Ж.БАЙГАЛМАА: ХАЛДВАРЫН ЭСРЭГ АВАХ ГОЛ АРГА ХЭМЖЭЭ НЬ ХӨЛ ХОРИО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-04-07 04:42

Сэтгүүлчийн үг

“Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдал болон эмчилгээний талаар ХӨСҮТ-ийн дэд дарга Ж.Байгалмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-PCR шинжилгээ хуурамч эерэг гарсан тохиолдол байгаа юу?

-Монгол Улсад хэрэглэгдэж байгаа PCR шинжилгээний оношлуур ДЭМБ-ийн яаралтай горимоор хэрэглэхээр зөвшөөрөгдсөн. Оношлуурууд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн. Мэдрэг чанар маш өндөр хувьтай. PCR шинжилгээний оношлуураас гадна түргэвчилсэн оношлуур ч адилхан өндөр үзүүлэлттэй. Нөгөөтэйгүүр, шинжилгээнүүд бүгд ХӨСҮТ-ийн лабораторид хийгдэж байгаа. Шинжилгээ 100 хувийн чанартай, баталгаатай гэдэгт эргэлзэх шаардлагагүй.

-Халдвартай иргэнтэй хавьтал болсон иргэнд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм уу. Иргэд, тоохгүй байна гэх гомдлыг ирүүлээд байна?

-Халдвартай нь батлагдсан тохиолдолд тухайн иргэнээс ойрын хавьталыг нь  тодруулдаг. Ойрын хавьтлыг тодруулсны дараа тухайн халдвартай хүн дээр очиж эмч үзлэг хийж, эмнэлзүйн үнэлгээ хийж эрэмбэлсний дараа эмнэлэгт шилжүүлэх эсвэл гэрээр тусгаарлах арга хэмжээ авч байгаа. Батлагдсан тохиолдлыг гэрээс нь очиж авахдаа гэрт нь байгаа ойрын хавьтлаас шинжилгээ авдаг. Харин албан байгууллага болон найз нөхөд ойрын хавьтал болсон тохиолдолд Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүрэг, өрхийн эмнэлгээр дамжуулж шинжилгээ авна.  Хэрэв ойрын хавьтал болоод ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бол санаа зовохгүйгээр гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой. Ойрын хавьтал гэдэг нь тухайн батлагдсан тохиолдолтой шинж тэмдэг илэрч эхэлснээс өмнөх хоёр хоног эсвэл лабораториор тухайн хүний онош батлагдсанаас өмнөх 24 цагийн хугацаанд 15 минутаас дээш хугацаанд хамт байж, ярилцсан хүмүүсийг ойлгоно.

-Эмнэлгийн ор болон эрүүл мэндийн ажилтнуудын ачаалал хэр нэмэгдэж байна вэ?

-Хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 100, 200-аар яригддаг байсан бол өчигдөр Улаанбаатар хотод 731 тохиолдол бүртгэгдлээ. Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр ачаалал нэмэгдэнэ. Эмнэлгийн ор, эмч, шуурхай хариу арга хэмжээний багийн ачаалал нэмэгдсээр байна. Цаашдаа ч өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа. Бид халдварын нөхцөл байдалтай уялдуулаад бэлтгэл ажлаа хангасан байсан учраас ор дэлгэх, шуурхай хариу арга хэмжээний багийн тоог нэмэгдүүлэх зохицуулалтаа тухай бүрд нь хийж байгаа.  Тухайлбал, тохиолдлын тоо 200-400 болох тооцоолол хийгээд орон нутгаас эрүүл мэндийн ажилтнуудыг авчирч, хүн хүчээ нэмэгдүүлсэн.

-Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл, ямар хариу арга хэмжээ авах вэ?

-Олон улсын практикт, халдварын тархалтын дөрвөн үе шат байна гэж ангилсан. Тодруулбал, эхний шат нь, халдвар бүртгэгдээгүй, хоёр дахь нь, гадаадаас зөөвөрлөгдсөн, гурав дахь нь, голомтолсон буюу тодорхой байршлуудад халдвар бүртгэгдсэн, дөрөв дэх нь, хүн амын дунд халдвар өргөн тархсан. Улаанбаатар хотын хувьд хүн амын дунд халдвар өргөн тархсан гэх ангилалд орсон бөгөөд энэ үед авах хамгийн чухал хариу арга хэмжээ бол хөл хорио тогтоох. Бид мэргэжлийн байгууллагын хувьд хөл хорио тогтоох, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шаардлагатай гэж саналаа өгсөн.

-Эмч эмнэлгийн ажилчид халдварт хэр өртөж байна вэ. Одоогийн байдлаар хэчнээн эмч эмнэлгийн ажилчид халдвар авсан бэ?

-Эрүүл мэндийн ажилчдын халдварыг долоо хоногоор тоймлон гаргадаг. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын хэмжээнд 354 эмч, эмнэлгийн ажилтан халдварт өртсөн.

-Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн болон эмч ажилчдаас халдвар илэрсэн гэх мэдээлэл үнэн үү?

-Хавдар судлалын үндэсний төвд энэ сарын 1-нд халдвар бүртгэгдсэн. Одоогийн байдлаар тус төвийн дөрвөн тасгийн 15 ажилтан, 13 өвчтөн, сахиурын халдвар батлагдсан. Эмч, ажилтан, тэдний ойрын хавьтлыг гэрээр, найман өвчтөн, таван сахиурыг ХӨСҮТ-д тусгаарласан.

-Вакцины эхний тунгаа хийлгэсэн ч халдвар авсан иргэн хэд байна вэ?

-“Ковид-19”-ийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн 732 хүн халдвар авсан. 60 гаруй хувь нь дархлаажуулалтад хамрагдснаас хойш 14 хоногийн дотор халдварласан. Тиймээс дархлаажуулалтад хамрагдаад шууд халдвараас хамгаалагдана гэж бодож болохгүй. Халдвар авах эрсдэлтэй. Хоёр дахь тунгаа авсны дараа 14-20 хоногийн дараа л дархлаа тогтоно.

-Гэрийн тусгаарлалтад хичнээн иргэн байгаа вэ?

-Батлагдсан тохиолдлын хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх тушаал гарсан. Гуравдугаар сарын 12-ноос эхэлж Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлыг гэрээр эмчилж эхэлсэн. Гуравдугаар сарын 12-наас энэ сарын 4-ний хооронд нийт 1843 хүнийг гэрт нь тусгаарлаж, эмчилгээ тусламж үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 1406 хүн гэрийн хориогоо үргэлжлүүлж байгаа бол 296 хүн хяналтаас гарсан. Харин хүндэрсэн 146 хүн эмнэлэгт хэвтсэн. Өндөр настай, архаг хууч өвчтэй, жирэмсэн хүмүүс хүндрэх эрсдэлтэй учраас эмнэлэгт хэвтүүлж байгаа юм.

-Гэртээ тусгаарлагдсан иргэдэд ямар эмчилгээ хийж байна вэ?

-Хөнгөн шинж тэмдэгтэй гэртээ эмчилгээ хийлгэж байгаа иргэдэд ХӨСҮТ-ээс арван хоногийн багц өгч байгаа. Тодруулбал, халууны шил болон C ,D витаминыг 10 хоног уух зөвлөмж өгөхөөс гадна сайн унтаж, дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-04-07 04:42

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?