Б.ДӨЛГӨӨН: ЭДИЙН ЗАСАГ 2022 ОН ГЭХЭД “КОВИД 19”-ИЙН ӨМНӨХ БУЮУ 2020 ОНЫ ТҮВШИНД ХҮРЭХЭЭР БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-04-07 04:39

Сэтгүүлчийн үг

Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөнтэй ярилцлаа.

-“Ковид 19” халдварын дараах Монгол Улсын эдийн засгийг хэрхэн харж байна вэ. Дэлхийн эдийн засаг нэлэнхүйдээ хүндэрчихлээ шүү дээ?

-Манай улсын эдийн засаг уул уурхай дээр суурилсан. Ковидын хоёр дахь  давалгаа явж байгаатай холбоотойгоор экспорт тодорхой хэмжээгээр унаж байгаа. Гэхдээ энэ жилийн  нэгдүгээр хагаст иргшэдээ вакцинжуулаад дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн үйл  ажиллагаанууд буцаад сэргэнэ. Одоогийн байдлаар 2022 онд  2019 оны түвшинд хүрэх дүр зураг харагдаж байна.

-Уул уурхайгаас хараат эдийн засагтай улсын хувьд Рио Тинтотой хэлэлцээрийн шатанд хэрхэн зөвшилцөх нь тун чухал. Ингэхэд эл гэрээг цуцлах нь зөв үү, эсвэл шинэчилж, сайжруулаад үргэлжлүүлэх нь оновчтой юу?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгийн мэдэгдсэнээр, Засгийн газар гэрээг сайжруулах байр суурьтай байгаа. Манай улсын хувьд эдийн засгийн дунд хугацааны өсөлтөө авч үзсэн  ч уул уурхай бол эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг. Тиймээс энэ салбарын хөгжилд манай байгууллагын зүгээс ч, Засгийн газрын зүгээс ч онцгойлон анхаарал хандуулж байна. Өмнө нь хийсэн алдаанууд байгаа бол гэрээг засварлаж, сайжруулах байр суурьтай байгаа.

-Гадаадын хөрөнгө оруулалт багасаад байна гэдэг. Гаднын хөрөнгө оруулалтыг татахын тулд яг яах ёстой юм бэ?

-Өнөөдөр эдийн засагт болж байгаа үйл явцыг хоёр хугацаагаар ангилах нь зөв байх. Нэгдүгээрт, богино хугацааных, нөгөөдөх нь дунд хугацааных гэж. Богино  хугацааны бодлогууд ковидтой холбоотой нөхцөл байдал. Ковидтой холбоотойгоор 60-аад мянган ажлын байр алга болсон. Мөн 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол нэмж, 170 мянга орчим ажлын байр байхгүй болно гэсэн тооцоо гаргасан. Ажлын байраа нэмж, алдахгүйн тулд гурван  хувийн хүүтэй зээл олгож эхэллээ. Товчхондоо, Засгийн газрын сүүлийн үеийн бодлого, шийдвэрүүд энэ зүгт 100 хувь чиглэж байна. Одоогоор зээл олголт 152 тэрбум төгрөгт хүрлээ. Аж ахуйн нэгжүүдэд олгож буй Монголбанкны хоёр жилийн хугацаатай рэпо санхүүжилт 185 тэрбум орчим гарсан. Харин ипотект зориулж, 95  тэрбум төгрөг гаргасан гэхээр нийлбэр дүн нь 400 гаруй тэрбум төгрөг болж байна. Энэ бүхэн ажлын байрыг хадгалж, үлдээх чиглэлтэй зорилтот хөтөлбөрүүд.

-Тэгвэл дунд хугацааны бодлогодоо юуг чухалчилж байж эдийн засгийн эрсдэл багатайгаар энэ цар тахлын үеийн хүндрэлээс гарах боломж байна вэ?

