн вакцин тариулжээ. Дээрх тоо нэмэгдээд улсын хэмжээнд 466946 хүн вакцинд хамрагдсан.

Насны бүлгээр нь авч үзвэл:

• 18-19 насны 7523 хүн,

• 20-29 насны 89166,

• 30-39 насны 123228,

• 40-49 насны 95815,

• 50-59 насны 91367,

• 60-69 насны 47637,

• 70-79 насны 13605,

• 80-84 насны 2203,

• 85-аас дээш насны 973 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Харин дүүргүүдийн хувьд Баянзүрх дүүрэг тэргүүлж байгаа бол дараа нь Баянгол дүүрэг оржээ. Баянзүрх дүүрэг 107311, Баянгол дүүрэг 66065 хүнээ вакцинд хамруулсан. Харин вакцинжуулалт удаашралтай байгаа дүүрэг нь Багахангай дүүрэг байна. Тус дүүрэг 932 хүнээ вакцинд хамруулсан. Сүүлийн үед хоногт бүртгэгдэх халдварын тоо огцом өссөн. Ер нь нийслэлд хатуу хөл хориог тогтооход өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурдаг. Хөл хориог сулруулаад арван хоногийн дараа халдварын тоо өсдөг. Өссөөр байгаад өнөөдрийн түвшинд хүрсэн. Тиймээс хатуу хөл хорио нь халдварын цар хүрээг хязгаарлах хамгийн үр дүнтэй арга юм.  Харин зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэд Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “Авто худалдааны зогсоол, “Буянт-Ухаа” спортын ордон, Баянзүрх дүүргийн 8-р хороо “Баянзүрх” авто оношилгооны төв гэсэн гурван цэг дээр шинжилгээнд хамрагдана.

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан "Дөрөвдүгээр сарын 15-аас эхлэн АстраЗенека, дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс Синофарм вакцины хоёр дахь тунг хийнэ. Хоёр дахь тунг хамгийн анхны тунгаа хийлгэсэн газраа хийлгэнэ. Хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ-өөс УОК-д тогтмол тавьж байгаа. Хэдийгээр төр засаг ААН-үүдээ дэмжих зорилгоор хөл хорио тогтоохгүй байгаа боловч эрсдэл маш өндөр байна” гэв.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-04-07 04:47

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?