-Зөвхөн дотоодоор хязгаарлахгүй, гадаадад болж буй нөхцөл байдлыг ажиглах хэрэгтэй. Том дүр зургаар нь харахад 2013-2014 оноос эхлээд дэлхийн эдийн засгийн болон худалдааны өсөлт зогсолтгүй буурсан. Энэ нь бидний өмнө нь төсөөлж, хүсэж байсан өндөр эдийн засгийн өсөлтүүдийг хангахад тэр хэмжэээгээр хэцүү болж байна гэсэн үг. Тухайлбал, аж үйлдвэрлэлийн салбарт гарч байгаа өөрчлөлтүүд. Дэлхийн аж үйлдвэрлэлийн салбарт бий шинээр ажлын байр бий болохн ь багасаж байгаа. Зөвхөн хөгжиж  буй, ядуу буурай, эсвэл өндөр хөгжилтэй оронд гэх ялгаагүйгээр ташраараа  энэ салбарт томоохон өөрчлөлт бий болж буй учраас ажлын байрыг шинээр бий болгох явдал буурч байна. Япон, Хятад, Солонгос АНУ-ын хөгжлийг харахад аж үйлдвэрлэлийн салбарт гарч ирж буй хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь тухайн орнуудын хурдацтай өсөлтийг бий болгосон байдаг.  Тэгвэл бидэнд, хөдөлмөрийн бүтээмжийг  монголчууд бид хаанаасаа гаргах юм бэ гэдэг том асуулт бодитоор тулгарч байна. Нөгөөтэйгүүр, аж үйлдвэрлэлийн салбарт гарч буй өөрчлөлтийн цаана робот, автоматжуулалт хүч түрэн орж ирсэн. Одоо ч үргэлжилж байна. Мэдээллийн  IT, интернэтээр маш оих мэдээллийг цуглуулж, хамгийн хялбар аргаар, хамгийн зардал багатайгаар яаж хийх вэ гэдэг алгоритмыг гаргаж ирж байна. Энэ гурван томоохон өөрчлөлт аж үйлдвэрлэлийн салбарт нөлөөлснөөр ирээдүйд ажлын байрыг аж үйлдвэрлэлийн салбарт бий болгоно гэх ойлголт үндсэндээ алга боллоо.

Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн өөрчлөлтийг харахад, нийт ажлын байрыг 100 хувь гэж үзвэл, хөдөө аж ахуйн салбараас маш олон ажиллах хүч гарсан байдаг. Өдгөө ч гарсаар байна. Хөдөө аж ахуйн салбараас гараад шинээр бий болгосон ажлын байр нь үйлчилгээний салбарт давамгайлдаг. Үсчин, худалдааны төв, захад ажиллаж байна. Харин уул уурхайн тухайд манай улсын нийт ажиллах хүчний дөрөвхөн хувийг л бүрдүүлдэг. Уул уурхайн бүтээмж нь дэлхийн улсуудтай харьцуулахад бүтээмжийн хувьд дөхөж байгаа ч үйлчилгээний салбарт бүтээмжийн өөрчлөлт маш бага гарсан. Тэр утгаараа үйлчилгээний салбарынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд үйлчилгээний салбар доторх дэд салбаруудаа  зөв ангилан, алийг нь түлхүү дэмжихээ шийдэх шаардлагатай. Төрийн зүгээс ямар бодлогоор дэмжих вэ гэдэг дээр төвлөрч ажиллаж байна.

-10 их наядын цогт төлөвлөгөөний хэсэг болох гурван хувийн зээлийг авахад хүндрэлтэй байна гэх шүүмжлэл байна. Ингэхэд хувийн хэвшлийнхээ тэр тусмаа жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, амь тариа болох арга нь энэ мөн үү. Бодит дэмжлэг үзүүлэхгүй, сарних бий вий гэх эмзэглэл байна л даа?

-10 их наядын цогц төлөвлөгөө сар гариуйн өмнө танилцуулагдсан. Гурван жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр гэдэг талаас, өнгөрсөн гүйцэтгэлийг нь харахад боломжийн гэж дүгнэж болно. Мэдээж улам сайжруулах хэрэгтэй. Сайжруулалтан дээр төрөөс ч, хувийн хэвшил ч, банк талдаа ч хийх зүйл байна. Төрөөс нэгдүгээрт, бодлогыг нь гаргаж байгаа. Хоёрдугаарт бодлогод гүүрэлсэн хэрэгжилтийг   анхаарах шаардлагатай. Банкуудын хувьд, 100 хувь барьцаагаа гаргах боломжтой аж ахуйн нэгжүүдийг нэгдүгээрт тавьж байгаа. Байгаа бүх аж ахуйн нэгжээ 100 хувь гэж үзвэл хамгийн түрүүнд эргэлтийн хөрөнгөө нэмэх болон бусад  зорилгоор гурван хувийн хүүтэй зээлийг барьцаа хөрөнгөтэй нь авч байна гэсэн үг. Төр хамааралгүй банкан дээр өрнөж буй асуудал л даа. Дараагийн шатанд нь барьцааны 40-50 хувийг хангаад үлдсэнийг нь Зээлийн батлан даалтын сангаар гаргах жижиг, дунд үйлдвэрийн газрууд  хамрагдах болов уу гэсэн хүлээлт бий. Барьцаагүй ч ирээдүйд их ашиг олно гэсэн ялангуая IT-гийн салбарынхан бас  мөнгө босгоод явж байна. Өөрөөр хэлбэл, өндөр эрсдэлтэй, өндөр өгөөжтэй сангуудаас хөрөнгө татаад явж байгаа. Түүнээс биш ямар ч барьцаагүйгээр өндөр хэмжээний зээл авах явдал дэлхийн аль ч улсад хүндрэлтэй байдаг.

-Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо төсөөлж байснаас ч өндөр юм билээ. Тэдэнд боломж олдох болов уу?

-Жижиг, дунд гэхээр компани, байгууллагын түвшний асуудал. Өрхийн үйлдвэрлэл бол иргэдийн зээлд орно. Иргэдийн зээл дотроо хэрэглээний эсвэл үйлдвэрлэлийн чиглэлийн зээл гээд явчихдаг. Үйлдвэрлэлийн чиглэлийн зээл гэхээр өрхийн үйлдвэрлэгч зээл авч болохгүй гэсэн үг биш шүү дээ. Өрхийн үйлдвэрлэгчид зээл авах боломжтой. Сүүлийн статистикаас харахад, 19 мянган хүсэлт ирснээс 2000 иргэн зээл авсан байна. Тэд хашаа байшин, орон сууцаа барьцаалдаг. Огт барьцаагүй өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг гэвэл эргэлзээтэй асуудал. Ядаж нэг оёдлын машин, тоног төхөөрөмжтэй байж үйлдвэрлэл явуулдаг байж таарна. Тэрийгээ барьцаалаад зээл авч болно. Ер нь 10 их наядын цогц төлөвлөгөөг  богино болон дунд хугацаагаар харах хэрэгтэй. Одоо хэрэгжиж буй хөтөлбөрийн тухайд цар тахлын сөрөг нөлөөг бууруулахад чиглэж байгаа гэдэг утгаараа өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг байсан ч цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогсож, эргэлтийн хөрөнгөө хөл хорионы хэрэглээд дууссан учраас одоо яах вэ гэсэн байдалд орсон зүг рүү чиглүүлж байна. Өөрөөр хэлбэл, гал унтраах чиглэлд түлхүү анхаарч байна. Цаашдаа өрхийн үйлдвэрлэлийг жижиг дунд үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг компанийн түвшинд аваачихын тулд бодлогын хувьд анхаарах зүйл бий. Тодорхой хэмжээний судалгаа хийгдэж байна.

-10 их наядын цогц төлөвлөгөөний нэг хэсэг болох ажилгүйчүүдийн хандлагыг өөрчлөх тэтгэлэгт хөтөлбөрийг цаг үеэ олоогүй гэх шүүмжлэл байна. Энэ тал дээр таны бодлыг сонсоё?

-Цар тахалтай холбоотойгоор үүссэн асуудлын нэг нь ажилгүйдэл. Ажилгүйдлийг яаж бууруулах вэ... Гэхдээ ажилгүйдэл гэдэг зөвхөн статистикийн тоогоор гарч ирсэн бүртгэлтэй ажил хийхгүй байгаа хүмүүст хамаарах асуудал биш. Хөдөлмөрийн дутуу ашиглалт буюу  бүртгүүлээгүй, ажил эрхэлдэггүй маш олон хүн бий. Гурван хувийн зээл, рипо санхүүжилт мөн барилгын салбартай холбоотой бодлогууд бол одоо  ажлын байртай залуусыг ажлын байран дээр нь үлдээх, боломжтой бол нэмэлт ажлын байр үүсгэх замаар бүртгэлтэй ажилгүй залуучуудаа ажилтай болгоход чиглэсэн. Тэгсэн ч ард нь ажил хийхгүй иргэд үлдэж буй. Тэднийг нийт гэж нэрлэдэг. Ямар нэг сургалтад хамрагдаагүй, ажил хийдэггүй бүлэг. Энэ бүлэг дээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг том асуулт байна. Засгийн газрын хувьд яг энэ нийтийн бүлэг рүү чиглэсэн нэг арга хэмжээ нь өөрийн чинь хэлсэн хандлагыг өөрчлөх, тэтгэлэгт сургалт. Ажиллаж байгаад цар тахлын улмаас ажилгүй болчихсон залуучуудын хандлагыг өөрчлөх зорилго байхгүй. Ажлын байр байсан ч, ажил хийх сонирхолгүй хэсэгт л зориулсан хөтөлбөр. Ковидтой холбоотойгоор  энэ асуудал зөвхөн манайд үүссэн юм биш. Дэлхий дахинд үүсэж  байна. Судалгаанаас харахад, залуучууд ажил хийж байгаад ажилгүй нэг жил болох гэхчлэн хугацаа өнгөрөх тусам эргээд ажилд орох магадлал нь буурдаг. Тиймээс хүмүүсийг ажилтай нь үлдээх, мөн яаралтай шинээр ажлын байр нэмэгдүүлэх тал дээр анхаарах шаардлага тулгарч буй хэрэг. Товчхондоо, хувийн хэвшил ажлын байр бий болгож, төр ажлын байр бий болгоход шаардлагатай, таатай орчныг бүрдүүлнэ. Хувийн хэвшлийн бий болгосон ажлын байранд ажилгүй хүнийг аль болох хурдан оруулж өгнө, тэр хэрээр тэр хүний ажил хийх магадлал өснө. Ажилгүй удах тусам ажилд орох нь магадлал нь буурдаг учраас тэр магадлалыг бууруулах чиглэл рүү хандаж, анх энэ санаачлага гарсан. Хэрэгжүүлэх шатанд холбогдох яам, байгууллага нь ажиллаж байна.

-“Ковид 19”-ийн халдварын илрүүлэлт ихсэхийн хэрээр эрсдэл нэмэгдэх нь мэдээж. Манай дотоодын халдвар ихэссэн учраас урд хөрш хилээ хаачихлаа. Зэс, нүүрсний экспорт зогсонги байдалд орох?

-Жилийн эхний хагаст иргэдээ вакцинжуулснаар хилийн асуудал шийдэгдэх боломжтой. Цар тахлын нөлөөгөөр 2020 онд дэлхийн эдийн засаг сөрөг гарсан. Хасах гурван хувиар агшсан. Монголынх 5.3  хувийн агшилттай байсан. 1993 оноос хойш манай улсын эдийн засагт ийм хүнд цохилт ирээгүй. Дэлхийн зарим улсад  эдийн засгийн энэ агшилт хоёр, гурван жил үргэлжлэх хандлагтай байгаа ч манай улсын хувьд 2022 он гэхэд ковидын өмнөх буюу 2020 оны түвшинд хүрэхээр байгаа. 1990-1993 оны эдийн засгийн уналт, агшилтаас болж 1989 оны түвшиндөө 2004 онд л очиж байсан гэхээр шилжилтийн  үеийн хүндрэлийг давах гэж бүхэл бүтэн 14 жил болсон байгаа биз. Харин “ковид 19”-ын үеийн хүндрэлийг нэг жилийн дараа давж, 2022 онд өмнөх түвшиндөө хүрч байна гэсэн үг. Хүндрэл удаан үргэлжлэхгүй байх боломжийг төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн олгож байна. Төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хоёр хувааж болно.

-Тодруулбал?

-2020 онд төрөөс маш олон арга хэмжээ авч байж  5.3 хувийн агшилтай гарсан.  Арга хэмжээ аваагүй бол хүндрэхээр байсан. Төсвийн хувьд 4.5 их наяд төгрөгийн  алдагдалтай гарлаа. Уг нь бол 2.1 их наядын алдагдалтай гарна гэсэн төсөөлөл байсан.  Төсвийн нийт орлогын 12 хувь болж байсан. Өнгөрсөн онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний олонх нь эдийн засаг, ажлын байраа хамгаалах гэсэн оролдлогод чиглэгдсэн. 2021  онд хэрэгжүүлж буй арга хэмжээ ч энэ ангилалд орно. Богино хугацааны буюу сөрөг нөлөөг бууруулах гэсэн арга хэмжээ гэж ойлгоорой. Харин одоо бид, дунд хугацаандаа ямар арга хэмжээ авах ёстой гэвэл зөвхөн ковидын сөрөг нөлөө гэлгүй, эдийн засгийн өсөлт, ард иргэдийнхээ амьжиргааг хурдтай сайжруулахын тулд, гадаадад өрнөж буй хандлагуудтай уялдуулж эдийн засгаа өсгөх тал дээр анхаарч, бодлогоо тэр зүгт зангидаж байна.

-Эдийн засгийн өсөлт өндөр гарсанч иргэдийн амьжиргаанд нөлөөлдөггүй гэх гомдол их байдаг. Иргэдийн амьдралд мэдрэгддэггүй баялгийн тэгш бус хуваарлилттай холбоотой юу?

-Сүүлийн 10-н жилийн хугацаанд хэдэн ширхэг сургууль, цэцэрлэг, хэдэн мянган км зам тавигдав. Томоохон бүтээн байгуулалт нэлээн хийгдсэн. Энийг уул уурхайн өсөлт, үйлдвэрлэлтэй холбохгүйгээр тайлбарлахад хэцүү. Мэдээж салбар нь биш ч тэндээс орж ирж байгаа мөнгө, ирээдүйд орж ирэх мөнгөөр төлнө гээд авсан зээлээр хийсэн. Төрийн үүрэг нь ажлын байр бий болгох, эсвэл цалинг нь олж өгөх асуудпал биш. Төрийн үүрэг нь үйлчилгээ үзүүлэх. Дотроо боловсрол, эрүүл мэнд, амьдрах гээд нарийвчилсан байдаг. Энэ талаас нь харвал, эдийн засгийн өсөлт иргэдэд мэдрэгддэг. Харин амьжиргаанд нөлөөлөхгүй байгаа гэдэг нь үнэн. Яагаад гэвэл гурван том хүчин зүйл байна.

-Ямар?

-Нэгдүгээрт, монголчуудын бүтээж буй цалингийн хэдэн хувь нь хөдөлмөрйин бүтээмж, хэдэн хувь нь техник, тоног төхөөрөмж болон бусад хүчин зүйлээр бүрдээд байгаа юм бэ гэх асуулт гарна. АНУ-тай харьцуулахад хэд дахин бага байдаг. Жишээ нь, компани 100 сая төгрөгийн баялаг бүтээлээ гэхэд тэрний 20-оос доош хувь нь хөдөлмөрийн зардал, бусад нь өөр зардал байдаг. Америкт бол нийт бүтээж буй балягийн 50 хувь нь хөдөлмөрийн зардал байх жишээний. Хоёругаарт, дотоодын нийтийн бүтээгдэхүүний 24 -25 хувийг уул уурхай эзэлдэг мөртлөө дөрөвхөн хувийн ажлын байр бүрдүүлдэг. Уул уурхайгаас олж буй өсөлт  дөрвөн хувь руу илүүтэй чиглэж байна л гэсэн үг. Дундаж цалингаар нь аваад үзсэн ч, уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүний дундаж цалин, үйлчилгээний салбарт ажиллаж буй хүний дундаж цалингаас гурав дөрөв дахин илүү байна. Энгийнчилбэл, зарим салбарт эдийн засгийн өсөлт өндөр байгаагийн хэрээр  тухайн салбарт ажиллагсад үр дүнг нь мэдэрдэг. Гурав дахь хүчин зүйл нь манай улсад бусад улстай  харьцуулахад ажиллах хүчинд оролцдоггүй “нийт” их байна. Ажил хийдэггүй, эдийн засагт оролцдоггүй тэр бүлэгт ямар юмных нь нөлөө мэдрэгдэх вэ дээ.  Улсын эдийн засаг хичнээн их өссөн ч үр шимийг хүртэх боломжгүй хэсэг... . Энэ бол яах аргагүй Засгийн газрын анхаарах асуудал мөн.  Бид аль болох ард иргэддээ ажиллах хүчинд оролцох боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Аль болох ажиллах хүчин рүү оруулж, татах тусам эдийн засгийн өсөлтөөс аль болох өргөн хүрээгээр бүгд хүртэнэ. Дөрөвдүгээрт, улсын хөрөнгө оруулалтын дийлэнх нь хөдөө орон нутагт ордог. Энэ нь сонгуулийн систем, систем доторх хууваарлилтай шууд холбоотой. Нийт хүн амын 50 хувь нь Улаанбаатарт амьдарч байгаа хэрнээ нийт УИХ-ын гишүүдийнх нь 3/1 хүрэхгүй хувь нь нийслэлээс сонгогддог. Гуравны хоёр буюу  олонх нь орон нутгаас сонгогддог учраас хөрөнгө оруулалтын чиглэл нь энэ пропорцоороо явах хандлагатай. Дээр хэлсэн, сүүлийн арван жилд баригдсан сургууль, цэцэрлэгийн олонх нь орон нутагт баригдсан. Үнэхээр хүн ам олонтой хэсэг рүүгээ хөрөнгө оруулалтаа чиглүүлье гэвэл зөвхөн гүйцэтгэх засаглал дотор хийгдэж байгаа төлөвлөгөөнөөс гадна илүү том түвшинд тодорхой өөрчлөлт хийж байж, хандлагаа өөрчилж чадна.

-Улстөржилт эдийн засагт нөлөөлдөг. Энэ нь сонгуультай жил илүү тод мэдрэгддэг. Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль ихээхэн өрсөлдөөнтэй ширүүхэн болох нь тодорхой байна. Эдийн засагт нөлөөлөх бий вий гэх эмзэглэл бас байна л даа?

-Сонгууль эдийн засагт нөлөөтэй гэдгийг гадаадын судалгаанууд гаргаад ирчихсэн юм бий. Валютын ханш хөрөнгө оруулалтад нөлөөлсөн зүйл бий. Ялангуяа парламентын сонгуулийн үеэр их тод мэдрэгдсэн гэх судалгаанууд байдаг. Гэхдээ Ерөнхийлөгчийн  сонгуулийн нөлөөлөл харьцангуй бага байх болов уу.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2021-04-07 04:39

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?